-Монгол Улс элэгний D вирусийн тархалтаар дэлхийд тэргүүлж байна –
Элэг, бөөр бол хүний биеийн цэвэрлэх байгууламж. Тэр дундаа элэг хорыг шүүж, цус цэвэрлэдэг, хоол боловсруулах замын гол эрхтний нэг юм. 1500 гр жинтэй эл булчирхай цөс үйлдвэрлэж, өөх задлах үүрэгтэй. Хоногт 2000 л цус элгээр эргэлддэг гэнэ. Энэ нь хүний биеийн дулааны зохицуулалт юм. Ийм чухал эрхтэнд маань дайсан олон.
Төрөл бүрийн бактери, нян элгийг үрэвсүүлдэг ч “онож, бууддаг” нь А, В, С, D, Е вирус. Эдгээр нь элгийг онилон гэмтээж, архагшсан тохиолдолд хамаг шим шүүсийг нь сорж, хатааж хорчийлгодог байна. Элгийг дүлий эрхтэн гэдэг нь өвчилсөн ч тэр дороо “баашлаад” байдаггүйтэй нь холбоотой. Монголчуудыг хамгийн их дарладаг элэгний В, С вирусийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга л ярьж, бичдэг. Харин дельта буюу D нь хамгийн аймшигтай, “хорчин” гэдгийг тэр бүр ярьдаггүй.
Вирус нь бие махбодод ноцтой гэмтэл учруулдаг бичил биет. Нэг эрхтнийг сонгон “авч” өвчлүүлэх “дуртай”. Хүний бие дэх ДНХ, РНХ (амьд биетийн молекулууд)-ийн аль нэгд үрждэг. Үүний улмаас хүний эс өөрчлөгддөг байна. Ингэж дарлуулж, өөрчлөгдсөн эсээ хүний дархлааны систем танихаа больсноор хавдар үүсдэг аж.
Элэгний төвийн лабораторийн эрхлэгч, доктор М.Алтанхүү “Бактери, нянд ДНХ, РНХ хоёул байдаг тул хүний амьд эсийг тэгтлээ өвчлүүлдэггүй, хөнөөл багатай, лабораторид ч ургуулах боломжтой. Харин гепатитын вирусийг ургуулъя гэвэл заавал амьд эс шаарддаг тул сармагчин зэрэг амьтны бөөр гэх мэт эрхтэн хэрэгтэй болдог. Элэгний дельта вирус их сонин. Энгийнээр тайлбарлавал, тахир дутуу биет.
Дангаараа хүний биед үржих боломжгүй, мөхдөг. Зөвхөн гепатит В-тэй хамт үрждэг. Элэгний В вирус нь гадуураа бүхүүлтэй, дотроо бүрхэвчтэй. Дельта нь уг вирусийн гадаргуугийн зарим уургийг авч, үржихдээ хүний эсийг өвчлүүлдэг гэсэн үг. Тэгэхээр В вирустэй хүн л дельтагийн халдвар авна. Анагаах ухаанд үүнийг Ко буюу супер халдвар гэж нэрлэдэг. Гепатит В-тэй өвчтөнүүдэд 15-20 жилийн дараа нийт тохиолдлынх нь 15-20 хувь архагшдаг. Тэдгээрийн мөн тодорхой хувьд нь элэгний хатуурал, хавдар тохиолдоно. Харин дельтатай хүмүүс 5-10 жил болоод өвчин нь хүндэрч, бараг 70 хувийнх нь элэг хатуурч, хавдартай болдог гэхээр маш аюултай, түргэн явцтай халдвар” гэж ярилаа.
Элэгний вирусүүд хоёр замаар тархдаг байна. А, Е нь бохир гараар дамжин залгиурт орж, халдварладаг. Эл халдвар авсан хүний бие нь огцом шарлаж, шинж тэмдэг нь арилахдаа зовиургүй болдог. Өвчин архагшиж, урхаг үлдэх нь ховор аж. А вирус нь та, бидний мэдэх халдварт шар өвчин. Жирэмсэн эхчүүд Е-гийн халдвар авбал 20-иод хувьд нь өвчин хүндэрдэг гэнэ.
...В вирустэй хүн л дельтагийн халдвар авна. Анагаах ухаанд үүнийг Ко буюу супер халдвар гэж нэрлэдэг. Гепатит В-тэй өвчтөнүүдэд 15-20 жилийн дараа нийт тохиолдлынх нь 15-20 хувь архагшдаг. Тэдгээрийн мөн тодорхой хувьд нь элэгний хатуурал, хавдар тохиолдоно. Харин дельтатай хүмүүс 5-10 жил болоод өвчин нь хүн-
дэрч, бараг 70 хувийнх нь элэг хатуурч, хавдартай болдог гэхээр маш аюултай, түргэн явцтай халдвар”...
Тэгвэл элэгний В, С, D вирус нь цусаар, бэлгийн замаар, шивээс хийлгэх үед, эхээс урагт, гэмтсэн арьс, салст, эмнэлгийн бохирдсон тариур, хэрэгсэл, сахлын татуурга, сойз зэргээр халддаг байна. Манай хүн амын 10-12 хувь нь В, С вирусийн халдвартай. Гепатит В-тэй хүмүүсийн 60-80 хувь нь дельтагийн халдлагад өртсөн гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, монголчуудын 6-8 хувь нь эл вирусийн халдвар тээгч гэсэн үг. Уг үзүүлэлтээрээ бид дэлхийд тэргүүлэх болсон нь тун тоогүй, харамсалтай.
Дельта вирусийн халдвар дэлхийн олон оронд бүртгэгдэг ч цөөн тохиолддог байна. Баруун Европын англи, саксон гаралтай хүмүүсийн дунд мэр сэр байхад Газар дундын тэнгисийн зарим орон, Ази тив дотроо манайд тун элбэг байгааг М.Алтанхүү доктор хэлсэн. Монгол Улс 1980-аад оны сүүлчээр хүн амын дундах D вирусийн тархалтыг тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл эл судалгаагаа шинэчилж иржээ.
Нэг талаараа гепатитын бусад халдвар манайхны дунд их байгаа нь дельтаг илрүүлэхэд дөхөм болсон гэх ч нөгөө талаар энэ нь генийн буюу удамшлын шалтгаантай аж. Олон улсын эрдэмтэд Номхон далайн Маори аралд амьдардаг цагаан арьстнууд болон нутгийн уугуул иргэдийг судлахад дельтагийн халдвар маоричуудын дунд 20 хувь байжээ. Харин цагаан арьстай иргэд вирусгүй гарсан гэнэ. Үүнээс улбаалж ДНХ, РНХ буюу удамшлын материалтай холбоотойгоор аливаа үндэстэнд элэгний өвчин их, бага байгааг тогтоосон байна.
Элэгний вирусийн үед өвчин гурван үе шатаар явагддаг аж. Нууц, шинж тэмдэг илрэх, эдгэрэх үе үүнд хамаарна. Цусаар дамжин халдварладаг өвчнүүд нууц үе урттайг эмч нар онцолсон. 30-180 хоногийн дараа илрэх нь ч бий гэнэ. Ихэнхдээ 45 хоногийн дараа шинж тэмдэг ажиглагддаг. Эл хугацаанд бусад өвчний үед илэрдэг шиг ядрах, халуурах, үе мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдэгтэй. Нүд, арьс, салст шарлах, шээс өтгөрөх, баруун хавирганы нумаар өвдөх, дотор муухай оргих, хоолонд дургүй болох гол шинжүүд илэрдэг байна.
Хүмүүсийн бие махбодын онцлогоос хамаарч арьс, салст шарлахгүй, шинж тэмдэг илрэхгүй байж ч болохыг эмч нар дурдав. Хүүхдүүд эл тохиолдолд нус гоожих, хоолонд дургүйлхэх, ихэвчлэн түрүүлгээ харж хэвтдэг. Энэ нь мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэсэн дохио. Элэг үрэвсэж, томрохдоо гаднах хальсаа цочроосноос болж хүүхдүүд голдуу доош харж унтдаг байна. Мэдээж дагалдах бусад шинж тэмдгийг ажиглах хэрэгтэй. Үүнд хоолонд дургүй, ноомой болох, баас нь цагаан, цайвар өнгөтэй, шээс нь өтгөн, шар байвал эмчид дариу хандах учиртай.
Манай улс 1991 оноос гепатит А, В-гийн вакцин хийдэг болсноор А устаж, В-гийн тархалт эрс буурсныг ХӨСҮТ-ийнхөн мэдээлдэг. Түүнээс өмнө төрсөн, халдвар авсан хүмүүсийн өвчин энэ цаг үед архагшиж, эрүүл мэндийн салбарт хүнд ачаа болоод буй гэх. Элэгний В, С, D вирусийн улмаас жилд дунджаар 2000 орчим хүн хавдраар өвчилсөн нь илэрч, 80 орчим хувь нь 1-2 жилийн дараа нас бардаг гэсэн статистикийг мэргэжлийн байгууллагынхан өгсөн. Харин 10 орчим жилийн дараа Монголд элэгний вирусийн шалтгаантай хавдар, хатуурал буурна гэж судлаачид үзэж буй.
Элэгний С вирусийн эсрэг эмийг эрдэмтэд гаргаж авсны ачаар манайд уг эмчилгээний үр дүн 98 хувьтай байгаа. Харин гепатит В, D-г төгс эмчлэх эм бэлдмэл хараахан гараагүй ч олон жил туршиж, хэрэглэж дадсан эмүүдээ ашиглаж, тодорхой хэмжээнд дэвшил гарч байгааг эмч нар хэллээ. Элэгний В вирустэй хүмүүсийн 75-80 хувь нь өөрөө эдгэрдэг бол 20-25 хувийнх нь өвчин архагшдаг гэнэ. В-тэй болгон элэгний хавдар, хатууралтай болдог гэсэн үг биш.
Харин Ко халдвартай хүмүүсийн 70 орчим хувьд нь өвчин хүндэрч байгаа тул олон улсын эрдэмтэд дельта вирусийн эсрэг үйлчилгээтэй эм гарган авахаар яаравчилж байна. Өдгөө элэгний В, D вирусийн хоёр төрлийн эм нээгээд буй бөгөөд илүү үр дүнтэйг нь дэлхийн 20 оронд туршиж байна. Монгол Улс 21 дэх орноор сонгогдсон таатай мэдээ байна.
Доктор М.Алтанхүү “АНУ-ын Айгер биофармасютикалс” компани гепатитын В, D вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн III шатны судалгааг АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дэлхийн 21 улсад хийж байна. Тус компанийн төлөөлөгчид манайд өнгөрсөн сарын эхээр ирж, ЭМЯ, холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн, судлаачидтай уулзаж, хүний нөөц, лабораторийн чадавх, өвчний тархалтыг судалсны үндсэнд эмийн туршилт явуулах болсон.
Эхлээд амьтанд, дараа нь өвчтөнд, эрүүл хүнд туршдаг. Аюулгүй байдал талаасаа гаж нөлөө, бусад эмтэй харшилж байгаа, эсэхийг, хүүхэд, жирэмсэн эхчүүдэд тохирч байна уу гэдгийг нягтлахад хугацаа ордог. Эл хугацаанд эмийн үр дүнг 12, 24, 48 долоон хоног тутамд тооцно. Ямар тунгаар, хэдий хугацаанд уувал үр дүн гарах нь туршилтаас харагдах байх. 3-6 сар хэрэглээд үр дүн сайн байгааг бусад орны эрдэмтэд онцолж байгаа. Эмчилгээнд нэвтрүүлбэл манай улсад өндөр ач холбогдолтой. Туршилтыг хараахан эхлүүлээгүй байна” хэмээсэн.
Элэгний В вирусийн халдваргүй бол яаран вакцин хийлгэхийг эмч нар зөвлөж байна. Дархлаажуулалтад зохих тунгаар хамрагдчихвал дельта вирусийн хор хөнөөлийг та насан туршдаа мэдрэхгүй, мэдэхгүй. Вакцин хийлгэж амжаагүй бол дээр дурдсанчлан элэгний В, С, D вирусийн халдварлах замуудыг мэддэг байж, эрсдэлтэй алхам хийлгүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх нь зүйтэй.
Эрдэмтэд хэдийгээр элэгний В, D вирусийг эмчлэх эм найруулж буй ч эцсийн үр дүн гараагүй, тайвширч болохгүй. Халдвар авчихвал өвчин хүндэрч, элэг тань хатуурч, хорт хавдартай болох магадлал 70 хувь гэж ойлгох хэрэгтэй.