Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр гацав. Хамтран гэснээс Олон улсын валютын сангаас гуйн хэрэгжүүлж буй хөтөлбөр гэвэл илүү зохино. Дэлхийн зах зээлд 2012 оноос уул уурхайн түүхий эдийн ханш хямдарснаас шалтгаалж манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хэдэн жил дараалан саарсан билээ. Тухайн үед манайхан эдийн засгаа агшаачихгүйн тулд гадаадаас зээл авч, дэмнэж байлаа. Богино хугацаанд их хэмжээний өр тавьснаар 2016 он гэхэд төлбөрийн чадвараа алдсанаа зарлах нөхцөл үүссэн юм. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгүйд хүрсэн гэсэн үг. Ингээд ОУВС-гаас тусламж гуйсан хэрэг.
Нөгөөдүүл нь эхэндээ бараг л “Буруу бодлого хэрэгжүүлснийхээ лайг өөрсдөө үүр” гэж хэлсэн гэдэг. Манайхны удаа дараагийн хүсэлтийг харгалзаж, эцэст нь дэмжихээр болсон. Ингэж Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцсон юм. Тус сангийнхан манайхнаас “Үүнийгээ ингэж өөрчил, түүнийгээ тэгж зас” гэж ам өчиг авсан. Тэгэхээр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх гол оролцогч нь Монгол Улс.
Хөтөлбөр яагаад гацав? Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд банкуудад активын чанарын үнэлгээ хийхээр тохирсон. Улмаар өнгөрсөн жил банкуудын активын чанарыг үнэлж, өнгөрсөн оны төгсгөл гэхэд өөрийн хөрөнгөө нэмэх үүрэг өгсөн билээ. Банкууд ч үүргийн дагуу өөрийн хөрөнгөө нэмсэн.
Албан бус эх сурвалж зарим банк өөрийн хөрөнгөө шаардлагатай хэмжээнд хүргэж чадаагүй байгааг дуулгаж буй. ОУВС-гийнхан өөрийн хөрөнгөө нэмсэн нь үнэн, эх үүсвэр нь тодорхой, эсэхийг нягтлахаар банкуудад дахин аудит хийлгэхээр шийдвэрлэжээ. Тэд манайханд эргэлзэж буй учраас дахин нягталж буй хэрэг. Одоо эхлүүлж байгаа санхүүгийн аудитын шалгалтаа наймдугаар сард дуусгах гэнэ. Үүний дараа ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэнэ. “Сайн” гэж үзвэл манайд санхүүжилт өгнө. Эсбөгөөс хөтөлбөрийн санхүүжилтийг зогсоох нь дамжиггүй.
“Арилжааны хоёр банк өөрийн хөрөнгөө тус бүр 60 орчим сая ам.доллароор нэмсэн. Гэхдээ эх үүсвэрээ нотолж чадахгүй байгаа” гэсэн явган яриа тарлаа. “Банкууд чинь мөнгө угаасан байх магадлалтай учраас хөтөлбөрөө зогсооно” гэж ОУВС-гийнхан хатуу байр суурь илэрхийлсэн гэх хачир дээрх явган яриаг дагаж байна. “Капитал”-ын араас дахин нэг банкийг татан буулга гэж ОУВС-гийнхан шахаж байгаа сурагтай. Мэдээж тухайн банк өөрийн хөрөнгөө нэмж чадахгүй байгаа учраас ийн шахаж таарна. Юутай ч хөтөлбөрийн ачаар банкуудын өөрийн хөрөнгийг нэмж, санхүүгийн тогтвортой байдлыг бататгах нь. Харилцагчдаас мөнгө татан төвлөрүүлчихээд, өөрийн хөрөнгөө нэмж, шалгуур үзүүлэлтээ хангадаггүй “хэнэггүйчүүд”-ийг татан буулгахад харамсах зүйлгүй. Энэ нь санхүүгийн зах зээлийг идээ бээрнээс нь салгаж буй сайн хэрэг.
ОУВС болон донорууд хөтөлбөрийн хүрээнд манайд нийт 5.5 тэрбум “ногоон”-ы санхүүжилт олгохоор болсон. Энэ бол манай дотоодын нийт бүтээгдэхүүний 50-60 хувьтай дүйх мөнгө. ОУВС-гийнхан түүхэндээ ийм өндөр санхүүжилт хийж үзээгүй гэдэг. Өндөр гэж мөнгөний хэмжээг нь хэлээгүйг ойлгоорой. Эдийн засгийн хэмжээтэй нь харьцуулахад ийм өндөр санхүүжилт хийж үзээгүй гэсэн үг. Үүний хоёр тэрбум орчим ам.доллар нь Хятадтай хийсэн своп хэлцлийн мөнгө. Манайх Хятадын Ардын банкнаас дээрх хэмжээний ам.доллартой дүйх юань авсан. Тэгээд хөтөлбөр хэрэгжихийн өмнө эргүүлэн төлөх хугацаа нь болсон юм. Гэтэл Монголбанканд төлөх нөөц байгаагүй. Ингээд манайхан хугацааг нь сунгах хүсэлт тавьсан.
Гэвч нөгөө тал хүлээж аваагүй. Эцэст нь, ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, өмнөд хөршийнхнийг зөвшөөрүүлж чадсан юм. Энэ бол авсан юаниа эргүүлэн төлөх хугацаагаа сунгасан болохоос нэмж санхүүжилт олохоор гуйсан хэлэлцээр биш. ОУВС-гийнхан манай валютын нөөцийг нэмэхийн тулд нийт 443 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг өөрөөсөө олгохоор болсон. Үлдсэн гурван тэрбум ам.долларын санхүүжилтийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Япон, Солонгосын Засгийн газар зэрэг донор олгохоор болсон юм. Жишээ нь, Японы Засгийн газар 800, Өмнөд Солонгосынх 300 сая ам.доллар олгохоо амлаж байлаа.
Хөтөлбөрийн санхүүжилтийн хэд нь Монголд орж ирээд байна вэ? ОУВС-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 оны тавдугаар сарын 25-нд баталсан. Тэгэхээр хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахад нэг жилийн хугацаа үлдсэн гэсэн үг. Валютын сангаас хөтөлбөрт таван удаа үнэлгээ хийгээд, амжилттай хэрэгжиж байна гэж үзэн, нийт 221 сая ам.долларын санхүүжилт олгожээ.
Зургаа дахь шатны санхүүжилт яагаад гацсаныг дээр тайлбарласан учраас энд давтах нь илүүц биз. Хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк 113, Азийн хөгжлийн банк 400, Японы Засгийн газар 283 сая ам.долларын санхүүжилт олгосон байна. Харин БНСУ-ын Засгийн газраас нэг ч “ногоон” өгөөгүй байгаа. Донорууд нийтдээ 769 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Уг нь тэд гурван тэрбум ам.долларын санхүүжилт хийх байж. Японы Засгийн газар Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын менежментийг тэдний компани хариуцах асуудлыг нааштайгаар шийдвэрлэвэл үлдсэн санхүүжилтээ олгоход бэлэн гэж барьцаалсан гэх.
Донорууд энэ мэтээр өөрийн эрх ашгаа хавчуулж чадахгүй бол санхүүжилт хийхдээ гар татаж магадгүй юм. ОУВС-гийнхан нэмж 150, донорууд нэг тэрбум орчим ам.долларын санхүүжилт хийгээд хөтөлбөрийн хугацаа дуусах болов уу гэж таамаглая. Олгохоор төлөвлөсөн санхүүжилтийн хэмжээ нь хоёр дахин буурахаар байгаа биз. Манай улсын эдийн засаг хурдтай сэргэж, өндөр өсөж эхэлсэн нь донорууд санхүүжилтээ бууруулах нэг шалтгаан болж буйг дурдах нь зүйтэй.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд өгсөн амлалтаа биелүүлэхээр манайхан Төвбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр төсвийн шинжтэй санхүүжилт хийхийг нь хориглов. Мөн Банкны тухай хуулийг сайжрууллаа. Энэ хүрээнд банкны активын чанарыг үнэлж, тогтвортой ажиллах нөхцөлийг нь сайжруулж байна. Терроризмтой тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд банк санхүүгийн талаар авах арга хэмжээний амлалтаа сайн биелүүлж байна гэж дүгнэхэд болно.
Харин Засгийн газар амлалтаасаа ухрах тохиолдол хэд хэд гарлаа. Цаашдаа ч гарах төлөвтэй байна. Тухайлбал, Засгийн газар төсвийн зардлыг бууруулахын тулд тэтгэврийн насыг нэмэх амлалтаа бүрэн хэрэгжүүлээгүй. Мөн татварыг шатлалтай болгох амлалтаа биелүүлээгүй. Шинэчлэн найруулсан татварын багц хуулийг хөнгөн хуумгай болсон гэж үзээд, Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа. ОУВС-гаас нийгмийн халамжийг зорилтод бүлэгт чиглүүлэхийг Засгийн газарт анхааруулж буй.
Иймээс “Хүүхдийн мөнгө”-ийг зорилтот бүлэг рүү чиглүүлсэн. Гэтэл ирэх сараас хүсэлт гаргасан нэг сая орчим хүүхдэд сар бүр мөнгө тараах гэж байна. Цаашлаад төсвийн хөрөнгөөс “Итгэлийн зээл” олгохоор зэхээд буй. Сонгуулийн өмнө оноо цуглуулах гэсэн, төсвийн зардлыг тэлсэн үйлдлүүд нь ОУВС-гийн бодлого, зарчимтай зөрчилдөж байгаа юм. Манай Засгийн газрын хэнэггүй үйлдэл хөтөлбөрийг зогсооход хүргэж ч мэднэ. Тэгвэл Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилт улам хумигдана. Засгийн газар амласандаа хүрэхгүй луу унжиж, “хумигдсан” санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлчих вий.