Шүлсээ үсчиж байгааг ч анзаарах сөхөөгүй амнаасаа цагаан хөөс сахруулан хашхичих зэрлэг эрсээс айсандаа алсханаас ажиглаж зогслоо. Зангидсан нударгаа далайж, цээжээрээ түрэн, юу юугүй цохиод авахад бэлэн харагдах тэд өнөөх алдарт “Саусгоби коэл транс” компанийн ажилчид. Хүн хэлээрээ гэдэг үг тэнд лав тохирохооргүй аж. Хоолоо харамласан нохой шиг хар ярхийн дайрах тэдэнд өөрийн ухаан, эрүүл саруулаар тунгаах чадвар байгаа гэдэгт эргэлзмээр, бас аймаар.
Хэн нь үнэн, аль нь худал ярьж буйг ялгахад бэрх, зөрүүтэй мэдээлэл дунд олон жил явсан эргэлзээгээ тайлж, газар дээр нь ажиллан, бодит байдлыг нүдээр үзэх, уншигч, үзэгчдэдээ үнэн, зөв мэдээлэл хүргэх зорилго тээн, мянга гаруй км туулж очсон сэтгүүлчдийг төөрөгдүүлэхийн тулд тэд “Тост, Тосон бумба гэдэг чинь 100 гаруй км-ийн цаана бий, та нар тийшээ яваач. Энэ чинь Хангайн нурууны үргэлжлэл. Та нарын хамгаалах гээд байгаа ирвэсийн нутаг биш” гэхчлэн амандаа орсныг орилон шаагилдаж байв. Хаа хамаагүй Хангайн нурууг өмнийн говьд “үргэлжлүүлсэн” ийм л хүмүүс зодоон цохион дэгдээхэд ч бэлэн угтсан юм. Тэдний утга учиргүй орилоон дундаас авчихмаар ганц үг сонсогдсон нь “Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй өчнөөн олон нүүрсний уурхайгаас яагаад манайхыг онцлоод байгаа юм бэ” гэсэн асуулт байв. Харин хариултыг нь тэд сонсоогүй учраас энд бичье.
Яагаад гэвэл Өмноговь аймгийн Гурвантэс сумын нутагт “Саусгоби коэл транс” компанийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг говь нутгийн сүр жавхлан, гоо үзэсгэлэнг цогцлоосон Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газраас салгах аргагүй бөгөөд энэ нутгийн экосистемийн амин чухал бүрдэл хэсэг юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг муухай харагдуулахын тулд тэнд очсон хэдэн сэтгүүлч зохиож хэлээд байгаа юм биш, энэ лиценз эрхэм гишүүний мэдэлд очихоос өмнө, магадгүй гишүүн, сайд, олны анхаарал татсан нэгэн болохоос нь ч өмнө эрдэмтэн, судлаачид “Алтайн нурууны төгсгөл Тостын нуруу бол дэлхийд нэн ховордож, “Улаан ном”-д орсон цоохор ирвэс хамгийн олноор идээшдэг газар” гэж үзэн, байгалийн онгон төрхийг нь хадгалж үлдээхийн тулд тусгай хамгаалалтад авхуулах ажлаа эхлүүлсэн юм билээ.
2008 оноос Ирвэс хамгаалах сангийнхан Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах санаачилга гаргаж, орон нутгийн удирдлага ч тэднийг дэмжин, хамтарч ажиллажээ. Тус сангийн биологич, судлаачид өөрсдийн ажиглалт судалгаа болон Монгол орны өмнийн говийн экологийн үнэлгээг хийсэн “Де нэйчэ консерванси” олон улсын байгууллагын “Тост, Тосон бумбын нуруу, түүнийг дагасан бүс нутагт нэн ховор цоохор ирвэс нутаглахаас гадна байгалийн унаган төрхөө хадгалсан баянбүрдүүд, тариалангийн талбай бүхий Хөвд, Хуршуутын гол орчмын бүс нутаг нь хамгаалах зайлшгүй шаардлагатай, экологийн чухал ач холбогдолтой газар” гэсэн дүгнэлтэд үндэслэн хамгаалалтад авах газрын кадастрын зургийг гаргасан гэдэг. Тухайн үед 668 923 га талбайг хамгаалалтад авах хэрэгтэй хэмээн зургийг нь гаргахдаа өдгөө “Саусгоби коэл транс” компанийн эзэмшилд буй тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь багтааж байж.
Тост, Тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Гурвантэс сумын ИТХ-аас 2010, 2014 онд гаргахдаа яг тэдний гаргасан зургийг баримталсан гэдэг. Гэвч уул уурхайн компаниудын өмнө орон нутгийн ИТХ-ын шийдвэр хүчин мөхөстөх нь тодорхой тул сум, аймгийн удирдлага “дээш” нь бичиг шидэж, санал, хүсэлт илгээсээр 2015 онд Тост, Тосон бумбын нурууны 652 527.98 га газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор, гурван жилийн хугацаатай, байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын тогтоол батлагджээ.
Гэвч солбилцлыг нь заахдаа “Саусгоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтын хилийн гадна үлдээсэн байна. Тухайн үед орон нутгаас удаа дараа тавьсан саналд тусгасан талбайн хэмжээг хассан харагдуулж, сэжиг авхуулахгүйн тулд “Саусгоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйхүйц газрыг өөр хэсэгт нэмж оруулсан гэж учир мэдэх хүн хэлсэн юм.
Үүнээс хойш “Саусгоби коэл транс” компани олборлолт хийх бэлтгэлээ базааж эхэлсэн тул нутгийн иргэдийн эсэргүүцэл ч эрчимжсэн нь 2016 он. Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл амиа алдсанаар энэ асуудал олон нийтийн анхааралд хүчтэй орж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын есөн гишүүн Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалт авах тогтоолын төсөл санаачлан, боловсруулсан. Ажлын хэсгийнхэн тухайн үедээ Тост, Тосон бумбад очиж ажилласан бөгөөд “Хөвд, Хуршуутын голоос ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай тавхан км-ийн зайтай байна.
Говийг амьтай, амьдралтай байлгадаг булаг шанд, баянбүрдэд аюул учруулахаар байгаа тул энэ хавийг бүхэлд нь тусгай хамгаалалтад оруулах нь зүйтэй” гэлцэж, УИХ-д ч энэ саналаа оруулсан байдаг. “Саусгоби коэл транс” компанийн лицензийн талбайг тусгай хамгаалалтад авах санал оруулснаа ажлын хэсэгт ажилласан гишүүд одоо ч батлан хэлдэг юм билээ. 2016 оны дөрөвдүгээр сард УИХ-аас 896 527.44 га газар хамгаалалтад авах шийдвэр гарсан ч Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг тогтоохдоо “Саусгоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг дахиад л хамгаалалтын гадна үлдээсэн юм.
Ингээд 2017 оны гуравдугаар сард компани үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ирэхэд нутгийн иргэд эсэргүүцэж, сумын ИТХ-аас лицензийн талбайг бүхэлд нь “Байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авна” гэсэн хуулийн дагуу орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Гурвантэс сумын удирдлага толгой мэдэн, бүтэн жил үйл ажиллагааг нь зогсоож, энэ хугацаанд компанитай шүүхдэлцсээр, 2018 оны хавар ялагдсанаар компани үйл ажиллагаагаа эхлүүлээд буй юм.
Товчхондоо орон нутгийн удирдлага, иргэд Тост, Тосон бумбаа хамгаалах, говь нутагт ховорхон тохиох үзэсгэлэнт байгалиа унаган төрхөөр нь үр хойчдоо үлдээхийн төлөө чадлынхаа хэрээр тэмцэж, хөлөө хүрэх газарт явж, хэлээ хүрэхийн хэрээр заргалдсан ч хүчин мөхөстөөд байна. Уул уурхайг эсэргүүцсэн олон зуун хөдөлгөөнөөс ялгаатай нь Өмнөговь аймаг болон Гурвантэс сумын удирдлага өнгөрсөн хугацаанд нам, улс төрийн хүчин, элдэв жижиг эрх ашиг харалгүй, нэг дуутай явж иржээ.
Яригдаж буй лицензийн талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг сумын ИТХ-аас 2010, 2014, 2017 онд гаргаж, холбогдох яамдад хүргүүлсэн бол аймгийн удирдлага 2012 оноос эхлээд “Энд уурхай ажиллуулахгүй, тусгай хамгаалалтад авч өгөөч” гэсэн утгатай албан бичиг арваадыг УИХ, Засгийн газарт хаягласан байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Энэ газарт анх 2003 онд “Саусгоби сэндс” компани хайгуулын тусгай зөвшөөрөл аваад 2011 онд “Саусгоби коэл транс” компанид шилжүүлсэн. “Саусгоби коэл транс” компани 2015 онд ашиглалтынх болгоод, олборлох бэлтгэлээ хийж эхэлсэн. Тухайн үед орон нутгийн зүгээс хяналт, шалгалт хийж, үйл ажиллагааг нь удаа дараа зогсоосон. 2017 онд миний бие иргэдийн мэдээллийн дагуу очиж, ажиллаад УУХҮЯ, ЗТХЯ, БОАЖЯ-нд санал хүргүүлсэн. Ингээд 2018 онд энэ гурван салбарын сайдыг урьж, газар дээр нь ажилласан. Энэ үеэр нутгийн иргэдтэй уулзсан юм. Уулзалтад аймгаас сонгогдсон хоёр гишүүн ирж, оролцсон.
Уурхайн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлахаас нь өмнө БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г. Нямдавааг урьж, ажиллуулан, аймаг, сумын холбогдох албаны хүмүүс, нутгийн иргэд санал бодлоо хэлж, хууль дүрэм зөрчсөн асуудлыг нь танилцуулсан. Орон нутгийн удирдлага, иргэд анхнаасаа энэ уурхайг ажиллуулахгүй гэсэн байр суурьтай байсан. Манай аймагт хангалттай олон уурхай бий. Одоо дахиж уурхай нэмэхгүй, ялангуяа байгалийн өвөрмөц тогтоцтой, булаг шандтай газраа ухуулахгүй гэсэн байр суурь, хүсэлтээ бид удаа дараа Засгийн газар, холбогдох яамд, УИХ-д хүргүүлсэн.
Орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс хууль хяналтын байгууллагад хандах, хэвлэлийн хурал хийх, санал, хүсэлтээ хүргүүлэх гээд чадах бүхнээ хийж, Засгийн газар, холбогдох яамдад хангалттай хандлаа. Гэвч эцсийн дүнд бүх шийдвэр компанийн талд гарснаар уурхайнхан орон нутгийн удирдлагад мэдэгдэж, зөвшөөрөл ч авалгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Орон нутгийн удирдлага бол иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтраад, энэ асуудлыг олон нийтийн анхааралд дахин оруулах, үйл ажиллагааг нь зогсоохын төлөө ажиллана. Уурхайг дэмжиж, хууль бус үйл ажиллагааг нь хаацайлахгүй” гэсэн юм.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уурхайд шалгалт хийж, олон хууль, тогтоомж зөрчиж буйг нь илрүүлсэн бөгөөд 31 заалттай, зургадугаар сарын 20 хүртэл хугацаатай, зөрчил арилгах албан шаардлага хүргүүлсэн талаараа албаны хүмүүс хэлэв. Энэ мэтчилэн Тост, Тосон бумбыг тойрсон тоогүй явдал олон байна.
Очиж үзээгүй байхдаа би “Тост, Тосон бумба буюу ирвэсний нутагт ямар ч хамааралгүй хол газарт “Саусгоби коэл транс” компани үйл ажиллагаа явуулдаг” гэсэн мэдээлэлд итгэж явлаа. Харин очиж үзээд “Заавал хамгаалах ёстой газар” гэдэгт эргэлзэх зүйлгүй итгэв. Компанийнхны өгдөг толгой эргүүлэх зорилготой мэдээлэлд дурддагчлан Тост уул, Бумба хайрхан уурхай ажиллаж буй газраас 100-гаад км-ийн зайтай нь оршдог нь үнэн. Гэхдээ энэ нь “Саусгоби коэл транс” компанийн ашиглалтын талбай энэ бүс нутагт ямар ч хохирол учруулахгүй гэсэн үг биш. Тост, Бумба гэдэг нь Алтайн нурууны зүүн төгсгөл, Говь-Алтайн нурууны салбар, баруун хойноос зүүн урагш сунан хэдэн арван км үргэлжлэх Тостын нурууны нэгээхэн хэсгийн нэр.
Нийслэл хотын байшин бүгд дугаартай шиг Тостын нурууны уул, ам бүр нэртэй. Тост уул, Бумба хайрхан, Шаргын дэл, Шатын ам гээд л үргэлжилнэ. Бүгд улсын тусгай хамгаалалтад багтана. “Саусгоби коэл транс” компанийн уурхай Тостын нурууны өвөр бэлд, Ирвэс хамгаалах сангийн судалгааны талбайн чанх урд, 6-7 км-ийн зайтай байрлаж буй. Тостын нурууны энэ хэсэгт ирвэс хамгийн олноороо нутагладаг учраас судалгааны талбайгаа энд байгуулж, ажиглалтын дуран авайгаа зоосон гэж тус сангийн ажилтан ярьсан. Мөн уул уурхай энэ нутагт нөлөөлж эхэлсэн бөгөөд тэсэлгээ, машин техникийн дуу чимээ, тоосжилтоос ан амьтан дайжиж, ирвэсийн гол идэш тэжээл болох аргаль, янгир жилээс жилд цөөрч буйг ч дуулгав.
Түүнчлэн Тост, Тосон бумбын нуруу нь говийн бүсийн газрын доорх цэнгэг усны орд ихтэй төдийгүй гол горхи, булаг шанд олонтой, уурхайн ашиглалтын талбайгаас Хөвдийн гол гурав, Хуршуутын гол долоо орчим км зайтай байгаа нь ус чандмань эрдэнэ гэдгийг өдрөөс өдөрт, улам гашуунаар ойлгож буй говь нутгийнхны “Саусгоби коэл транс”-ыг эсэргүүцэх том бөгөөд зүй ёсны шалтгаан билээ.