Улсын баяр наадмын өмнө Монгол Улсын Гавьяат багш болсон нийслэлийн Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн хөгжмийн багш, дүүргийн Засаг даргын дэргэдэх хүүхдийн “Бүжиг, бүжиг” чуулгын уран сайхны удирдагч, бүжиг дэглээч, багш Б.Балжинямыг уншигчдадаа танилцуулж байна.
Амралтын өдөр аажуухан боссон Балжаа, Доогий хоёр гэртээ тайван байж байв. Хоол хийхээр гаргасан мах гэсэхийг хүлээх зуураа Доогий “Наадам болох нь. Маргааш, нөгөөдрөөс шагналын хур буухад хань минь урьдын адил битүүхэн горьдох байх даа. Их мэдэгчдээс л болж байгаа юм. Зургаан жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авахад нь “За, Балжаа багш таван жилийн дараа баталгаатай гавьяат болно. Энэ одонг авснаас хойш таван жилийн дараа гавьяат өгдөг номтой” гэж хэлснээс нь болоод хань минь баяр болгоноор л нэрээ чагнах боллоо” гэж бодов. Гэтэл үүнээс хойш таван минут ч болоогүй байхад утас нь дуугарлаа. 26-гаар эхэлсэн цөөн оронтой дугаар харагдахаар нь “Скайтел”-аас хэлдгээ хэлэх гэж байгаа биз” хэмээн тээршаах маягтай “Байна уу” гэхэд утасны цаанаас эмэгтэй хүн амар мэндийг нь эрээд, Батаагийн Балжиннямтай ярих гэсэн юм гэхэд нь “Би эхнэр нь байна аа, хаанаас ярьж байгаа юм бол” гэжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас гэхэд нь бүсгүй “Юу гэнэ вэ” гэж бодсоор нөхөртөө утсаа өгчээ. Доогий “Буруу сонсоогүй байгаа даа” гэж санаад эмэгтэйн асуултад анхааралтай хариулж буй нөхөртэйгөө зэрэгцэн харилцуурт өрөөсөн чихээ наав.
Тэр эмэгтэй Б.Балжинням багшид “Монгол Улсын Гавьяат багш болсонд баяр хүргэе. Маргааш 11.00 цагт Төрийн ордны зүүн хойд хаалган дээр иргэний үнэмлэхтэйгээ бэлэн байгаарай” гэх нь тэр. Ингэж хэлэхийг нь сонссон багш нүүрээ дараад хүүхэд шиг уйлж гарчээ. Доогий ч дагаад уйлж. Хоёулаа утсаар ярьж байгаагаа мартсан мэт бие биеэ үнсэж, тэвэрч уйлж байснаа гэнэт санан “Байна уу” гэхэд өнөөх эмэгтэй “Байна аа” гэжээ. Доогий баярлаж талархсанаа илэрхийлээд харилцуурыг тавиад, “Хэзээ ир гэсэн бэ” гэхэд нөхөр нь “Мэдэхгүй” гээд мөрөө хавчих юм гэнэ. Доогий 8-нд гэснийг санаж хуанли хартал ердөө маргааш нь Төрийн ордонд очих ёстой байв. Багш хос “Дээл хувцас яах билээ, ганц хоногт яаж амжуулна аа” гэж ярилцсанаа юу ч гэсэн найзууддаа дуулгахаар фэйсбүүктээ “Миний хань маргааш Гавьяат багш болох нь. Баяртай байна” гэж бичтэл утас нь ар, араасаа дуугарч эхэлжээ. Тэр оройдоо багш тэнгэрийн өнгөтэй гоё цэнхэр дээлтэй, яг зохицсон малгайтай ч болж. Балжаа, Доогий хоёрын ажиллуулдаг “Бүжиг, бүжиг” дугуйланд суралцдаг хүүхдүүдийн аав, ээжүүд нэг нь нэгнийхээ төлөө сэтгэлтэй сайхан хүмүүс байдаг аж. Бүжгийн төлөө, хүүхдүүдээ бүжгээр дамжуулж зөв сайхан төлөвшүүлж, хүмүүжүүлэхийн төлөө, уралдаан тэмцээнд орвол амжилт гаргахын төлөө сэтгэл, зүтгэлээ нэгтгэсэн багш, эцэг эхчүүд яг л нэгэн гэр бүл шиг хамтарч ажилладаг. Нийслэлийн Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш, тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх бүжгийн “Бүжиг, бүжиг” хамтлагийн багш Б.Балжиннямын Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн тухай мэдээ дуулаад будилсан тухай түүх энэ.
Багануурын Балжаа гэдэг нэр бүжгийн урлагт тод. Тэрбээр СУИС-ийг Гавьяат багш Л.Алтанцэцэг, Ардын жүжигчин Д.Нанжид нарын удирдлага дор суралцаж төгссөн. Түүнийг салбарынхан өдгөө Монголын бүжгийн урлагийн чанар, чансааг тодорхойлж яваа Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, Гавьяат жүжигчин Д.Энхгэрэл, нэртэй бүжиг дэглээч С.Мөнгөнцэцэг нарын эгнээний зүтгэлтэн хэмээн ярьдаг, хүндэлдэг. Зарим нь нэр хоч өгнө. Бүжгийн үндэсний хэмжээний ч бай, олон улсын ч бай уралдаанд шавь нараа дагуулан очиход нь “Багануурын Балжаа ирсэн гэсэн”, “Багануурын өнөөх зэвүүн монхор бас байгаа юм байна шүү” гэх зэргээр “ад шоо” үзэх нь энүүхэнд. Бусдад ингэж хэлүүлдэгтээ юм боддоггүй. “Яах вэ, тэгж хэлж л байг. Батаагийн гэхээс илүү Багануурын гэдэг болсон нь ч үнэн. Монхор л юм чинь. Зэвүүн гэнэ үү, золигийн гэнэ үү, хамаагүй. Сайн өрсөлдөгч гэж хэлж байгаа нь тэр” хэмээн инээж суух нь Балжаа багшийн араншин.
Багш ярилцлага авч байгаад баярлаж байгаагаа хэлсэн юм. Төрийн ордонд Гавьяат цолоо авч, тэмдгээ зүүгээд байхад нь телевизийнхэн, ер нь хэвлэл мэдээллийнхэн сэтгэгдлийг нь авъя гэхгүй байхаар нь өөрөө нэгэн сэтгүүлчид хандаж “Ах нь сэтгэгдлээ хэлчих үү” гэхэд нь “Одоохон, нэг хүнээс яриа авчихаад хүрээд ирье” гэснээ яваад алга болчихжээ. Жаахан хүлээж байснаа “Аргагүй дээ, намайг хэн таних вэ дээ. СУИС-иа төгсөөд л Багануурт очоод шингэчихсэн. Тайзан дээр тэр бүр бүжиглэхгүй, хотоос хол хүүхдүүд дунд, яг л хүүхэд шиг амьдардаг намайг хүн танихгүй нь аргагүй” гэж бодоод шууд гарчээ. Төрийн ордны урд шат руу бууж ирэх тэр мөч эгээ л тэнгэрээс бууж ирэх мэт ер бусын байсан гэнэ. Урлагийн салбараас төрсөн Хөдөлмөрийн баатруудад баяр хүргэсэн хөгжимчид Хөдөлмөрийн баатар Б.Шаравын “Сэрсэн тал”-ыг хөгжимдөн нижигнүүлж байх мөчид гарч ирж таарч л дээ. Яг л өөрийг нь найрал хөгжимтэй угтаж буй мэт сэтгэгдэл төрж байж. Багш нь баяр хүргэхээр угтаж буй олныг чиглэн хоёр гараа алдлаад буугаад ирэхэд бүжгийнх нь дугуйлангийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл ханагар эрс олуул өргөөд, дээш шидэж гарчээ. Тэр мөч багшид яг л зүүдэлж байгаа мэт санагдаж байжээ. Наадмын концертод тоглохоор ирсэн багш, сурагчид, гэр бүлийнхэн, ахан дүүс гээд Гавьяат багшид хүндэтгэл үзүүлэх гэсэн хүмүүс битүү байжээ. “Балжаа багш биш, Багануурынхан шагнал авсан мэт байсан уу” гэхэд тэрбээр “Энэ чинь үнэхээр Багануурынхны шагнал. Би хөгжмийн багшаар ажиллахын сацуу “Бүжиг, бүжиг” дугуйлангийнхаа 16 үеийн 3000 гаруй хүүхдэд бүжиг заажээ. Манайд суралцаж бүжгийн урлагийн сайхныг мэдэрч, гоо зүйн боловсролтой болж, харилцааны соёлд суралцан, амьдралаа ухаалаг авч яваа маш олон хүн улс орон даяар ажиллаж, амьдарч байдаг. Бас нэгэн онцлох зүйл бий. Манай Багануурынхан хотдоо их хайртай. Бидний хувьд хот юм шүү дээ. Тэндээ дунд сургууль төгссөн хүүхдүүд их, дээд сургуульд суралцаж төгсмөгцөө эргэж очиж ажиллах гээд байдаг. Сэтгэл татдаг газар даа. Одоо ч гэсэн зарим байгууллагын дарга нар “Балжаа багш аа, танай дугуйлангаар хүмүүжсэн, удахгүй дээд сургууль төгсөх гэж байгаа хүүхэд байна уу, ажилд авна шүү” гэдэг. Салбар хамаарахгүй. Яагаад тэгж асуудаг вэ гэхээр, бүжгийн урлагт нухлуулсан хүүхэд өөрөө өөртэйгөө тэмцэлдэж, чадахгүйгээс чадахаа хүртэл чармайдаг болохоор тийм зан, төлөвшилтэй болж өсдөг, хүмүүждэг. Насан туршийн хүмүүжлийн суурь нь дугуйланд тавигддаг байна л даа. Багануурынхан маань намайг энэ талаас нь харж хүүхдэд хэрэгтэй багш гэж үздэг шиг байгаа юм. Би Баганууртаа гурав дахь Гавьяат багш гэдэг цол аваачжээ” хэмээн ярих тэрбээр амьдралынх нь өлгий, баяр баясгалан, утга учир болсон Баганууртаа ямар их хайртайг нь нэвт шувт мэдэж болохоор.
Балжаа багшийн гэргий Д.Долгормаа багш хамт ирсэн юм. Говь-Алтай аймгийн уугуул бөгөөд аймгаасаа ОХУ-ын Улаан-Үд хотын Соёл урлагийн дээд сургуульд явж суралцан, соёл урлагийн менежментийн ангийг 1994 онд төгсөж ирсэн тэрбээр Багануурт дүүгийндээ зочилж очсон хэдхэн хоногт цэвэр цэмцгэр, гоё хүмүүстэй тэр хотод дурлаж орхижээ. Тэр л хотод амьдрах юм сан гэж бодсон тэрбээр удалгүй Хүүхэд, хөгжлийн төвийн хөгжмийн багш болсноор санасандаа хүрчээ. Удалгүй ерөөлөөр мэт Балжаа багш шавь нартайгаа тайзан дээр “Жалам” яаж бүжиглэхийг нь харснаар уран бүтээлд нь татагдаж, улмаар өөрийг нь “тоосноор”, тоонот гэрт заяа холбосон түүхтэй. Тоох тухай ярих нь учиртай. Тухайн үед тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Гавьяа-Оролцоо гуай Балжаа багшид “Боломжийн бүсгүй ажилд орсон. Хойно дээд сургууль төгссөн, зан сайтай, ажилд ч мундаг бололтой. Чи гэргийгээ болгохыг бод. Үгэнд орохгүй хойш тавив аа. Хохь чинь болно шүү” гэжээ. Хэдэн удаа нүүр тулснаас цаашгүй, өндөр, гоолиг, царайлаг, цагаан, тэгээд ч Орост дээд сургууль төгссөн бүсгүй намайг тоох уу. Намхан, бор, монхор надад боломж олдох уу” гэж бодож байжээ. Гэсэн ч залуус удалгүй нэг нь нөгөөгүйгээр өөрсдийгөө төсөөлөхөө байсан гэнэ. Тэднийх хоёр охинтой. Том охиныхоо “толгойг” ээж нь мэдээд, менежментийн чиглэлээр сургасан бол, бага охиноо аав нь залаад бүжигчин болгохоор сургаж байгаа аж. Охин Консерваторын ардын бүжгийн ангийн оюутан. Бүжгийн урлагт амьдралаа, хайраа зориулсан хос ажил, үйлсээ, бүтээн бий болгосноо хүүхдүүддээ өвлүүлэн, залгамжлуулахаар зэхэж буй юм байна. Гэргий Д.Долгормаа нь Багануурын ерөнхий боловсролын дунд сургуульд ч, Хүүхэд хөгжлийн төвд ч хөгжмийн багшаар ажиллаж ирсний зэрэгцээ нөхрийнхөө байгуулсан “Бүжиг, бүжиг” хамтлагт менежерийн үүрэг хүлээж иржээ. Энэ гэр бүлийн хувьд дугуйлангийн ажлаас чухал нь үгүй. Хүүхдүүдэд бүжиг заах, сургах, энэ урлагийн амтанд, гүнд нь оруулж мэдрүүлэхийн төлөө хоногийн 24 цагийн ихэнхийг зориулдаг байна. Гэр бүлийн хоёрын ийм амьдралыг мэдэхийн хувьд Багануурынхан хоёр багшийг чин сэтгэлээсээ хайрладаг ажээ. Балжаа багшийг Гавьяат болоод очиход гудамжинд явсан хүмүүс баяр хүргэн, байрны гадаа суусан хөгшид барьж авч үнсэн, ерөөл айлдаж байжээ.
Хүүхдийн төлөө, уран бүтээлийн төлөө төрсөн мэт Б.Балжинням Увс аймагт төрсөн. Найман хүүхэдтэй айлын долоо дахь нь. Аав О.Батаа нь тус аймгийн Малчин сумын харьяат, жолооч, цагдаа ажилтай хүн байсан бөгөөд Балжааг хоёр настай байхад бурхан болсон юм билээ. Амьдралын нөхцөл хүндрээд ирэхээр ээж нь хүүхдүүдээ дагуулан хамаатан саднаа бараадаж, Налайхад ирж суурьшсанаар Балжаа тус хотын II арван жилийн наймдугаар ангийг төгсжээ. Бага байхын багш, тэр дундаа бага ангийн багш болох мөрөөдөлтэй хүү есдүгээр ангид орохгүй, заавал Багшийн сургуульд орж, бага ангийн багш болно гэж зүтгэж. Хүйс заасан хуваарь ирснээр сургуульд ганц ирсэн хуваарийг нь нөгөө ангийн охин авчихав. Багш нар нь түүнийг “Сурлага сайтай юм чинь есдүгээр ангидаа ор, хоёр жилийн дараа Багшийн дээд сургуульд орчих” гэхэд нь зөрөв. Хүү дотроо ямар нэгэн техникумын хуваарь аваад, Багшийн сургуулийнхтай солино гэж тооцоолсон байж л дээ. Гэсэн ч санаснаар нь болсонгүй. Төөрөлдсөөр, Төмөр замын техникумд орсон, тэндээсээ сайн дураар цэрэгт явсан, ажлын хар гутал өмсөж чадахгүй очиж байсан бол сайн цэргээрээ цоллуулан халагдаж ирээд үргэлжлүүлэн суралцаж сургуулиа замын техникч мэргэжлээр төгсжээ. Балжаа “Би Төмөр замын техникум төгссөн ч мэргэжлээр бол юу ч сураагүй. Хичээлд суудаггүй байсан юм чинь. Сургуулийнхаа нэрийн өмнөөс урлаг, уран сайхны бүхий л ажилд явдаг байсан болохоор манай сургуулийн захирал Дорждагва болон шалгалтын комиссын багш нар санал нийлж онц дүн тавиад гаргасан юм. Архив ухаж, бэлэн диплом гаргаж ирснээ хавтсыг нь миний нэртэй болгож өөрчлөөд, оршил хэсгийг нь цээжлүүлээд шалгалтад оруулж байлаа. Захирал тэнд багш нарыг ятгах хооронд өнөөх оршлоо би дөрөв бил үү, таван удаа ярьсан юм даг. Сүүлд нь хуваарь уншихдаа “Батаагийн Балжинням Төмөр замын соёлын ордонд бүжигчин” гэж хэлж намайг баярлуулж байлаа. Соёлын ордонд бүжигчнээр ажиллаад, ордны дарга Дамдинжавын хэлснээр орон сууцтай болоод амьдрах боломж байсан ч, ээж минь өвдсөн тул ажлаас гарч Багануурт ирэх болсон юм. Тэр цагаас хойш эндээс хаашаа ч хөдлөөгүй. Багш нагац ах маань хөөцөлдөхөд манай сургуулийн захирал надад зан үйлийн кабинетын зохион байгуулагч гэдэг орон тоо гаргаж ажилд авч байлаа. Ажилтай болсон даруйдаа “Бүжиг, бүжиг” хамтлагаа байгуулсан. Удалгүй дүүргийн хүмүүс бидний ажил, амжилтыг бүгд мэддэг болсон. Тэр үед Засаг дарга Гавьяа-Оролцоо гуай намайг СУИС-д дүүргийн төсвөөс сургалтын төлбөр төлж сургаж авсан юм. 1993 онд авьяас, чадвартай мундаг залууст сургалтын төлбөр олдохгүй зовоож байхад би дүүргийн захиалгаар суралцаж байлаа шүү дээ. СУИС-ийн бүжгийн багш нарынхаа заасан бүрийг өөрийн болгож аваад, бүжиг дэглээч багш мэргэжилтэй болоод дүүрэгтээ очсон. Өнөөдөр 30 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь бүжгийн урлагт хөл тавиад 38 жил болжээ” хэмээн ярилаа.
Ийм нэгэн даруухан их үйлстэн нийслэлийн Багануур дүүргээр овоглох шахтлаа тууштай хөдөлмөрлөж, хүүхэд залуусыг бүжиг хэмээх хөдөлгөөн, гоо сайхан, хүмүүжил, төлөвшлийн урлагаар дамжуулан хөгжүүлж байна.
Б.Балжинням багш хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон олон ч бүжиг дэглэн найруулсан нь үе үеийн шавь нарынх нь уран бүтээлийн санд уламжлагдан, хадгалагдсаар, улмаар мөнхийн бүтээл болох хандлагатай байна. Хүүхдийн зохиомжит бүжгийн төрлөөр 30, монгол ардынхаар 50, цэнгээнтээр 40, олон ардын бүжгээр 20, орчин үеийнхээр 15, бичвэрийн төрлөөр дөрөв гээд нийт 200 гаруй бүжгийн уран бүтээл дэглэн, найруулж, бичиж бүтээжээ.
Багшийн шавь нараас урлагийн мэргэжилтэн олноор төрөн гарсан төдийгүй, салбар бүрт ажил үйлсээрээ манлайлагчид байдаг ажээ. Түүний хүүхэд хөгжүүлэх, төлөвшүүлэх арга барил нь тэргүүн туршлага болтлоо түгээн дэлгэрсэн тухай нийслэлийн Боловсролын газрын ном, товхимлуудад байх аж. Балжаа багш сонирхолтой түүх, дурсамж яримтгай. Багануур дүүргийн салбар бүрийн байгууллагуудын хооронд урлагийн наадам болоход түүний үе үеийн шавь нар бүжгээр хоорондоо өрсөлдөж, багш шүүгчдийн бүрэлдэхүүн ахалж суух мөч хамгийн эгзэгтэй бөгөөд аз жаргалтай байсан гэнэ.