Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө гэхээр л “Глоб интернэшнл төв”-ийн тэргүүн Хашхүүгийн Наранжаргалын үзэл бодол, үгийг сонсохгүй өнгөрч болохгүй “хууль” бий. Энэ бол салбартаа өөрийгөө тунхаглаж чадсаных нь илрэл болов уу. Хүн элдэв маяггүй, энгийнээрээ байгаад, эрдэм, мэдлэг, оюунаараа чимж гоёхоор ямар сэтгэл татам байдгийг энэ эрхэм эмэгтэйгээс мэдэрдэг. Тэр утгаара хүндэтгэж, бас эмээдэг.
Түүнийг сайн мэддэг, хамтран ажиллаж байсан хүмүүс нь “Хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг. Мэргэшсэн удирдагч” гэхчлэн тодорхойлсон. Тэгвэл Х.Наранжаргал гэдэг хувь хүнтэй танилцахаар “Өнөөдөр”-ийн зочноор урилаа.
-Та ээжтэйгээ амьдардаг гэсэн. Аав, ээжтэйгээ урт удаан хугацаанд амьдрах боломж хүн болгонд тохиодоггүй нь харамсалтай. Тэгэхээр буурлуудаа асарч, хамтдаа амьдарч байгаа азтай хүмүүст атаархмаар. Та ер нь хэр сайн охин, бас ээж вэ?
-Миний ээж 90 нас дөхсөн сайхан буурал бий. Төв хороо, Намын дээд сургуульд бичээч, Тээврийн яаманд нарийн бичиг, Архи, пивоны үйлдвэрт боловсон хүчин, сургуульд номын санч зэрэг ажил хийсэн, тунчиг тууштай, биеэ даасан, аливааг өөрийнхөөрөө шийддэг, эгч дүүстээ онцгой үүрэгтэй, нэлээд атаман “нөхөр” байлаа. Зах зээлийн нийгэмд шилжих үед ганзагын наймаачин болов оо. Би эхлээд нэлээд дургүйцсэн. Эцэст нь настай хүний хүсэл сонирхлыг хорьж, хаах дэмий гээд орхисон. Хөөрхий дөө, одоо нас дараад, гэртээ байна. Тэгсэн ч биднээр харуулахгүй санаатай. Би хөхүүл хүүхэдтэй хүн шиг гэр лүүгээ байнга яарна.
Тэгээд ээжийг харчихаар сэтгэл амарчихдаг юм. Би аав, ээжээс хоёулаа. Алтан ганц дүү Наранцэцэг минь бас сэтгүүлч. Би хоёр хүүтэй. Тэд маань хоёр сайхан охин, таван ачтай болгосон байна. Бид бүгдээрээ л хамжиж, ээлжлээд ээжийгээ асарч, тойглоод явдаг. Гэхдээ би, бид л ээжийгээ харж халамжлаад байгаа юм биш шүү дээ. Хүн болгон л адилхан байх. Гэр бүл, эцэг, эхийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Аав маань 70 нас гараад өнгөрсөн юм. Заримдаа би аавынхаа зургийг хараад, ярьж, магадгүй санаанд нь хүрээгүй зүйл байсан бол уучлаарай гэдэг.
Би өөрийгөө сайн ээж, охин гэхээсээ илүүтэй азтай хүн гэж хэлнэ. Аав маань хүний бага эмч мэргэжилтэй, шүлэг бичих сонирхолтой хүн байлаа, Б.Явуухулан найрагчийн шавь. Хожим “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагч болсон. Нэг удаа Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян гуай аавын эзгүйд манайхаар ороод гарсан юм. Би аавыг ирэхээр нь “Жамъян ах надад еэвэнгээсээ өгөөгүй гэж ховлолоо. Тэгсэн чинь барьж явсан юм нь еэвэн ултай шаахай байсан юм билээ.
Аавын ажлынхан манай гэрээр орж, гардаг, уран бүтээл, сэтгүүл зүйн яриа их өрнүүлдэг байсан нь миний сэтгэлд сэтгүүлч болох хүсэл “өрдөж” өгсөн болов уу. 1972 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургууль төгсөөд, сэтгүүлчээр сурахыг хүслээ. Сургуульд маань тийм хуваарь ирсэнгүй. Тэгтэл ангийн багш Х.Умсанхан маань надад “Чи ирсэн гадаадын хуваариас аль нэгийг нь заавал ав. Гадаадад сургуульд сурснаар хэл сурахаас эхлээд Европын соёлд суралцана. Амьдралд тохиох том боломж” гэж зөвлөсөн.
Тэгээд өөртөө дөхүү байх гэж бодоод үйлдвэрийн гоо зүй гэсэн хуваарийг авчихлаа. Аль нэг яаманд харьяалдаг байсан тухайн үеийн жишгээр би Түлш, эрчим хүчний яамны нэр дээр сургуульдаа явж, Оросын Эрхүү хотод хэлний бэлтгэлд нэг жил сурсан. Тэр болтол яг ямар мэргэжлээр сурах талаараа ойлголтгүй. Ингээд Москвагийн Уран сайхны дээд сургуульд хуваарилагдлаа, надтай нийлээд зургаан охин. Биднээр зуруулж шалгалт авна гэж байна. Нэг маань л үзээд алдана, бусад нь зурж чадахгүй гэлээ. Тэгээд Элчин сайддаа учраа хэлтэл “Хүлээж бай” гээд сар болсны дараа “Хуваарьт яамыг сольж болохгүй. Мэргэжлийг сольж болно” гэсэн хариу ирсний дагуу хоёр нь Москвад, мөн хоёр нь Киевт сурах боллоо. Пунсалмаа бид хоёр Уралын политехникийн их сургуулийн дулааны инженерийн ангид хуваарилагдаж, Свердловскт сурсан.
Багшийн маань хэлсэн нөгөөх боломж тэнд байсан гэж боддог. Юу гэхээр, сургууль маань Нийгмийн ухааны оройн факультеттай. Түүндээ сэтгүүлчийн ангитай, радио, телевизийн студи, сонинтой. Би үндсэн мэргэжлийнхээ хажуугаар сэтгүүлчээр хоёр жил сурч, давхар дипломтой төгссөн. Сурах хугацаандаа сониндоо юм бичдэг, БНМАУ тунхагласны баяраар телевизийн нэвтрүүлэг хийж, хөтөлж байлаа.
-Та хүүхэд байхдаа л “сэтгүүлч болж”, 10 төгрөгийн цалин авсан гэж сонссон.
-Миний бичсэн зүйл хамгийн анх “Пионерийн үнэн” сонинд нийтлэгдсэн юм. Дунд сургуульд маань их гоё дуулдаг Шүр, Туяацэцэг гэдэг охид байлаа. Надад байсан Шүрийн гэрэл зурганд тайлбар хийгээд “Пионерийн үнэн” сонин руу явуулчихсан чинь хэвлэгдчихсэн. Тухайн үед эрхлэгч нь Ц.Гайтав гуай байсан юм. Тэгээд урамшуулалд нь 10 төгрөг авлаа. Тэр үед бол бөөн мөнгө шүү дээ. Аавдаа, ээждээ, дүүдээ, бас өөртөө ч юм авмаар санагдаад л их баярлаж билээ.
-Тэгвэл мэргэжлийн сэтгүүлчийн гараагаа хэрхэн эхэлсэн бол?
-ЗХУ-д сургуулиа төгсөөд, ирлээ. Тэр үед гадаадад сурсан мэргэжилтнүүдийг Улс Төрийн Товчооноос хуваарилдаг байсан юм. Түүний дагуу Намын Төв Хорооны Үзэл суртлын хэлтэст очив. “Намар” сэдвээр, орос хэлээр зохион бичлэг хийлгээд, явуулсныхаа дараа удалгүй дуудаад “Телевизэд орон тоо байхгүй. “Новости Монголии” сонины Зантав даргатай уулз” гэж байна. Тэр дагуу нь очоод, уулзлаа. Дарга “Орон тоо байгаа, орж болно. Гэхдээ “Правда” сонины хэмжээнд л бичнэ шүү дээ” гэлээ.
Тэр үеийн коммунист, хамгийн том, мундаг сонины хэмжээнд би бичиж чадахгүй нь ойлгомжтой юм чинь дуугарсангүй. Тэгтэл “За, за яваад хуваарилсан газарт нь очоод ажиллаж бай” гэнэ. Би “За, сэтгүүлчээр ажиллах ч өнгөрлөө” гэж бодсон. Ингээд хуваарилсаных нь дагуу Дулааны шугам сүлжээний газарт ажилд орлоо. Чогсомжав гэж, залуухан дарга “Эхлээд дулааны шугам сүлжээтэй танилц” гэсэн. Шугам, хоолойтой шуудуу руу орно гэсэн үг шүү дээ. Траншей руу ганцаараа орохоос жаахан эвгүйцээд, бас ичээд. Хүмүүс намайг “Энэ охин сургуулиасаа хөөгдөж, ирсэн байх” гэж бодвол яана гээд санаа зовж байгаа юм. Тэгээд л гэртээ харьчихдаг байлаа.
-Хүний замнал гэх үү, тавилан юм уу, өгөгдсөн зураг байдаг гэж боддог. Таныхад хэвлэл, мэдээллийн байгууллага л тод зурагдсан байж дээ?
-Их удсангүй, Октябрийн баяраас өмнө Монгол телевизийн Программын захиргааны дарга Д.Жаргал гэдэг хүн утасдаж, “Телевизээс ярьж байна. Сонирхол чинь буураагүй бол ирээд уулз” гэж байна. Ямартай ч хүссэн чиглэлээрээ явах нь. Гэхдээ дээд сургуульд Түлш, эрчим хүчний яамны нэрээр явсан хүн чинь тэндээс зөвшөөрөл авч, “мултрах” учиртай. Ингээд С.Батхуяг сайдтай уулзах боллоо.
Айгаад шөнө нойр хүрдэггүй ээ, “Тэгж хэлбэл ингэж хариулна. Ингэвэл нь тэгнэ” гээд баахан бодож байгаа юм. Тэгээд уулзлаа. Уралын политехникийн их сургуулийн дулааны инженер, сэтгүүлчийн мэргэжлийн хоёр димлом минь ширээн дээр нь байна. Инженерийнх нь том, нөгөөх нь арай жижиг хэмжээтэй юм. Тэгтэл сайд том руу нь зааснаа “Чи энүүгээр хоолоо олж идэхгүй, нөгөөхийг нь сонгож байгаа юм уу” гэж асуулаа. Айгаад дуу гардаггүй ээ, ёстой арай хийж л “Тийм” гэж билээ.
Ингэж телевизэд ажилд орж, сэтгүүлчийн гараагаа эхэлсэн дээ. Тэр үед Ш.Сүрэнжав гуай Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурахаар Москва явах болсон учраас орон тоо гарч л дээ. Намайг Хүүхдийн редакцад хуваарилаад, “Оноо, хурд, хурам” нэртэй, спортын нэвтрүүлэг хариуцуулсан. Бас “Шинжлэх ухаан, техник” нэвтрүүлгийг давхар хариуц гэсэн, инженер мэргэжилтэй учраас. Давхар мэргэжил эзэмшсэн минь надад бас нэг сайхан боломж олгосон. Монгол хүн сансарт нисэхтэй холбогдуулан Төв Хорооны нууц тогтоолоор Сансрын баг гэж байгуулсан. Би “Сансарт хүрсэн зам” цуврал нэвтрүүлэг бэлтгэж байлаа.
Телевизэд ажиллаад жил орчим болсон туршлага муутай намайг тэр багт багтаасныг том хариуцлага, сорил, бас сайхан завшаан гэж боддог. Бид маш их зүйл уншиж, судалсан. Хамгийн хэцүү нэг зүйл нь “Ганзориг, Гүррагчаа гэсэн хоёр хүн Оддын хотхонд бэлтгэл хийж байгаа” гэхээс илүү мэдээлэлгүй. Манай нууц багийнхан өдөр нь зургаа авчихаад, шөнө эвлүүлгийн ажлаа хийнэ. Уулзаж, үг сольж ч үзээгүй нөгөөх хоёр хүний хүүхэд насны тухай хөрөг найруулал бэлтгэх даалгавар надад ногдож, Архангай, Булган аймгаар явлаа. Гурванбулаг сумын сургуулийн нэг охиноос “Манай сургуулийн бахархан дуурайх хүмүүс” сэдвээр ярилцлага авч байтал “Сансрын нисэгч Гүррагчаа” гэдэг байгаа. Нөгөө “төрийн нууц” гэсэн зүйлийг захын хүүхэд мэдэж байхын чинээ санаагүй би бүр сандарч “Яадаг билээ, миний дүү тэгж ярьж болохгүй” гэж билээ.
-Тэр чухал үйл явдал болсны дараа Булган аймгийн Гурванбулаг сумд зочилсон ЗХУ-ын сансрын нисэгч В.Жанибековт даага бэлэглэж, Та түүнээс “Даагандаа ямар нэр өгөх вэ” гэж асуухад “Салют” гэж нэрлэе” гэснийг “Үнэн” сонины сурвалжлагч зурагтаар “Союз” гэж дамжуулсан гэдэг. Энэ бол цэвэр хариуцлагатай холбоотой асуудал.
Сүүлийн үед залуу сэтгүүлч, сурвалжлагчдын чансаа базаахгүй байгааг хэн хүнгүй л хэлдэг. Үүнийг бас л хариуцлагатай холбож боддог. Залуу үеийнхэнд мэргэжлийн баримжаа олгохын зэрэгцээ хариуцлага, зохион байгуулалт, төлөвшлийн талаар огт заахгүй, ярихгүй байгаагийн үр дагавар энэ мөн үү?
-Хариуцлагатай холбоотой. Би 1995-1996 онд МУИС, ХУИС, Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курст телевизийн сэтгүүл зүйн хичээл зааж байлаа. Оюутнуудаас сэтгүүлч болох зорилгынх нь тухай заавал асуудаг. Зарим нь “Манлайлагч түүчээ болно” гэх мэтээр гоё хариулна. Зарим нь зүгээр л “Гоё” гэнэ. Яах гэж сэтгүүлч болохоо ч мэдэхгүй байдаг. Энэ мэргэжлээр сурах эхний жилдээ “Би сэтгүүлч болж чадах уу, үгүй юү” гэдэг сорилыг давж гарах ёстой гэж боддог. Нэгдүгээрт, үнэнийг эрхэмлэдэг байх ёстой. Дараа нь үнэний төлөө эр зоригтой байх. Эцэст нь хүсэл зориг, зорилго байх ёстой. Сэтгүүлч болсноор давуу тал нь, учирч болох эрсдэл нь гээд бүх талаас нь мэдэж, эргэцүүлж сонголтоо хийх учиртай. Энэ талаар багш нар ч хэлж, зөвлөх үүрэгтэй. Эрсдэлийн тухай ярихаар хүүхдүүд шантраад явчихна гэдэг. Замын голоос буцахаар эхэнд нь ойлгоод явбал сайн биз дээ.
“Монгол телевизийн буянаар 1991 онд Английн Лондон хотод хэлний сургуульд сурч, BBC телевизэд дадлага хийх боломж олдсон” хэмээн даруухан өгүүлэх Х.Наранжаргал ихэрхэх, бардамнах зангүй тун энгийн, даруухан нэгэн. Тиймдээ ч хамт ажиллагсад нь түүнийг “Нараа эгч” гэж дууддаг. Өөрөө ч тэгж хүсдэг гэсэн. Захирал, дарга гэхээс зайлсхийж харилцах нь илүү хялбар, итгэлцэл төрүүлэх боломж хэмээн тэрбээр тайлбарласан. 2005 оноос эхлэн драмын зохиол хэрхэн бичих талаар сургалт явуулж буй энэ хүн шавь нартаа “Зохиолын баатраа эерэг, эсрэг, сайн, муу гэж ялгалгүй хүн л гэж хар” хэмээн захидаг гэсэн.
Учир нь бид мэдлэг, боловсрол, мэргэжил, амьдралын хувьд ялгаатай ч бүгд адилхан агаараар амьсгалдаг, нэг л хөрстийн хүмүүс. Хүн гэдэг мөн чанарынхаа хувьд хэн нь ч ялгаагүй. Харин зохиомол ялгамж үүсгэдэг, хөрөнгөөр, албан тушаалаар. Тийм учраас л “дарга” гэж дуудуулах дургүй гэж тайлбарлав. Дарга шүтэх сэтгэлгээ манайд арилахгүй байгааг тэрбээр шүүмжиллээ.
Нараа эгч Оросын алдарт хөгжмийн зохиолч Владимир Шаинский, найруулагч Юрий Озеров, алиалагч Олег Попов нараас ярилцлага авч байжээ. Нэг талаар азтай ч, нөгөөтээгүүр, сэтгүүлчийн ур чадварынх нь илэрхийлэл буй за. Тухайн үед хэн хүссэн нь тийм хэмжээний ододтой ярилцах “эрхгүй” байлаа.
300 гаруй нэвтрүүлэгт зохиогч, редактор, хөтлөгчөөр ажиллаж, уран сайхны болон баримтат 30 гаруй кино орчуулсан, “Гүүр”, “Бэр цэцэг”, “Сэтгэлд нууцлагдсан амраг”, “Улаан сарнай” гэхчлэн телевизийн болон драмын жүжгийн хэд хэдэн зохиолтой, “Харамсалтай нь хайртай” жүжгийн зохиолоороо 2009 онд “Гэгээн Муза” хүртсэн түүнээс “Бусдын бүтээлийг орчуулах, өөрөө “дуншиж”, бичихийн аль нь илүү амттай вэ” гэж асуулаа.
-Би 1986 онд Монгол телевизийн Соёл, урлагийн редакцад шилжсэн. Урлагийн сэтгүүлч болсон хэрэг. Ер нь хүүхэд байхын л урлагт дуртай надад эл чиглэлээр ажиллах үнэхээр сонирхолтой байсан. Олон сайхан уран бүтээлчийн хөрөг нэвтрүүлэг хийж, театруудтай хамтран ажиллаж байлаа. Миний анхны уран бүтээл “Сүүлчийн улирал” телевизийн драмын бүтээлийг минь шог зураач, найруулагч асан Ц.Жандал найруулан тавьсан. Драмын театрт миний гурван жүжгийг тавьж, тоглуулсан бол “Сэтгэлд нууцлагдсан амраг” зохиол минь 2001 онд “Арслан” цом хүртсэн.
Орчуулгын ажил хүнээс маш их тэвчээр, мэдлэг, чадвар шаарддаг. Тухайн материалын өнгө аяс, хэллэг, нэр томьёо зэргийг орчуулан, бусдад хүргэнэ гэдэг том хариуцлага, их чимхлүүр ажил. Өөрөө бичихээс тэс өөр. Миний хувьд орчуулахаас илүүтэй өөрөө бичих нь амттай. Монгол телевизийн буянаар би маш олон орчуулга хийж, түүнээсээ суралцаж явсаар нэг чадвар эзэмшсэн. Юу гэхээр, бид эхлээд сонсож байгаад, цаасан дээр буулгаж, бичсэнийхээ дараа орчуулдаг байлаа. Тухайн үед бэлэн текст байдаггүй байлаа шүү дээ. Ингэж явсаар сүүлдээ сонсоод л шууд орчуулах чадвар суусан.
-Үзэгчид тухайн үед ганц байсан Монгол телевизээр гадаадын олон сайхан бүтээл, нэвтрүүлэг, баримтат, уран сайхны, телевизийн цуврал кинотой танилцсан. Тэдгээрийн дундаас “Халтар царайт” онцгой. Улаанбаатарын гудамжийг хөл хөдөлгөөнгүй болгож “царцаадаг” байсан тэр кино хэдийгээр щедевр бүтээл, гоц гойд биш ч гэсэн манай нийгэмд үзэж харахаас эхлээд, эд бараа гээд бүхий л зүйл хомс болчихсон цаг үед гарснаараа түүхэн амжилтад орохоор онцгой байсан болов уу. Тэр киног Монголд гаргах сонголтыг Та хийсэн гэв үү?
-Лондоноос ирсний дараа намайг Программын захиргааны даргаар томилсон юм. Зурагтаар гаргах шинэ кино байхгүй болчихсон үе шүү дээ. Ёстой л толгойны өвчин байлаа. Хуучны, коммунист үзэл суртлын хэдэн киноноос өөр зүйлгүй. Ямар ч сонголтгүй болохоор Болгарын “Километр бүрт”-ийг гаргах болж, зар тавьсны дараа тус улсын ЭСЯ-наас бичиг иржээ, үзэл суртлын хувьд ийм кино гаргахгүй байхыг хүссэн байна. Тиймээс олон ангитай, тухайн үед Оросын телевизээр гарч, шуугиулж байсан “Баян хүнийг балаг тойрохгүй” шиг кино олж ирэхээр тэр жил манай телевизийн дарга байсан Ш.Алтансүхийн шийдвэрээр би Малайзын Куала-Лумпур явлаа.
Тэнд болсон Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн зах зээлтэй танилцаад ёстой л шоконд оров. Яагаад гэхээр, цуврал кино, нэвтрүүлгийн ганц анги нь гэхэд л 500-700 ам.долларын үнэтэй. Үүнээс гадна манай техникийн систем өөр учраас түүнийг хувиргахын тулд багагүй мөнгө төлөх ёстой. Манай телевизэд тийм их мөнгө байх биш, шууд сэтгэлээр унаж байгаа юм. Тэгээд ямар хоосон буцалтай биш, бүр гайхаад явж байтал “Venevision” гэсэн хаяг нүдэнд тусахаар нь яваад орлоо. Венесуэлээс ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр үдийн хоолоо идэж байна. Монголоос ирсэн гэдгээ танилцуулсан чинь сайн мэдэж байгаа шинжгүй. Тэд киногоо гаргасан орнуудыг газрын зурагт тэмдэглэснийг хартал Азийн хэсэгт хоосон байна.
Тиймээс тэр зах зээлд орохыг мэдээж хүснэ. Ингээд би тэдний баахан киноны танилцуулга үзлээ. Тэгээд “Халтар царайт”-ыг сонгосон. Нэг ангийг нь 100 доллароор авахаар тохиролцов. Гэсэн ч 250 анги нь 25 000 ам.доллар. Тийм их мөнгө хаана ч байгаа юм билээ. Тэгтэл Ш.Алтансүх дарга маань “Би мөнгө олно” гэж билээ. Тухайн үед зурагтаар реклам цацаж дөнгөж эхэлж байсан юм.
Венесуэлийн тал хожим бас хоёр боломж олгосон. Нэгдүгээрт, систем хувиргахад мөнгө зарахгүйгээр сонирхогчийн хальсанд хуулж өгнө. Хоёрт, англиар хөрвүүлсэн тексттэй өгнө гэдэг юм. Манайд испани хэлтэй хүн ховор байсан учраас энэ нь сайхан боломж. Тэгээд киногоо шуудангаар хүлээж авч байлаа шүү дээ. “Халтар царайт”-аас өөр сонголт хийсэн ч монголчуудыг дэлгэцийн өмнө уях л байсан гэж боддог. Цаг үе нь тийм байсан учраас. Эл киноны эхлэл, төгсгөлийн ангийг би орчуулсан юм. “Халтар царайт” гарах үеэр зурагттай айлдаа бөөгнөрдөг, автобус, унаанууд явдаггүй гэж ярихыг сонсож байсан ч үнэндээ тэгдэг, эсэхийг нь мэдэхгүй байснаа нэг өдөр жинхэнэ утгаар нь мэдэрч билээ. Би Дани, Монголын “Чөлөөт, хараат бус хэвлэл” төсөл рүү явчихсан байсан үе.
Нэлээд оройтож, тараад, Хэвлэлийн хүрээлэнгийн хажуугаас унаа бариад харих гэсэн чинь нэг ч машин явахгүй юм. Алхсаар байгаад Барилгачдын соёлын ордон хүртэл ганц машин ирлээ. Жолоочоос нь асуутал “Нөгөө “Халтар царайт” гарч байгаа юм чинь аргагүй шүү дээ” гэдэг байгаа. Тэгээд Тасганы овоогоор давтал хоёр, гурван автобус эгнээд зогсчихож. Жолооч, зорчигчгүй киногоо үзэхээр айлд орсон гээд нөгөө жолооч инээсэн.
-Зохиол тань жүжиг, кино болж үзэгчдэд хүрэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Мэдрэмж янз бүр. Театр бол амьд харилцаанд тулгуурладаг урлаг. Мэдрэмж гэхээсээ хүмүүсийн үг сэтгэл илүүтэй тусдаг юм билээ. Телевизээр миний “Гүүр” гарсны дараахан нэг орой Төв шуудангийн урд явж байтал машинтай залуу дуудлаа. Тухайн үед Засгийн газарт ажиллаж байсан залуу. Яриа дэлгэлээ. Тэгтэл “Та яаж мэдсэн юм бэ” гэх юм. “Юу билээ” гэхэд “Та яг л миний амьдралыг бичсэн байх юм” гэсэн.
Тэр үг надад урам өгсөн. Дараа нь хоёр ч жүжгийг минь үзсэн хүмүүс тэр залуу шиг “Та яаж мэдсэн бэ” гэж асуусан. Тийм үг аятайхан сонсогддог юм билээ. Уран бүтээл амьдралаас төрдөг. Би оюутнуудад “Жирийн амьдралаас жир бусын зүйл харах бэлгийн нүд сэтгүүлчдэд хэрэгтэй” гэдэг. Тэр нь ажиглалтын даалгавар л даа. Би ч өөрөө ажиглалт их хийдэг, уучлаарай, өөрийгөө магтаж байгаа юм биш шүү.
-“Би юу ч мэдэхгүй гэдгээ л сайн мэднэ” гэсэн Сократын үг таны блогийн тэргүүнд байна. Доор нь Та “Би бүхнийг мэднэ гээд биеэ тоочихвол хүн мөхөх мэт санагддаг. Би юу ч мэдэхгүй, гэхдээ надад бусадтай хуваалцах мэдээлэл байх юм. Хэн нэгэнд хэрэг болж мэднэ” гэж бичжээ. Мэддэгээ, мэдсэнээ хав дардаг хүн бас байдаг.
-Бид мэдээллийн эринд амьдарч байна. Мэдээлэл гэдэг зүйл аль ч үеийн ямар ч нийгэмд нэн чухал байсаар ирсэн. Өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцах нь тухайн хүний төрөлх зан ааш, мөн чанартай нь холбоотой байж мэдэх юм. Миний хувьд мэдсэн, сурснаа аль болох олон хүнд түгээхийг хүсдэг. Миний мэддэгийг олон хүн сонсоод хэрэгжүүлээсэй гэж боддог. Гэхдээ надад мэдэхгүй зүйл зөндөө шүү дээ. Харин сонсож мэдсэнээ аль болохоор хуваалцдаг. Би уулзсан хүн бүрээсээ суралцдаг. Хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, ажил мэргэжил огт хамаагүй хүн бүр мэдээлэл, мэдлэг тээгч байдаг.
-Нийгмийн сүлжээг мэдээллийн эрх чөлөө гэж андуурч, юу ч хамаагүй бичдэг, бусдыг дураараа нулимдаг хэсэг бүлэг нийгэмд бий болжээ. Үүнийг нь ашиглаж зориудаар худал мэдээлэл түгээж, төөрөгдүүлдэг, турхирдаг нэр, хаяггүй хүн ч олширсон. Мэдэхгүй хэрнээ мэдэмхийрэгчид ч байна. Энэ бүхэн нийгмийн боловсролын доройтол уу, ёс суртахууны гажуудал уу?
-Хүний мөн чанартай л холбоотой гэж хэлнэ. Амьдрал асуултын тэмдгүүдийн дунд өрнөдөг. Аль асуултад хариулт эрж явах нь тухайн хүнээс л шалтгаална.
Үзэл бодлоо илэрхийлэх нь хувь хүний асуудал ч гэлээ нөгөө талаасаа энэ нь гэр бүлтэй холбоотой. Өнөө цагт гэр бүл хувийн л орон зай байхаа больсон. Энэ бол нийгмийн хамгийн анхан шатны нэгж. Эхнэр, хүүхдээ харааж, доромжилдог хүний хүүхэд нийгмийн сүлжээгээр тэр муухай үгсийг нь дураараа цацна. Тухайн гэр бүлд байнга хэрэглэдэг, энгийн мэт болсон тэдгээр муухай үг нийгмийн сүлжээнд доромжлол болж, бусдыг гомдоодог гэдгийг нөгөөх хэрэлддэг аав, ээж нь хүүхдэдээ хэлж, анхааруулах уу. Хүүхдээ нийгэмшүүлж чадахгүй байгаагийн наад захын жишээ энэ. Өнөөдөр манай нийгмийн сэтгэл зүйд сөрөг нь давамгайлчихсан.
Нийгмийн зан суртахуун мораль, соёл, ухамсрын түвшин уначихжээ. Тийм байтал бодлого боловсруулдаг хүмүүс юу хийж байна вэ? Ерөөсөө нийгэм дэх эмх замбараагүй бүхэн улстөрчдийн ёс зүйтэй холбоотой. Миний нэг эмзэглэл нь хойд, урд хоёр том хөршийн аль нь ч манайд интервенц хийхэд бэлэн. Ямар насныханд, ямар боловсролтой хүмүүст юу өгвөл дотроос нь “янзалж” болох вэ гэсэн мэдээлэл тэдний гарт аль хэдийн байгаа.
Нөгөөтээгүүр, аливаа юмыг өөрийн зорилгод урвуулан ашигладаг хэсэг бүлэг хүн нийгэмд байсаар ирсэн. Өнөөдөр л гарч ирсэн зүйл биш. Аристотель “Онгироо сагсуу хүн олны танил болохоороо өөрийгөө алдаршиж байна гэж боддог. Даруу төлөв хүн олны танил болохоороо хүлээн зөвшөөрөгдөж байна гэж боддог” гэжээ. Өнөөдөр манайхан алдарших өвчин тусчихжээ. Хэн нэгэнд, эсвэл хүүхдэд жаахан бэлэг өгснөө зарлаад л “Би ингэчихлээ, тэгчихлээ” гэдэг. Гэтэл цаад хүн нь янз бүрийн зовлон, асуудалтай байгаа, бусдад танигдаж, нүүрээ харуулах хүсэлтэй, үгүйг ерөөсөө бодохгүй.
Ингээд алдарших өвчин нь эрх мэдэл, их мөнгөний шуналтай сүлбэлдчихсэн байна. Эрх мэдэл, мөнгөнд шунахыг би өвчин гэнэ. Үүнийг анагаахгүй бол архагшиж, ужгирна. Тийм хүмүүс бусдыг хэзээ ч ижил түвшинд харахгүй. Ийм өвчнийг иргэд л анагаана. Харамсалтай нь, манайхан дагаж, хуйлраад байх юм.
-Өнөөдөр Та юунд хамгийн их эмзэглэж, бас баярлаж байна вэ?
-Нийгмийн зан суртахууны доройтолд эмзэглэж байна. Зөв, буруугаа ялгахаа больчихлоо. Сайн нь муугаа, сайхан нь муухайгаа ялдаг нь гоо зүйн хууль гэдэг ч энэ нь угтаа амьдралын хууль юм. Гэтэл манайд өнөөдөр муу нь сайнаа ялах нь гэмээр болсон. Улс төрийн амьдралыг харахаар сэтгэл улам гонсойж байна. 1911 оны хувьсгалын урьдач нөхцөл өнөөдөр Монголд бий болжээ гэж харж байгаа, хэтрүүллээ гэж бодож магадгүй.
Юунд баярлаж байна гэхээр, хоёр хүү минь нүүр улайлгахгүйгээр амьдарч байгаад. Тэд ч, би ч эд, мөнгөөр баян биш. Гэхдээ сэтгэлээр баян хүмүүс. Хүүхдүүд минь оюуны баялагтай байгаад нь баярлаж явдаг. Монголчууд эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэдэг. Энэ бол том ухаан. Харамсалтай нь, энэ гүн ухааны цөм нь байхгүй болчих вий дээ, бүгд л материал шүтээд байх шиг.
Нараа эгч “Хувь хүний орон зай, амьдралыг хүндлэх нь том ухаан. Тэр утгаараа хүүхдүүдийнхээ амьдралд шууд хутгалдах дургүй” хэмээсэн. “Өнөөдөр манай олонх уран бүтээлчид урлагийн олон талт байдлын тухай ойлголт алга. Энэ бол хамгийн их тулгамдаж буй асуудал. Уран бүтээлээрээ хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна. Нэгнийгээ тохуурхаж, элэглэж байна. Урлаг бол хүний сэтгэлийг хамгийн их хөдөлгөгч хүч. Тэр хүчээр дамжуулан тархи, оюунд нөлөөлж, сайхан зүйлд хөтөлдөг учиртай. Гэтэл тийм чухал зэвсгээр бусдыг доромжилж, тохуурхаж болохгүй” хэмээсэн энэ хүн бусдад хүнлэг хандаж, нэгнийгээ зөв ойлгож, бие биедээ эергээр нөлөөлөхийн чухлыг байнга ухуулан тайлбарлах юм. Түүнтэй хэдэн ч цаг ярьсан уйдахгүй. Гэхдээ сонины зай талбай хязгаартай учраас ярилцлагаа өндөрлөе.