Өдгөөгөөс 85 жилийн тэртээ Завхан аймгийн Жавхлан сумын Хонхор сайр хэмээх газарт мэндэлсэн жаал охин элгэнд нь наалдах ээж, хүзүүнд нь зүүгдэх аав, өмөөрөх ах, өрөвдөх эгч, хань болох дүүгийн аль алингүйгээр өсөж, хүний дайнд хүрчээ. Энэ орчлонд өөрийг нь гэх, тэр дундаа хошуу дэвсэж эрхлүүлэх хүн нэгээхэн ч үгүйг хар нялхаасаа мэдэрч, тэсэж, тэмцэж, хатуужиж амьдарсан түүнийг Г.Даариймаа гэдэг.
1976 онд Хилийн ба дотоодын цэргийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн албан ёсны орон тоо батлагдахад анхны даргаар нь томилогдсоноос хойш өнөөг хүртэл хил, хилийн цэрэг, хилчин бүсгүйчүүдтэйгээ сэтгэл зүрхээрээ холбоотой яваа бэлтгэл хошуучийг “Хүмүүс” буландаа урилаа.
-Орчлонд орь ганцаар мэт өснө гэдэг өр өвдөм хувь тавилан. Ээжээсээ хоёрхон настай өнчирч үлдсэн охин яаж хүн болсон бол?
-Намайг хоёр ойтой байхад ээж минь төрөхийн хүндрэлээр нас барсан юм гэнэ билээ. Хар нялхаараа өнчирч үлдсэн гэхэд бага нас минь тэгтлээ их зовлон дунд өнгөрөөгүй. Өвөө минь намайг долоон нас хүртэл өсгөсөн. Галын зээ, өнчин өрөөсөн гэж өрөвддөг байсан биз, айлын хүүхдүүдээс өмөөрч, өвөр дээрээ суулгаад духыг минь үнэрлэдэг байсан нь миний бага насны хамгийн сайхан дурсамж.
Өндөр настай, суунги хүний намайг хамгаалах эцсийн арга нь өвөр дээрээ суулгах байсан биз. Өвөө минь бурхан болохынхоо өмнө “Би одоо удахгүй байх. Надаас хойш охин минь харж хандах хүнгүй хэцүүднэ. Охиноо эцэг, эхтэй болгоё” гээд холын хамаатан Цэнд-Аюуш гэдэг авгайд өргүүлсэн. Ингээд хөдөөнөөс аймгийн төвийн хүүхэд болж, Улиастайн дунд сургуулийн урд хашаанд, танихгүй шахам айлд очлоо.
Намайг очих үед өргөж авсан ээж маань хятад нөхөртэй байснаа удалгүй салсан. Юунаас болсныг нь долоон настай хүүхэд яаж мэдэх билээ. Тэгээд аймгийн холбооны монтёр Гэндэнсүрэн гэдэг хүнтэй суусан. Ээж их сайхан дуулна. Сайхан дуулдаг болохоор нь ч тэгдэг юм уу, залуучууд ирж дуулж, хуурдаж, наргина. Өргөж авсан ээж минь надад нэг их анхаарал тавихгүй ч бас юу юугүй загнаж зодоод байхгүй. Өнчин өрөөсөн болохоор ч юм уу, би өөртөө их шаардлага тавьдаг хүүхэд байлаа. Манай хажуугийн айл надаас арай эгчмэд охинтой.
Тэр их ажилсаг, байнга гэр орноо цэвэрлэж суух. Би хийх ажилгүй болохоор тэднийд байсхийгээд л орно. Тэгээд охиныг нь дуурайж гэрээ цэвэрлэнэ. Тэгсээр байгаад би жаахнаасаа муугүй ажилсаг болсон. Тэнд наймдугаар анги төгсөөд, Улаанбаатар гэдэг их хотод очиж амьдрахаар шийдэн, нутгаасаа гарсан даа. Багшийн сургуульд 1951 онд элсэж, 1954 онд төгссөн.
-Багш мэргэжилтэй хүн яаж яваад хилийн цэрэгтэй холбогдчихов?
-Багшийн сургууль төгсөөд нийслэлийн IV бага сургуульд бага ангийн багшаар дөрвөн жил ажилласан. Тэгээд хотын Эвлэлийн хороонд зааварлагчаар очсон нь амьхандаа дэвшиж буй хэрэг. Эвлэлийн ажил нэлээд олон жил хийсэн. Дээд боловсрол эзэмшихээр УБДС-д сурч, тэндээ Эвлэлийн хорооны даргаар хэсэг ажилласан. Эргээд хотын Эвлэлийн хороондоо очсон. Тэгж байгаад ЗХУ-ын Комсомолын дээд сургуульд сурч, ирээд Ажилчны районы Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хэдэн жил хашсан.
Ингэж байтал нас ч 40 дөхөж, “Эвлэлийн ажил хийхэд хөгшдөхөөр боллоо. Өөр ажилд шилжье” гэж бодох болов. Тэр үед НАХЯ-ны сайд Б.Дэжид гуай миний хариуцдаг Насанд хүрээгүй хүүхдийн комиссын ажлыг шалгаад, явахдаа “Сайн ажиллаж байна. Улам сайн ажиллаарай. Хэрэг гарвал генералтайгаа уулзаарай” гэсэн юм. Түүнийг нь бодож явсаар жил орчмын дараа генералтай уулзаж “Эвлэлийн ажилд миний нас тэнцэхгүй боллоо. Надад өөр ажил өг” гэлээ. Би угаасаа ингэж шулуухан ярьдаг хүн л дээ. Б.Дэжид гуай “Хэд хоног хүлээж бай. Би дуудъя” гэв. Дээр үеийн хүмүүс хүнд худлаа хэлдэггүй нь сайхан. Удалгүй нарийн бичгийн даргаараа дуудуулахаар нь очтол “Хилийн ба дотоодын цэргийн газрын Цэрэндорж хурандаатай уулз. Тэнд Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын орон тоо шинээр бий болсон” гэв.
Цэрэндорж хурандаа надаар юм хуулуулж бичүүлэх, цагдаагийн тодорхойлолт авхуулах зэргээр 2-3 хоног нааш цааш явуулснаа “100 шахам хүнээс чамайг сонгож Хилийн болон дотоодын цэргийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болголоо шүү. Сайн ажиллаарай” гэснээр хилийн цэрэгтэй эргэлт буцалтгүй холбогдсон доо. НАХЯ-ны сайд хилийн цэргийн офицеруудад цол олгодог байсан юм. Надад шууд ахлах дэслэгч цол олгож байв.
-Хилийн цэргийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга гэдэг нь ямар үүрэгтэй, юу хийдэг албан тушаал байсан талаар уншигчид төдийлөн сайн мэдэхгүй байж магадгүй?
-Хилийн цэргийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга гэдэг хилээр явж, отрядуудын ажил, амьдрал бүхнийг шалгах эрхтэй, сүрхий том албан тушаал байлаа. Командлалын шалгалтын бүрэлдэхүүд заавал орно. Хилийн цэргийн даргын улирлын шалгалтын багт багтана. Өөрөө тусдаа ч хилийн отряд, заставуудаар явна. Ажиллаж байхдаа Монгол Улсын хилийг нэлээд хэдэн удаа бүтэн тойрсон. Даариймаа хошууч ирэх сургаар хилийн цэргийн хүүхнүүд нь цэвэрлэгээгээ хийж, эрчүүд нь ч ажил төрлөө цэгцлэн, цэргүүдээ засаж, бэлддэг байсан гэдэг юм. Би чинь тушаана, загнана. Их ширүүн дориун, сүрхий ааштай, чухал хүн, том дарга явлаа даа, эмээ нь.
Хилийн цэргийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн орон тооны даргаар ажилласан ганц хүн нь би. Надаас хойш орон тооны бус зөвлөл алданги ононги ажилласан. Одоо ч бараг байхгүй болсон юм даг уу. Уг нь эмэгтэйчүүдийн байгууллага байвал тэнд алба хааж байгаа офицерууддаа ч, улсын хилийг хамгаалахад ч хэрэгтэй юм сан. Энэ бол зүгээр нэг эмэгтэйчүүдийн ажил биш. Эмэгтэйчүүдийн хүчийг хил хамгаалах үйлсэд ашиглах, тэнд байгаа эмэгтэйчүүдээ боловсруулж, хөгжүүлэх гээд олон зүйл бий.
Хилийн манаанд гарч байгаа цэргүүдийн хувцас хунар нь бүрэн, бүтэн, эсэхийг шалгаж, урагдаж цоорсон юм байвал оёод, бээлийгүй байвал бээлийтэй болгоод, хоол ундыг нь бэлдэж өгөх гэхчлэнгээр манай эмэгтэйчүүд тусгайлан санаа тавьж, эмэгтэйчүүдийн нэрэмжит манаа гаргаж байсныг одоогийн хүүхдүүд мэдэхгүй л дээ. Гар нь бээрсэн, хөл нь хөлдөх гэсэн цэрэг хилийн манаанд зогсоосон нь дээр үү, гар, хөл нь дулаахан, гэдэс цатгалан цэргээр хилээ мануулсан нь дээр үү, бод.
Би ажлаа аваад ангиудаар хэсэж, орон тооны бус салбар зөвлөлийн дарга, гишүүдийг шинээр сонгон, ажлыг нь идэвхжүүлсэн. Хоёр жилийн дараа гэхэд хилийн отрядуудад орон тооны бус 15 зөвлөлтэй болсон. Эмэгтэйчүүд маань үндсэн ажлаа хийхийн хажуугаар зөвлөлийн ажлаа хийдэг байлаа.
Хил гэдэг чинь хамгийн алслагдсан, хязгаар газар. Тэр үед хот, хөдөөгүй соёлын хувьд тааруухан байлаа шүү дээ. Эмэгтэйчүүдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлнэ, соёл хүмүүжлийн ажилд оролцуулна гээд отрядын төвд курс хичээллүүлж, хүүхнүүдээ суулгана. Гэр ахуйн дугуйлангаар оёдол, эсгүүр, хоол унд, салад, зууш хийхээс эхлээд олон зүйл зааж сургасан. “Эмэгтэйчүүд бүх зүйлээ хүний гар харахгүй хийдэг байх ёстой. Тэгж байж улсын хилийг амгалан тайван байлгах, хамгаалахад бат ар тал нь болно” гэж лоозондоно шүү дээ. Бас хүүхнүүдээ өмөөрнө. Отрядын дарга нартай “Муусайн хүүхнүүдийг минь зарах болохоороо загнаж хамаг юмаа хийлгэчихээд харж үзэж, тусалж дэмжихгүй байна” гээд л үзэлцэнэ.
Тэгсээр тэд Эмэгтэйчүүдийн зөвлөлд эвтэйхэн ханддаг, ажил төрөлд нь тусалдаг болсон. Хүүхнүүдээрээ буудлага хүртэл хийлгэдэг байлаа. “Та нар улсын хил дээр байна. Дайсан гэнэт дайрвал “Би буудаж чадахгүй” гээд гараа хумхиад сууж байх уу. Өөдөөс нь буудаж, ганц дайсан ч болов хороох ёстой биз дээ. Тийм болохоор эмэгтэйчүүдээр жилд 2-3 удаа буудлагын сургууль хийлгэ” гэж отрядын дарга нарт тушаана. Тэр үед хилийн отряд, заставуудад буудаж чаддаггүй хүүхэн нэг ч байгаагүй. Хөдөлмөр, соёлын чуулган гэж том арга хэмжээ зохион байгуулдаг байлаа. Яах вэ, хөөрхий, эргээд бодоход овоо л юм хийж.
-Таныг их ширүүн дориун, шаардлага өндөртэй хүн байсан гэж сонссон. Өөрөө ч дээр хэллээ. Их ч хатуу дарга байсан бололтой.
-Ажил хийж чадахгүй хүнтэй нэг их найзархаад байхгүй. “Ажлаа хийж чадахгүй бол түүнийгээ хэл. Өөр хүн тавина. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажил зохион байгуулж, гэр орноо өөд татаж, үр хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй бол бүтэхгүй гэж мэдээрэй” гээд л тачигнадаг байлаа. Тэгэхээр л ширүүн гэж байхгүй юу. Түүнээс биш ажилсаг хүнд юу боллоо гэж тэгж ширүүн дориун хандах билээ. Харин ч хайрлана шүү дээ.
-Гэр орноо цэвэрлэх тухай хүртэл ярьдаг байсан гэж үү?
-Тэгэлгүй яах вэ. Хилийн отрядуудаар явахдаа өдөр нь албаны ажлаа хийчихээд орой нь бүх айлаар орно. Би тэгж явахдаа “Өөрсдийнхөө ажлыг үз” гээд зөвлөлийн дарга, тэргүүлэгч 2-3 хүн дагуулчихна, их сүрхий хүн байгаа биз. Олон айлд янз янзын л амьдрал байна шүү дээ. Зарим нь ч угаасаа ажилсаг арчаатай улс биз, зарим нь намайг ирнэ гээд гэр орноо цэвэрлэж янзалдаг биз. Ер нь гайгүй л байдаг байлаа. Нэг айлд ортол гэрээс нь хүүхдийн шээс үнэртээд хэрэг алга. Эхнэрийг нь “Бос” гэж командалж, зогсоож байгаад “Чи шээсийг нь цэвэрлэж чадахгүй юм бол яах гэж хүүхэд төрүүлсэн юм бэ. Хүн амьтнаас ичдэггүй юм уу. Хар хүнээсээ санаа чинь зовдоггүй юм уу. Нөхөр чинь улсын хилийг хамгаалахын тулд өглөө гараад, шөнийн бор хоногт ирж байна. Чи хүүхдээ хүмүүжүүлж, гэр орноо аятай тухтай, цэвэр цэмцгэр байлгах үүрэгтэй. Маргааш гэр орноо цэвэрлэж янзлаагүй бол хатуу арга хэмжээ авна” гээд гарлаа.
Маргааш нь очиход нөгөө айл гэр орноо сайхан цэвэрлээд, ямар нэг юмаар утсан юм уу, яасан юм, хүүхдийн шээсний үнэр нь ч арилчихсан байж билээ. Надтай нэг үед хил дээр ажиллаж, амьдарч байсан бүсгүйчүүд намайг уйгагүй ажилладаг, ямар нэг үүрэг, даалгавар өгвөл заавал эргэж шалгадаг, хатуу ширүүн зантай гэдэг байсан. Тэд маань одоо бас надтайгаа адилхан хөгширч явна. Хааяа уулзахаар “Таны буянаар хүүхдээ тэгж хүмүүжүүлсэн, их, дээд сургуульд оруулсан. Ийм, тийм юм сурсан” гэж ярьдаг болсон байна билээ.
-Нээрэн, хилийн цэргийн хүүхнүүдийг гэдэс арилгуулж сургасан тухай домог шиг яриа сонссон. Тэр талаараа хуучлаач?
-Нэг отрядын бүх анги, салбараар явж, цэргийн байр, гал тогоо гээд шалгаж болох бүхнийг шалгаад “Муу усны нүх чинь хаана байна” гэтэл нэлээд хол газар заалаа. “Уртхан модны үзүүрт дэгээ төмөр тогтоогоод бариад яв” гэлээ. Хамт явсан хүмүүс “Яах гэж байгаа юм бол” гэж гайхаж байгаа бололтой. Мод бэлдээд ирэхээр нь муу усны нүхний дэргэд очоод “Наад модныхоо дэгээтэй талаар нь ухаад, энэ дотор юу байгааг харуулаадах” гэв. Тэгээд ухтал дэгээ төмөрт малын гэдэс гүзээ хөврөлдөөд гараад ирдэг байгаа.
Тэндхийн бүх хүүхнийг муу усны нүхний дэргэд цуглуулж байгаад “Энэ юу болж байгаа юм. Тарган малын гэдэс цувдай яахаараа муу усны нүхэнд орчихдог билээ. Хилийн цэргийн буяныг ингэж эдлэхгүй шүү хүүхнүүд минь. Та нар хагас сард 15 кг мах, 5-10 кг гурил, мөн хэмжээний будаа авдаг. Та нарыг улсын хилийг хамгаалахад бат ар тал нь байгаарай, үр хүүхдээ халамжилж, нөхрөө ажлыг нь сайн хийлгээрэй гэж үүнийг чинь өгч байгаа юм. Илүүдээ гарсандаа өгдөг гэж ойлгоогүй биз. Малынхаа гэдсийг идэхгүй монгол хүн хаана ч байхгүй. Та нар яасан баян, цатгалан улс вэ. Хаанаас ийм зан сурсан юм бэ. Тэгж илүүдээд байгаа бол махны чинь нормыг хасаад өгье” гээд бууж өгсөн.
-Гэдэс цувдайгаа тийш нь хийснийг нь та мэдэж байсан юм уу?
-Дээхнэ үед хангамж ч сайн байж, манай хилийн цэргийн хүүхнүүд гэдэс иддэггүй байв шүү дээ. Би түүнийг нь ерөнхийд нь мэдээд байсан юм. Тэгээд энэ цамаархлыг нь болиулах санаатай яваа минь тэр. Тэрнээс хойш отрядууд идшээ хийхдээ гэдсээ арилгаж, зарж борлуулдаг болсон.
-Бас нэг бор дээлний тухай яриа байдаг юм билээ?
-Дээр үед зам харилцаа, дэд бүтэц ч муу, хил рүү шинэ бараа, материал огт очдоггүй байлаа. Хил дээр амьдардаг хэдэн хүүхэн минь дээлээ сольж чадахгүй хэдэн жил болж байгаа даа гэж бодсоор Гадаад худалдааны яамны сайдтай уулзаж “Та нар ядаж хилийн тавдугаар отряд (Ховдын Булган буюу хамгийн алслагдсан отряд)-д бараа, материал хүргээд өгөөч. Хилийн цэргийн хүүхнүүд маань солих олигтой хувцасгүй байна” гэтэл хүсэлтийг минь хүлээж авсан.
Тэгээд булган захтай пальто хэдийг, дээлийн даавуу гэх мэтийн бараа хуваарилж, явууллаа гэхээр нь би бас дуугүй байхгүй “Нөхөд минь, Улаанбаатар хотын ганган хүүхнүүд булган захтай пальто олж өмсөж чадахгүй байхад та нарт явууллаа шүү. Хэрүүл шуугиангүй эвтэйхэн хуваарилж аваарай” гэсэн захиа дайчихаж байгаа юм. Жилийн дараа командлалын шалгалтаар хилийн тавдугаар отрядад очлоо. Шалгалт дууссан орой “Үдэшлэг болно, ороорой” гээд байхаар очтол хүүхнүүд нь бүгдээрээ бор хүрэн дээл өмсчихсөн сууцгаах юм.
Зөвлөлийн даргыг нь дуудаж “Танайхан яагаад бүгдээрээ чавганц хүрэн дээл өмсчихдөг байна аа. Залуу хүмүүс байж арай өөр өнгөтэй хувцас өмсмөөр юм” гэтэл “Таны явуулсан материал шүү дээ” гэдэг байгаа. Нөгөө Гадаад худалдааны яамныхан нэг өнгийн баахан даавуу өгч л дээ. Яаж дуугүй байх вэ дээ, “Худалдаа бэлтгэлийн ангийн агуулахад ороод, энийг авна, тэрийг авахгүй гэх эрх надад байхгүй шүү дээ. Материал явуулсан нь миний буруу болж, намайг шүүмжилж бүгдээрээ бор дээл өмсөж байгаа хэрэг үү” гэж загнаж, хувцсыг нь солиулж байсан удаатай. Мөн ч бүдүүлэг хүн байгаа биз. Гэрт суухаар өнгөрсөн амьдралаа л дурсах юм. Муусайн хүүхнүүдээ яасан их загнадаг байгаа вэ дээ гэж заримдаа боддог юм.
-Хайр нь дотроо, хал нь гаднаа дарга байжээ.
-Өнчин хүн өөнтөгч гэдэг дээ. “Би өнчин хүн шүү. Надад хэн ч туслахгүй, би л өөрийгөө авч явна. Хүнд дээрэлхүүлэхгүй юм шүү” гэсэн сэтгэхүй хар нялхаас минь суусан. Тийм учраас би шулуун шударга, хэлье гэснээ хэнээс ч эмээлгүй хэлдэг болсон байх. Дээрээс нь хийж байсан ажлууд маань намайг их хариуцлагатай, зарчимч, хатуу чанга болгож төлөвшүүлсэн болов уу гэж боддог.
-Эвлэлийн ажил хийж байхдаа ч ийм тас няс гэсэн дарга байв уу?
-Эвлэлийн ажил хийж байхдаа энгийн хүмүүстэй харилцаж байсан болохоор нэг их хатуурхаж байгаагүй. Цэргийн алба энгийн ажлаас өөр шүү дээ. Цэргийн цолны рам гэж байна. Дээгүүр цолтой хүн дүрмээрээ доогуур цолтнуудаа захирах, тушаах эрхтэй. Орчин нь тиймэрхүү байсан болохоор л тэгж аашилж байхгүй юу.
-Хилийн цэргийнхэн танд зуслангийн байшин барьж өгсөн гэл үү?
-Би хилийн цэргийн зусланд 1960-аад оны үеийн жижигхэн модон байшинтай байсан юм. Тэр маань нэлээд муудсан тул жил бүр жаахан жаахнаар янзлаад, зуны гурван сар агаарт гарчихдаг байлаа. Энэ хавар телевизийн хүн манайд ирээд “Танай зусланд очъё” гэхээр нь “Манай байшин хүн үзээд байх юмгүй дээ. Гэхдээ надад болоод л байдаг юм” гэсээр дагуулаад очтол хуучин байшингийн минь оронд шинэ байшин барьчихсан, цэргийн хөгжим үлээж, хүмүүс цуглаад, бөөн хөл болчихсон байв. Надад байшин барьж өгснийг нь мэдэхгүй “Миний байшин алга болчихож, хаачив” гэж сандран, нөгөө хэдийгээ инээлгээд авсан, эмээ нь. Хилийн цэргийнхэндээ баярласаар л суугааг минь дамжуулж өгөөрэй.