“Саруул танхимдаа золоор золгож
Салах зайгүй ижилдсэн бидний
Охь эрдмийн шимийг хүртсэн
Оюутан нас минь насны баясгалан”
гэсэн мөрүүдийг амилуулсан дэврүүн вальсаар дууны урлагт хөл тавьж,
“Буцлаа ч, ирлээ ч надад хоргодсон хан шувуу
Буулаа ч, нислээ ч чамайг аргадсан хатан шувуу
Буурал хорвоогийн нэгээхэн зайнд
Буян тээж, хишиг түгээсэн хан шувуу”
хэмээн эд эс бүрэнд хүрч цуурайтах хүчирхэг аялгуугаар зулайд нь гишгэхэд бэрх оргил бүтээсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач М.Булганыг “Хүмүүс” буландаа урилаа.
Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрж, Улаанбаатарт өссөн ч ээжийнхээ нутаг Архангайн Цэнхэрээр овоглодог тэрбээр симфони найрал хөгжмийн удирдаач мэргэжилтэй, багшийн ажилд насаараа зүтгэж яваа нэгэн. Өөрийгөө хоббигоороо ая зохиодог хэмээн даруухнаар тодорхойлсон түүнийг “Насны баясгалан”, “Хан шувуу”, “Үнсье, чамайгаа үнсье”, “Хайрын тавилан” зэрэг ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлүүд нь авьяаслаг хөгжмийн зохиолч болохыг нь баталдаг. Тийм ч учраас М.Булганд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Хөгжмийн болон дуулаачийн урлаг, боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж” хэмээн тодотгосон байдаг билээ.
“Би дуулдаг, хөгжим тоглох дуртай охин байлаа. Намайг багад аав маань Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуульд мэргэжилтэн багшаар ажиллаж, Хөххотод гурван жил шахам болсон юм. Тэгэхэд зэргэлдээ хашааны хятад эмэгтэйгээр хөгжим заалгаж байв. Монголд буцаж ирээд зургадугаар ангиасаа Хүүхдийн ордны төгөлдөр хуурын дугуйланд орж, дөрвөн жил сурсан. Тэнд хөгжмийн боловсрол маань овоо дээшилсэн. Багадаа би хөгжмийн дугуйланд явдаг ч урлагийн хүн болно гэж боддоггүй, гадаад хэл, ургамал судлалын хичээлд дуртай охин байлаа. Хэрэв би урлагийн мэргэжил сонгоогүй бол хэлний мэргэжилтэн болох байсан. Тэгэхдээ зүгээр нэг ойр зуурын орчуулга хийх төдий биш, судлаач болох байв. Урлагийн мэргэжил эзэмшиж, энэ замаар явсан нь санамсаргүй шахам шийдэгдсэн” хэмээсээр тэр яриагаа эхэлсэн юм.
-Урлагийн замаар замнасан нь санамсаргүй шахам шийдэгдсэн гэлээ. Хөгжмийн мэргэжил эхнээсээ таны сонголт байгаагүй хэрэг үү?
-Тийм. 1969 онд 23 дугаар сургууль төгсөөд оноогоороо МУИС-ийн цахилгааны инженерийн ангид хуваарилагдсан. Тэгэхэд би “Цахилгааны инженер болохгүй. Энэ миний хүссэн мэргэжил биш. УБДС-ийн орос хэлний ангид ормоор байна” гээд хуваариасаа татгалзсан. МУИС, УБДС-ийн хэлний ангид онц сурвал Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд явах боломж олддог байсан нь надад нөлөөлсөн хэрэг. Тэгэхэд багш нар “МУИС-ийн цахилгааны инженерийн хуваарийг чи авахгүй гэж байгаа бол өөр хүүхдэд өглөө. УБДС-ийн орос хэлний ангид шалгалт өгөөд элсэж чадахгүй бол чи хуваарьгүй үлдэнэ шүү. Сайн бодоорой” гэхэд нь “Хамаагүй” гээд гарсан. Тэгээд УБДС-д шалгалт өгч, тэнцэж ороод сар гаруй болж байтал 23 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Цэрэндолгор тааралдаад “Энд хөгжмийн зохиолч, удирдаачийн анги шинээр нээгдсэн. Би тэр ангид сурч байгаа. Чи багаасаа хөгжим тоглосон, сайхан дуулдаг, урлагт дуртай юм чинь энэ ангид орвол ирээдүйтэй.
Багшийнх нь нас явчихсан, дээд сургуулийн диплом л авах гэж элссэн. Хоёулаа ангиа сольё” гэдэг юм байна. Багш ятгаад байсан болохоор аавд хэлтэл “Өөрөө л мэд. Аль илүү сонирхолтой байгаагаа сонго” гэв. Маргааш нь хөгжмийн зохиолч, удирдаачийн ангид шалгалт өглөө. “Арав дахь хавраа үдье” дууг зохиосон хөгжмийн зохиолч, цэргийн үлээвэр хөгжмийн удирдаач Ш.Эрдэнэбат, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, төгөлдөр хуурын багш Д.Долгорсүрэн гурав намайг шалгаад “Боломжийн охин байна” гэснээр Цэрэндолгор багштайгаа ангиа сольж, хөгжмийн мэргэжлийн хүн болох замдаа гарсан даа.
Ганцхан удаа элсэлт авсан энэ ангид тухайн үед их өндөр өртөг зардал гаргаж хөгжмийн мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Элсэн суралцсан хүмүүс нь УБДС-ийн дуу хөгжмийн ангийг дүүргэсэн, эсвэл ЗХУ-д хөгжмийн дунд сургууль төгссөн, хөгжмийн дээд сургуульд сурч байгаад ямар нэг шалтгаанаар төгсөж чадалгүй орхисон, энд ирээд орон нутгийн театр, чуулгад ажиллаж, хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд зүтгэж явсан, соёл урлагт орон зайгаа эзэлчихсэн улс байв. “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” дуугаар нь Монголын ард түмэн андахгүй Ж.Шараа багш, “Хамгийн дундаас онцгой”-гийн аяыг зохиосон Гавьяат жүжигчин Б.Доржсүрэн гуай нар манай ангид байсан гээд л бодчих. Амьдралын их сургууль төгсчихсөн, хөгжмийн зохиолч, удирдаачийн диплом л авах гэж орж ирсэн хүмүүс байхгүй юу.
-Тэр туршлагатай хүмүүсийн дунд бол та юугаа ч мэдэхгүй охин байжээ?
-Би ангийнхныхаа хамгийн бага нь. Тэнэгийн дотор саруулхан гэж, юмны наадах цаадхыг мэдэхгүй, юу руу орж байгаагаа ч ойлгоогүй, дурандаа хөтлөгдөөд тууж явсан хэрэг. Тодорхой хэмжээний хөгжмийн боловсрол эзэмшээд, ажиллаж байгаад орж ирсэн хүмүүсийн дунд ноот мэдэхээс хэтрэхгүй, төгөлдөр хуур муухан тоглож сурснаас цаашгүй би чирэгдэлгүй яах вэ. Хичээлээ дийлэхгүй, ойлгох ч үгүй хэсэг явсан. Онолын хичээлээ хийж чадахгүй уйлж суусан удаа ч бий.
Манай ангид Монголын хамаг сорууд хичээл заадаг байлаа. Агуу Л.Мөрдорж, С.Гончигсумлаа нар хөгжмийн зохиолчийн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжав, Ж.Чулуун, УАДБЧ-ын уран сайхны удирдаач, Төрийн шагналт Г.Цэрэндорж багш удирдаачийн хичээл заана. Дээрээс нь ЗХУ-аас багш нарыг урьж авчирсан. Манай ангид хоёрхон эмэгтэй оюутан байсны нэгийг хөгжмийн зохиолчоор, намайг өндөр нуруутай, тайзан дээр дохиж зогсоход өгөгдөл сайтай гээд удирдаачаар сургахаар Нежинский багш сонгож авсан.
Багш маань их сэтгэл гаргаж, хичээлийн дараа суулгаж, нухаж байж ямар ч байсан энэ мэргэжлийг эзэмшүүлсэн. Гурван жил болж хугацаа нь дуусаад нутаг буцахад Нежинский багшийн багш Борис Иванович гэдэг хүн ирж, надад нэг жил багшлаад, симфони найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсгөсөн. Би өөрөө нэг их яриад байдаггүй ч Монголын анхны мэргэшсэн эмэгтэй удирдаач бол М.Булган гэж салбарынхан маань хүлээн зөвшөөрдөг.
-Та Хөгжим бүжгийн сургуульд насаараа ажиллав уу?
-УБДС-ийг төгсөхөд УАДБЧ-ын бүжгийн ангийн концестмейстр буюу туслах удирдаачаар хуваарилсан. Тэнд Ц.Сэвжид багшийн удирдлага дор гурван жил ажиллахдаа монгол бүжгийн шилээвэр болсон олон бүжгийг дэглэхэд дэргэд нь байж, төгөлдөр хуурыг нь тоглосон доо.
Тэгж байтал найрал хөгжмийн ангид удирдах ур зүйн хичээл заах багшгүй болсон гээд 1976 оны аравдугаар сарын 6-нд Соёлын яамны сайдын тушаалаар Хөгжим бүжгийн дунд сургуулийн багшаар шилжүүлсэн. Түүнээс хойш өнөөг хүртэл энэ сургуульдаа ажиллаж байна. Хөгжим бүжгийн дунд сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Монгол Улсын хөгжмийн их сургууль гэсэн нэрний өөрчлөлтөөс гадна сургалтын асар том эргэлт хийсэн жилүүдийг энд үзэж, тууллаа. Улсад 46 жил ажилласны 43 жилийг нь сургуульдаа зүтгэжээ.
-Удирдаач гэхээр найрал хөгжмийн өмнө зогсож дохидог хүн гэж ойлгодог. Таныг удирдаач мэргэжлээрээ ажиллаагүй хэрэг үү гэж асуух хүн гарч магадгүй?
-Удирдаач мэргэжлээрээ л ажиллаж байгаа минь энэ. Манай сургуулийн найрал хөгжим оролцож буй хөгжимчдийн тоо, цар хүрээгээрээ Монголын хамгийн том оркестр. Хөг нь бүтэн, 70-80, заримдаа 100 шахам хөгжимчин суудаг. Сургуулийнхаа найрал хөгжмийг хамгийн олон жил дохисон хүн нь би. Хөгжмийн мэргэжил эзэмшиж буй хүүхдүүд удирдаачийн схемийг ойлгох чадвар эзэмших ёстой шүү дээ. Урд нь удирдаач зогсоод дохиход ойлгодог байх хэрэгтэй. Удирдаачийн нүүр, гар, биеийн илэрхийллийг хараад ойлгож, мэдрэхэд хүүхдүүдийг сургахын тулд удирдаачийн ажлаа хийж байна. Р.Ганбат маань Шанхайн Хөгжмийн дээд сургуулийг төгсөөд сургуульдаа ажиллахаар ирэхэд нь шавьдаа оркестроо хүлээлгэж өгсөн.
Би одоохондоо оркестроо аваад явж чадахуйц байгаа ч миний шавь, залуу хүн төгсөөд ирж байхад, өөрөө байгаа дээрээ туршлагажуулж, залгамж халаагаа бэлдэх ёстой гэж бодоод шавьдаа найрал хөгжмөө шилжүүлсэн юм. Шавь маань надаар заалгаж зөвлүүлэхээргүй мундаг удирдаач болсон. Тэр одоо Монгол Улсын хөгжмийн их сургуулийн үндэсний их найрал хөгжмийн удирдаачийн ажлыг нэр төртэй хийхийн зэрэгцээ сургуулийнхаа Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирлын албыг хашиж байгаа.
-Шавиараа бахархах нь багш хүний жаргал байх.
-Тэгэлгүй яах вэ. Багш хүний ганц бахархал шавь нар нь шүү дээ. Миний мэргэжил онцгой юм. Монгол Улс гарын арван хуруунд цөөдөхөөр мэргэжлийн удирдаачтай. Энэ цөөхний хоёр нь миний шавь. Үндэсний урлагийн их театрын үндэсний их найрал ямар гайхамшигтай оркестр билээ. Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар миний шавь. Их авьяастай, хөдөлмөрч, юмыг яаж хийвэл амжилттай болох вэ гэдгийг бодож боловсруулах чадвартай, потенциалтай хүүхэд байсан. Энэ ч амьдрал дээр харагдаж байна. Монголын үндэсний хөгжмийн урлагийг олон жил авч явж, өөрийн гэсэн орон зайг бий болголоо шүү дээ. Монголын үндэсний хөгжмийн урлагт том хувь нэмэр оруулж яваа гэж шавиараа бахархаж суудаг. Р.Ганбат маань Монгол Улсын хөгжмийн их сургуулийн оркестрыг удирдаж байна. Нас явах тусам эднээрээ бахархах нь нэмэгдэж, жаргал минь болж байна даа.
Өнгөрсөн 43 жилийн хугацаанд би Хөгжим бүжгийн сургууль төгссөн бүх хүүхдэд хичээл заасан. Найрал хөгжим, партитур унших, ансамбль, удирдах ур зүй, үндэсний хөгжмийн зэмсэг судлал, хөгжмийн найруулга, хөрвүүлэг хийх гэх мэтийн олон хичээл ордог байлаа. Цэцгэнд тоос хүртээнэ гэдэг шиг энэ сургуульд сурсан хүүхдүүдэд бүгдэд хичээл заасан, ямар нэг байдлаар хувь нэмрээ оруулсан. Гэхдээ яг мэргэжлээ өвлүүлсэн гэдэг утгаараа хоёр шавиараа бахархдаг. Энэ хоёроос гадна өөр газарт удирдаачаар ажиллаж байгаа хүн ч олон бий. Өвөр Монголоос ирж сурсан Наянтай маань одоо нутгийнхаа томоохон чуулгад удирдаачаар ажиллаж байгаа. Хоёр жилийн өмнө Ордост очиход намайг зорьж ирж уулзаад “Энэ том чуулгад ажиллаж байгаа минь таны ач. Таны буянаар хоолтой явна” гэсэн. Ийм үг сонсох сайхан л юм билээ.
-Олон нийт таныг удирдаач, багш гэдгээр тань бус хөгжмийн зохиолч гэдгээр тань илүү мэддэг. Монголд эмэгтэй хөгжмийн зохиолч цөөхөн шүү дээ.
-Намайг Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн болохоор тэгдэг юм уу, хүмүүс хөгжмийн зохиолч гэж тодорхойлоод байдаг. Эхэндээ санаа зовдог байснаа одоо дасаж эхэлж байна. Би мэргэжлийн хөгжмийн зохиолч биш. Хөгжим бичих, ая зохиох бол миний хобби.
-Сонсогчдын дуулах дуртай, хайртай ийм олон дууны аяыг зохиосон, олон түмэнд хөгжмийн зохиолч гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүн хоббигоороо ая хийдэг гэж хэлэх нь хэтэрхий даруу сонсогдож байна шүү.
-Үүнийг хобби гэвэл хэтэрхий жижигт тооцсон болчих болов уу гэж боддог байлаа. Хүмүүс хобби гэхээр гар хөлийн үзүүрээр хийдэг зүйл гэж ойлгож, хямдханаар үнэлдэг. Гэтэл хоббигоороо мэргэжлийн хүнээс ч том зүйл бүтээчихсэн хүмүүс байна шүү дээ. Тэднийг хараад сүүлийн үед би хобби гэдэг үгийг зоригтой хэлдэг болоод байгаа.
Би 300 гаруй дууны ая зохиосон. Дуулагдаж, нийтэд түгсэн нь ч бий. Дуулагдахгүй орхигдсон нь ч бий. Би ер нь дуугаа цааш нь түгээх, олон нийтэд хүргэх менежмент муутай хүн. Бичээд л орхичихдог. Дуучид л дууг маань олонд хүргэдэг. Ер нь дуу, дуучин хоёр бие биенээ олбол олон түмэнд түгээд, тэгж чадахгүй бол тэгсгээд орхигддог. “Үнсье чамайгаа үнсье”, “Хайрын тавилан”-г Д.Энхзул л ард түмний дуу болгосон. “Насны баясгасан”-г Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад ах, “Хан шувуу”-г Ардын жүжигчин Б.Жавзандулам, Гавьяат жүжигчин А.Бүтэд, М.Найдалмаа гэсэн гурван сайхан дуучин амьдруулсан. Энд миний гавьяа байхгүй.
-“Насны баясгалан” таны анхны дуу бил үү. Оюутан байхдаа аяыг нь бичсэн үү?
-1973 онд УБДС-ийг төгсөхөд манай ангийнхан “Юуны төлөө Монголдоо бэлтгэгдсэн хөгжмийн зохиолч, удирдаачийн анги билээ. Сургуульдаа сайхан дуу үлдээе” гэцгээсэн. Тэгээд эрдэмтэн, зохиолч Дожоогийн Цэдэв багшийн шүлэгт бүгдээрээ ая хийгээд, тэндээсээ шалгаруулж сонгохоор болов. Би хоёр өдөр бодож явлаа. Нэг өглөө бостол вальсын хэмнэл орж ирээд, түүнийгээ ноотоллоо. Залуу байхад дэрвэсэн, хөөрсөн, баяссан нь улс явдаг шүү дээ. Манай ангийн 14-15 хүн дууны ая зохиосноос минийх сонгогдсон. Мундаг хөгжмийн зохиолчдын бүтээлийн өмнүүр орчихсондоо итгэж чадахгүй шахам байлаа шүү дээ. Тэд маань намайг дэмжээд миний аяыг сонгосон байж ч мэднэ.
Дуугаа радиод бичүүлэх гэж нэлээд хөглөсөн. “Үүрийн туяа” хамтлаг хөгжмийг нь биччихээд байдаг, би дуучнаа олдоггүй. Ардын жүжигчин Д.Самбуугаар, “Арав дахь хавраа үдье”-ийг дуулдаг Дариймаагаар дуулууллаа. Монголын радиогийн найруулагч С.Бүргэд ах “Энэ биш ээ, чи дуучнаа олохгүй байна” гээд байдаг. “Одоо яана аа” гэтэл “Хэрэв чи зөвшөөрвөл би дуучин олъё” гэв. Учраа олохгүй яваа хүн чинь уухайн тас зөвшөөрөхгүй яах вэ. Хэд хоногийн дараа утасдтал “Б.Зангадад өгчихсөн. Чи нэг заваараа Улсын филармони руу яваад очоорой” гэнэ. Дөнгөж сургуулиа төгсөх гэж яваа намайг Б.Зангад ах яаж таних билээ. “Би Булган байна” гэсээр өрөөнд нь очлоо. Б.Зангад ах хөгжмөө тоглоод дууг маань дуулав. Цээжиндаа гараа аваад, нүдээ аниад, жигтэйхэн сайхан дуулсан. Дуусаад “Болж байна уу” гэж байна. “Бололгүй яах вэ” л гэлээ. “Би радиод өөрөө бичүүлчихнэ. Чи заавал очих гээд яах вэ” гэсэн ч дуугаа сонсох сон гэхээс тогтож сууж чаддаггүй. Хэд хоногийн дараа С.Бүргэд найруулагч руу утасдтал “Б.Зангад дуугаа бичүүлчихсэн” гэж байна. Удалгүй радиогоор дуу маань явж, Б.Зангад ах ч энд тэнд дуулаад, одоогийнхоор бол хит болсон. Түүнээс хойш Б.Зангад ах 50 шахам жил энэ дууг дуулж, ард түмний хүртээл болгож явна. Үе үеийн оюутан залуус ч дуулж байгаа сонсогддог.
-“Хан шувуу” мэргэжлийн дуулаачдын чансааг шалгадаг сайхан бүтээл. Энэ дууг “Морин хуур” наадмын тэргүүн байрт орж чадаагүй талаар мэдэх хүмүүс нь ярьдаг юм билээ?
-1996 онд “Хан шувуу” дуугаа бичиж, “Алтан намар”-т дуулуулсан. 1990-ээд оны шилжилтийн үед монголчууд үзээгүй юмаа үзсэн шүү дээ. Тэнд эрчүүд их өртсөн. Сайхан залуус сургуулиа хаяад наймаанд явсан. Мөнгөтэй л бол бүх зүйл болно гэж бодсон хүмүүс хөл толгойгүй бужигнасан. Наймаа арилжаа нь бүтэлгүйтэж, олсон хэдэн төгрөгөө алдаж асгаж, үрэн таран хийгээд, түүндээ сэтгэл санаагаар унаж, архи уусан хүн олон. Тэднийг харж өрөвдөөд, ингэж ч явах гэж дээ гэсэн бодол төрдөг байлаа. Эрчүүддээ урам хайрласан сайхан дуу бүтээх юм сан гэж бодож явтал сэтгүүлч, яруу найрагч С.Оюунчимэг “Булган багш мөн үү. Энэ шүлгэнд ая хийлгэх гэсэн юм” гэсээр ээжийн тухай дууны шүлэг бариад ороод ирэв. Тэгээд танилцаж, ярилцаж байгаад би “Эрчүүдэд урам хайрласан дуу хиймээр байна. Тийм шүлэг бий юү” гэтэл “Яг тийм шүлэг бичих гээд эхлүүлчихсэн байгаа” гээд ганц бадаг шүлэг өгөв. Шүлгийг сонсоод ёстой нөгөө хамаг биений шар үс босно гэгч болж, хоолой зангирч билээ. Яах аргагүй миний хайж байсан шүлэг мөн байна гэж бодсон. С.Оюунчимэг маань ч дараагийн бадгуудыг нь удахгүй бичиж өгнө гэснээрээ маргааш нь бил үү, нөгөөдөр нь шүлэг авчирч өгсөн. Шүлэг нь өөрөө их сайхан аялгуутай, шүлгээ дагаад миний аялгуу гайгүй болсон шиг байгаа юм. Аливаа зүйлд тохироо бүрдэх гэж байдаг. Найдалмаа, Бүтэд, Жавзандулам гэсэн гурван сайхан дуучнаар дуулуулсан маань ч азтай хэрэг байлаа. Эхлээд би Бүтэд багшаар дуулуулъя гэтэл “Мэргэжлийн том дуу байна. Жавзандуламд өг. Ид дуулж байгаа залуу хүн дуулсан нь дээр” гэсэн. Тэгэхээр нь “Тэгвэл та хоёр хамт дуулчихаач” гэж байтал Найдалмаа багш “Ерөөсөө гурвуулаа дуулчихъя” гэсэн. Тэр үед Жавзандулам Гавьяат жүжигчин болоод, Найдалмаа, Бүтэд, Жавзандулам нар сургууль дээр гурван сопрано тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байсан юм. Ингэж “Хан шувуу” Жавзандуламыг гавьяат авахад анх сургуулийн тайзнаа, дараа нь “Алтан намар”-т дуулагдсан. Тэр жилдээ оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадамд оролцож, хоёрдугаар байрт орсон. Надад нэгдүгээр байр өгөхгүй шалтгаан байсан байх, хоёрдугаар байрт оруулсан нь яамай даа гэж боддог.
-Ямар шалтгаан байсан гэж?
-Намайг нэгдүгээр байрт оруулбал эрэгтэй хөгжмийн зохиолч хасагдах гээд байхгүй юу. Манай эрчүүдийн хамгийн хэрэггүй зан энэ шүү дээ. Миний дууг “Морин хуур”-т филармонийн симфони оркестр тоглосон. Хөгжимчин бүрт ноотоо тарааж өгөөд, тоглосных нь дараа хурааж авдаг юм. Тэгэхэд хэд хэдэн хөгжимчин ноотон дээр “Энэ дуу түрүүлнэ”, “Нэгдүгээр байрт энэ дуу” гээд тэмдэглэчихсэн байж билээ. Хөгжимчид ямархуу ая тоглож байгаагаа мэдэрнэ шүү дээ. Өөр бусад хүмүүс ч “Чиний дуу сайн. Нэгдүгээр байрт орох ёстой байсан” гэцгээсэн. Тухайн үед тэргүүн байрыг аваагүйдээ нэг их юм бодоогүй. Хамгийн гол шүүгч нь сонсогчид, цаг хугацаа. Сонсогчид нэгдүгээр байрт оруулчихсан байхад би олон юм яриад яах вэ гээд л өнгөрсөн.
-Тэр жил ямар дуу түрүүлсэн юм бэ?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын дуу байсан санагдана. Түүнээс хойш “Хан шувуу” 20 гаруй жил “амьдарч” байна. Төрийн хүндэтгэлийн тоглолтод дуулагдаж, сопрано хоолойтнуудын хүч чадлыг сорьдог. “Хан шувуу”-г яаж дуулах нь тухайн дуучны үнэлэмж, чансааны илэрхийлэл болдог учраас үе үеийн сопранууд миний дуугаар чадлаа сорьдог гэхэд худлаа онгирсон болохгүй болов уу. Харин тэр жил нэгдүгээр байрт орсон дуу одоо дуулагддаггүй. Олон ч жил өнгөрч, үүнийг сонсоод Б.Бямбабаяр гомдохгүй байлгүй.
-Та өөрийгөө хоббигоороо хөгжим бичдэг гэсэн. Дээрх явдал таныг мэргэжлийн хөгжмийн зохиолч гэж хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой юм болов уу. Сонсогчид таныг хөгжмийн зохиолч гэдэг, харин хөгжмийн зохиолчид ингэж хүлээн зөвшөөрдөг үү?
-Мэдэхгүй. Би үүнийг ёстой сонирхдоггүй. Ард түмэн дууг минь хүлээж авч байгаа нь л надад чухал. Ноот ч мэддэггүй хүний дуу байр эзлээд байдгийг бодвол мэргэжлийн хөгжмийн зохиолч биш гээд дарах явдал байдаггүй байх. Дууг минь тэр үед зохих ёсоор үнэлээгүй ч одоо олон түмний хайртай дуу болсон. Энэ бол хамгийн том үнэлгээ.