“Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн баатарын тэмдэг зүүж өгөөд гар барихдаа Ерөнхийлөгч “Улсынхаа тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг тань үнэлж, энэ шагналыг олголоо” гэсэн” хэмээгээд энэ хүний хоолой зангирч, туулсан замналынх нь ул мөр болж үлдсэн олон гүн үрчлээстэй зовхи нь чийгтээд ирэв. Гурван цаг гаруй хөөрөлдөхөд “Ёстой л баатар ажээ” гэсэн бодол улам лавширч, хүндлэл, хайр цээж дүүргэж, миний нүдэнд ч нулимс цийлэгнэв. Төрийнхөө тэргүүнээс “Улсынхаа тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг тань үнэлж байна” гэсэн үг сонсоход ямар мэдрэмж төрдөг бол гэж төсөөлөхөд одоо ч бахархал, уярал сүлэлдээд байна.
Хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөрийн баатар болсон хүн одон медалиа зүүгээд, найрын ширээний ард сууж байгаа болов уу хэмээн төсөөлсөөр очсон намайг Б.Рагчаа гуай тэс өөрөөр угтсан. Тэрбээр энд тэндээ цоорсон, ажлын хувцас, гэрийн шаахайтай ногооны талбайд ажиллаж байв. Үрээр тарьж буй нялх мод, жимсний бутнуудаа арчилж тордож, тэднийгээ эргэж тойрох нь Б.Рагчаа гуайн хамгийн дуртай ажил гэнэ. 90 нас дөхөж яваа гэхээргүй хөнгөн шингэн тэрбээр “Би өөрийгөө магтах дургүй, дэмий юм” гэсэн Тэгээд дуугаа хураачсан “зөрүүд” өвгөнтэй ийнхүү хөөрөлдлөө.
ХОЁР ХӨГШИН УЙЛААД БАЙХААР НЬ ДОЛООН САРТАЙ БАГА ДҮҮГЭЭ ӨВӨРТӨЛЖ АВААЧААД ӨГЧИХСӨН
-Та Увс аймгийн Цагаанхайрхан сумын хүн юм байна. Бага нас тань нутагтаа өнгөрөв үү?
-Манайх зуугаад бог, хориод адуу, арав гаруй тэмээтэй, Ханхөхийн нурууны ард зусаж, Наадмаас хойш хярд гардаг, наймдугаар сарын дундууд говь руугаа орж, Хяргас нуурын зүүнтээ, Хурган нуруу, Хулжийн гол, Айраг нуур хавиар намарждаг, өвөлдөө Ханхөхийнхөө өврийг барааддаг айл байв. Бага нас минь тэнд өнгөрсөн. Аав минь багийн дарга, нэг их том баадан бүсэлсэн, дуусдаггүй ажилтай хүн л явах. Тэр үед багийн дарга нарт хөлс мөнгө өгдөггүй, зүгээр л томилчихдог, нөгөөдүүл нь сайн дураараа ажилладаг байсан болов уу гэж би боддог.
Аав өөрөө бүх нийтийг бичиг үсэгтэй болгох хөдөлгөөний ухуулга хийдэг болохоор хүүхдээ юу гэж сургуулиас завсардуулах билээ, намайг яг насанд маань сургуульд оруулсан. Тэр үед онц сурдаггүй ч сахилга бат сайтай хүүхдийг сургуулийн захиргаанаас шагнадаг байлаа. Тэгэхдээ ээж, аавыг нь дуудаж, сумын Улаан булангийн индэрт хоёуланг нь зогсоогоод, хүүхдэд нь дэвтэр, харандаа, чанасан өвчүү зэргийг өгнө. Би нэг бус удаа тийм шагнал авсан.
-Тэр үед ч, одоо ч, хөдөөгийн хүүхдүүд сургуульд сурахад тулгардаг хамгийн том асуудал нь байр, амьдрах газар. Дотуур байранд суусан, айлд амьдарсантай холбоотой сонин дурсамжаасаа хуваалцаач.
-Би дөрөвдүгээр ангид ортлоо хамаатнуудындаа суугаад, дараа жилээс нь танихгүй шахам айлд байх болов. Тэднийх хүүхэдгүй, нөхөр нь лам байгаад, хожим хар болж, артельд ажилд орсон, эхнэр нь юм оёдог, уран авгай байлаа. Аав минь намайг тэднийд нэг хонины махтай аваачаад орхисон. Манайх олон (долоо) хүүхэдтэй болохоор хайхардаггүй байсан юм уу, хичээлийн амралтаар ч намайг авдаггүй байв. Аав намар тарваганд явахдаа л хааяа морио бариулах гэж дагуулдаг байж билээ. Би тэр айлд гурван жил сууж, бүр хүүхэд шиг нь болсон.
Түлээ мод бэлтгэх, ус, мөс зөөх гээд гэрт, гадаах бүх ажлыг нь хийнэ. Их нямбай хүмүүс байсан болохоор хоол, унд хийхийг надад сайн зааж, сургасан. Би долдугаар ангиа төгсөөд Улаанбаатар руу явна гэхэд хоёр хөгшин “Бид яана вэ” гээд уйлаад байхаар нь би долоон сартай бага дүүгээ өвөртөлж аваачаад өгчихөж билээ. Тэр хоёрыг өрөвдөж, хүүхэдтэй болгож байгаа нь тэр.
-Аав, ээж тань зөвшөөрсөн байдаг байгаа?
-Ээжээс асуутал “Аавдаа хэл” гэсэн. Аав “Ээж чинь л зөвшөөрч байвал яах вэ. Би ороод яриадхъя” гэсэн. Тэгэхээр нь би дүүгээ өвөртлөөд сумын төв рүү шогшчихсон. Манайх сумын төвөөс зүүн хойш арав гаруй км зайтай Ха шаатын аманд нутаглаж байсан юм.
-Та сумандаа долдугаар анги төгсөөд Улаанбаатарт ирсэн юм уу?
-Тийм. Уг нь аймгийн арван жилийн сургуульд хуваарилсан юм. Гэтэл манай сумаас аавын ахын хүү Сэмбээхэй гэж надаас сайн сурлагатай хүү, бас сурлага, сахилгагүйгээрээ алдартай Галбаа хоёр хот руу явна, техникумд сурна гэж байна. Тэгэхээр нь би аймагт очсон ч хүн танихгүй, газар мэдэхгүй, хаана ч адилхан айлын хаяа бараадахаас хойш нэгмөсөн Улаанбаатар явъя гэж шийдээд Холбооны техникумын хуваарь авсан.
Манай сумд амралтаараа хотоос ирсэн МУИС-ийн хоёр оюутан, Мал ба тариалангийн яамны нэг албан хаагч, өөр хаана ч ажилладаг билээ, нэг хүн морин өртөөгөөр явна гэж байсан. Тэдэнтэй хамт явах болоод аймгийн төвд иртэл Өндөрхангай, Зүүнхангайн хэдэн банди нийлчихсэн, хотын машинд сууна гэцгээж байна. Тэдэнтэй нийлж, сар гаруй явж байж хотын бараа харсан даа.
Би аймгаас Холбооны техникумын хуваарь аваад гарсан ч Галбаа, Сэмбээхэй хоёрыг дагаад Мал эмнэлгийн техникумын гидротехникийн ангид орсон. Гидротехник гэж юуг хэлдгийг ч мэдэхгүй шүү дээ. Тэнд би онцгой сайн сурлагатай биш, бас муу ч үгүй, Галбаа, Элдэв, Сэмбээхэйгийн араас, дөрөвдүгээрт ордог байв. Нутгийнх юм болохоор Сэмбээ, Галбаа, бид гурав нийлнэ. Галбаа маань Сэмбээхэй, бид хоёрыг зодчихно. Галбаа сурлага сайтай ч аюултай сахилгагүй. Нутагтаа байхад нохой хутгалсан, хүүхэд зодлоо, хүний юм булаасан гээд түүний л тухай дуулдах.
Техникумд ирээд сурагчдын зөвлөлийн гишүүн болчихсон л дээгүүр даналзана. Би болж өгвөл ахиухан хоол олж идчихээд хичээлээ л хийхийг боддог оюутан байлаа. Залуучууд хичээлээ тараад түүнийг хүргэж өгнө, үүнийг дөхүүлж өгнө гээд явчихна, нийлж дарвиж, зодолдоно. Би өрөөндөө хичээлээ л хийж сууна. Намайг хүүхдүүд их бүрэг гэдэг байсан нь ортой байх.
-Таны тодорхойлолтыг уншиж байхад Монгол Улсад геодези, зураг зүйн салбарыг үүсгэж, хөгжүүлсэн анхдагчдын нэг нь юм билээ. Тэр үед үүнийгээ ойлгож байв уу?
-Юугаа мэдэх вэ. Аав “Сургуулиа төгсөөд нутагтаа ирвэл сайн байна. Увсад хуваарь олдохгүй бол Архангай их сайхан байгальтай нутаг шүү. Бүр болохгүй бол Завханд ирэхийг бодоорой” гэсэн юм. Сургуулиа төгслөө. Увсын хуваарийг Галбаа авчихсан гэж сонсоод “Нутагтаа очно гэж горьдолтгүй боллоо. Хаана хуваарилдаг юм бол” гэж бодсоор очтол “Мал ба газар тариалангийн яамны Усны аж ахуйн хэлтсээс хуваариа аваад Архангай руу яв” гэв.
Хэдэн хувцсаа шуудайд хийж, үүрээд Тээврийн товчоонд шуудангийн машин хүлээж зогстол Архангайн Жигмэд, манай сайн эр Галбаа хоёр “Чамайг Ж.Чогдон багш дуудаж байна” гэсээр гүйгээд ирлээ. Шуудайтай хувцсаа үүрсээр очтол багш “Чамайг Гиваадэмбэрэл авна гэлээ. Төв хорооноос усалгаатай газар тариалан хөгжүүлэх шийдвэр гаргаж, үүнийг хийхийн тулд яаманд Газрын зургийн отряд байгуулсан. Тэнд газрын зураг хийх хүн хэрэгтэй” гэв.
Ингээд 1951 оны наймдугаар сард Мал ба газар тариалангийн яамны Усны аж ахуйн хэлтсийн газрын зургийн отрядад топо техникчээр орсон. Тэгэхэд манайх боловсон хүчин муутай байлаа. Монгол Улсын хэмжээнд долоохон инженер байсан гээд бод доо. Барилгын Б.Мотоо, хар Дорж (механикийн), франц Ж.Дүгэрсүрэн (Налайхын нүүрсний уурхайг нээсэн геологич), газар ухагч Должинжав (өрмийн) герман Цэвэг, дөрвөд Ж.Чогдон (усны) гээд л нэр, хоч, мэргэжлээр нь мэддэг, тоолоход гарын хуруунд багтна.
-Багш үнэлдэг, ажил хийгээд цааш явах боломжтой гэж үзсэн хүүхдүүдээ дуудсан хэрэг байх даа.
-Зөөлөн чихтэй болохоор нь сонгосон хэрэг болов уу даа. 1951 онд Мал ба газар тариалангийн яамны Усны аж ахуйн хэлтсийн газрын зургийн отрядад топо техникчээр орж, инженер, даргаар нь 1965 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд усалгаатай газар тариалан хөгжүүлэх зорилгоор 17 газарт, нийт 8562 га талбайд байр зүйн зураг хийсэн.
Булган аймгийн Ингэттолгойн сангийн аж ахуйн Хужир, Бух, Харлаг, Хараацай, Тариахтай, Ингэт голын 364, Төв аймгийн Батсүмбэрийн Сөгнөгөрт 690, Үдлэгт 134, Борнуурын Бороо голд 280, Борнуурын Арангатад 57, Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн Шар талд 61, Шаамарын тохойд 10, Дорнод аймгийн Хэрлэнгийн Цагаан талбайд 10, Баянтүмэнгийн Дээд Чойбалсанд 250, Хэнтий аймгийн Өндөрхаанд 70, Өвөрхангай аймгийн Арвайхээрийн талд 120, Алтан талд 20, Говь-Алтай аймгийн Гуулингийн талд 4000, Баян-Өлгий аймгийн Баяннуурт 160, Ховд аймгийн Онцын хөдөөд 2000, Өвдөгийн аманд 30, Баянхонгор аймгийн Хэрсэнгийн талд 306 га газрын байр зүйн зургийг манай отряд хийсэн. Бид тэр газруудад усалгааны системийн толгойн барилга барих, суваг, шуудуу татах газрын зургийг авч, трассыг тогтоон, зүсэлт гаргасан. Үүний дагуу дээрх томоохон сангийн аж ахуйнуудын усалгааны системийн ажил хийгдсэн.
-Москвад мэргэжлийн хичээл, далага ажлаараа орос оюутнуудад биширэгдсэн гэж сонссон.
-Надад өөрийгөө магтаж ярих юм алга. Хэзээнээсээ тийм сэтгэгдэл ч үгүй явж ирсэн хүн. Би долдугаар анги төгсөөд техникумд элссэн учраас Газрын зургийн отрядад ажиллах завсраа оройгоор 8-10 дугаар ангид сурсан юм. Уг нь тоо, физикийн хичээлдээ гайгүй, багш маань надад конспектоо үлдээчихдэг, би хичээлийг нь заачихдаг байсан юм. Төсгөлтийн шалгалтад монгол хэл, химийн хичээлдээ үлгэн салган дунд, тоондоо гайгүй, орос хэлний хичээлд муу авлаа. Хамгийн сүүлд физикийн шалгалтад “Юухан байх вэ” гэж ороод муу авчихдаг байгаа. Ингээд гадаадад сургуульд явах өнгөрсөн байх гэж бодож явтал яам хөөцөлдөж байгаад Москвагийн Газар зохион байгуулалтын дээд сургуульд явуулсан.
Эхлээд би газар зохион байгуулалтын ангид хуваарилагдсан юм. Орос хэл муутай хүн лекцнээс юу ч ойлгодоггүй. 14 хоног ийм маягаар яваад дээд курсийн монголчууддаа “Юу ч ойлгохгүй, ёстой хэцүү юм” гэтэл “Би чамаас дор байсан. Тэгж байгаад сурна” л гэнэ. “Ер нь бүтэхгүй нь. Би геодезийн хүн, газар зохион байгуулалтын ангид сурахгүй. Ангиа солих арга байна уу” гэтэл “Элчин сайдтай уулзахаас наашгүй” гэлээ. Элчин сайдтай уулзтал “Төв хороо л шийднэ. Бид Төв хороонд уламжлаад, хариуг нь хэлье” гэв. Ингээд Төв хорооны хариуг хүлээж, өглөө бүр Элчин сайдын яаманд очдог, хашаан доторхыг шүүрдэж, мод услах гэх мэтийн ажил хийдэг боллоо.
Арваад хоногийн дараа ашгүй нэг зөвшөөрсөн хариу ирснээр тэнд 1954-1959 онд сурч, геодезийн инженер мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн, шугам зураг, газрын зургийн хичээлд зэгсэн гайгүй, түүх, философи гэх мэтийн хичээлээс оргонгоо алдаад сууж байдаг муухан оюутан байлаа. Дадлагын хичээлд харин манай ангийнхан миний л амыг хардаг байсан нь үнэн шүү.
1959 онд төгсөж ирээд ХААЯ-ны Усны аж ахуйн хэлтсийн Хайгуул судалгаа, газрын зургийн экспидицэд инженерээр хуваарилагдаж, тэндхийн газрын зургийнхан гэж арав гаруй хүнтэй нийлэн, усжуулалтын талбайн байр зүйн зураг гаргах ажлаа үргэлжлүүлсэн. Жил ажиллаад дарга болж, 1965 он хүртэл ажилласан.
480 ГАРУЙ ГА ГАЗРЫГ МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ОРУУЛСАН
-Монгол Улс тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлээд удаагүй, хоёр хөрштэйгөө хилийн асуудлаа эцэслэн шийдэхээр ид ажиллаж байсан эгзэгтэй он жилүүдэд Та Хилийн комисст ажилласан юм билээ?
-1963-1990 он хүртэл таван удаагийн томоохон ажилд оролцсон. 1963-1964 онд Монгол, Хятадын хилийн гэрээг газар дээр нь тогтоон, тэмдэглэх хилийн хамтарсан комисст шинжээчээр, 1976 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хилийн гэрээ байгуулах комиссын гишүүнээр, 1976-1978 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хилийн гэрээ байгуулж, түүнийг газар дээр нь тогтоон, тэмдэглэх, хилийн хамтарсан комисст Монголын талын хэсгийн гишүүнээр, 1982-1984 онд Монгол, Хятадын хилийг газар дээр нь анх удаа хамтран шалгах комисст гишүүнээр, 1989-1990 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хилийг анх удаа хамтран шалгах Монгол талын комиссын техникийн асуудал хариуцсан орлогч даргаар томилогдож байв. Товчхон хэлэхэд, Монгол Улсын бүх хилийн шугамын дагуух хээрийн ажлыг удирдан зохион байгуулах ажил гүйцэтгэсэн.
-Тэр жилүүдийн талаар ярих зүйл их бий нь гарцаагүй. Монгол, Хятадын хилийг газар дээр нь тогтоон, тэмдэглэх комиссын гишүүнээр ажилласан тухайгаа хуучлаач?
-1963-1964 онд Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Монгол, Хятадын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэх комиссын бүрэлдэ хүүнд орж ажилласан. 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол, Хятад хоёр улс хилийн гэрээ байгуулсан бөгөөд Хилийн комисс тэр гэрээг газар дээр буулгах үүрэгтэй байсан юм.
Өөрөөр хэлбэл зурагт тэмдэглэсэн зураасыг газар дээр нь буулгаж, хилийн шугамаа тогтоон, баганаа босгоно гэсэн үг. Энэ бол геодезийн ажил. Хилийн комисст 13 хүн ажиллаж байсны долоо нь жинхэнэ гишүүн. Надаас бусад нь генерал, хурандаа нар. Гадаад явдлын яамнаас орсон хүн дээрээс өгсөн чиг үүргийг хүлээж авах, хоёр талын хэлэлцээр хийхэд хуралдаан удирдах үүрэгтэй. Хилийн цэргийнхэн материал хангамж, биеийн хүчний ажлыг хийнэ. Цэг хаана тавих, хилийн шугам яг хаагуур явахыг геодезийн хүн, өөрөөр хэлбэл би хариуцна. Манай комиссынхон намайг хөнгөн хөлт гэдэг байлаа. Хэмжих, тогтоох ажлыг би л хийдэг, энд тэнд гүйж явдаг болохоор тэр.
-Хилийг газар дээр нь тогтоон, тэмдэглэх нь амаргүй ажил байлгүй. Хоёр улсын аль аль нь л газраа алдахгүй, болж өгвөл сөөмийг боловч өөрийн нутагт оруулахыг боддог болов уу, яадаг бол?
-Тэгэлгүй яах вэ. Хилийн шугамыг зургаас газар дээр буулгах амаргүй ажил. Нэг см-т нэг км багтдаг. Тэгэхээр нэг мм нь 100 метр, харандааны үзүүр хүрсэн хэсэгт 10-20 метр байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн наад зах нь тэр нарийхан зураасны ард байгаа 10-20 метр газрыг хааш нь оруулах вэ гэдэг асуудал үүснэ. Сөөм газраа авах уу, алдах уу гэдгийг тэнд ажиллаж байгаа геодези, газрын зургийнхан л шийднэ шүү дээ.
Шугам, газар хоёрын зөрүү, маргаантай газар үргэлж гарна. Тодорхой уулын орой, нуруу, худаг, усны голдиролтой, тодорхой координаттай, геодезийн цэгтэй газарт маргаан харьцангуй бага. Тал, хээрт бол хэ цүү дээ. Хоёр улсын геодезийнхон өөр өөр газарт, заримдаа бүр 5-10 метрийн зайтай очоод зогс чихно. Наанаа “Зургийн нарийвчлал таарахгүй байна” гэж буй ч цаанаа бол ганц ам мерт газар боловч улсынхаа талд авчих санаатай байгаа нь мэдээж. Тэгээд л координат буюу газар зүйн солбицлын системээс шалгана. Тэгж байж хоорондын зайгаа ойртуулна, дундаа нийлнэ.
-Хилийн шугамаа хаагуур явуулах вэ гэдэг дээр санал зөрөлдөөд хоорондоо тохиролцохгүй удах, олон удаагийн хэлэлцээ хийх тохиолдол тэр үед нэлээд гарсан гэдэг. Монгол, Хятадын хилийг газар дээр нь тогтоон, тэмдэглэх үед тийм зүйл тохиолдож байв уу?
-Байлгүй яах вэ. Хоорондоо тохиролцохгүй, хэлэлцээ хийгээд, хоёр сар шахам болсон газар ч бий. Хамгийн их эвгүйдсэн нь 1963 онд манай 448 метр төмөр зам Хятадын хилийн цаана гарчихсан асуудал. Монголын төмөр зам зохих газраар хил гарахгүй байна гэсэн асуудал үүсэж, Хилийн комиссын Монголын хэсгийн ахлагч Б.Цэдэн-Иш гуайн даалгавраар би газар дээр нь багажаар магадлан хэмжихэд Монголын төмөр зам 448 метр газартайгаа Хятадын нутагт орсон байсан. Хилийн гэрээнд хавсаргасан зургаар бол хилийн шугам бүр хагас км-ийн наагуур байгаа юм.
Манай газрын зургийг оросууд анх хийхдээ алдаа гаргаснаас болоод ийм зүйл болсон. Түүн дээр бид 59 хоносон. Хоёр орны хамтар сан комисс хуралдаад ч нэмэргүй, Төв хороо, Засгийн газарт хэлээд ч шийдэж чаддаггүй. Нэгэнт хилийн гэрээнд хавсаргасан газрын зурагт ингээд заачихсан болохоор айлын тал юу гэж хагас км газрыг “Нээрэн танайх юм байна” гэх вэ. Яах аргагүй 448 метр газраа алдах дээрээ тулаад байлаа.
Хилийн гэрээнд “Хилийн шугамыг Халх голын үндсэн урсгалаар, Монгол Улсын хуучин газрын зураг дээрх хар хилээр” гэсэн байдаг юм. Гэтэл тухайн газар ерөнхийдөө цаашаа хазгай, наагуураа гол байхгүй байв. Тэгээд Цэдэн-Иш гуайд “Өмнө нь үүгээр гол урсаж байгаад гол нь байгалийн жамаар голдирлоо өөрчилж, Цагаан арлынхаа цаагуур урсчихсан шиг байна” гэтэл “Үзээд ир” гэсэн. Ингээд нэг цэрэг дагуулан, хоёр хөтөлгөө морьтой Халхын голын адгаас эх хүртэл явлаа. Яг миний бодсоноор гол голдрилоо өөрчлөөд урссан байсан.
Халх голын үндсэн урсгал Харгайт уулын хормойгоор урсаж байгааг үзэж, хилийн гэрээнд хилийн шугамыг хоёр өөр газраар тогтоохоор алдаатай заалт байгааг Хилийн комисст танилцуулснаар хоёр улсын комисс дахин хэлэлцээрт орж, маргаантай газар болон төмөр замынхаа хоёрны нэг буюу 86 га газрыг Монголын талд авсан.
-Газар нутаг, тусгаар тогтнолыг зөвхөн цусаар хамгаалдаг биш, ажлаа мэддэг, сайн мэргэжилтнүүд энх цагт бас хамгаалж байдгийн тод жишээ, сэтгэл хөдөлгөм түүх байна. Таныг 480 гаруй га газрыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулсан гэж сонссон. Бусад тохиолдлуудын тухай ч сонсмоор байна?
-1978 онд Монгол, Оросын хилийн шугамыг газар дээр нь тодосгон тогтоох ажлын хүрээнд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймгуудын чиглэл дэх хилийн хамтарсан нэгдүгээр салбар комиссын хээрийн ажлыг би хариуцаж байлаа. Хилийн шугамыг газар дээр нь шалгаж яваад Дөрвөд даваа орчимд 2.8 ам км талбайн зургийг буруу зурж, Оросын талд оруулсан байсныг тогтоож энэ газрыг буцааж авсан. Тэнд их олон толгод байдаг. Хилийн гэрээнд “Толгод хоорондох хоёр хөтлийн өндөр хөтлөөр нь Монголын хилийн шугам явна” гэсэн. Гэтэл өндөр хөтлийн наад талын хөтлөөр хилийн шугамыг явуулсан байв. Ингэснээр 2.8 ам км талбай Оросын тал руу орчихож байгаа юм.
Би газар дээр нь ажиллахдаа багажаар хэмжиж, манай хилийн шугам явж буй хөтлөөс Оросын талын хөтөл 1.78 метрээр өндөр байгааг тодорхойлсон. Түүнийгээ Оросын талын мэргэжилтэнүүдэд танилцуулан, хамтарсан хэмжилт хийхэд минийх батлагдсан. Ингээд энэ хэсэгт хилийн шугам өөрчлөгдөж, Монголын талд 230 га газар орохоор байгааг хоёр улсын хамтарсан Хилийн төв комисст мэдэгдсэн. Төв комисс Дөрвөд даваанд ирж хуралдан, хилийн шугамын өөрчлөлт үнэн зөв болохыг протоколоор баталгаажуулснаар энэ газар манай нутагт орсон.
Б.РАГЧАА: Ерөнхийлөгч “Монгол Улсын газар нутаг, тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг тань үнэлж энэ шагналыг олгож байна” гэсэн
1983 оны хилийн хээрийн ажлын үед Сүхбаатар аймгийн Ар гурван бургастайд бас сүрхий маргалдсан. Хятадын тал хилийн шугам зүүн Могнон уулын орой дээрх хилийн 444 дүгээр тэмдгээс шулуун шугамаар Ар гурван бургастай толгойн оройг дайран, 5.3 км үргэлжилж, хилийн 446 дүгээр тэмдэгт хүрнэ гэсэн. Минийхээр хилийн шугам Ар гурван бургастайн оройгоор биш, Хятадын тал руу хазайж орох ёстой байв. Ингэж маргалдсаар хоёр улсын хилийг шалгах төв комиссоос төлөөлөгч томилон, Могнон уулын оройд уулзаж, газар дээр нь шалгах боллоо.
Хятад талаас комиссын гишүүн Жан Руйлянь тэргүүтэй таван хүн, Монголын таван хүнийг би тэргүүлэн, Могнон уулан дээр хоёр талаасаа уулзав. Ингээд газар дээр нь геодезийн багажаар шалгаж, хилийн шугам толгойн оройгоос урагш (Хятадын тал руу) 61.6м зайд байгааг нотолсон. Ингэснээр Монгол Улс 1.65 га газраа авч үлдсэн.
Ийм газар олон бий. Ямаатын гол, Өмнөговийн Цагааннуур, хойд хил дээрх Дөрөө нуур гээд л үргэлжилнэ. Хилийн гэрээ, зурагт ганц нуур гэчихсэн, очихоор хоёр нуур байдаг. Тэгээд л маргалдана. Мэргэжлийн хүн дутагдалтайгаас зураг буруу, тэгээд хилийн гэрээнд буруу тусгасан байх нь элбэг. 1940, 1958 онд хилийн хэлэлцээрт аймгийн дарга, малчин, худалдаачин оруулж байсан нь мэргэжлийн хүнгүйнх шүү дээ. Ямар сайндаа 1940 онд хилийн гэрээ хийхэд газрын зургийн мэргэжилтэн хэрэгтэй гэхэд Төрийн шагналт, Ардын зураач О.Цэвэгжав гуайг явуулсан байгаа юм. О.Цэвэгжав гуай оччихоод “Энэ чинь миний хийх ажил биш, шугам зургийн ажил байна” гээд буцсан гэж Б.Цэдэн-Иш гуай ярьж байсан.
-Хойд, урд хилээ тогтооход хэцүүхэн маргаан олон удаа гарсан, хоёр хөршдөө багагүй газраа алдсан тухай манайхан ярьдаг. Түүнээс хамгийн их дурдагддаг, жишээ болдог нь Давст уул. Тэгэхэд юу болсныг Та мэдэх үү?
-Давст уулыг Цэдэн-Иш, Рагчаа нар алдсан гэж 1990-ээд онд их бичсэн. Тэр худлаа шүү. 1958 оны хилийн хэлэлцээрт би ороогүй. Давст уул яах аргагүй манай нутагт байсан. Давст уулын ард манай Чацарганын, Тээлийн, Хүрмэн уулын, Хандгайтын харуулын овоонууд бий. 1905 онд хоёр зээр юм долоож байхыг тува хүн хараад очиж үзтэл давс байж. Тэгээд тэд тэндээ хоёр жижиг байшин бариад давс олборлож эхэлсэн байдаг.
1958 онд хилийн хэлэлцээр хийхэд оросууд Давст уулыг авах гэж маргалдсан. Тэгэхэд нь “Ийм юм болоод байна. Энэ талаар мэддэг чаддаг, асуудлыг шийдэх бүрэн эрхтэй хүн ирүүлээч” гэтэл Төв хорооноос эдийн засаг хариуцсан Рэнцэнсэнгэ гэдэг хүнийг явуулсан. Тэрбээр очоод яг газар дээр нь хоёр талын төлөөлөгч байхад “Өө, энэ чинь Тувагийн давсны үйлдвэрийн газар байна шүү дээ” гэж балайрсан байгаа юм. Энэ үг нь протоколд ороод бүх зүйл дууссан гэдэг юм.
Газар алдсан тухайд гэвэл, манайхан хил орчимдоо нутагладаггүй. Хил тогтооход иргэдийнх нь суурьшил, газар нутгаа эзэмшсэн байдал их чухал байдаг. Өвөлжөө бууц, орогнож байсан газар, хадлангийн талбай ч байна уу, ямар нэг ул мөр, ором байвал ямар ч асуудалгүй. Гэрээ, хэлэлцээрийн үед тэрнээс болоод л хамаг газраа алддаг. Манайхан одоо хилээ сүрхий хамгаалаад буй боловч хил хавиараа суурьшиж, нутагладаггүй хэвээрээ. Хойд, урд хөрш бол хүн нутагладаггүй байсан ч банзан саравч, хашаа бариад орхидог. Тэр нь тухайн газрыг эзэмшиж байсан баримт болдог. Ийм явдал нэлээд гарсан. Үүнийг л бодож явах ёстой шүү гэж залуустаа зориуд захиж хэлмээр санагдаад явсан юм, хэлж санаа амарлаа.
Газраа алдсан гэж байгаа асуудлуудын цаана үнэн хэрэгтээ түүхээ мэддэггүй, гэрээ байгуулахдаа хайш яйш хандсан, газрын зургаа өөрсдөө хийдэггүй, оросуудын гарыг хардаг зэрэг шалтгаан байдаг. Гэхдээ Оросыг муу хэлэлтгүй дээ хөөрхий, манай батлан хамгаалахад их юм хийж өгсөн. 1932 оноос эхлээд 600-гаар цэрэгтэй отряд бууж, 1:200 000, 1:1 000 000-ны машстабтай зургаар хангаж, улсын сэт хийж өгсөн. 1956 он хүртэл манайд байр зүйн зураг хэрэг болоход оросууд л хийж өгдөг байлаа. Тэгээд 1958 онд ХААЯ-ны усны аж ахуйн ортяд байгуулснаар манайхан бие дааж ажиллаж эхэлсэн шүү дээ.
-1982-1984 онд Монгол, Хятадын хилийг газар дээр нь анх удаа хамтран шалгах нөр их ажил болсон гэдэг?
-Монгол, Хятадын харилцаа маш муудсан үе шүү дээ. НАХЯ-наас биднийг Хятадын талаас бэлэг сэлт авахыг, тэр ч бүү хэл ганц, хоёроороо явж байгаад хятад хүнтэй ярилцахыг хориглосон байлаа. Хилийн хамтарсан шалгалт хийж байгаа юм чинь хятад хүнтэй уулзах, харилцах хэрэг гарна шүү дээ. Тийм үед заавал гурваас дээш хүн хамт байна. Уулзаад хэрхэн харилцах нь хүртэл дүрэм, журамтай. Манай талаас Цэрэнбат гэдэг залуу юм тэмдэглэх гээд хятад хүнээс 24 төгрөгний үзэг аваад, бэлэг авсан хэргээр арга хэмжээ авхуулж, ажлаасаа халагдсан явдал ч гарсан.
Хятадтай харилцаа хүйтэрснээс болоод манайд Зөвлөлтийн 12 мянган цэрэг ороод ирсэн. Хаа сайгүй орос цэргийн анги байсныг залуу үеийнхэн мэдэхгүй л байх даа. Тийм хүнд үед бид өмнөд хилийн хянан баталгаа хийж, 1:100 000-ны зургаа 1:50 000-ны нарийвчлалтай болгосон. Нэг см-т 500 метр багтдаг болгож нарийсгасан гэсэн үг. Өмнөх геодезийн цэг арван хэдэн метрийн зөрүүтэй гардаг байсан бол түүнийг 1-2 метр болгосон. Хятадууд бол аль хэдийн нарийвчилсан сэт хийчихсэн, түүнийгээ өтгөрүүлж, шинэчлээд, баганаа тодорхойлоод байж байв. Гэтэл манайхан арай хийж л тэр ажлыг хийсэн. Тэгэхэд манай Геодези, зураг зүйн газар байгуулагдаад, хөл дээрээ босчихсон байлаа. Энэ ажилд манай 400-гаад хүн гурван отряд болж оролцсон. Хилийн шугамны дагуу геодезийнхон нижигнэж байв шүү дээ.
-Энэ том ажлыг хийхэд таныг их зориг гаргаж, зүтгэсэн гэдэг юм билээ?
-Харилцаа муудсан үед хоёр улсын хилийг шалгах Монгол, Хятадын төлөөлөгчид Улаанбаатарт уулзсан. Хятадын талынхан манайхыг хилийн дагуух байр зүйн газрын зургаа 1:50 000-ны масштабтай болгох, хоёр улсын хилийн дагуу тус бүр геодезийн өндөр нарийвчлалтай сүлжээ байгуулж, түүгээр хилийн бүх баганыг нэгдсэн солбицлын системтэй болгох санал дэвшүүлсэн. Үүнийг сонсоод Монголын талын хилийн комиссынхон үнэндээ цочирдсон. Энэ ажлыг хийх нь Монголын талд хэрэгтэй боловч ийм нүсэр ажлын ард гарч чадна гэдэгтээ манайхны олонх нь эргэлзсэн.
Би Геодези, зураг зүйн газрын даргаар ажиллаж байлаа. Энэ газрыг байгуулж, өдий зэрэгт хүргэсний хувьд дээрх ажлыг хийж чадна гэдгээ би мэдэж байсан. Тэгээд энэ ажлыг хийнэ, чадна гэж зоригтой хэлсэн юм. Манай Хилийн комиссынхноос Б.Цэдэн-Иш гуай л намайг дэмжсэн. Харин хэсэг нөхөд чадахгүй гэж, тухайн үед Хилийн комиссын даргаар ажиллаж байсан Г.Нямдоо нарын хүн аль ч талд нь орж чадахгүй, дуугүй байсан.
Ингээд шийдэлд хүрэхгүй байсан тул ЗХУ-ын БХЯ-наас зөвлөгөө авъя гэтэл Төв хороо ч зөвшөөрлөө. Хилийн комиссын дарга Г.Нямдоо, БХЯ-ны хэлтсийн дарга Л.Лувсан, бид гурвыг оросууд хэчнээн сайхан хангамжинд байлгав даа. Тав хоног тааваар минь тарвалзуулчихаад “Албан ёсны хариуг Гадаад явдлын яамаар дамжуулж өгнө” гээд буцаасан. Гэтэл биднийг ирээд ганц хонож байхад ЗХУ-ын БХЯ-наас “Та нар энэ нүсэр ажлыг хийж чадахгүй, хүчрэхгүй. Хойшлуулах нь зүйтэй” гэсэн зөвлөгөөг нууц бичгээр Гадаад явдлын яаманд ирүүлсэн байв. Гэсэн ч би “Чадна” гээд л зүтгээд байсан.
Тэгэхэд дээрээс, дэргэдээс, доороос намайг зэмлэсэн хүн олон. Хилийн комиссын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Цэдэн-Иш гуай л “Энэ бол заавал хийх шаардлагатай ажил. Нэгэнт хийж гэмээн нарийвчлалыг ёсоор нь сайжруулаад авсан нь дээр. Одоо харилцаа ийм муу байгаа юм чинь цаашид юу ч болж мэднэ” гэж байлаа.
Дээрээс Лувсангомбо, Дүгэрсүрэн, Моломжамц гуай нар байсхийгээд л биднийг дуудна. Нэлээд юм болсны эцэст Майдар, Лувсан, Цэдэнбал дарга нар хоорондоо ярьсан юм уу даа, Сайд нарын Зөвлөлд “Бүх хангамжийг өг, тэгээд ажлыг нь хийлгэ” гэсэн бололтой юм билээ. Сайд нарын Зөвлөл шийдвэр гаргаж, ЗХУ миний хийсэн ажлыг хянан баталгаажуулах зөвшөөрөл өгснөөр би энэ нөр их ажлыг хариуцаж хийх болсон. Улс ч бас том юм билээ. Манай Геодези, зураг зүйн газар Сайд нарын Зөвлөлийн харьяанд байсан.
Би “Энэ ажлыг хийхийн тулд надад Хятадтай тэнцэх багаж, газрын зураг хэвлэх материалууд хэрэгтэй” гэхэд Англи, Японоос техник хэрэгсэл, цахим тооцоолуур гээд хэрэгтэй бүхнийг авч өгсөн. Одоогийнхоор бол компьютер шүү дээ. Түүнийхээ программыг нь мэдэхгүй, тоо, физикийн бодлого боддог тусгай хүмүүсийг экспедицийн дарга нартай түр ажиллуулж, ажлынхаа тэгштгэн бодолтыг нууцаар хийлгэж байлаа. Хятадтай 1984 онд уулзаж, хийсэн ажлаа тулгасан.
Энэ ажлын төлөө төр намайг үнэлсэн байх гэж би бодож суугаа. Ерөнхийлөгч гар барихдаа “Монгол Улсын газар нутаг, тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг тань үнэлж энэ шагналыг олгож байгаа юм шүү” гэсэн (хоолой нь зангирав). Би “Баярлалаа” гэхээс өөр үг хэлж чадаагүй.
ГУРВАН УЛСЫН ХИЛИЙН ЗААГ ДАХЬ ОРГИЛД ОРОСУУД ТУСГАЙ ХУВЦАС, ХЭРЭГСЭЛТЭЙ, ХАРИН БИД ХӨВӨНТЭЙ ХҮРЭМТЭЙ Л ГАРЧИХСАН
-Хөдөлмөрөө үнэлүүлэн шагнуулсан хүн болгон ийм сайхан үг сонсохгүй. Тэгэхээр үнэхээр бахархмаар юм. Та яриандаа Б.Цэдэн-Иш гуайг олон дурдлаа. Алтан хамтрагч байжээ дээ?
-Бид олон жил хамт ажиллаад, сүүлдээ ах, дүү шиг болсон. Энэ улсын хилийг газар дээр нь тогтооход яг гардаж, удирдаж ажилласан хүн бол яах аргагүй Б.Цэдэн-Иш гуай. Харин Хөдөлмөрийн баатар цолоо над шиг эрт авч чадаагүй дээ, хөөрхий минь, 98 бил үү, 99 настайдаа авсан санагдана. Оройтсон ч гэсэн төр, засаг нүдээ олдог юм байна.
-Та 1989-1990 онд хийсэн БНМАУ, ЗСБНХУ-ын хилийг анх удаа хамтран шалгах Монгол талын комиссын техникийн асуудал хариуцсан орлогч даргаар ажилласан гэсэн. Энэ ажлын үг дүнгийн талаар ярьсангүй?
-Энэ ажлаа бүрэн дуусгаж амжаагүй. Хээрийн ажлаа хийж дөнгөж дуусаад байтал ардчилал гэж үймээд, биднийг халсан. Надаас ажил авч, Салданд өгсөн. Тэд тийм ч сайн ажиллаагүй. Бидний хийж байсан юмыг алдсан. Нарийны голд оросууд эргээ хааж, хамгаалах ажлаа хийгээгүйгээс голдирлоо өөрчилсөн байхад хилийн шугамаа хуучин ховилоор нь явуулаагүй. Увс нуурын цаад хэсэгт хилийн баганыг 100 шахам метр дотогшлуулж, усан дотор зоочихсон. Сэлэнгэд ч бас асуудал бий.
-Та нар тэдгээрийг цэгцлэх гэж байсан юм уу. Таны илрүүлсэн алдааг засаагүй гэсэн үг үү?
-Бид хээрийн ажлыг нь хийсэн ч үр дүнг нь үзэж чадаагүй. Ажил авсан хүмүүс эцсийн байдлаар протокол болгож тохиролцохдоо л тэгээд тогтоочихгүй юу. Бидний хийснээс газрын ч алдагдалтай, усны ч алдагдалтай.
-Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх өндөр оргилуудын өндрийг хэмжиж тодорхойлсон гэсэн. Үүнийг өөрөө санаачилж хийсэн юм уу, дээрээс үүрэг даалгавар өгсөн юм уу?
-Геодезийнхон газар нутаг хэмжээд л явдаг. Уулын спорт гээчийн талаар юу ч мэдэхгүй нөхөр Хилийн комисст ортол хилийн дагуух уулуудын өндрийг тодорхойлох шаардлага гарсан. Ингээд Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх 4000 метрээс дээш өндөртэй 18 уулын өндрийг тодорхойлсон. Улсын хилийн дотор байгаа Их Түргэн 4029, Хархираа 4037, Түргэн (Усан цайлуур) 4048, Цаст уул 4193, Цамбагарав 4165, Мөнххайрхан 4204, Сутай 4090, Отгонтэнгэр 4021, Гаран 4068 метр өндөр. Монгол, Хятадын хилийн шугаман дээр байгаа өндөр уулс гэвэл Тооног 4092, Хүйтэн уул 4374.3, 4073-4371.4 метр өндөртэй дөрвөн нэргүй оргил, Монгол, Оросын хилийн шугам дээрх 4118 мерт өндөртэй нэргүй оргил, Малчин уул 4027 метр өндөртэй, гурван улсын хилийн уулзвар цэг далайн түвшнээс 4104 метр өргөгдсөн гэдгийг би тогтоосон.
Эдгээрээс хилийн доторх Хүйтэн, Мөнххайрхан, Отгонтэнгэр, Түргэн, Сутай, Хархираа, Малчин, Цамбагарав, Цаст зэрэг есөн уулын оргилд хөл тавьсан тул 1984-1985 оны үед уулын спортын мастер цол хүртээд зогсохгүй Уулын спортын холбооны даргаар сонгогдож явлаа шүү дээ. Сая шагнал авсны дараа уулчдын төлөөлөл ирж, баяр хүргээд явсан. Хилийн ажлаар явж байгаад л гарсан болохоос ууланд авирах хоббитойдоо биш л дээ. Гурван улсын хилийн зааг дахь оргилд оросууд тусгай хувцас хэрэгсэлтэй, уулчидтай ирж байхад бид өдөр тутам өмсдөг нимгэн хөвөнтэй хүрэм, ажлын гуталтайгаа, ямар нэг тусгай хэрэгсэлгүй гарчихсан.
-Улсын нутаг дэвсгэрийн талбай, хилийн уртын хэмжээ, дөрвөн талын цэгийг таны тогтоосноор монгол хүн бүр мэддэг гэхээр бахархмаар юм. Монгол Улсын баруун захын цэг Мааньт уулын нэрийг та оноож өгсөн гэл үү?
-Монгол орны баруун цэг Мааньт уулын нэрийг би оноосон юм. Энэ уул нэргүй байсан. Хуучин орос газрын зургийн ноорог дээр уг уулыг Мануту гэсэн байсныг нь Мааньт байж магадгүй гээд өгчихсөн. Энд нэг хэлүүштэй зүйл санаанд орж байна. Манайхан хойд цэгээ Монгол шар даваа гэж ярьж, бичдэг. Тийм шүлэг ч бий. Гэтэл Монгол шар даваа маань одоо Монголын хилийн гадна байгаа. 1727 онд Орос, Манж хоёр хил тогтоохдоо гэрийн чинээ 58 том овоо босгосон.
“Б.Рагчаа л шийдвэл тэр Монголын талын эцсийн шийд болдог байсан”
Тэгэхэд Тува манай нутагт байлаа. Гэтэл хэзээний манай нутагт байсан Тува 1940-өөд онд туурга тусгаарлаж, манайхан ч хүлээн зөвшөөрч, Элчин сайдаа илгээсэн. Тэр үед долоон овоо нь Тувагийн нутагтай хамт тасарсан. Монгол шар даваа ч тэндхийнх болсон. Харин одоо манай хойд цэг бол Тэнгис даваа. Хойд захын цэг Тэнгис даваа, урд захынх Орвог гашууны Бор толгой, хоорондох зай нь 1259 км.
Баруун захын цэг Мааньт уул, зүүн захынх Модот хамар, хоорондох зай нь 2392 км. Энэ хэмжээг эрдэмтэн Галсан, бид хоёр тогтоосон. Мөн улсын хилийн шугамын урт ЗХУ-тай 3480 км, БНХАУ-тай 4673 км, гурван улсын хилийн баруун уулзварын цэг 4104 тоот өндөрлөг. Зүүн захын уулзварын цэг Тарваган дахын овооны 645 тоот өндөрлөг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хамгийн өндөрлөг цэг Таванбогд уулын Найрамдал оргил 4374 метр.
Хамгийн нам цэг Хөхнуурын хонхор 560 м, Монгол Улсын нутаг дэвсгэрийн талбайн хэмжээ 1566.5 ам.км гэх мэтчилэн Монгол орны нутаг дэвсгэрийн захын цэгүүдийн хоорондох зай, оноосон нэр, байршил, солбицол зэргийг тогтоох ажлыг санаачлан, хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ судалж, тодорхойлсон. Үүнийг маань Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149 дүгээр тогтоолоор баталгаажуулсан.
“ЭНЭ БАЙГУУЛЛАГАД ЧИ ӨРТЭЙ” ГЭХЧИЛЭН БААХАН ЗАГНАЖ, ӨРГӨДЛИЙГ МИНЬ УРААД НҮҮР ӨӨД ШИДЧИХСЭН
-Улсын геодези, зураг зүйн газрыг үүсгэн байгуулах ажлыг таныг гардсан гэдэг юм билээ?
-Яалт ч үгүй энэ ажлыг хөөцөлдсөн. ЗХУ-д сургууль төгсөж, 1959 онд ирээд Дорнод аймагт багшаар түр томилогдон, ажилласан юм. Тэгж явахдаа “Монгол Улсад геодези, зураг зүйн салбарын ажил нь тархай бутархай байна. Арван хэдэн газар дур дурандаа өөрийн хэрэгцээнд тааруулан зураг зүйн ажил хийж байна. Цаашид ингэж явж болохгүй. Геодези, зураг зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд эднийг нэгтгэсэн газар байгуулж, бүх нутаг дэвсгэрээ газрын зурагжуулах ажил хийх хэрэгтэй” гэсэн саналаа бичиж, 1961 онд Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалд танилцуулсан.
Тэгэхэд дарга “Зөв зүйтэй санал байна. 2-3 жил сайн судалж, боловсруулаад оруулж ир” гэсэн хариу өгсөн юм. 1964 онд урд хилийн ажлаа дуусгаад, геодези, зураг зүйн асуудал хариуцсан газар байгуулах саналаа дахин бичиж, гурав хувилан Майдар, Лувсан, Жагварал гуай нарт өгсөн. Нэг өдөр Майдар гуай дуудаж байна. Тийм том хүнтэй анх удаа уулзсан нь тэр. Өрөөнд нь ороод суутал өвдөг минь чичрээд байж билээ. Майдар гуай түүнийг анзаарчихаад “Тайвшир. Би чамайг яах ч үгүй” гэсэн. Ширээн дээр нь өөрөө иддэг бололтой ааруул, өрөм тавьчихсан, энгийн хүн байлаа.
Тэрбээр “Чи зөв санал тавьсан байна. Хоёулаа хамтраад нэг газар байгуулъя. Энэ улс ингэж задгай байж болохгүй” гэсэн. Би ч овоо тайвшраад, тавган дахь ааруулаас амсахтайгаа боллоо. Миний бичсэн юмыг надаас асуугаад, би хариулаад л байлаа. Тэгээд “Үүнийг сайн хийх хэрэгтэй. Барилга, эдийн засгийн улсын хорооны дарга нь би, орлогч нь Мотоо гэдэг хүн бий. Мотоотой уулзаад, эцсийн байдлаар боловсруулаад ир” гэж байна. Тэнд нь очоод яг хэдэн орон тоотой, ямар газар байгуулахаа тодруулах гэж бөөн юм болов. Бүх газрын зураг зүйн мэргэжилтнүүдийг цуглуулж, тооллоо. Ингэж боловсруулсан саналаа Мотоотой тохиролцоод Майдар гуайд өглөө. Сайд нарын Зөвлөлөөр оруултал яамдын сайд нар орлогчтойгоо нийлээд бидний саналыг бут ниргэдэг юм байна. Моломжамц, Рагчаа, Пэлжээ, Гунгаадорж, Жамц гуай нар бүгд л эсэргүүцлээ.
Үдээс өмнөжин хуралдаад олигтой шийд гарах янзгүй болов. Үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, дахиад баахан маргав. Тэгтэл Лувсан гуай “Энэ асуудлыг Сайд нарын Зөвлөлийн гишүүд шийднэ. Та нар гарч бай” гэлээ. Тэгтэл Улсын геодези, зураг зүйн орон тооны бус зөвлөл гээч юм байгуулаад, намайг нэг гишүүнээр нь оруулчихаж. Тэнд нь яам тус бүрээс нэг хүн оруулсан, орон тооны бус есөн гишүүнтэй. ХААЯ-наас Жамц, ШУА-иас Бадамжав гуай ч гэх шиг. Геодезиэс, зураг зүйгээс, агаараас зураг авдаг гээд нэг нэг хүнийг орон тооны мэргэжилтнээр авсан байгаа юм.
Улсын геодези, зураг зүйн орон тооны бус зөвлөлийн даргаар М.Пэлжээ сайд ажиллах боллоо. Гэтэл М.Пэлжээ гуай намайг зөвлөлдөө авна гээд болдоггүй. Би тэгэхэд УААЯ-ны Усны хайгуул судалгаа, зураг төсөл, эрдэм шинжилгээний институтийн ерөнхий инженерээр ажиллаж байв. Жил хагасын хугацаанд хэд хэдэн удаа дуудахаар нь мэргэжилд ойр газар ажиллавал зүгээр ч юм уу гэж бодоод өргөдлөө бариад УААЯ-ны Дэмбэрэл сайдтай уулзлаа. Өргөдлөө өгтөл намайг зодчих шахсан. “Чи хэний хөрөнгөөр сурсан гэж бодож байна. Энэ байгууллагад чи эцсээ хүртэл ажиллах өртэй” гэхчилэн баахан загнаад, өргөдлийг минь ураад нүүр өөд шидчихдэг юм байна.
Орлогч сайд Чогдон, институтийн дарга Барс гуай нарт өмнө нь хэлээд, сайд зөвшөөрвөл бид татгалзах зүйлгүй гэдэг үгийг нь сонсчихсон байсан юм. Ингээд сайдын өрөөнөөс гарсны дараа учир байдлаа Чогдон багшид хэлэхэд “Энэ асуудлыг ТЭЗ-өөр хэлэлцүүлье. Дахиад өргөдөл бичээд ир. Мэргэжлийнхээ дагуу ажиллая гэж байгаа чиний зөв. Тэнд очоод чи их ажилтай, ядрах л байх. Цалин энд 850 төгрөг бол тэнд ихээр бодоход л 750 шүү дээ. Үүнийгээ бодсон уу” гэв. “Би усны чиглэлийн хүн биш, мэргэжлийнхээ газарт л ажиллая гэж бодож байна” гэлээ. Ингээд дахин өргөдлөө өгч, арай гэж чөлөөлөгдсөн.
Улсын геодези, зураг зүйн зөвлөлдөө 1968 онд очсон. Гэтэл надад 700 төгрөгийн цалин өгдөг байна шүү. Би цалин мөнгөний тухай огт яриагүй, “Үүсгэж хөөцөлдсөн ажлынхаа эцсийг үз. Геодези, зураг зүйн алба байгуул” гэхээр нь л яваад очсон юм. Уг нь ч цалин нэг их чухал санагдахгүй байсан л даа. Гэвч олон нялх нойтон хүүхэдтэй болохоор амьдралын эрхээр нэг өдөр сайдад “Би 700 төгрөгийн цалин авч байгаа шүү дээ” гэтэл М.Пэлжээ гуай инээгээд “Би чиний цалинг ойрын хэдэн сардаа багтаагаад 750 болгоно. Үүнээс цааш чадахгүй. Чи энд ирснийх, Геодези, зураг зүйн газраа л байгуул, би дэмжинэ” гэсэн.
Ингээд хоёр жил зүтгэж байж, 10 гаруй яам, тусгай газрын харьяанд, хоорондоо уялдаагүй, нэгдсэн системгүй, зөвхөн өөрсдийн хэрэгцээг хангадаг геодези, газрын зургийн байгууллагаас ТЭХҮГЯ-ны улсын геодези, картографийн зөвлөл, мөн яамны топо зургийн анги, ХААЯ-ны агаарын зургийн экспедиц, ББМҮЯ-ны газрын зургийн товчоог нэгтгэн, Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 232 дугаар тогтоолоор ББМҮЯ-ны сайд О.Телеханы шууд удирдлагад Улсын геодези, зураг зүйн газрыг 105 хүн, 16 автомашин, хоёр сая төгрөгийн үйлдвэрлэлийн ажилтайгаар байгуулсан.
-Бүтэн арван жил хөөцөлдөж байж байгуулжээ?
-Тэгсэн шүү. Арван жил хөөцөлдөж байгуулсан газрынхаа даргаар 20 жил ажиллаж, хөл дээр нь бат зогсоосон. Улсын геодези, зураг зүйн газрыг байгуулаад О.Телехан сайд “Майдар чамайг даргаар тавь гэсэн” гээд намайг дарга болгосон. 1970-1990 онд Улсын геодези зураг зүйн даргаар ажиллахдаа тус байгууллагыг 28 сая төгрөгийн геодези, газрын зургийн бүх төрлийн үйлдвэрлэлийн ажлыг аж ахуйн тооцоон дээр хийдэг, 26 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, хоёр хэлтэс, дөрвөн товчоотой, агаар мандал сансраас авсан газрын гадаргуун зураглалаар бүх масштабын байр зүйн зураг зохиох, нийтийн болон сургалтын хэрэгцээний байр зүйн газрын зураг, сэдэвчилсэн газрын зураг, атлас зохиож хэвлэх хоёр үйлдвэр, улсын геокартын фонд, АН-30 онгоц, 132 автомашин бүхий авто баазтай болсон.
Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод аймагт, аймаг дундын Геодези, зураг зүйн байнгын экспедиц, орон тооны 765 инженер, техникийн ажилтан, албан хаагчтай болтол бэхжүүлж, улсынхаа бүх нутаг дэвсгэрийг газрын зургаар зурагжуулан, геологи, ус, газар, ой, зам, барилга, шинжлэх ухаан, батлан хамгаалах салбаруудын эрэл хайгуул судалгаа, шинжилгээний зураг төслийн хэрэгцээг бүрэн хангадаг байгууллага хүлээлгэж өгсөн дөө.
-Ардчиллын дүйвээнээр ажлаа өгсөн тухай дээр дурдсан. Ид хийж бүтээх насандаа явсан хүн ажлаа өгөх тийм ч сайхан биш байсан болов уу?
-Улс ажлаа авъя гэж байхад өгөлгүй яах вэ. Дандаа ажил гэж явсан хүн гэнэт ажилгүй болох яаж сайхан байх вэ. 1990-1991 онд НАХЯ-ны Хил хамгаалах газрын Хилийн түүхийн секторт мэргэжилтнээр ажилласан. Энэ үедээ улсын хилийн газрын зургуудыг цэгцлэх, Цэдэн-Иш гуайн номын ажилд туслах, улсын хил, аймаг, хязгаар, харуулын нутгийн хилийн түүхэн газрын зургийн альбомыг Цэдэн-Иш, Ламзав гуай нартай хамтран зохиох гээд хэрэндээ их ажил амжуулсан.
Тэндээсээ гараад малчин болох гэж үзсэн. Хоёр үнээ, цөөхөн богтой хотын захад гарсан. Чингэлтэйн ууланд хонь хариулж явтал ХААИС-иас “Багшилж өгөөч” гэсэн урилга ирдэг юм байна. Тэнд 12 жил ажиллахдаа Газар зохион байгуулалт, Газрын кадастрын тэнхмийг байгуулж, сургалтын материаллаг баазаар бэхжүүлэн, бие даалгаж өгсөн. Өөрөө ч доктор, профессор цол хүртлээ. Үгүй нээрэн, амьдрал баян гэж үнэхээр үнэн үг шүү.
-Малчин болох гэж байснаа одоо мод үржүүлэгч, ногоочны ажилд урваад байгаа юм аа даа?
-Малаа хүргэнийндээ өгчихсөн. Тэгэхдээ “Жилд идэшний шүдлэн юм уу, хязаалан үхэр, нэг ууцны хонь, нэг идэшний хонь авна” гэсэн болзолтой. Угаасаа зүгээр сууж сураагүй хүн өтөлсөн ч хөдлөхгүй байна гэж үгүй юм. Хүүхдүүдээ өөрсдийн тарьсан жимс, ногоогоор хооллодог болгочих юм сан гээд л энд (СХД-ийн 335 дугаар гарам буюу Ногоонтолгой) үзэж тараад байна. Арваад төрлийн мод сөөг, жимсний бут, хүнсний ногоо тарьсан. Газраа хүүхдүүддээ хэсэг, хэсгээр нь хувааж өгөөд, өөрсдөө тарих юмаа тарь гэсэн. Зарим нь ажил төрөлтэй гээд ирэхгүй юм. Зарим нь ганц нэг мөчир авчирч суулгасан нь ургасангүй. Харин би бүх модоо үрээр тарьсан. Маш сайн ургаж байгаа шүү. Би нүүрс түлэх дургүй учраас зундаа аргал түүж, өвлийнхөө түлшийг базаадаг.
Тэднийх элсэн чихэр, жимсний чанамал, молоко, гурил, будаа зэрэг цөөхөн төрлийн хүнсний бүтээгдэхүүн л дэлгүүрээс худалдаж авдаг бөгөөд бусад бүх хүнсээ өөрөө бэлтгэдэг гэнэ. Хүүхдүүдээ ч амьдралын ийм хэвшилд сургахыг хүсэж, газрыг нь бэлдэж өгөөд буй аж.
-Таны энгэрт Төрийн дээд одон, медаль бараг бүгд байна. Энгэртээ зүүгээгүй шагналууд бас бий юү?
-Хөдөлмөрийн хүндэт медалийг 1968 онд, Алтангадас одонг 1976 онд, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг 1981 онд хүртсэн. 2008 онд Гавьяат барилгачин болсон. Гадаад, дотоодын найман салбарын тэргүүний ажилтан гэсэн цол бий. Удахгүй ес дэх нь ирэх бололтой. Хөдөлмөрийн баатар болсны дараа уулсын спортынхон ирж баяр хүргээд, салбарын тэргүүний ажилтан болгоно гээд анкет аваад явсан (инээв). Шагналд дуртай өвгөн байна уу. Би шагнал авъя гэж хөөцөлдөж явсан удаагүй. Харин хүн таныг шагная гэвэл авчихаад л сууж байна даа.
Монгол, Хятадын дипломат арга хэмжээнд 40 гаруй жил орчуулга хийсэн, алдарт дуун хөрвүүлэгч Д.Алмаас номондоо “Б.Рагчаа л шийдвэл тэр Монголын талын эцсийн шийд болдог байсан” хэмээн дурдсан, Монгол Улсын дархан хилийг тогтооход ухамсарт амьдралаа зориулсан Хөдөлмөрийн баатар Б.Цэдэн-Иш агсан дуртгалдаа аавынх нь талаар “Хойд хил тогтооход ЗХУ-ын талаас газар авсан гэж буруудаж, арга хэмжээ авхуулсан удаатай” хэмээн дурссан талаар Б.Рагчаа гуайн хүү хуучилсан. Харин шинэхэн Хөдөлмөрийн баатар өөрийнхөө талаарх иймэрхүү зүйлсийг ярих дургүй даруухан нэгэн аж.