Б.Дөлгөөн
Олон улсын валютын сан (ОУВС)- гийн суурин төлөөлөгч Нэйл Сакерын Монголд ажиллах хугацаа нь энэ долоо хоногт дуусаж буй юм. Дараагийн улс буюу Мьянмарыг зорихынхоо өмнөхөн тэрбээр Монголд өнгөрүүлсэн хугацаа, хийж бүтээсэн ажил, эдийн засаг дахь өөрчлөлтүүдийг үнэлэн дүгнэж, эдийн засгийн чухал асуудлуудаар “Өнөөдөр”, “UB Post” сонинд ярилцлага өгч, санал бодлоо хуваалцлаа. Түүний ажлыг шинээр томилогдсон суурин төлөөлөгч Сок Хён Юүн үргэлжлүүлэх юм байна.
-Манай улсад томилогдсон таны хугацаа дуусаж байна. Энд ажиллаж, амьдрах нь Танд ямар санагдсан бэ?
-Монголд ажиллаж, амьдарсан үе минь үнэхээр сайхан, сэтгэл хөдөлгөм, гайхалтай байлаа. Олон сорилттой тулгарсан ч би эерэг сэтгэгдэлтэй, эрч хүчээр дүүрэн буцаж байна. Анх 2014 оны сүүлчээр би Монголд ирж байлаа. Тэр үед нөхцөл байдал их дүнсгэр, эдийн засаг зогсонги байсан учраас амаргүй цаг үе таарсан. Харин одоо эдийн засгийн нөхцөл үлэмж сайжирсан гэж бодож байгаа.
Хүмүүсийн аж амьдрал бага багаар дээшилж, барилгын салбар эргээд эрчимжиж байна. Ер нь эдийн засгийн уур амьсгал эрс өөрчлөгдөж, макро түвшиндээ нэлээд дээрдлээ. Монголын Засгийн газар нөхцөл байдлыг амжилттай өөрчилж чадсан гэж бодож байна. Энэ үйл хэрэгт ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг хөгжлийн түншүүд болон монголчууд сайн хамтран ажиллаж чадлаа.
Өнгөрсөн хугацаанд хоёр Сангийн сайдтай ажиллалаа. Тэд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай байж чадсан. Монгол Улсыг зарим талаараа азтай гэж хэлж болно. Ялангуяа Хятадын талаас эрэлт маш өндөр байж нүүрсний борлуулалтаа эрс өсгөсөн. Экспорт нэмэгдсэнээр төсвийн орлого давж биелсэн бөгөөд ӨСХ-ийг хэрэгжүүлсэн Сангийн сайд нар үүнийг зарцуулалгүйгээр хуримтлал үүсгэсэн. Ингэснээр Засгийн газрын өрийн хэмжээ нэлээд багассан.
Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө Засгийн газрын өр ДНБ-ий 100 хувь руу дөхөж байсан бол одоо эрчимтэй буурч буй нь их эерэг өөрчлөлт бөгөөд энэ нь цаашид ч үргэлжилнэ гэж найдаж байна. Сангийн сайд Засгийн газрын өрийг бууруулах чиглэлд их сайн ажилласныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Үүнтэй зэрэгцээд Монголбанк гадаад валютын нөөцөө сайн арвижуулж чадлаа. Гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар хүрэхтэй үгүйтэй үе саяхан байлаа шүү дээ. Одоо бол гурван тэрбум ам.долларыг давж, цаашид өсөх хандлагатай байна.
Эргээд харвал нөхцөл байдал үлэмж сайжирсан хэдий ч Монгол Улсын эдийн засаг олон улсын зах зээлээс ихээхэн хамааралтай тул хэд хэдэн эрсдэл дагуулсаар байна. Жишээлбэл, АНУ, Хятадын худалдааны дайн. Дүгнэж хэлбэл, Монгол Улс эдийн засгийн нөөц хамгаалалтаа үргэлжлүүлэн нэмэх хэрэгтэй байна. Тухайлбал, төсөв талдаа Засгийн газрын өрийг багасгах, Төвбанкны хувьд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг дахин саарах үед ДНБ-ий өсөлтийг огцом буулгалгүй, хадгалж чадна. Энэ бол маш чухал.
Дараагийн гол чиглэл бол бүтцийн шинэчлэ лийн арга хэмжээг авч, хэрэгжүүлэх явдал. Үүний гол зорилго нь тэлэлт, агшилтын мөчлөгийг дахин давтуулахгүй байх юм. Бидний зориод буй зүйл бол дан ганц уул уурхайнханд зээл олгодог биш, эдийн засгийн бусад салбар, тухайлбал жижиг, дунд бизнес, хөдөө аж ахуй, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн эрэлтийг хангаж чаддаг, хүчирхэг банкны салбартай болох явдал юм. Ингэснээр эдийн засгийн суурийг тэлж, илүү бат бөх болгож чадна. Банкууд зээлээ аль болох хамгийн бага хүүтэй олгодог байх ёстой. ӨСХ-ийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө арилжааны банкууд Засгийн газрын үнэт цаас худалдаж авч, 18 хувийн ашиг олоод эдийн засгийг дэмжих зээл өгдөггүй байсан.
Бид бас “эрүүл чийрэг” банкны тогтолцоог хүсэж байна. Үүний тулд Монголбанк сайн боловсруулсан, орчин үеийн журам дүрэмтэй болох, тэдгээрийг банкуудаар дагаж мөрдүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө нь хүрэлцэж буй, эсэхийг нь шалгадаг байх ёстой. Банкны өөрийн хөрөнгө гэдэг бол тэдний хувьд нөөц хамгаалалт юм. Энэ бүх ажлыг одоо хийж байгаа бөгөөд Монголбанк шаардлагатай арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
Ирээдүй рүү харж хэлбэл, төсвийн зөв бодлогын зэрэгцээ хөрөнгө оруулалт, бизнесийн орчин таатай байх нь чухал. Ингэснээр гадаадын компаниуд орж ирж, хөрөнгө оруулалт хийн, хүн бүхэнд ашигтай хувилбараар ажиллах боломж бүрдэнэ. Энэ нь зөвхөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, экспортыг нэмэгдүүлээд зогсохгүй дотоодын эдийн засгаа дэмжиж, до тоо доос ханган нийлүүлэлт авах юм.
-Эдийн засгийг солонгоруулж, шинэ салбаруудаа дэмжих талаар та сая дурдлаа. Монгол Улс энэ зорилтод яаж хүрвэл зохистой вэ?
-Эдийн засгийг төрөлжүүлэх нь ач холбогдолтой. Хөдөө аж ахуйн салбар хөгжсөнөөр орон нутагт шинэ ажлын байр бий болно. Цаашлаад Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж, агаарын бохирдлыг нэмж даамжруулахгүй. Орон нутагт орчин үеийн, экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн салбарыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх боломжтой. Дотоодын зоогийн газруудад хоол идэхдээ миний анзаарсан зүйл бол Францад үйлдвэрлэсэн цөцгийн тос хэрэглэж буй явдал.
Монголын малын гаралтай бүтээгдэхүүн цэвэр органик учраас дотоодын өндөр зэрэглэлийн үйлчилгээний газрууд болон гадаадад өндөр үнээр зарахын тулд чанарт нь анхаарах хэрэгтэй. Ийм бүтээгдэхүүний эрэлт бол бий, харин нийлүүлэлт нь байна уу? Үүний тулд малын өвчнийг бүрэн хяналтдаа авах хэрэгтэй болов уу. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас энэ чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг би мэднэ.
Мэдээжийн хэрэг нэг шөнийн дотор бүх зүйлийг өөрчилж, сайжруулж чадахгүй. Гэхдээ тодорхой ахиц дэвшил гарч байна. Махны экспорт чамгүй нэмэгдсэн, ялангуяа Хятад руу гаргах нь өссөн байгаа. Монгол Улсад мах, сүүн бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж асар их бий. Экспортыг тогтвортой нэмэгдүүлж чадвал урт хугацаандаа эдийн засагт их мөнгөний урсгалыг бий болгож чадна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц мөн их байна.
Эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй үед төрөлжүүлнэ гэдэг нь амаргүй даалгавар болох тул макро эдийн засгийн тогтвортой байдал маш чухал. Өөрөөр хэлбэл, нам доогуур түвшний инфляц, мөнгөний ухаалаг бодлого, төсвийн гүйцэтгэлийн сайн үр дүн, өрсөлдөх чадвартай валютын ханш хэрэгтэй. Монголынх нь шиг уул уурхай давамгайлсан эдийн засагт Голланд өвчин гэж нэг том аюул бий.
Энэ нь валютын ханш өрсөлдөх чадваргүй болох эрсдэл юм. Хэрвээ та хөдөө аж ахуйн, тэр дундаа ноолууран бүтээгдэхүүн экспортлохыг хүсэж байгаа бол валютын ханш нь өрсөлдөх чадвартай байж л та хөрш орнуудтайгаа өрсөлдөж чадна. Түүгээр ч үл барам тэд нэхмэлийн үйлдвэрлэлээрээ аль хэдийнэ дэлхийд толгой цохиж явааг мартаж болохгүй.
-2014 оноос хойш Монгол Улсын макро эдийн засгийн орчин эрс өөрчлөгдсөн, үүнд ОУВС маш их үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна. Гэхдээ Монгол Улс танайх шиг олон улсын түншүүдэд найдахаас илүүтэйгээр эдийн засгийн хүндрэл тулгарсан үед өөрсдөө даван туулах хамгаалалтын механизмтай болох хэрэгтэй байх. Та энэ талаар ямар зөвлөмж өгөх вэ?
-Үүнтэй санал нийлж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхийг хармааргүй байна. Энэ удаад сүүлчийнх байгаасай гэж найдаж байгаа. Монгол Улс 1991 оноос хойш нийт зургаан хөтөлбөр хэрэгжүүлсний олонх нь шилжилтийн эхний үед хамааралтай. Агшилт, тэлэлтийн мөчлөгийн улмаас эдийн засагт гэнэтийн хүндрэл учирсны үр дагаврыг залруулах зорилгоор хоёр хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт дахин хамрагдахаас сэргийлэхийн тулд юу хийх ёстой вэ гэвэл нөхцөл байдал таатай байх үед хуримтлал үүсгэдэг, муудах үед нь түүнийгээ зарцуулдаг, төсвийн сайн бодлого баримтлах хэрэгтэй.
Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж ажиллах ёстой. 2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь эрх зүйн маш сайн орчныг бүрдүүлсэн боловч олон жилийн турш үүнийг мөрдөөгүй. Тэгэхээр энэ хуулиа чанд дагаж мөрдөх нь зүйтэй.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа сайтар хэрэгжүүлбэл эдийн засгийн хүндрэл холуур байна гэж ойлгож болох нь ээ?
-Төсвийн сайн бодлогыг тодорхойлоход дэмжлэг болох тусгай шаардлагуудыг хуульд зааж өгсөн байгаа. Эдийн засаг өсөх үед төсвийг ашигтай гаргаж, хуримтлал үүсгэн, шаардлагатай үед зарцуулах нь зүйтэй гэсэн гол зарчим юм. Бидний зөвлөмжийн дагуу Төсвийн зөвлөлийг байгуулсан бөгөөд энэ нь Засгийн газраар төсвийн хууль тогтоомжийг мөрдүүлэх зорилготой. Гэхдээ Төсвийн зөвлөлийн чадавхыг бэхжүүлэх шаардлага бий.
Засгийн газрын өрийн хэмжээг сайн хянаж байхгүй бол “чөтгөрийн тойрог”-т оруулах аюултай. Өр бага, бодлого сайн байх тусам зах зээлийн тогтоож буй хүүгийн түвшнийг бууруулах боломж нэмэгдэнэ. Монгол Улс түүхий эд экспортлогч орны хувьд үнийн супер мөчлөгөөс хуримтлал үүсгэж чадаагүй, харин ч бүр өрөнд орсон нь хачирхал тай. Тэгэхээр Баялгийн сан байгуулах цаг хараахан болоогүй байна. Одоогоор Засгийн газрын өрийн хэмжээ асар их байгаа учраас богино хугацаанд өрөө төлж бараг дуулаад, дараа нь Баялгийн сангаа жинхэнэ утгаар нь байгуулж, ажиллуулах нь зүйтэй.
-Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб манай сонинд өгсөн ярилцлагадаа ӨСХ-ийн зургаа дахь шатны үнэлгээ хойшлогдож байгаагаас шалтгаалж хөтөлбөрийн хугацааг сунгах, эсвэл шинэ хөтөлбөр тохирч болох тухай дурдсан. Энэ талаар Та юу гэж бодож байна вэ?
-Энэ тухай бодоход эрт байна. ӨСХ-ийн хугацаа ирэх оны тавдугаар сард дуусна. Зургадугаар сард сонгууль болох учраас тэр үед ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх сонирхол улстөрчдөд байхгүй л болов уу. Гэхдээ тухайн цаг үеийн нөхцөл ямар байхаас бүх зүйл шалтгаална гэж бодож байна. Хэрвээ эрх баригчид одоогийн бодлогуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл ӨСХ-ийг сунгах, эсвэл шинэ хөтөлбөр тохирох шаардлага үүсэхгүй болов уу гэж найдаж байна.
-Таны хугацаа дуусаад дараагийн суурин төлөөлөгч томилогдоод ирсэн байна. Шинэ суурин төлөөлөгчид юу гэж зөвлөх вэ?
-Тэвчээртэй байж аль болох олон хүнтэй уулзаж ярилцах хэрэгтэй. Монголд тохирсон зөвлөгөө өгөх шаардлага тулгардаг. Өөр газрын загварыг шууд хуулбарлаад хэрэглэж болохгүй. Агуулга, нөхцөлийг нь сайн ойлгох хэрэгтэй. 70 орчим жил социалист дэглэмд байсан, зах зээлд шилжээд 30 орчим жил болж байгаа улс. Энэ бүх нөхцөл нь асуудлыг төвөгтэй болгодог.
Хүнд хэцүү шийдвэр гаргах шаардлага тулгарна. Агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт асуудал хурцадсан учраас автомашин унахыг хүсэж буй хүн нэмэлт төлбөр төлөх ёстой гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байдал энэ чигээрээ үргэлжилсээр 10 жилийн дараа Улаанбаатар хотод автомашинаар зорчих аргагүй болчих вий. Алсын хараа шаардсан энэ мэт асуудлууд бий.
Боломж олдвол Улаанбаатараас холдож, өргөн уудам нутаг орныг нь судлах хэрэгтэй. Ялангуяа өвөл, агаарын бохирдолтой үед хотоос гарч, хөдөө орон нутагт очиж, гэрт хонож үзвэл гоё байх болно. Монголын хүн амын тал хувь нь орон нутагт ажиллаж, амьдарч байгаа учраас хөдөөгийн амьдралтай танилцаж, тэдний дуу хоолойг сонсвол зүгээр. Гэхдээ хамгийн гол нь ажилдаа дур сонирхолтой байх ёстой болов уу.
Надад Монгол Улсын дөрвөн зүгт аялах боломж таарсан болохоор би их азтай хүн. Буйр нуур, Баян-Өлгий, говь, хойд хязгаарт очиж үзсэн. Нутаг бүр өөрийн гэсэн үзэсгэлэнт байгальтай. Ийм олон янзын, сонирхол татам байгальтай монголчууд их азтай хүмүүс.
-Монголд удсаны дараа анхны сэтгэгдэл тань өөрчлөгдсөн үү?
-Гурван сая хүн амтай гэхээр жижиг улс санагддаг. Гэхдээ амьдраад ирэхээр их олон хэсгээс бүрдсэн асуудал байгааг нь мэдэрдэг. Эд гээр нь үнэхээр нарийн төвөгтэй. Гурван сая хүний дотор олон янзын байр суурь бийг олж мэднэ. Зарим нь өв уламжлалаа хадгалж үлдэхээр ихэд анхаарч байгаа нь зөв санагддаг. Зарим нь дэвшилт технологийг илүүтэй сонгож байна. Тодруулбал, цаг үргэлж нийгмийн сүлжээг ашиглаж, үүнд донтож байна гэсэн үг.
Банкны үйлчилгээний хувьд Монгол Улс хөгжингүй орнуудыг ардаа орхисон гэж би боддог. Цахим банкны үйлчилгээ нь хол тасарсан, энд чек хэрэглэгдэггүй. Бараг бүх төлбөр тооцоог гар утсаараа хийж байгааг харахад үнэхээр биширмээр. Малчид хүртэл гар утаснаасаа мөнгөө шилжүүлж байна шүү дээ.
-Хамгийн их сэтгэл татам зүйл нь юу байсан бэ?
-Монголын хаанаас ч түүхийн дурсгалыг харах боломжтой. Тал дундуур автомашин жолоодож яваад л VIII зууны Түрэгийн үеийн хүн чулуутай тааралдаж болно. Цаашлаад социализмын үеийн байшин барилгыг харж явтал орчин үеийн технологи буюу утасгүй сүлжээ (Wi-Fi)-нд холбогдох жишээтэй. Энэ бүхнийг нэгэн зэрэг харах боломжтой учраас амьд түүх гэсэн үг.
-Та удахгүй Мьянмарыг зорих нь. Хэр төсөөлөлтэй очиж байна вэ?
-Монголоос нэгхэн улсын цаана орших Мьянмар луу удахгүй очно. Одоогийн Мьянмар 1990-ээд оны Монголтой адил учраас би их сайн бэлт гэлтэй очиж байгаа. Тус улс жараад жилийн турш хаалттай байгаад саяхнаас нээлттэй болсон орон. Монгол Ул саас сурах зүйл их байгаа гэж бодож байна.
-Монголд ажилласан дөрвөн жилээ нэгтгэн дүгнэвэл Та юу хэлэх бол?
-Монголд өнгөрүүлсэн үе надад их туршлага боллоо. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, тэдний хүрсэн үр дүнг ОУВС бүрэн дүүрэн сайшааж байна. ӨСХ бол Засгийн газрын хөтөлбөр бөгөөд ОУВС зөвхөн дэмжлэг үзүүлж байгаа. Бид хүнд хэцүү шийдвэр гаргаж, олон ч удаа шүүмжлэлд өртсөн. Ирэх онд сонгууль болох учир сонгуулийн мөчлөгөөс зайлсхийж чадах уу гэдэг том сорилт хүлээж байна. Бид ажлыг амжилттай эхлүүлж чадсан, цаашид үргэлжилнэ гэж найдаж байгаа.