УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаагаар улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх тухай МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийг өглөө ил гаргаж, үдэш Удирдах зөвлөл нь хүчингүй болгосон. Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг нь 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхгүй гэсэн үг. Сонгууль дөхсөн энэ үед нэр дэвших эрхгүй болгохоос илүү шийтгэл гэж юу байх билээ. Тэр тусмаа өмнөх сонгуульд өнгөлж УИХ-ын гишүүн болсон, ирэх жил өрсөлдөх өндөр магадлалтай хүмүүст ийм шийтгэл хүнд тусах нь аргагүй. Ер нь энэ шийдвэр их олон хүнийг айлгаагүй ч аягүйтүүлсэн нь ил. Энэ нь ч эрх баригч намын даргын зорилго байсан болов уу. У.Хүрэлсүхийн айлгах тактик амжилттай хэрэгжсэн хэрэг.
Эрүүгийн хуульд “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно” гэх заалт оруулж, гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон гэх үндэслэлээр Ш.Раднаасэдийг буруутгасан бол Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио тинто”-гийн удирдлагад хүргүүлснийхээ төлөө Д.Дамба-Очир баалуулж байгаа. УИХ бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Хоёр жилийн өмнө баталж, мөрдөж буй Эрүүгийн хуульд алдаа, хийдэл байгаа бол тэр нь нэг биш, нийт гишүүнд хамаатай. Өнөөх заалтыг Ш.Раднаасэд сэдэж, сэм шургуулсан байлаа чиг тус хуулийг тэр ганцаараа батлаагүй.
Өмнөх парламентын үед Сонгуулийн тухай хуулийг нэгтгэн батлахдаа “Ээлжит сонгуулийн жил гарснаас хойш Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэх заалтыг аваад хаячихсаныг санаж байгаа бол ийм алдааг давтах учиргүй. Тухайн үед Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан А.Бакей л баахан баалуулсан. “Элдэв санаа агуулаагүй ээ, ердөө л тэр заалтыг мартчихсан байна лээ” гэх маягийн тайлбар нь олон хүний эгдүүцлийг хүргэж байсан ч байнгын хорооны дарга руу байдгаараа дайрах зүйл биш л дээ. Тэр тусмаа дээрх үндэслэлээр Ш.Раднаасэдийг “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаас чөлөөл” гэж хаа байсан намын байгууллагаас лүндэн буулгах ёсгүй. Байнгын хорооны даргыг байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилдог. Д.Дамба-Очирын хувьд хуулиар хориглосон, эсвэл улсын нууцад хамаарах мэдээллийг гадаадынханд өгөөгүй юм билээ.
Ийм тохиолдолд УИХ-ын гишүүд эгдүүцэх нь аргагүй. Сүрдүүлж байгаа мэт санагдсан биз. Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт арга хэмжээ авсан тухай мэдээлэл түгж эхэлмэгц УИХ дахь олонхын бүлгийнхэн яарч сандран, ямар хариу үйлдэл үзүүлснийг санаж байгаа биз дээ. Хэлсэн үгнийхээ төлөө ч хариуцлага хүлээхгүйгээр хуулийн хамгаалалтад орсон хүмүүсийг “Улс орны эрх ашигт харшилсан алдаа гаргасан” гэсэн тодотголтойгоор яллах нь яавч байж болшгүй зүйл. Үүгээр хэн нэгнийг хамгаалж, өмгөөлөх гэсэн юм биш. Гагцхүү яагаад ийм тодорхой зүйл дээр МАН-ын Хяналтын ерөнхий хороо яаран шийдвэр гаргах болов. МАН-ын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн болон намын удирдах албан тушаалд сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж, дүгнэлт гаргах эрхтэй Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн хугацаанд чиг үүргээ хангалттай хэрэгжүүлсэн үү.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих ёстой жилийн гурван хувийн хүүтэй зээлийг ойр дотнынхон болоод өөрийнхөө компанид тэрбум тэрбумаар нь авчихсан гишүүдэд ямар хариуцлага тооцсон бэ. Ядаж л тэдэнд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэх талаар хөндсөн бил үү. Сая хоёр гишүүнд холбогдуулан шийдвэр гаргахдаа “Төрийн мэдээлэлд ойр байдлаа далимдуулан ЖДҮХС-гаас зээл авч ашигласан гэх нэр бүхий гишүүдийн үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулж, шийдвэрлүүлэх ажлыг түргэтгэж, тэдний сахилга, ёс зүйн тодорхойлолтыг Хяналтын ерөнхий хороонд 2019 оны зургадугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргад үүрэг болгов” гэж дурдахаас хэтэрсэнгүй. Манай түшээд түмнийхээ чихнээс хонх уяж дуусах биш, их, бага хэмжээгээр шүүмжлэлд өртөх гишүүд мундахгүй. Татвар төлөгчдийн мөнгийг татан төвлөрүүлсэн банк нь дампуурчихаад байхад эзэн гэгддэг гишүүн нь эмзэглэх нь бүү хэл, надад хамаагүй гэх маягийн юм ярихыг Хяналтын ерөнхий хорооныхон харсан л байдаг байгаа даа. Өнөөх хоёр гишүүнийг яллахдаа банкны эзэн, эмэгтэй гишүүний хариуцлагын асуудлыг лав хөндөөгүй юм билээ. Энэ мэтээр хариуцлагын асуудлыг хөндөж болох олон “хэрэг” тарьсаар атал Хяналтын ерөнхий хорооныхон хаа хамаагүй асуудалд хутгалдахын учир юу вэ.
Юутай ч УИХ дахь Ардын намынхан үүнийг эсэргүүцсэн. Гэхдээ айдастай үлдлээ. Нэг л өдөр өөрт нь ийм “ял” тулгахад гайхах хэрэггүйг ойлгосон. Бүлгээрээ нийлээд эсэргүүцэж болох ч даргынхаа өөдөөс дангаараа арсалдах цаг биш болсныг ухаарсан биз.
АН-д ч ийм л байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн бүлгийнхээ эсрэг байр суурь илэрхийлснийхээ төлөө Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нар шийтгүүлсэн. Мөн л нэр дэвших эрхээ хасуулж, хөөгдсөн. Үүнээс өмнө С.Баярцогтыг ч “яллаж”, хөөсөн. Харин гурван жилээр эрхээ хасуулсан Д.Мурат гишүүний ногдуулсан “ял”-аа удирдлага нь саяхан цуцалсан сурагтай. Хүмүүжсэн гэж үзсэн хэрэг үү, ёстой бүү мэд. АН-ын хувьд хяналтын байгууллага нь Үндсэн дүрмийн хороо бөгөөд гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлага, санхүү болон дүрмийн биелэлтэд хяналт тавих дэд хороод ажилладаг. АН, МАН-ын аль алинаас харж болох эл үзэгдэл нам, төрийн ажилд хэдийн хутгалдсаны илрэл. УИХ-д үнэмлэхүй олонх болж, шийдвэр гаргах бүхий л түвшинд хяналтаа тогтоосон МАН-ынхны өнгөн дээр энэ байдал улам даамжирч байх шиг.
Амьдрал, албан тушаалынхаа оргилыг УИХ гэж төсөөлж, мөрөөддөг хүн олон бололтой юм билээ. Тийм хүмүүс өдийд хэдийн бүтэн нойртой хонохоо больсон байгаа. З.Баянсэлэнгийг л баалаад л байдаг болохоос УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэдэг чинь ёстой “алаан” байхгүй юу. Юутай ч эхлээд өрсөлдөх тойрогтой болох ёстой. Тиймээс намын удирдлагатайгаа найртай сайхан харилцахгүй бол горьгүй. Өдийд өрсөлдөх тойрогтой болохыг мөрөөдсөн хүмүүсийн өч төчнөөн хүсэлтэд МАН, АН-ын дарга дарагдчихсан суугаа. Эхнээсээ тойргийг нь өгч, “өмчлүүлээд” ч явж байгаа юм билээ. Гэтэл УИХ-ын суудлын тоо 76-хан.
Тиймээс ч тойрог хуваарилах эрх мэдэл атгаж суугаа дарга нар айлгах тактик ашиглаж буй биз. “Аятайхан байгаарай, тойрог өгөхгүй шүү” гэсэн сүрдүүлэг шүү дээ, угтаа. Тойрогтой болох гэж мөнгөө бариад л ирдэг гэнэ лээ. АН гэхэд л сонгуульд өрсөлдөх хүсэлтэй хүмүүсээсээ шуудхан дэнчин авчихдаг. Өнгөрсөн сонгуулийн үеэр хэдэн зуун саяд хүрч байсан дэнчингийн хэмжээ энэ удаа өсөх нь ч ойлгомжтой. Олонд ил зарлаж дэнчин нэрээр мөнгө авдаг ч далдуур олон янзаар мөнгө авч байж сая нэг юм тойрогтой болгох, эсэхээ шийддэг. Ийм ширүүн өрсөлдөөнөөс сонгож, шилэхийн тулд айлгах тактик хэрэглэхээс ч аргагүй мэт санагдана. Дахиад хэдэн ч хүнд “ял” тулгаж мэднэ шүү, аятайхан л байгаарай, таминь ээ.