ОХУ-ын Эрхүү мужид уржигдар болсон үерийн аюулд нэрвэгдэгсдэд нөхөн төлбөр олгож эхэлжээ. Улсын төсвөөс 662 сая рубль гаргаж байгаагаас 318 сая нь хэдийн гамшигт хохирогсдод очсон бөгөөд байгалийн гамшигт өртсөн хүн тус бүрт 10 мянгыг өгөхөөр хуваарилжээ. Үүнээс гадна ийм тохиолдолд мужийн төсвөөс нийгмийн халамжийн хүрээнд хүмүүст юу олгох ёстой, түүнийг ч гаргаж эхэлсэн бөгөөд нийт 1.5 сая рубль болсон тухай Эрхүү мужийн захирагч Сергей Левченко хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үер болсон газарт ирж, нөхцөл байдалтай танилцсаны дараа албаны хүмүүстэй зөвлөлдөхдөө иргэдийг орон сууцжуулахад хамгийн түрүүнд анхаарах ёстой гээд, үерийн хор хохирлыг арилгах талд Засгийн газрын комисс байгуулахаа мэдэгджээ.
Үерийн гол цэг болсон Эрхүү мужийн Тулун хотод голын ус эргээ хальснаас Холбооны улсын гол авто замуудын нэг “Сибирь”-т хөдөлгөөн хаасан байна. Сүүлчийн мэдээгээр тус мужид болсон үеийн улмаас таван хүн нас барж, 351 хүн бэртжээ. Дөрвөн мянга орчим байшин, замын 30 гаруй хэсэг, авто замын 15 гүүр ашиглалтгүй болжээ. Холбооны улсын цаг уурын албанаас мэдээлж буйгаар үерийн улмаас Тулун хот орчимд нэлийсэн ус ирэх долоо хоногийн сүүлч хүртэл байсаар байх бололтой. Цаг уурчид “Тулун хотын хэсэгт байдал хүндэвтэр хэвээр байх нь. Зургадугаар сарын 31, долдугаар сарын 1-нд дунд зэргийн хур тунадас орно. Тэгэхээр долдугаар сарын 6, 7-нд бас бага зэргийн ус нэмж тогтох төлөвтэй байна” гэжээ.
Үер зургадугаар сарын 29-нд орон нутгийн цагаар 14.00-д буусан бөгөөд усны түвшин удалгүй 40 см-ээр доошилсон аж. “Үерийн ус дээшээ явж, дундарсан нь сайн хэрэг ч, нөгөө талаар ус хаашаа ч урсах боломжгүй байгаа нь энэ” гэж ОХУ-ын Цаг уур, хүрээлэн буй орчны албаны дарга Максим Яковенко хэлжээ.