Боливи улсад хэд хэдэн хүнд үл мэдэх, үхлийн вирус халдварлаад байгаа бөгөөд чухам ямар вирус болохыг танихыг оролдсоор буй ажээ. Тус улсын Эрүүлийг хамгаалахын сайд Габриэла Монтаньо “Одоогийн байдлаар өвчлөлөөс болж нэг хүн буюу Каранави тосгонд ажиллаж байсан эмч нас бараад байна. Түүнийг анхлан халдвар авсан хүн гэж тооцсон” гэжээ. Нас барсан эмчээс нөгөө хоёр эмч нь халдварлажээ. Тэд байнга өвчтөнүүдийн дунд байсан бөгөөд одоогоор сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэнэ. Биеийн байдал нааштай. Мөн гурван хүн эмчийн хяналтад байгаа аж. Сайдын хэлснээр эдүгээ танигдахгүй байгаа нь өмнө нь мэдэгдсэн вирусуудын аль ч нь биш гэнэ. Тиймээс Боливи улсын Засгийн газар Пан Америкийн эрүүлийг хамгаалах байгууллагынхныг уг үл мэдэгдэгчийг танихын төлөө хамтарч ажиллая гэжээ.
Одоогоор гадаадын гурван шинжээч тус улсын Ла-Пас хотыг зорьжээ. Тэдний нэг нь Бразил, нөгөө хоёр нь Америкийн Атланта мужаас очиж буй аж. Шинжээчид биологийн аюулын дөрөвдүгээр түвшний нөхцөл байдалд ажил үүрэг гүйцэтгэнэ.
Сайд Монтаньо ард иргэдэд хандаж нөхцөл байдлыг хянаж байгаа гээд, сандарч үймэхгүй байхыг сануулжээ. Боливийн лабораториудад хийх шинжилгээний дүн ойрын үед гарах бол харин Атланта 14 хоногийн дараа хариу өгөх юм байна.
Бэлтгэсэн: Р.Жаргал