Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага хэрхэн ажиллах талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбатаас тодрууллаа.
-Наадмаар нийт хэдэн алба хаагч ямар зохион байгуулалттай ажиллах вэ?
-Улаанбаатар цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4137 алба хаагч нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаагийн 34 газрын 1408 хэлтсийн, Хүй долоон худагт цагдаагийн 22 газрын 1500 хэлтсийн алба хаагч ажиллана. Нэмэлтээр Хууль сахиулах их сургуулийн 400 сонсогч ажиллана. Зуслангийн чиглэлд буюу жуулчин олноор зорчдог газарт 628 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.
-Баярын өдрүүдэд хэрэг, зөрчил гарсан тохиолдолд дээрх алба хаагчид шуурхай шалгаж, шийдвэрлэнэ гэж ойлгож болох уу?
-Гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж, шийдвэрлэх зорилгоор хяналтын гурван цэгийг 24 цаг ажиллуулна. Нийслэлийн Онцгой байдлын газрынхантай хамтран Туул голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүл ажиллуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд 24 байршилд камер суурилуулсан. Ингэснээр иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах болон замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах боломж бүрдэнэ.