Монгол орны нутгаас одоогоор 631 зүйлийн мөөг илрүүлжээ. Эдгээрийг сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй судалж, зарим зүйлээр эрүүл мэндийн ач холбогдолтой, инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн аж. Мөн зарим зүйлийн мөөгөнд монгол нэр оноож байгаа гэнэ. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилал зүйн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант Г.Бүрэнбаатартай ярилцлаа.
Түүний Хэнтийн уулсын дүлий мөөгийг эмийн болон хүнсний зориулалтаар тарималжуулж, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмийн түүхий эд үйлдвэрлэх төсөл нь Шинжлэх ухааны академиас зохион байгуулсан “Эрдэм” хакатоны шилдэг бүтээлүүдийн нэгээр шалгарсан юм.
-Мөөгнүүдэд урьд нь монгол нэр байгаагүй юм уу. Эсвэл цоо шинэ зүйлүүд олж, нэрлэж байгаа хэрэг үү?
-Манай лабораторийнхон 2017 онд Монгол орны мөөгний жагсаалтыг шинэчилж, 631 зүйл тэмдэглэсэн. Тэдгээр нь бүгд латин нэртэй. Монголчууд уг нь мөөгийг нэлээд эртнээс хэрэглэж ирсэн ч орчин цагийн шинжлэх ухаанд албан ёсоор тэмдэглэж, судалсан нь саяхан буюу 1937 оноос хойш юм. ШУА-ийн Ботаникийн хүрээлэн үүссэн цагаас хойш гэж тооцож болно. Түүнээс өмнө лам нар тан хийхдээ мөөг ашиглаж, тухайн зүйлийг нутгийнхны хэллэгээр юм уу, төвөдөөр нэрлэсэн баримтууд бий л дээ. Мөн төстэй хэлбэр дүрс, шинж чанартай мөөгнүүдийг адилаар нэрлэсэн тохиолдлууд ч байдаг. Бидний олж тогтоосноор, монгол хэлэнд мөөгний 328 нэр байна.
-Нэр оноохдоо нутгийн ирөөр арга ашигладаг уу. Хэлний мэргэжилтэн оролцож байгаа биз дээ. Иргэдийн урьд нь оноосон нэр өөрчлөгдөх үү?
-Хэлний мэргэжилтэн оролцолгүй яах вэ. Бид тухайн зүйлд нэр оноосны дараа Хэл, зохиолын хүрээлэнгийн Орчин цагийн хэл шинжлэлийн секторын эрхлэгч, доктор Г.Гэрэлмаа үгийн бүтэц, агуулга нь монгол хэлний авиа зүй, утга зүйд хэр зохицож байгааг шүүж, судалдаг. Бид хэвшсэн, олон нийтэд танил болсон нэрийг аль болох хөндөхгүйг хичээж байна. Монголоор огт нэрлэж байгаагүй мөөг олон бий. Тэдгээрт нэр оноохдоо хэд хэдэн зарчим барьж буй. Нэгдүгээрт, тухайн мөөгний шинж чанар, хэлбэр, хэмжээг харна.
Хоёрдугаарт, бусад улсад юу гэж нэрлэдгийг харгалзан үзнэ. Гуравдугаарт, шинжлэх ухааны буюу латин нэрийнх нь гарал үүслийг судалж байгаа юм. Манай оронд ургадаг бүх мөөгөнд монгол нэр өгнө. Уг ажлыг МУИС-ийн багш С.Гомбобаатар санаачлан, БОАЖЯ-наас дэмжсэн төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Зөвхөн нэр оноох бус, тухайн мөөгийг судалж, элбэг тархацтай, эсэхийг тогтоож, үнэлэх болсон.
-Мөөгнүүдийн монгол нэртэй хэзээ танилцаж болох вэ?
-Уг судалгааны ажлыг энэ онд багтаан хэвлүүлэхээр төлөвлөсөн.
-Та дүлий мөөгийг голлон судалдаг юм байна.
-Би 2004 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг экологич мэргэжлээр төгссөн. 2008 оноос дүлий мөөгийг дагнан судалсан юм. Монголчууд тэнгэрийн дүлий хэмээн нэрлэдэг шүү дээ. Гол учир нь дүлий мөөгний судалгаа тухайн үед эзэнгүй байлаа. Энэ төрлийн мөөгний судалгааг орхигдуулж болохгүй учир сонгон судлах шаардлага тулгарсан. Тэр дундаа Хэнтий нурууны зарим уулын дүлий мөөгийг дагнан судлаад 10 жил гаруй болжээ. Мөөгийг дүлий, малгайт, уутат, ур гэж ангилдаг. Гэхдээ энэ нь шинжлэх ухааны ангилал биш. Хүмүүс ерөнхий онцлогоор нь нэрлэсэн юм.
Шинжлэх ухааны ангилал нь жаахан төвөгтэй. Жишээ нь, малгайт, дүлий мөөг хоёр нэг овогт багтах тохиолдол бий. Сүүлийн үед бүх зүйлийн гарал үүслийг генетикийн дарааллаар нь тогтоодог болсон. Бид урьд нь овгийн хэмжээнд дүлий мөөг гэж нэрлэдэг байлаа. Гэтэл генетикийн дарааллаар нь үзэхэд зарим дүлий мөөг далбига мөөгийн овогт хамаардаг төрөл болох нь тогтоогдох жишээтэй. Энэ мэтээр шинжлэх ухааны судалгааны түвшинд маргаантай асуудал бий.
-Дүлий мөөгний ач холбогдол юу вэ?
-Хөрс үүсэх үйл явцад оролцож, азотоор баяжуулдаг. Дүлий мөөгний гүйцэтгэдэг энэ үүргийг өөр ямар ч зүйл орлож чаддаггүй. Тэгэхээр байгальд чухал үүрэг гүйцэтгэж байгаа биз. Мөн эмийн болон хүнсний ач холбогдолтой. Ингээд хэлчихээр хүмүүс дур мэдэн түүж, буруу хэрэглээд, эрүүл мэнддээ сөрөг нөлөө учруулж болзошгүй. Тодорхой технологийн дагуу зөв хэрэглэх нь чухал болохыг юуны урьд анхааруулъя. Дүлий мөөгний бусдаасаа ялгарах гол онцлог бол үр нь дотроо боловсордог явдал. Жишээ нь, малгайт мөөгний үр шууд газарт унадаг байхад дүлий мөөгнийх дотроо байна гэсэн үг. Бороо орсны дараа үр нь боловсорч, пургидаг.
Тэр үрийг нь монгол малчид эртнээс хэрэглэдэг байж. Морины нуруу авчихаар түрхдэг. Өөрсдөө ч шарх, сорвио анагаахад ашигладаг. Яагаад гэвэл үр нь цус бүлэгнүүлэх, ариутгах чадвар өндөр. “Бороо орсны дараа тэнгэрийн дүлийд бүү ойрт” гэж хөдөөний хүмүүс ярьдаг шүү дээ. Тэр үед нь ойртвол үр нь нүд рүү пургиж, хараа муутгадаг. Үр нь боловсрохоос өмнө мөөгний махлаг эд бяслаг шиг байдаг юм. Тэр үед нь хүнсэнд хэрэглэж болно. Харин боловсорч гүйцсэнийх нь дараа анагаах ухаанд ашигладаг.
-Уг мөөгийг эмийн болон хүнсний зориулалтаар тарималжуулж, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмийн түүхий эд үйлдвэрлэх төсөл тань “Эрдэм” хакатоны шилдгээр шалгарчээ. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм уу?
-Уламжлалт эм зүйн корпорацын эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дэжидмаа, судлаач Ч.Эрдэнэчимэг нар “Калвацин” гэдэг нэртэй тос гарган авсан. Шарх, сорвийг богино хугацаанд эдгээдэг ач холбогдолтой. Миний хувьд түүхий эдийг таних, нийлүүлэх чиглэлээр уг судалгааны ажилд оролцож байна. Инновацын эл бүтээгдэхүүнийг одоохондоо худалдаанд гаргаагүй.
-Үйлдвэрлэлийн түүхий эд болгохоор их хэмжээний мөөг байгальд бий юү?
-Тийм хэмжээний нөөц байхгүй. Яагаад гэвэл Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Гэтэл мөөг нэлээд эмзэг, чийг, дулаан нь тохирсон, тогтмол температуртай нөхцөл шаарддаг. Долдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд үе хүртэл хамгийн сайн ургадаг. Гэхдээ энэ үед нь шөнө жаахан сэрүүхэн хоноход л мөөгний ургац багасдаг шүү дээ. Нөөц багасахад нөлөөлж байгаа хоёр дахь хүчин зүйл нь мал. Дүлий мөөг ихэвчлэн хээр ургадаг. Дөнгөж цухуйж байхдаа малын хөлд талхлагдах нь түгээмэл. Сүүлийн жилүүдэд малын тоо эрс нэмэгдэж байна.
Тиймээс тарималжуулж, эмийн түүхий эд бэлдэх нь миний судалгааны гол чиглэл. Мөөг тарихад юуны түрүүнд маш цэвэр орчин шаардагдана. Бохир орчинд бол хөгц мөөгөнцөрт идэгдэж, шавж ихэснэ. Тэгэхээр битүү байшинд, агаар, чийгийн тогтмол температурт байлгах ёстой. Давуу тал нь ургамал шиг жилд 1-2-хон удаа ургац авахгүй. 30-45 хоногоос ургац авч эхэлнэ. Боловсрох хугацаа нь харьцангуй богино. Гэхдээ зүйл бүр харилцан адилгүй л дээ.
-Лабораторид тарьж, ургуулж туршсан уу?
-2007 оны үед нэг төсөл хэрэгжүүлсэн. Тухайн үед Ботаникийн цэ цэрлэгт зөөврийн устай, нам даралтын зуухаар халаадаг байшин байв. Тэнд тарьсан юм билээ. Уг төслийг 2-3 жил хэрэгжүүлээд л дуусаж, санхүүжилт зогссон. Манайх төрийн байгууллага учраас уг ажлын зардлыг гаргах боломжгүй байж. Тэр үетэй харьцуулахад өдгөө нөхцөл байдал өөр болж, мөөг сонирхогчид ч олширсон учир тарималжуулах төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа.
-Байгаль дээрх тархац, нөөцийг нь бүрэн тогтоосон юм уу?
-Дүлий мөөгний тархалт маш өргөн, Монгол орон даяар бий гэж үзэж болно. Гэхдээ яг нөөцийг нь нарийвчлан тогтоосон судалгаа одоогоор алга.
-Зөвхөн манай оронд ургадаг уу, дэлхийн хэмжээнд өргөн тархсан уу?
-Дүлий мөөгийг монголчууд эртнээс эмийн зориулалтаар хэрэглэдэг байж. Бусад оронд ч нэлээд ургана. Дүлий мөөгийг анх 1940 онд Монголд тэмдэглэсэн, одоогоор 200 орчим дээжийн цуглуулга бүрдүүлсэн. Олон улсад 1630 онд анх Бразилд тэмдэглэгдсэн байдаг. Дэлхий дахинд одоогоор 788 зүйлийн дүлий мөөг олж судалсан. Манайд бол одоохондоо 10 зүйлийг олсон. Манайх эрс тэс уур амьсгалтай учраас харьцангуй цөөн мөөгтэй шүү дээ. Чийглэг уур амьсгалтай, далайн эрэг, устай ойрхон орнуудад маш ихээр ургадаг.
Монгол орны ургамлыг газар зүйн хувьд 16 тойрогт хуваадаг. Тэдгээрээс хамгийн их судлагдсан нь Хэнтийн тойрог. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, энэ нь Монгол орны халуун цэг буюу нэгж талбайд орших биологийн олон янз байдлын тоо нь бусад тойрогтой харьцуулахад олон. Хоёрдугаарт, дэд бүтэц сайн хөгжсөн. Галт тэргээр очоод, ой руу нь орж судлахад ойр. Говьд судалгаа хийлээ гэхэд нэлээд явж байж мөөг олдоно. Хөвсгөл рүү явахад хол гэх мэтийн олон шалтгаан бий. Тэр утгаараа Хэнтийн нурууны мөөгийг хамгийн их судалсан.
-Манай шинжлэх ухааны байгууллагууд мөөгний судалгаанд хэр анхаарч байна вэ. Бүх зүйлийг илрүүлж, судалж чадсан уу?
-Монгол орны аль ч мөөгний нөөцийг бүрэн, нарийвчлан тогтоосон судалгаа байхгүй. Тэгсэн хэрнээ яамныхан мөөг түүх зөвшөөрөл олгодог байсан. Нөөцийг тогтоосон тохиолдолд түүний 40 хувийг ашиглаж болно гэсэн хууль, журамтай. Гэтэл нөөц тогтоогоогүй байж зөвшөөрөл өгнө гэдэг юү гэсэн үг вэ. Ер нь манай улсын хэмжээнд мөөгний хэрэглээ огт хяналтгүй. Байгалиас хайгаад олоогүй мөөгийг “Нарантуул” захын худалдаачин зарж байх жишээтэй. Нутгийн иргэд мөөгний ач холбогдлыг дутуу үнэлж, буруу түүж, хайр гамгүй хандах нь түгээмэл. Мөөгний үр боловсорч, унасны дараа хөрсний гадаргаас хоёр см-ийн дээгүүр огтолно. Ирэх жил ургах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Энэ мэт шалтгаанаас үүдээд олон төрлийн мөөг ховордож байна. Чага бол бараг харагдахаа больсон. Урьд нь мөөгний хүрээ үүсдэг байсан газар хувхайрсан тохиолдол цөөнгүй.
Нийт мөөгийг 100 хувь гэж үзэхэд 93.7 хувь нь тодорхойлогдоогүй гэж судлаачид үздэг. 10 хүрэхгүй хувийг нь л бид мэдэж байна гэсэн үг. Бидэнд огт мэдэгдээгүй байснаа устан алга болж буй зүйл олон бий. Мөөг амьтан, ургамлыг бодвол маш эмзэг. Тэгсэн хэрнээ тэр хоёр шиг хамгаалагдаж чаддаггүй. Манай улс бол бүр анхаардаггүй. Урд, хойд хөршид мөөг судалдаг бүхэл бүтэн институт байхад манайд ургамлын аймаг дотроо хамааруулж, хоёрхон судлаач ажиллуулдаг. Бие даасан лаборатори ч алга. Уг нь мөөг чинь амьтан, ургамал шиг бие даасан аймаг шүү дээ. Ургамал шиг нэг газартаа, хөдөлгөөнгүй байдгаас биш, доторх үйл явц нь амьтантай төстэй. Бүр тодруулбал, ургамалтай адил нарны гэрэл шаарддаггүй, амьтан шиг бусад амьд организмоор хооллодог онцлогтой.
-Манай оронд ургадаг 631 зүйлийн мөөгний хэд нь нэн ховор, ховор ангилалд багтаж байна вэ?
-Нэн ховор хоёр, ховор 20 зүйл мөөг байгааг тогтоосон. “Улаан ном”-д 13 зүйл орсны дотор дүлий мөөгний хоёр зүйл багтсан. Энэ онд хэвлүүлэх “Улаан данс”-нд 20 зүйл орууллаа. Мөн дан хөвд, мөөг, замаг, хагны “Улаан данс” гаргаж, 60-70 зүйл мөөг багтаахаар төлөвлөсөн. Бид Монгол орноо бүрэн нэгжээгүй учир цаашид ч нэмэгдэх магадлалтай. Энэ чиглэлийн судалгааг бүрэн хэмжээний төсөл болгох ёстой. 1-2 жилийн дотор амжих ажил биш л дээ. Манай хээрийн судалгааны томилолтын зардал бага учраас хангалттай дээж, материал цуглуулах боломж хомс. Тиймээс бусад судалгааны ажилтай хавсруулж буюу өөр ажил хийх далимдаа л мөөг цуглуулдаг. Манайд мөөг судалдаг ердөө хоёрхон хүн бий учир судалгаанд явахдаа зөвхөн дүлий мөөг гэхгүй, тааралдсан болгоныг авна. Одоогоор нийт 2000 орчим мөөгний цуглуулга бүрдүүлсэн.
-ХААИС-иас саяхан мөөг судлалын II хурал зохион байгуулжээ. Анхны хурлыг 10 жилийн өмнө хийсэн юм байна. Түүнээс хойших хугацаанд судалгаанд ахиц дэвшил гарсан уу?
-Гол дэвшил нь хүмүүсийн хандлага нэлээд өөрчлөгдсөн явдал. Дэлхийн олон оронд мөөгийг хүнсэнд өргөн ашигладаг. Яагаад гэвэл уургийн агууламж өндөр. Харин монголчууд уургаа голдуу махнаас авчихдаг учраас мөөгийг нэг их тоодоггүй байсан юм. Харин сүүлийн жилүүдэд ач холбогдлыг нь ойлгодог, үнэлдэг хүн олширч, иргэд хүртэл тарималжуулан хэрэглэдэг болсон. Үүнтэй холбоотойгоор олон нийтэд мөөгний талаар танилцуулах “Мөөгний фестивал-2019” арга хэмжээг Монголын мөөг судлаач, сонирхогчдын нэгдсэн нийгэмлэгээс ирэх сарын 3, 4-нд зохион байгуулах болсон. Дэлхий нийтэд ийм арга хэмжээ цөөнгүй зохион байгуулдаг.