Монгол дууны “Би Монголд хайртай” цомог гаргасантай нь холбогдуулж гитарчин Салават Сагадатович Гафаровтой ярилцлаа.
-Амьдрал ямар байна даа, Сага?
-Онцсайн.
-Та Эрхүүгийн хүн байх аа?
-Тийм ээ.
-Монголд ирж суурьшаад удаж байна уу?
-Дөрвөн жил хагас болж байна. 1998 онд анх ирж байлаа. Тэр үед нэг бус удаа нааш, цааш явсан. Харин дараа нь арван жил огт ирэлгүй байж байгаад 2014 онд дахин Монголоо зорьсон.
-Монголоо гэж их дотночилж хэлж байна шүү.
-Тийм ээ. Би Монголд хайртай. Монголчуудын дунд амьдрах дуртай. Ер нь цаашид ч эндээ л байх болно.
-Насан турш уу?
-Тэгж бодож байна. Миний гэргий Светлана бас Монголд дурласан. Хоёулаа энэ хорвоог орхитлоо энэ сайхан оронд амьдрах тухай ярилцаж байгаа.
-Та түүнийг албадаагүй биз дээ?
-Үгүй ээ. Тэр минь яг над шиг бодож байгаа юм билээ. Бид саяхан гэрлэсэн хос. Энд хуримаа хийсэн. Бид хоёр ОХУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-ны бүртгэлийн албанд гэрлэлтээ батлуулаад болчих байлаа. Тэгтэл манай найзууд хурим болгон хувиргасан. Бид хоёрт хуримын хувцас бэлтгэж ирсэн төдийгүй, өөрсдөө бас тийм хувцас өмсөөд л. Биднийг баярлуулангаа залуу насаа, хурим хийсэн үеэ дурсаад гоё байцгаасан. Цагдаагийн хурандаа, өөр мэргэжлийнхэн гээд монгол сайхан найз нар минь ингэж гэнэтийн бэлэг барьсан шүү. Монголын Гэрлэх ёслолын ордонд хурим хийх юм гэж бодож байгаагүй. Би чинь овор багатай харагддаг болохоос 1958 онд төрсөн хүн. Өдий насандаа адал явдлаар дүүрэн сайхан амьдарч байна.
-Та хоёрыг их баярлуулжээ.
-Тэгэлгүй яах вэ. Би өмнө нь гэр бүлтэй байсан л даа. Амьдрал нэг л болж өгөхгүй байхаар нь түрүүчийн эхнэрээсээ зургаан жилийн өмнө салсан юм. Бид хоёр охинтой. Том нь Москвагийн Суриковын нэрэмжит Уран зургийн академи төгссөн. Одоо Эрхүүд байгаа, хөл хүнд. Би удахгүй өвөө болно. Бага охин 16 настай. Би хүүхдүүдтэйгээ ойр дотно байдаг. Тэдэндээ тус дэм болдог. Светлана маань орос хэлний багш мэргэжилтэй. Гэхдээ одоо гэрийн эзэгтэй. Маш сайн эзэгтэй.
-Та орос уу?
-Татар. Челябинскийн уугуул, монгол цусны хүн. Харахад орос гэхээргүй байгаа биз дээ.
-Тийм ч юм уу. Монгол цустай болохоор эцэг өвгөдийн өв гээд монгол дуунд дуртай юм байна л даа.
-Түүндээ ч биш, ерөөсөө л монгол дуу, хөгжим их гоё. Би мэргэжлийн хөгжимчин болохоор ямар нь сайн, аль нь тааруухан болохыг маш сайн мэднэ. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тансаг.
-Монгол дуу дуулж байх гэж Улаанбаатарыг зорьжээ дээ?
-Уг нь хагас жил ажиллаад буцна гэж ирсэн юм. Тэгтэл одоо бүр дөрвөн жил гаруй болоод байна. Гитараа тоглоход хүмүүс намайг маш сайхан хүлээн авч, шууд тойрон хүрээлж эхэлсэн. Иркутскт тоглох бүрт концертын танхим дүүрэн үзэгчтэй байдаг. Гэтэл Монголд түүнээс илүү хүлээж авахад нь тоглоод амьдарч болмоор санагдсан. Хөгжимд дуртай хүн олонтой, тоглох газар ч мундахгүй. Энэ талд Иркутскээс хэд дахин илүү. Арга ч үгүй байх. Иркутск бол их улсын зах хязгаарын хот, товчхондоо хөдөө шүү дээ. Харин Улаанбаатар бол улсын нийслэл, оршин суугчдын тоо сая гараад явчихсан. Тэгээд ч орчин үеийн хот.
-Гитар тоглож мөнгө олох газар тийм олон гэж үү?
-Шоу, цэнгээн байнга болж байдаг, залуучууд, бизнесийнхэн, гадаадынхан олонтой хот шүү дээ. Би хоёр ресторанд гэрээтэй ажилладаг. Бусад үед дуудлагаар явж тоглодог.
-Дуудлагаар аа?
-Тийм ээ. Янз бүрийн арга хэмжээнд намайг байнга дууддаг. Хурим, байгууллагын ой, шинэ жил, төгсөлтийн баяр, бүр хүүхдийн даахь үргээхэд хүртэл урьж тоглуулдаг. Орлого ч гайгүй. Гэхдээ бид хоёр одоогоор байр хөлсөлж амьдарч байгаа болохоор мөнгө сайн цуглуулж чадахгүй л байна. Намайг дэмждэг нэгэн компани байрны түрээсийн талыг төлдөг юм. Гэхдээ орон сууц худалдаж авах нь ашигтай. Түрээсэнд мөнгө их үргэдэх юм. Би тэр урд харагдаж байгаа ууланд амьдардаг болно.
-Зайсанд уу?
-Тийм. Тэнд голдуу боломжийн амьдралтай хүмүүс үнэтэй орон сууцанд амьдардаг гэдэг утгаар, тэдэнтэй адилхан байхыг хүссэндээ биш, зүгээр л хотод хамгийн ойр, ой модтой, цэвэр агаартай газар гэж сонгож байгаа юм. Хэрвээ орон сууц авах мөнгө цуглуулж чадахгүй бол гэр бариад сууж болно. Тэндээс хотын төв хүртэл хэдхэн минут алхдаг шүү дээ. Ажилдаа сэтгэл хангалуун, амар тайван, гэр бүл тогтуун байхаас өөр юу хүнд хэрэгтэй юм.
-Та түрүүн Иркутскийг хөдөө гэж арай хатуу хэлэв үү дээ?
-Зүгээр ээ, үнэн юм чинь. Бүгд мэднэ. Би Монголд хайртай ч, Иркутскээ санадаг. Челябинскт төрсөн ч, Иркутст бараг 25 жил амьдарсан, гэр бүл минь байдаг болохоор аргагүй байх. Миний ээж одоо ч Челябинсктээ байдаг, өндөр настай. Одоохондоо ганцаараа амьдардаг. Шаардлага гарахад би очиж, ээжийгээ асарна.
-Та яагаад гитарчин болсон юм бэ. Тэгэх тусмаа сонгодог гитар тоглодог нь юуных вэ?
-Гитар тоглох дуртай. Өөр ямар нэг шалтгаан байхгүй. Свердловск хотын Музыкальное училище буюу хөгжмийн тусгай дунд сургуулийн сонгодог гитарын ангийг Герун багшийн удирдлагад төгссөн. Хөгжмийн дээд сургуульд элстэл нөгөө багш минь бас заах боллоо. Би багштайгаа байнга зөрдөг байсан юм. Хүссэнээ тоглох гэхээр зөвшөөрдөггүй. Сонгодог гитарчин хүн тоглох ёстойгоо л барьж явах ёстой гэдэг. Гэтэл би рок, поп, жааз тогломоор байдаг. Тэгэхэд багш “Болохгүй” л гэнэ. Импровизац буюу шууд найруулж тоглох нь надад маш сонирхолтой санагддаг. Гэтэл багш хориглоно. Юм л бол урд ноот тавьчихна. Би түүнийг нь хэрэггүй, өөрөө тоглохыгоо тоглоно гэнэ. Ийм хоёр хүн Хөгжмийн дээд сургуульд дахиад багш, шавь болохоор явах уу даа. Хоёрдугаар курсээ арайхийж төгсөөд, сургуулиасаа гарчихсан. Тэгж багштайгаа зөрөлдөж амьдарч байхдаа монгол оюутнуудыг хардаг байлаа. Би дөрөв, харин монголчууд хоёрдугаар давхарт амьдардаг байсан. Зүсээр нь мэдэхээс танихгүй. Гэтэл тэд маань Энхбаяр, Пүүжээ нар байсан юм билээ.
-Та тэгээд хөгжмийн дунд сургуульд олж авсан мэдлэг, боловсролоо суурь болгоод өөрөө өөрийгөө хөгжүүлээд явжээ дээ?
-Би дэлхийн гитарчдаас суралцсан. Жишээ нь, Австралийн уугуул, Америкийн иргэн, супер гитарчин Томи Эммануэлийг шүтдэг. Түүнийг дэлхий мэднэ. Хэн нэгэн түүнээс нэг удаа “Та ноот ашигладаг уу“ гэж асуухад нь “Үгүй” гэсэн. Үүнийг уншаад би “Бурхан минь би ганцаараа биш юм байна” гэж бодсон. Би сонгодог гитарчин ч, сонгодгоос өөр хөгжим тоглодог ондоо хүн. Тийм ч болохоор өнөөдөр намайг “Бүхнийг тоглодог гитарчин” гэдэг байх. Ер нь бол импровизац тоглох дуртай. Энэ нь ноотоор хөгжим тоглохоос давсан ойлголт юм.
-Хөгжмийн төрлүүдээр уралдаан болдог. Гитарчдынх гэж байдаг уу?
-Байлгүй яах вэ. Хүн бүр хүсэж сонгодоггүй, маш их тэвчээр, уйгагүй оролдлого, дасгал сургуулилалт шаарддаг энэ төрлийг сонгож сурдаг нь ховор, сонирхолтой зэмсэг. Жишээ нь, миний сурч байсан Свердловскийн Уралын хөгжмийн дээд сургуулийг таван жилд 20-25 төгөлдөр хуурч төгсдөг бол сонгодог гитараар ердөө таван оюутан төгсдөг. Тэгэхээр энэ нь нэлээд ховор төрөл байгаа биз. Би 2010 онд Санкт-Петербургт болсон олон улсын гитарчдын “Гарамгай гитарчид” (Виртуозы гитары) уралдаанд оролцож, орчин үеийн гитар төрөлд тэргүүн байр эзэлсэн. Өөрийгөө хаахна явдгийг мэдэх гэж уралдаанд оролцсон минь тэр.
-Тан шиг ур чадвартай уран бүтээлчид ноот ашигладаг хөгжимчдөөс илүү юм байна гэж ойлгогдохоор байна.
-Сонгодог хөгжимчид сонгодгоо л тоглодог бол бид бүхнийг чаддаг. Консерваторт хориглож байсан бүхий л хөгжмийг би хожим тоглосон. Тэр сургуульд сурч байхдаа өөрөө өөртөө асуулт тавиад, өөрөө хариулаад орхиж байлаа. Юу хүссэнээ тоглохын тулд өөртөө эрх чөлөө олгосон гэсэн үг. Зөв зам сонгосон байна лээ.
Нэг зүйлийг тайлбарлая. Хөгжмийн театрт надад хийх ажил байхгүй. Яагаад гэхээр би өөрөө ганцаараа нэг гитарт маш олон хүний ажил хийдэг. “Битлз”, “Куин” хамтлагийг бүгд мэднэ. Тэд ч бай, бусад нь ч бай гурван янзын гитар болон бөмбөрийн бүрэлдэхүүнтэй тоглодог биз дээ. Ритм, гоцлол, басс гэхчлэн гитар тус бүрийг нэг хүн тоглодог. Харин Томи Эммануэль энэ бүх дуугаралтыг нэг гитараар гаргадаг. Би үүнийг нь сурсан. Бидний тоглодог хэв маяг бол finger style. Мэдээж маш их оролдож сурдаг. Манай Консерваторын багш бол зааж чадахгүй. Бас сургалтад нь харш. Ийм л учиртай. Ийм эрдэм сурсных таарч тохирох гитаруудыг цуглуулсан.
-Та хэдэн гитартай вэ?
-Таван гитартай.
-Хэр үнэтэй вэ?
-Ийм төрлийн гитар сайн автомашины хэрийн үнэтэй байх нь бий. Минийх тийм өндөр үнэтэй биш ч, хямд гэхгүй. Би ямар ч үндэстний хөгжмийг нэг сонсоод, хоёроос гурав хоногийн дараа чөлөөтэй тоглодог. Жишээ нь, Монголын нэртэй хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран Хас” балетын вальсыг хурдан сурч тоглосон. Сурахад ноотны хэрэг байсангүй. Ер нь би монгол хөгжимд гүн дурлажээ. Светлана бид хоёрын Монголд амьдрах, насаа элээх шалтгаан энэ ч байж болох юм.
-Монгол хөгжим таныг юугаараа татдаг вэ?
-Нэгдүгээрт татар болон монгол хөгжим нь пентатоника буюу таван ноот юм. Бидний язгуурын хөгжмийн сэтгэлгээнд Европынхон шиг долоон ноот байхгүй. Хоёрдугаарт, хөгжим таалагдаж байгаа бол гүйцээ. Үгүй бол үгүй. “Аяны шувууд”-ыг аваад үзье. Аяллаа, гайхамшигтай гоё аялгуу. Гитарт тоглоход яаж сонсогддогийг хүмүүс мэднэ. Монголчууд намайг мэддэг болж байгаа. Дэлгүүрт, гудамжинд явахад танина. Зарим нь мэндэлнэ. Таксины жолооч нар бүр сайн танина.
-Таксины жолооч нар хөгжим гоё тоглодог, таны шүтэн бишрэгч гээд мөнгө авалгүй хүргэж өгч байв уу?
-Юу гэж дээ. Мөнгө авдгаараа авна.
-Манай нэртэй хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайг таниад, гэрт нь хүргэж өгсөн жолооч “Би таны “Маамуу нааш ир”-ийг дуулж өссөн хүүхэд. Танд баярладаг” гээд мөнгө авахгүй байсан тохиолдол нэг бус. Түүнтэй адилтгаж асуулаа.
-Би тэр хэмжээний алдартай хүн биш ээ. Гэхдээ монгол дуунуудаар гаргасан CD-ний минь борлуулалт маш сайн байгаа. Би өөрөө голоод байгаа юм. Тэгсэн нөхөд маань “Харин ч сайн байна. Зарим уран бүтээлчдийнх жилийн дараа байж л байдаг” гэж байна лээ.
-Та цомгоо юу гэж нэрлээ вэ?
-“Би Монголд хайртай”.
-Та сайхан эх оронд маань үнэхээр дурлажээ.
-Дурлахгүй байхын аргагүй орон. Хүмүүс нь найрсаг, хөгжим нь гоё. Тийм болохоор би энд насан эцэс болтлоо амьдарна гээд байгаа юм.