Хэнтий аймагт уртын дуучин, Гавьяат жүжигчин Г.Хонгорзулын нэрэмжит “Цэцэн ханы шуранхай” хэмээх уртын дуучдын улсын анхдугаар уралдаан ирэх сарын 3-5-нд болох гэж буйтай холбогдуулан дуучныг ярилцлагад урилаа.
-Гоё нэртэй уралдаан болох нь ээ. Та санаачилсан уу?
-Үгүй ээ. Манай Хэнтий аймгийнхан олон жилийн өмнөөс ийм уралдаан зохион байгуулъя, уламжлал болгоё гэсэн юм. Таван жилийн өмнө хэлэхэд нь “Би улсын уралдааныг нэрээр минь овоглох хэмжээнд хүрсэн дуучин биш ээ. Болохгүй” гээд зөвшөөрөөгүй. Дараа нь дахиж сануулахад мөн л хөдлөөгүй. Гэтэл энэ жил гарцаагүй байдалд орууллаа. Би гэдэг хүн уртын дуу дуулаад 20 гаруй жил болж. Гавьяат жүжигчин болоод 10 жил болжээ. Тиймээс орон нутгийн зүгээс хөдөлмөрийн алдар тэмдэглэнгээ, олон жилийн өмнөөс ярьсан уртын дуучдын уралдаанаа явуулъя гэсэн юм. Татгалзах эрх байсангүй. Одоо аймгийн ЗДТГ, Хэрлэн, Мөрөн, Баянхутаг сумынхан бүгд хамтраад ажиллаж байна.
-Уралдааны зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө үү. Насны ангилал бий юү?
-Насны ангилал байхгүй. Уртын дууг хэдэн ч настай хүн дуулж болдог, ардын уламжлалт урлаг учраас насаар хязгаарлаж болохгүй. Харин мэргэжлийн дуучдын, мэргэжлийн бус оролцогчдын гэсэн хоёр ангилалтай байлгая гэж саяхан шийдсэн. Аймгийн ЗДТГ-аас анх удирдамж гаргахдаа бүх оролцогчдыг нэг ангилалд хамааруулна гэж байсан юм билээ. Одоо тийм биш, мэргэжлийнхэн, сонирхогч авьяастнууд тус тусдаа өрсөлдөх болсон. Оролцох хүсэлтэй дуучдын мэдүүлгийг энэ сарын 27, 28-нд хүлээж авах юм. Сүүлийн хэдэн өдөр над руу олон хүн ярилаа. Уралдаан аймаг, аймгийн уртын дуучдын сонирхлыг татаж байгаа бололтой.
-Хэнтий аймгийн төвд явуулах уу?
-Хоёр шатны шалгаруулалтын аль алиныг байгальд явуулаад, миний хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх арга хэмжээг төвд зохион байгуулна гэсэн. Уралдаанд ур чадвараа сорих дуучид 3-нд Мөрөн сумын, Өндөрхаан хайрханы баруун урд хормойд байх Эхэн ус гэдэг газарт хад асган дунд дуу өсгөгч гэх зэрэг техник хэрэгсэлгүй, зөв хөн морин хуурчтайгаа л дуулна. 4-нд болох хоёрдугаар шатны шалгаруулалтыг аймгийн төвийн урд, Баянхутаг сумын нутаг, Хэрлэн голын гүүрийн баруун урд Цагаан эрэг гэдэг газарт явуулахаар төлөвлөсөн байна. Цаг агаарын байдал ямар байж таарах бол, одоогийн төлөвлөгөөгөөр бол голын дунд тайз засах юм. Шүүгчид эрэг дээр сууна.
-Хэн нь хэн болохыг тодруулах айхтар шалгаруулалт болох нь дээ.
-Үүх түүх сонирхон уншиж байхад дээр үеийн мундаг дуучид байгальд, уул, ус, малчны хотонд дуулдаг байсан юм билээ. Үүнээс санаа авсан байх, зохион байгуулагчид уртын дуучид байгальд яаж дуулахыг сонсоё, уралдаанаа тэгж явуулъя гэсэн байна. Надад бас таалагдсан. Тэнгэр, газар хоёр бараа бараагаа харахаас цаашгүй, хааяа хураар уулздаг, тэднийг холбож, уулзуулж байдаг амин сүнс нь уртын дуу, хуурын эгшиг гэж монголчууд бэлгэшээж ирсэн. Дуулж, хуурдахад хангай дэлхийн лус савдаг их баярладаг юм гэнэ лээ.
Уртын дуучдыг уралдуулж, урамшуулж, баярлуулахын зэрэгцээ хүйн холбоотой байгаль дэлхий, лус савдгаа аргадаж ийм сайхан арга хэмжээ зохион байгуулъя гэжээ. Зүүн гурван аймгийн хэмжээнд бүсийн уралдаан болгож болох байсан байх. Гэтэл аймаг, аймагт, орон даяар уртын сайхан дуучид төрөөсэй гэсэндээ залуусыг дэмжиж, урин залж байгаа, алсын хараатай арга хэмжээ болох нь гэж харж байна.
-Уралдаан сайхан болох байх. Та сүүлийн үед ярилцлага өгсөнгүй. Уран бүтээлийн сонин сайхнаас тань сонирхоё.
-Үнэхээр сүүлийн жилүүдэд бие даасан тоглолт ч хийсэнгүй. Хүүхдүүд минь жаахан байна л даа. Тэр бүр орхиж болохгүй байгаа юм. Дан ганц уртын дуу гэлгүй арай өөр чиглэлд өөрийгөө сорьё гэж бодох болсон. Дөнгөж сургууль төгссөн хүүхэд шиг хоолойн өнгө, амьсгаа алдарна гэх биш аятайхан, өөрт тохирсон аялгуутай, олон түмэн сонирхох хэмжээний аав ээж, нутаг усны сэдэвтэй зохиолын дуу гэх үү дээ, тийм бүтээлүүд дуулж байя гэж бодоод нэлээд хэдэн дуу бичүүлсэн. CD болгох юм. Эмэгтэй хүнд хүүхэд төрүүлж, өсгөх гэж том ажил байдаг хойно, уран бүтээлээ их, бага хугацаагаар завсарлуулах болох юм. Үүнийг ойлгох, ойлгохгүй хүмүүс байна аа.
-Удахгүй шинэ дуунууд сонсогчдод хүргэх юм байна. Хэн, хэний ямар бүтээлүүд байгаа бол?
-Эрдэнэтогтох гэж өвөрмонгол найрагчийн шүлэг, Эрдэнэчулуун багшийн аялгуу “Боорчийн тал”, яруу найрагч Баянмөнхийн шүлэг, Найданжав ахын аялгуу “Өөш манхан”, мөн Эрдэнэтогтох, Эрдэнэчулуун нарын бүтээл “Цагаан үүл” гэх зэрэг дуу бий. Өөш манхан бол Дундговийн нутагт, Боорчийн тал Хэнтийн аймгийн Батноров сумын нутагт байдгийг хүмүүс мэдэх байх. “Дөрвөн цагийн аяс” гэж сайхан дуу байна. Ердөө сарын өмнө хөгжмийн зохиолч Батсүхийн аялгуу “Ерөөл учралын нутаг”-ийг дууллаа. Би хайр сэтгэлийн тухай дуулж байгаагүй юм билээ. Дандаа л эх орон, нутаг, ус, ээж, аавын тухай дуутай. Б.Шарав багш минь одоогоос дөрвөн жилийн өмнө надад нэг дуу зохиож өгсөн юм. Ж.Саруулбуян багшийн шүлэгт хийсэн “Аялгуут хань” гэдэг дуу.
-Танд тусгайлан зориулж дээ.
-Би багшид хэлсэн юм. Хүн болгон гэр бүл, хань ижилтэй. Үүнтэй адил хүнд хань болдог бас ондоо зүйлс байх юм. Надад уртын дуу маш сайн хань болдог. Сэтгэл эвгүйрэхэд, ганцаардахад, хэт баярлаж, дэвж сагахад хүртэл дарж өгдөг. Дутуу бүхнийг дүүргэж байдаг уртын дуу ханьд минь бүтээл зориулаач” гэхэд минь хийж өгсөн. Чин хүслээс минь “Аялгуут хань” дуу төрсөн дөө. “Цэнхэрийн голын бүсгүй” гэдэг, малчин хүн үгийг нь бичсэн дуу төрүүлж байгаа. Хөгжмийг нь СУИС-ийн багш, Төрийн шагналт С.Соронзонболд бичсэн.
-Орчин үеийн хөгжим бичдэг зохиолч доо, тийм ээ. Ямар дуу болсон бол, сонирхол татлаа.
-Их өвөрмөц. Сүүлийн үед хоорондоо ялгагдахааргүй дуу олон болсон шүү дээ. Тэдгээрээс ондоо.
-Багш Цэнхэрийн голд очиж үзсэн юм болов уу?
-Мэдэхгүй (инээв). Би бол энэ голыг хөндлөн гулд туулж явсан охин. Сайн мэднэ. Тийм болохоор сэтгэл, зүрхний угаас дуулсан.
-Гоё CD гарах нь ээ.
-Ирэх аравдугаар сарын эхээр уран бүтээлийн бие даасан тоглолт хийх юм. 2011 оноос хойш тоглолт хийгээгүй. Одоо л боломж гаргаж байна.
-“Улаанбаатар” чуулгынхаа ажлыг л хийж байв уу?
-Тийм ээ. Чуулгын уран бүтээл гэдэг бол үндсэн ажил учраас тасалж болохгүй. Гэхдээ одоо би “Улаанбаатар” чуулгад харьяалагдахгүй байгаа.
-Улсын уралдааныг нэрээр нь овоглох том дуучин болчихоод багадаа тоглож өссөн нутагтаа эх орны өнцөг булан бүрээс уртын дуучдыг урьж, ур чадварыг нь сорьж суух юм гэж санаж байв уу?
-Үгүй. Хүүхэд байхдаа дуучин болно гэж бодож байгаагүй. Сэтгүүлч болно гэж боддог, мөрөөддөг, битүүхэн бэлддэг байсан юм. Тэгтэл манай нэг ах албан хүчээр хөтлөөд “Хан Хэнтий” чуулгад аваачаад өгчихсөн шүү дээ. Манай удамд ээжийн минь талд Намжил гэж мундаг дууч байсан юм гэнэ лээ. Нутаг усныхан минь тэр хүний үр хойчоос уртын дуучин төрөхгүй юм даа гэж ярьдаг байсан гэсэн. Аравдугаар ангиа төгсөөд эмээгээ асрахаар хөдөө гарсан юм.
Би эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн юм чинь, орхиод сургуульд явж чадаагүй. Мал дагаж яваа 18-тай охин юухнаар ч болов өөрийгөө сатааруулна биз дээ. Эгчийнхээ Оросоос авчирч өгсөн “Сокол” гэдэг жижигхэн радиог өвөртөлж яваад сонсоно. Радиогоор сурсан дуунуудаа хөдөө хээр дуулахыг сонссон хүмүүс дуучин болох охин байна гэж ярилцаж л дээ. Нэг л өдөр ах мnнь дагуулаад явсан.
-Хорвоог хөдөө мэдэрсэн, малчны хотны амьдралыг мэдэх хүн уртын дууг утгаар нь дуулдаг юм байна.
-Байгалийн хатуу шалгууруудыг даван туулахгүйгээр уртын дууг язгуураар нь дуулах гэж бараг үгүй л дээ. Гурван есийн тачигнасан хүйтэнд мал адгуулж явах, намрын дэрийсэн хяруунаар үнээ сааж суух гэх зэрэг бол тийм ч амар ажил биш. 14, 15 настайдаа 18, 19 үнээ ганцаараа сааж байлаа. Бага залуудаа энэ бүхний ард гарсан бо лохоор тэр юм уу, тэсвэр хатуужил гайгүй ээ. Одоогийн тохилог сууцанд өсөж байгаа, хурууны үзүүрээр түлхвэл унахаар нялцайсан цагаан хүүхдүүдийг хараад “Яаж хүн болно доо” гэж бодоод өрөвддөг юм. Цаг, жам нь ийм болсон юм, болох л байх даа л гэж санадаг. Ямар ч байсан хүүхдүүдээ “Энэ үнээний унага уу” гэж асуугаад сууж байхааргүйгээр өсгөж, хүмүүжүүлнэ гэж боддог шүү.