“Маш нууц-2” кинонд өөрийн содон өнгө төрхөөрөө үзэгчдийн хайрыг татсан залуу жүжигчин Г.Содбаяртай ярилцлаа.
-Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа яриагаа нутаг усны чинь талаар эхлэх үү?
-Тэгэлгүй яахав. Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат. Mиний төрсөн газар Хөтлийн өндөр гэж сайхан нутаг бий. Одоо бол авга ахынх маань нутаглаж байгаа. Хуучин манайх байсан юм билээ. Нутагтаа очоогүй бараг хоёр жил болжээ. Очих гэхээр ажил төрөл гээд зав муутай. Одоо болтол аав ээжтэйгээ золгоогүй л явна.
-Нутгаа усаа санах тохиолдол зөндөө л гардаг байх. Тэр үед та яадаг вэ?
-“Төө зайгүй хайртай эх орноо санаж
Түмэн бээрийн чанадаас бодол бэлчээн суухад
Таталт сайтай дуран шиг нэхэн дурсах сэтгэлд минь
Танхил багын нутаг нэгд нэгэнгүй тодрох юм..." Т.Очирхүү гуайн энэ шүлгийг уншдаг. Төрсөн нутгийнхаа салхинд илбүүлээд байгаа юм шиг л сэтгэл санаа уужирдаг даа.
-УДЭТ-ын студи ангийн жүжигчнээр саяхан орсон гэж дуулсан. Хүссэн хүн бүр орж чаддаггүй, өндөр босготой газар шүү дээ.
-Би 2017 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Төгсөөд Улсын драмын эрдмийн театрт шалгалт өгнө гэж бодож байсан. Гэвч орон тоо байхгүй байсан учир кинонд явсан. Азаар ч гэх юм уу, шалгалтаа сайн өгч байсны үр дүнгийнх нь ч байсан уу, О.Бат-Өлзий найруулагчийн нүдэнд туссан байсан. Тийм болохоор “Байтаг богд” уран сайхны кинонд тоглох боломж олдсон. Дараа нь “Эрт нахиалсан сарнай” МҮОНТ-ийн олон ангит киноны уран бүтээлчдээс санал ирж бас нэг дүр бүтээсэн. Гэвч энэ бүхний дараа ажил олдохгүй ерөнхийдөө царцаж эхэлсэн. Ер нь энэ үеэс л яах тухайгаа бодож эхэлсэн дээ.
-Тэгээд та ямар шийдвэрт хүрсэн бэ?
-Ерөөсөө л дахин суръя гэж шийдээд СУИС-д найруулагчаар магистрын ангид сурч эхэлсэн. Энэ жил төгсөх ёстой байсан боловч УДЭТ-д ажиллаж байгаа болохоор зав чөлөө муутай байлаа. Ирэх намар төгсөнө гэж бодож байна.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Шинээр орсон болохоор ерөнхийдөө дүрийн нөхөөс, шинэ тавигдаж байгаа жүжгийн олны хэсэгт тоглож байна. Театрынхаа ахмад уран бүтээлчдээс их ч зүйл сурч байгаа. Өөрөөр хэлбэл, жүжигчин болж төлөвших үйл явцад л бэлтгэгдээд явна. Саяхан “Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч, гавьяат сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” жүжигт зөөгч залуугийн дүр бүтээсэн. Энэ жүжиг урьд өмнө нь тавигдаж байсан хувилбаруудаас арай өөр болсон гэж бодож байна. Үүнийг манай үзэгчид анзаарсан байх.
-Яагаад заавал жүжигчин болохоор шийдсэн бэ. Энэ мэргэжлийг сонгоход хэн нэгэн нөлөөлөв үү?
-Би багаасаа л шүлэг, яруу найрагт дуртай хүүхэд байлаа. Манай нутгаас гарсан “Уулын” яруу найрагч Т. Очирхүү гуайн шүлэг найраглалыг нь унших их дуртай. Тэр дундаа “Аргамжааны чулуу” шүлэг нь миний цээжинд үргэлж хадаатай явдаг. Ер нь л бага ангиасаа хошин өгүүллэг уншиж, “Уран жиргээ” тэмцээнд орж байсан. Тэр үеэс л өгүүллэгийн гол баатрын дүрийг хэрхэн гаргах вэ гэж бодох нь надад сонирхолтой, сайхан санагддаг байсан. Гэхдээ жаахан байсан болохоор драмын урлаг гэдэг зүйлийг ч огт мэддэггүй байж. Учир нь алслагдсан аймаг болохоор хөгжлөөс хоцрогдмол. Тийм болохоор ч тэр үү жүжигчин гэхээр л хошин шогийн жүжигчдээр төсөөлдөг байж билээ. Тэр үед ч хошин шогийн урлаг ид хүчээ авч байсан үе. Үүнийгээ дагаад хошин өгүүллэг уншиж, өөрийгөө жүжигчин мэтээр төсөөлдөг байлаа. Гэхдээ нэг нууц задлахад би өөр мэргэжилтэй болно гэж боддог байсан юм шүү.
-Ямар?
-Лам болно гэж боддог байсан /инээв/. Нэгдүгээр ангид орохоосоо л тэгж бодсон. Огт санаанаас гардаггүй нэг дурсамж байдаг юм. Бага ангийн багш маань ямар хүсэл мөрөөдөлтэй хүн болохоо зураад ир гэж даалгахад нь “Гандан”-гийн өмнө завилаад суусан, дэлдэн чихтэй, хүзүүндээ эрх зүүсэн лам зурж байлаа. Тэгээд бас наймдугаар ангидаа шашны сургуульд явъя гэж шийдэж байсан. Манай ээж их дэмжсэн боловч орж чадаагүй.
-Яагаад орж чадаагүй юм бэ?
-Ямар ч хүнд явах ёстой зам гэж байдаг юм шиг ээ. Манай аймагт шинээр байгуулагдсан шашны сургууль хүүхэд бүртгэж авч байсан ч яагаад ч юм бүртгүүлээгүй. Харин нэг л мэдэхэд Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангид орох гээд шалгалт өгөөд зогсож байсан. Үүнээс хойш надад ухрах зам байхгүйг л ойлгосон доо.
-Одоо бол сонгосон замдаа харамсдаггүй байх. Тийм үү?
-Тэгэлгүй яахав. Мэргэжил хүнийг голохоос биш хүн мэргэжлийг голох ёсгүй шүү дээ.
-Үлгэр дуурайлал авдаг жүжигчин чинь хэн бэ?
-Үлгэр жишээ авч болохоор олон мундаг уран бүтээлчид бий. Тэр дундаа Монголын олон гавьяат, ардын жүжигчдийг хараад тэдэн шиг л хүн болно гэж хүсэж мөрөөдөж явна. Одоо УДЭТ-т ороод олон сайхан ах эгч нараасаа зөвлөгөө сургамж авч байна.
-УДЭТ-ын жүжигчидтэй ажиллахад хэр байна вэ. Таны төсөөлөлтэй ойр байна уу?
-Би малчны хотонд багаасаа хоргол идэж өссөн. Худалч хүнд бол мөлхөж эхлээд л хорхой шавьж барьж тоглодог хөдөөний борог амьдрал үзсэн хүүхэд. Тийм болохоор Монголын ард түмнийг соён гэгээрүүлж ирсэн УДЭТ-т ажиллаж байгаадаа өөрөөрөө бахархдаг. Тэр хэрээрээ улам хариуцлагатай, хичээх ёстойгоо мэдэрдэг.
- Уншигчид маань таныг “Маш нууц” киноны дүрээр тань илүү танина. Тус дүрээрээ та юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-“Маш нууц-2” кино бол Монгол орны баруун хилийн мөргөлдөөн болж байсан Байтаг богд хэмээх газар болдог үйл явдлыг харуулсан. Бүр тодруулбал, тус газрыг хамгаалахаар амь насаа үл хайрлан тулалдсан арван баатар эрийн тухай өгүүлдэг. Харин би Увс аймгийн Өлгий сумын харьяат Т.Баян хэмээх баатрын дүрийг бүтээсэн. Тухайн үед надад дүрээ судлах ямар ч боломж байгаагүй учир найруулагч маань “Бие хаагаа борлуулаарай. Чи гал тогооны цэрэг болно шүү” л гэсэн.
Ер нь Монгол эрчүүд цэрэгт татагдахдаа эх орноо хамгаална гэсэн дэврүүн хүсэлтэй очдог байх. Яагаад гэхээр би оюутан цэрэгт байхдаа ийм л бодолтой байсан. Эх орон намайг дуудсан болохоор эх орноо хамгаалах гэж байна гэсэн омогшлоор л дүүрэн байж. Тэр сэтгэлээрээ Байтаг богд киноны дүрээ гаргахыг зорьсон. Киноны баатрууд бол Байтаг богдод явж байгаад гэнэтийн тулгаралтад өртсөн энгийн иргэд биш шүү дээ. Тэд бол Монгол орны хилийн шугамыг хамгаалах үүрэг хүлээсэн цэргүүд. Тийм болохоор цэрэг хүний бахархал, дэг журам мөн чанарыг харуулах шаардлагатай байсан. Бид ч үүнийг ухамсарлан киноныхоо дүрийг бүтээсэн.
-Таныг дүрээ маш сайн гаргасан гэж үзэгчид дүгнэдэг. Харин таны хувьд дүрээ хэрхэн гаргасан гэж боддог вэ?
-Үзэгчид бол Баян гэж баатрыг биш намайг харж байгаа. Найруулагч төсөөлөхдөө ийм нэг дэлдэн, намхан бор, хөдөө өссөн дүр төрхийг эрэлхийлсэн. Түүнд нь ч би тохирсон. Үзэгчдэд танигдаагүй содон төрх харагдахаар “хайрлаад” эхэлсэн байх. Би оногдсон дүрдээ өөрийн өнгө төрөхөөрөө тоглосон. Үзэгчид үүнийг дүр гэж хүлээж авсанд нь маш их баяртай байгаа. Тэрнээс бол би дүрээ тийм сайн бүтээж чадаагүй. Миний анхны кино байсан учраас туршлага дутсан л даа. Одоо хааяа киногоо үзэхдээ энэ үзэгдлийг тэгж гаргадаг байж, ингэх ёстой байж гэж бодогддог. Гэхдээ “Фантастик продакшин”-ы ах эгч нараас болон О.Бат-Өлзий найруулагчаас, Сарантуяа багшаас их зүйлийг сурсан.
-Залуу хүний хувьд өнөөгийн амьдралыг хэрхэн харж байна вэ?
-Би өөрийнхөө бодлыг л хуваалцъя. Залуус бид ид сурах, хийж бүтээх насан дээрээ явж байгаа. Гэтэл өнөөдөр Монголын нийгэмд суурин, нүүдлийн гэсэн хуваагдмал ойлголт бий болжээ. Уг нь Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн шүү дээ. Гэтэл яагаад хүмүүс суурин нийгмийг илүүд үзээд байна вэ гэхээр дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг хүссэндээ л тэр. Энэ дунд учраа олохгүй миний үеийн авьяаслаг олон залуус хоцорч байна. Юунаас болов гэхээр боловсрол, ар гэрын асуудал, дэмжих дэмжлэггүйгээс болоод олон залуу хөдөө мал хариулаад явж байна. Энэ бол маш том асуудал гэж би боддог. Үүнд ч маш их эмзэглэдэг.
-Өөртөө гутрах ч юм уу, эсвэл ганцаардах тохиолдол байдаг уу?
-Хүмүүс бэлэн зүйлийг л хүсдэг. Гэхдээ тухайн бэлэн зүйлийн ард хэр их хугацаа, хөлс хөдөлмөр шаарддагийг тэр бүр мэддэггүй. Жишээлбэл, ганц дүр бүтээхэд дүрийн сэтгэлзүй, дотоод ертөнц, зан араншин, хоорондын харилцаа гэх мэтээр судлах зүйл асар их байдаг. Хэдэн сараар ч хамаагүй тухайн дүрийнхээ амьдралаар “амьдрах” тохиолдол ч гарна. Тийм болохоор энэ бүхнийг би хийж чадах болов уу, энэ богинохон хугацаанд амжихгүй юм байна гэх зэргээр өөртөө гутрах, гонсойх тохиолдол бишгүй. Дээрээс нь түүхэн эсвэл бодит дүрийг судлах гэхээр тухайн дүрийн талаарх ном сонин тэр бүр олдохгүй. Мэдээлэл авах эх сурвалж байхгүй тохиолдолд ганцаардах, бясалгах, бусдаас хөндий байх үе байна. Учир нь дүрийнхээ ямар хүсэл мөрөөдөлтэй, юуг илэрхийлж байна гэдгийг таних, дараа нь алиа хошин байдлаар үзүүлэх үү эсвэл эмгэнэлт драмын өнгө аясаар үзүүлэх үү гэдгээ шийддэг. Ингэснээр надад сэтгэлзүйгээ засах боломж олддог. Урлаг бол нийгмийн толь гэдэг шүү дээ. Тиймээс би хөнгөн хуумгай зүйл хийхээс үргэлж эмээдэг. Иймдээ ч сайн уран бүтээл хийхэд гуних, гутрах, шантрах зүйл олон байлгүй яахав.
-Тэгэхээр өөртэйгээ их ярилцдаг хүн байх нь. Тийм үү?
-Ганцаардах буюу эморох гэж ярьдаг шүү дээ /инээв/. Ер нь бол ганцаардахгүйгээр сайн уран бүтээл гарна гэж байхгүй. Яагаад гэхээр бид бусадтайгаа адилхан инээгээд баясаад байвал нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг олж харахгүй. Юу хийх вэ гэдгээ мэдэрч чадахгүй. Тиймээс ганцаардаж, улам дотогшоо болж байж сэтгэлзүйгээ бэлдэнэ. Бодож, шаналж, толгой тархиа гашилгаж, бүх зүйлийг эргэцүүлж дүгнэснийхээ үр дүнд би юу хийх вэ гэдгээ олж хардаг.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
-Танд ч гэсэн баярлалаа.
Х. Доржпалам