Хаашаа л харна байшин, засмал зам, зогсоо зайгүй сүлжих машин, пургисан шороотой орчинд хийц муутай явган сандал талласхийн суугаад, өлгийтэй хүүхдээ хайрын харцаар ширтэх аав, эсвэл ээжийг харахад “Улаанбаатар хот маань ногоон байгууламж гэх юмгүй болж дээ” гэсэн бодол хэнд ч төрнө. Нийслэлдээ байнга оршин суудаг нь дөжирчихсөн. Харин гадаадаас ирэх ах, дүүс, найз нөхөд эхэн үедээ ханиаж, найтаан сүйд болж, “Шороо тоос их, агаар хуурай юм” гэнэ.
Өвөл нь утаа, дулаан цагт шороо, тоосон дундаа сааралтсан ийм л хотод аж төрөн сууна, бид. Одоогоос 30-35 жилийн өмнө Улаанбаатар цэвэр, цэмцгэр бөгөөд гудамж ногоон байсан юм. Тухайн үеийн дунд сургуулийн сурагчид анги ангиараа ээлжилж зүлэг хамгаалах эргүүлд гардаг байв. “Ах аа, эгч ээ, зүлгэн дээр бүү гишгээрэй. Явган хүний замаар яваарай, гарцаар гараарай” гэж уриалгахан хэлж, зам чиглүүлж өгдөг байлаа. Хүүхэд шиг нь хөөрхөн багачууд ургамал, ногоо хайрлахыг өдөр бүр сануулаад, шаардаад байхаар томчууд хүлээн авч, хэвшил, зуршил болгоно. Хүүхэд багачууд ч ногоон зүлгийг хайрлаж ургуулах сэтгэлгээтэй болж өсөн өндийж байв. 1990- ээд оноос өмнө тийм л байлаа.
Харин түүнээс хойш мод, бут, зүлэг ногоо хайрлахтай манатай болсон. Иргэдийн зарим нь дадсан заншлаараа зүлэг гишгэхгүй гэж тойрч явдаг хэвээрээ ч олонх нь зам товчилж тэг дундуур нь таваргаж эхэлсэн. Төр, засаг, хотын удирдлага ч нийслэлийн ногоон байгууламжийг арчлахад зориулж хөрөнгө мөнгө төсөвлөхөө больсноор гудамжны мод, сөөг сахал үсэндээ баригдсан хүн шиг үзэмжгүй байсан он жил олон. Социализмын үед Улаанбаатарын өнгө үзэмжийн төлөө 1000 ажилчинтай трест ажиллуулдаг байжээ.
Гэтэл 1995-2013 онд нийслэлийн ногоон байгууламжийг арчилж, тордоход зориулж хотын “парламент” нэг ч төгрөг шийдээгүй. Энэ хугацаанд нийслэл шороо тоостой хот болж гүйцсэн бөгөөд ердөө саяхан буюу 2013 оноос хотын ногоон байгууламжийг өөд нь татахад зориулж хөрөнгө төсөвлөж эхэлсэн юм. Өдгөө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ногоон байгууламж хариуцсан гурав, ландшафтын нэг мэргэжилтэн ажиллаж, нийслэлийн ИТХ-аас төсөвлөсөн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, хотоо үзэмжтэй, шороо тоос багатай, хүчилтөрөгч арвинтай байлгахын төлөө зургаан дүүргийн 114 цэцэрлэгчийн хамт хүчин зүтгэж байгаа аж.
Нийслэлийн ногоон байгууламжийг нийтийн эзэмшлийн буюу олон нийтийн мэдлийн, хязгаарлагдмал хэрэгцээний буюу хувь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хашаанд байдаг, мөн тусгай хэрэгцээний хэмээн гурав ангилдаг. Ажил хариуцсан мэргэжилтнүүд, хий гэснийг гүйцэтгэдэг цэцэрлэгчдийн зэрэгцээ их хотын иргэдийн сэтгэл, ухамсар, санаачилга, оролцооноос хот ногоон байх, эсэх нь ихээхэн хамаарах аж.
Нийслэлд бас нэгэн асуудал үе үе босож ирдэг нь нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авлаа гэх хэрнээ тодорхой хугацааны дараа буюу мартагнуулж байгаад барилга, байшин барьчихсан тохиолдол цөөнгүй.
Цаашид энэ мэт, нийт иргэдийн эрх ашгийн эсрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх хэмээн найдахын зэрэгцээ улсын нийслэл Улаанбаатар дэлхийн бусад гоё хотын адил ногоон байлгахын тулд ажил хариуцдаг дөрвөн мэргэжилтэн, зургаан дүүрэгт хүрэхтэй, үгүйтэй ажилладаг 114 цэцэрлэгчид л л бус нийтээрээ зүтгэхийг уриалъя. Нийслэлийн сая орчим иргэн амьдарч буй хот, орчныхоо тав, тухын төлөө санаа тавьж, боломжтой бүхнийг хийх сэн.
Р.ОЮУНЖАРГАЛ
ИНФОГРАФИК
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Улаанбаатарынхан ус, агаараасаа холдсоор байна
Улаанбаатар хотод буга, согоо бэлчин, мод, бут алаглаж байсан хэмээх яриа одоо түүх мэт сонсогддог болсон нь харамсалтай. Гэхдээ энэ бүхэн нэг л өдөр үгүй болчихсон хэрэг биш. Хотын ногоон байгууламжийг өдөр өдрөөр “хэмлэж”, сүүлдээ улаан цагаандаа гарч, хэдхэн хоногийн өмнө л хүүхдээ салхилуулж байсан талбайг маргааш нь хашаад, ухаж эхэлдэг болсон. Уг нь хотын үе үеийн удирдлага “Тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цогцолбор, цэцэрлэг барина” хэмээн амлаж ирсэн ч нэг л мэдэхэд өнөөх газарт нь сүрлэг байшин дүнхийх нь хэвийн үзэгдэл мэт болов. Улаанбаатарын ногоон байгууламж хэрхэн “нүд үзүүрлэгдэж” буйг зах зухаас нь дурдъя.
Баруун дөрвөн замаас Тээврийн дээд сургууль хүртэлх авто замын дундуур цагтаа томоохон цэцэрлэг байсныг гэрчлэх хүн олон. Гэтэл одоо тус талбайд худалдааны төв, авто засвар, угаалга, шатахуун түгээх станц зэрэг үйлчилгээний газрууд бий болжээ. “Гранд плаза” худалдааны төвийн урд байрлах 69 дүгээр байрны оршин суугч С.Ганбат “Манайх энд нүүж ирээд 15 жил боллоо. Уг худалдааны төвүүд баригдаагүй байхад хүүхдүүд тоглох талбайтай, хөгшчүүд салхилах газартай байж. Харин одоо зам өргөсөж, байшин барилгууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна” гэлээ.
Баянгол дүүргийн XX хороо, “Барс-2” захын баруун талд “Хархорин цэцэрлэг” гэх сүржин нэртэй газар бий. Тус цэцэрлэгийг 10- аад жилийн өмнө дүүргийн тухайн үеийн ЗДТГ-ынхан чадлаараа тохижуулсан. Мод, бут суулган, усан оргилуур ч барив. Гэтэл 5-6 жилийн өмнө Засаг дарга нь солигдсоноор “цэцэглэж” байсан хүрээлэн балгас болж хувирав. Цэцэрлэг гэх нэртэй хоосон хашаанд өдгөө хүн байдаг, үгүй нь мэдэгдэхгүй нэг гэр, усан оргилуур байсныг батлах хэдэн төмөр, олон жил хуримтлагдсан шарилж, иргэдийн тарьсан хог л үлджээ. “Тарьсан хэдэн мод, бут нь хэрэндээ л цэцэглэдэг ч анхаардаг хүнгүй байсаар одоо үндсэндээ дууссан. Ингэж байгаад газарт нь барилга барьчих вий дээ. Цэцэрлэг хэвээр нь үлдээгээсэй” гэж 50 эргэм насны эрэгтэй хэлэв.
Хүний гараар байгуулсан энэ мэт ногоон байгууламжаас гадна байгалийн “цэцэрлэг” болсон мод, бутыг ч манайхан “үзэж чадахаа больсон” гэхэд хилсдэхгүй. Их тэнгэрийн амны зүүн хойд талд “Зүүн баян рефайнери” компани байшин бариад эхэлчихсэн. 2008 онд аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрх авсан тус компани Туул гол дагуух бургасыг огтолж, эрэг рүү нь шороо асган тэгшилж, усны ундаргыг хаагаад удлаа. Холбогдох албаныхан шаардлага тавихаар “Туул гол дагуух барилгуудыг бүгдийг нь нураачих, тэгвэл бид ч бас буулгая” гээд хэнэг ч үгүй ажлаа үргэлжлүүлдэг гэнэ. 2017 оны зургадугаар сард БОАЖ-ын сайдын тушаалаар газар эзэмших эрхийг нь цуцалсан ч “том толгойтой” тус компанийнхан нийслэлийн 1.5 сая иргэний ундны усанд “заналхийлж”, зургаан га талбай сэндийчин, гол усны амин судас болсон бургас тайрсныхаа төлбөрт 10-аадхан сая төгрөг төлсөн аж. Ийнхүү бага багаар хэмлэсээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд бургас байсан газарт барьсан барилга нь хоёр давхар болжээ. Харин нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сард тус компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасны дагуу барилгын ажил өдгөө зогсжээ. Хэдий үйл ажиллагаа нь зогссон ч сүйдсэн газар, бургас нөхөн төлжихгүй нь нүдэнд илхэн харагдана. Хүний гараар бүтээсэн болон байгалийн үзэмжит ногоон байгууламжийг ийнхүү шат дараалан сүйтгэсээр Улаанбаатарын иргэд амьсгалах агаар, уух уснаасаа өдөр өдрөөр холдсоор байна.
Ж.УРАНМАНДАЛ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.СҮХБАТ: Иргэд, аж ахуйн нэгж бүрийн оролцоо чухал
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцсан гурван мэргэжилтний нэг Б.Сүхбаттай ярилцлаа.
-Нийслэлийн ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгнө үү. Ойрын ирээдүй ямар байх бол?
-Захирагчийн ажлын албанаас жил бүр ногоон байгууламжийг арчлах, хамгаалах, үе шаттайгаар нэмэгдүүлэх ажил төлөвлөж хийдэг. Нийтийн эзэмшлийн 98.3 га талбайн 50.4 га-гийн арчилгааг Хот тохижилтын газар буюу орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хариуцаж байгаа. Үлдсэн 49 хувийг нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд арчилдаг.
Нийслэлд хэд хэдэн байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байна. Өнгөрсөн жил газар чөлөөлөх байдлаар хүчингүй болгосон долоон байршилд цэцэрлэгт хүрээлэн барих зураг төсөл хийж байгаа. Төмөр замын удирдах газартай хамтарч галт тэрэгний төв буудлын арын цэцэрлэгт хүрээлэнг сэргээн байгуулах гэж байна.
БНСУ-ын “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд Дамбадаржаад 45 га талбайд “Монгол, Солонгосын найрамдал” цэцэрлэгтэй болно. Мөн Захирагчийн ажлын албанаас ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд орхигдоод байгаа тусгай болон хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламждаа батлагдсан төсвийн хүрээнд төлөвлөлтүүд хийгээд байна.
Жишээ нь, 2017 оноос Улаанбаатар хотоор дайран өнгөрч байгаа Төмөр замын хамгаалалтын зурваст нийт 26 км газарт ногоон байгууламж бий болгосон. Энэ нь хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж юм. Оршуулгын газруудыг ойжуулах төслүүд хэрэгжүүлж байгаа. Маахуур толгой, Алтан-Өлгий, Даландавхар гэсэн гурван байршилд 11 га газрыг ойжуулахаар мод тарьж эхэлсэн. Орон сууцнуудын дунд ойн төгөл гэж жил бүр тодорхой хэмжээнд байгуулж ирсэн. 2017 онд зургаа, 2018 онд 12 байршилд хийсэн бол энэ жил зургаан дүүрэгт 32 байршилд байгуулах юм.
-Ногоон байгууламжийн арчилгаа их чухал. Мод тариад мартчихдаг хүмүүс энэ талаар тэр бүр ойлгодоггүй ч гэдэг.
-Тийм ээ. Мэргэжлийн бус хүмүүс мод тарьсан л бол боллоо гэдэг буруу ойлголттой байдаг. Модыг шохойдох, ургамлын хортонтой тэмцэх, хэлбэржүүлэх гээд арчилгааны 25 ажилбар байдаг. Энэ бүхнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв хийж байна уу, мод, бутад бордоо зэрэг арчилгааны материалууд нь хүрч байна уу, ургалт, өсөлт, хөгжилт нь хэвийн үү гээд суурь судалгаа, стандарт байх шаардлагатай.
Тийм учраас манайх 2016-2020 онд олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандарт хэрэгжүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Хот тохижилтын газарт орон тооны 135 хүн ажилладгийн 114 нь цэцэрлэгч. Энэ тооны цэцэрлэгч 98 га талбайд ажиллаж барах уу, олон улсын стандартаар энэ тоо хэд байх ёстой юм, хүн хүч, тарьц, суулгацын нөөц, модны төрөл зүйл ямар байх вэ гэх зэргийг дээрх стандартаар зохицуулдаг болбол үр дүн дорхноо гарах байх.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2010, 2011 онд баталсан ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн 18 стандарт байдаг. Ер нь стандарт таван жил хүчин төгөлдөр байдаг. Үүнээс хойш дахин таван жил сунгадаг. Тэгэхээр 2021 оноос ногоон байгууламжийн бүх стандартыг тодорхой хэмжээнд шинэчлэх шаардлагатай болно.
Үүнийг угтуулж өнгөрсөн жил таван стандарт боловсрууллаа. Энэ жил мөн тавыг боловсруулна гэж төлөвлөсөн. Өнөөдөр арчилгаанд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор нэн тэргүүнд шаардлагатай стандартуудыг эрдмийн зөвлөл, мэргэжилтнүүдтэй ярилцаж байгаад чухал гэснийг нь эрэмбэлэх маягаар гаргаж байгаа. Одоогоор шилмүүст болон навчит модыг шилжүүлэн суулгах, мод, бут хэлбэржүүлэх зэрэг гурван стандарт батлагдсан.
-Анзаарч байхад гудамжинд ургасан модыг хайр найргүй тайрах юм. Болдог юм уу?
-Хэлбэржүүлнэ гэдэг нь хотын өнгө үзэмж, ургамал хамгааллын асуудлыг давхар шийдэж байгаа хэрэг. Зөв хэлбэржүүлэх нь олон талын ач холбогдолтой. Стандарт байхгүй учраас хүн бүр өөр өөрийнхөөрөө тайрдаг. Хожуул болтол, өөрөөр хэлбэл, буруу тайрсан хүмүүст акт тогтооно, хариуцлага тооцно гэхээр “Энэ мод ургана. Үхсэн гэдгийг та нар юугаар нотлох юм бэ, та нарт баримталж байгаа стандарт байна уу” гэдэг. ISO 9001 стандарт хэрэгжүүлснээр энэ мэт зөрчил, үл ойлголцол гарахгүй.
-Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтний тоо арай цөөн юм биш үү?
-Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн боловсрол, экологийн мэдлэг, аж ахуйн нэгжийн оролцоо чухал. Улсынхаа нийслэлийг ногоон болгох сэтгэлтэй, хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж бүр бидний ажлыг дэмжиж, дор бүрнээ оролцоогоо нэмэгдүүлээд ирвэл хамтдаа их хүч болно.
-Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ бага гэдэг. Хэд байдаг юм бэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишгээс 6-8 дахин бага буюу 3.16 ам метр байна.
Р.ЖАРГАЛ
ДЭЛХИЙН ЖИШИГ
Канадад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 50 ам метр
Канад улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг. Тэнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 50 ам метрт хүргэх тухай хууль эрх баригчид нь өнгөрсөн оны тавдугаар сард баталжээ. Тус улс ногоон байгууламжийн стандартаа дөрвөн жил тутамд шинэчлэхдээ хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он хүртэл бууруулах урт хугацааны зорилттойгоо нийцүүлдэг аж. Тус улсынхны мөрдөж буй цэцэрлэгт хүрээлэн байгуулах стандартад 1000 иргэн тутамд 2.75 га талбай ногдохоор тусгасан байна. Ийм байгууламжид хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн болон дугуйн зам, ширээ сандал, хогийн сав, дасгал хийх тоног төхөөрөмж, цэцгийн мандал зэргийг заавал байрлуулах шаардлагатай аж. Тарих мод, бутаа сонгохдоо агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилготойгоо уялдуулахаа мартах ёсгүй.
Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод 1000 га талбайг цэцэрлэгжүүлэх төслийн хүрээнд сүүлийн 10 жилд иргэдээс газрыг нь худалдан авч, орон сууц барих болсон. Ингэхдээ нэг хотхоны 30-аас доошгүй хувь нь ногоон байгууламж, үлдсэн нь барилга, автомашины зогсоол байхаар хуульчилжээ. Тус хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ нь найман ам метр аж.
Аль ч оронд ногоон байгууламж бий болгохдоо чанар, хүртээмж, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг харгалзаж үздэг. Тарьсан мод нь тоосны харшил үүсгэхгүй, хөрсний бүтэц, шинж чанарт тохирох, эсэхэд ч анхаарал хандуулдаг юм байна. Аж ахуйн нэгж бүр гаднах талбайгаа хариуцаж, “ногооруулах” нь манайхаас бусад улс орны хувьд энгийн үзэгдэл аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхан нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хамгийн багадаа есөн ам метр байх ёстой гэж зөвлөдөг бол Монголд ердөө 3.16 байна. Түүнчлэн манай улсад 18 стандарт мөрдөж байгаагаас 11-ийг нь 2011 онд баталж, түүнээс хойш нэг ч удаа шинэчлээгүй гэнэ.
Г.БАЯСГАЛАН
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Нийслэлийн ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Р.АЗЗАЯА (Сонгинохайрхан дүүргийн XX хорооны иргэн):
-Би хоёр нялх хүүхэдтэй. Хүүхдээ салхилуулах олигтой газар манай хотод алга. Байрны гадаах талбайд машинууд чихээд зогсчихдог. Эсвэл шороо тоос босох гээд асуудал их. Хотоо ногооруулах нэрээр өчнөөн улиас тарих юм. Түүнийх нь унгарил Улаанбаатараар тархах нь төвөгтэй. Үүнээс болж хүүхдүүд минь нялхаасаа харшилтай болчих вий гэж санаа зовдог.
Аргаа бараад долоо хоногт нэг удаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж, салхилуулдаг юм. Гэсэн ч зарим үед тэнд олон хүн цуглаад, зах шиг болчихно. Уг нь хотхон бүрт, ядаж дүүрэгт нэг цэцэрлэгт хүрээлэн байгуулах сан.
Ж.МЯГМАРДОРЖ (Хан-Уул дүүргийн III хорооны иргэн):
-Улаанбаатарт ногоон байгууламж гээд нэрлэчих зүйл ховор. Байгаа жаахныг нь арчилдаг хүн алга. Зай завсар бүрт барилга байшин барьсаар зүлэг, мод тарих талбайгүй болчихож.
Хамгийн түрүүнд ногоон байгууламжийн стандартаа баталмаар байна. Стандарт бий бол мөрдүүлье. Орон сууцны хороолол барьчихаад нэг жижигхэн буланд нь зөөлөвч дэвсээд хэдхэн тоглоом суурилуулдаг. Түүнийгээ хорооллын ногоон байгууламж гээд байна шүү дээ.
Л.БААТАРХҮҮ (Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн):
-Агаар, орчны бохирдол ихтэй манай хотод цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж ус, агаар шиг хэрэгтэй. Ядаж дүүрэг бүрт нэг томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулъя. Нөгөөтээгүүр, хувийн хөрөнгөөр мод, зүлэг тарьж, цэцэрлэг байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудыг урамшуулах нь зүйтэй болов уу. Тэгэхгүй бол төр дангаараа хотоо ногооруулж дөнгөхгүй.
Д.АМАР (Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн):
-Цэцэрлэгт хүрээлэн байгуулна гээд хэсэг газрыг жилийн жилд л ухаж, тоос шороо босгох юм. Эцсийн дүндээ хийсэн ажилгүй, эвдэрсэн газар л үлддэг. Бас одоо байгаа мод, зүлгээ ер арчлахгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл, амралтын хүрээлэнг өргөжүүлэх ёстой. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгийн багагүй хувийг ногоон байгууламждаа зарцуулъя.