Литвагийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Гитанас Нуаседа сонгуулийн хоёрдугаар шатанд сонгогчдын 66 хувийн дэмжлэг авч, үндэсний дээд амжилт тогтоох шахжээ. Тэрбээр нийгэмд тэгш эрхийг хангаж, удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн оролцоог өргөжүүлэн, ОХУ түрэмгийлж байгааг хүлээн зөвшөөрүүлж, орос түмэнтэй эв найртай байх зорилготой. Литва улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь батлан хамгаалах болон гадаад бодлогоо хариуцдаг бөгөөд Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч байдаг. Харин нийгэм, эдийн засгийн бодлогыг парламентын сонгуулийн үр дүнгээр байгуулсан Засгийн газар нь бие даан явуулдаг.
Гитанас Нуаседа 1964 онд Клайпед хотод мэндэлсэн. 1987 онд Вильнюсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсжээ. Тэрбээр банкны хувийн салбараас улс төрд шилжсэн. Өөрийгөө бие даан нэр дэвшигч гэдэг түүнийг нэг ч нам дэмжээгүй. Гэхдээ сонгуулийн кампанит ажилд нь хандивласан 130 мянган еврог хувь хүмүүсээс авсан гэнэ.
Холбоотой байдаг ганц улстөрч нь Литвагийн Ерөнхийлөгч асан Валдас Адамкус. Тэд 2003 онд танилцсан бөгөөд сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр В.Адамкусын зөвлөх байжээ. Түүний нөлөө энэ удаагийн сонгуульд орсныг Литвагийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрдөг. “Өнгөрсөн хугацаанд бид найрсаг, дотно харилцаатай байж, Адамкус надад зарим зөвлөгөө өгсөн. Хүнийхээ хувьд тэрбээр надад их таалагддаг. Харилцан хүндэтгэх, буулт хийх арга зам хайх гэсэн зарчим баримталдгаараа бид төстэй” гэж тэрбээр ВВС-д ярьжээ.
В.Адамкус нь амьдралынхаа ихэнх хэсгийг АНУ-д өнгөрүүлсэн бөгөөд Литвад эргэж ирснээсээ хойш хоёр ч удаа Ерөнхийлөгч болж (1998-2003 болон 2004-2009 он), 2004 оны Украины хямралыг шийдэхэд оролцож, ЗХУ-ын орон зайд Өрнөдийн ардчиллын зарчмыг идэвхтэй дэлгэрүүлсэн улстөрч гэгдэх болсон аж.
ЗХУ-ын орон зайд Г.Науседа ардчиллыг экспортлохыг зориогүй, “Украин болон бусад улсад хүмүүс эл асуудлаа өөрсдөө шийдэх ёстой. Ямар нэг ардчиллыг экспортлох ёсгүй. Гэхдээ Европын Холбоонд Литва улс элссэнээр олсон амжилтуудыг нь хуваалцмаар байна. Өрнөдийн үнэ цэнийг бид хуваалцах ёстой. Гэхдээ ард түмэн өөрсдөө шийднэ” гэжээ.
“ОХУ БОЛ ТҮРЭМГИЙЛЭГЧ”
Крымийг, Украины зүүн нутгийг улсдаа нэгтгэснийх нь төлөө Оросыг Литвагийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч түрэмгийлэгчид тооцдог. “Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Оросын талаар баримталдаг миний бодлого өөрчлөгдөхгүй л болов уу. Өдгөө Украины хувьд түрэмгийлэгч болсон улстай найрсаг харилцаатай байх боломжгүй” хэмээн тэрбээр ярьсан байна. Гэхдээ Оросын оршин суугчид Литваг дайсанд тооцох ёсгүйг Г.Науседа тэмдэглэжээ.
“Оросын иргэдэд тааламжгүй нэр томьёо ашиглахгүй байгаасай. Хэрэв бид хүчтэй нэр томьёо ашиглавал Литвагийн имиж дайсан болох тийм хэлбэрээр Оросын хэвлэлд гарах болно. Хүмүүс хоорондоо харилцаж, туршлага солилцох ёстой. Литвад Оросын гайхамшигт театрын бүжгэн жүжиг, сонгодог хөгжмийг илүүтэй үзэхийг хүсэж байна” гэж тэрбээр тайлбарлав.
Г.Науседа орос хэлийг улс төрийн нэг хэсэг хэмээн үздэггүй, “олз” гэж нэрлээд, сэтгүүлчидтэй тухайлбал, оросоор ярихад бэлэн гэнэ. Балтын тэнгисийн орнуудын улс төрчдийн олонх нь үүнээс санаатайгаар зайлсхийдэг юм.
“Хэлийг геополитиктой холбох нь их гэнэн явдал. Хэрэв надтай оросоор ярихыг хүсвэл би хичээнэ. Дадлага бага зэрэг багассан, оросоор ярих шалтгаан тийм их биш болсон. Зарим хүн англиар ярих нь дээр гэхээр нь “Та Достоевскийг англиар уншдаг уу” гэж асуудаг. Энэ хоёр хэлээр ярьж, Достоевскийг орос хэлээр уншихыг хүсдэг байх” гэж Литвагийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ВВС-д ярьжээ.
ЛИБЕРАЛ ТЭГШ ЭРХ
Гадаад бодлого түүний кампанит ажлын анхаарлын төвд байгаагүй. Литвад тэрбээр эдийн засагч гэдгээрээ олонд юуны түрүүнд танигджээ. 1990-ээд оны эхээр сонины эдийн засгийн булан хариуцаж, өрсөлдөөний зөвлөлд ажиллан, Литвагийн банкны удирдах бүрэлдэхүүнд багтаж, SEB банкны ерөнхий эдийн засагчаар ажиллаж, хэвлэлүүдэд санхүүгийн асуудлаар тайлбар идэвхтэй өгдөг байв.
1990 оны эхээр Г.Науседа Германы Мангеймийн их сургуульд сурч байсан бөгөөд чухам тэнд л чөлөөт эдийн засаг болон либерал эдийн засгийн үзэл санаагаар халдварласан гэдэг. “Өрнөдийн амьдралын хэв маяг, зах зээлийн эдийн засаг өчүүхэн ч эргэлзээ төрүүлэхгүй, бас боломж бий гэсэн төрөгдөл болохыг би тэр үед ойлгосон. Өрнөдийн талаар миний үзэл бодол өдгөө улам лавширч байгаа” гэж тэрбээр хэлснийг улсынх нь “Delfi” цахим хуудас эш татсан байна.
Хувийн өмчийн асуудлаар либерал эдийн засагч гэдгээ Г.Науседа хүлээн зөвшөөрдөг. “Гэхдээ зохицуулалт тал дээр би хуучинсаг үзэлтэн. Литвагийн эдийн засаг өсөөд ч нийгмийн ялгаа арилахгүй. Төр зохицуулалтад идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг, орлогоос татвар авахыг би дэмждэг. Энэ нь намайг социал демократ хэсэгт хамааруулах байх” гэж тэрбээр хэлжээ. Нийгмийн тэгш бус байдал, бүс нутгийн амьжиргааны түвшний ялгаанд Г.Науседа кампанит ажлынхаа үеэр гол анхаарлаа хандуулсан байна.
КАТОЛИК ШАШИНТАН, ИЖИЛ ХҮЙСТЭН БА ЭМЭГТЭЙЧҮҮД
Нийгмийн асуудлуудаар ч тэрбээр хуучинсаг үзэлтэн. Ижил хүйстний гэрлэлтийг дэмждэггүй. “Хүний эрхийг дэмждэг. Гэхдээ манай католик шашинт нийгэм ийм гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш гэж би бодож байна. Ийм үйл явц хиймлээр идэвхжиж, энэ хүмүүс шийдвэр гаргахаасаа өмнөх байдлаасаа дор амьдрахыг би хүсэхгүй байгаа” гэж Литвагийн Ерөнхийлөгч тайлбарлажээ.
Эмэгтэйчүүд удирдах албан тушаал хашихыг тэрбээр дэмждэг. Энэ нь түүний 19 жил ажилласан Скандинавын банкуудын нөлөө гэнэ. “Манай Засгийн газарт дан эрчүүд ажиллабал онцгүй” гэж Гитанас Науседа хэлсэн байна.
ЭШЛЭЛЭЭР ДАМЖУУЛСАН ҮЗЭЛ БОДОЛ
Оросын тухай:
“Хэт хатуу мэдэгдэл шийдэл болохгүй. Бид хөрш рүүгээ нээсэн дипломатын, соёлын, эдийн засгийн харилцааны гээд бүх цонхоо хаах боломжгүй. Оросуудтай харилцаатай байх нь нэн чухал, тэргүүлэх зорилт байх ёстой. Тиймээс Кремлийн одоогийн удирдагчийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл энэ хүмүүстэй зэрэгцэн амьдрах хэрэгтэй болно”.
Америк болон НАТО:
“АНУ 1.5-3.5 мянган цэргээ Литвад байрлуулаасай. Бас НАТО-гийн агаарын цагдаа манай агаарын орон зайг хамгаалах нь чухал байна. Тэрчлэн Европын Холбооны хилийн аюулгүй байдлыг бүхэлд нь хангах нь маш чухал”.
Дотоод бодлого:
“Литвад амьдрал дээрдэж, хүн бүр өөртөө итгэлтэй, бие биедээ халдах нь бага, харилцан тусалж дэмждэг, ахмад болон залуу үе, хөрөнгө чинээ, хотынх, хөдөөнийх гэж ялгаварлалгүй хоорондоо ойлголцож байх ганц зорилго бүхий огтлолцох цэгийг манай эрх баригчид бусад байгууллагатайгаа олно хэмээн би найдаж байна”
Олигархиудтай тэмцэх тухай:
“Энэ талаар тодорхой алхмуудыг хэдийн хийсэн ч зогсох боломжгүй. Олигархиуд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг тодорхой хяналтад авч, нийгмийн ухамсрыг зарим талаар хараандаа авч эхэлж буйгаараа аюултай төдийгүй улс төрд хөндлөнгөөс саад болж, ардчилсан нийгэмд байж боломжгүй аргаар зорилгодоо хүрэх гэдэг”.
ЯЛСАН ХҮЧИН ЗҮЙЛ
Сонгуулийн нэг болон хоёрдугаар шатанд 55 настай эдийн засагч ялсан нь тэрбээр аль нэг намд харьяалалгүй, бие даан нэр дэвшсэн нь олон талаар нөлөөлжээ. Түүний өрсөлдөгч Ингрида Шимоните нам бус ч парламентад сөрөг хүчний “Эх орны холбоо-Литвагийн христийн ардчиллынхан” намын франкцад багтдаг аж.
Шинэ Ерөнхийлөгч намын харьяалалгүй нь дээд шатны шүүгчдийн хувьд нэг ёсны шударга сонголт болно хэмээдэг нь тийм ч тохиромжтой сурталчилгаа биш гэнэ. Хуучинсаг үзэлт сонгогчид И.Шимонитег дэмжээгүй нь түүнийг өөрийн хүн хэмээн хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой гэх.