УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль “мэс заслын орон” дээр дахиад “хэвтлээ”. Энэ удаа хоёр ч томоохон “мэс засал” хийж, эд эрхтэн болсон зүйл, заалтыг нь сольж, хольж, нэмж, хасахаар хууль тогтоогчид төлөвлөжээ. Өнөөгийн парламент уг хуульд хоёр, гурав дахиа гар хүрч буй нь энэ.
Өнгөрсөн онд хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгөх, гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй үг хэлбэл сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, хуралдаанд оролцсон гишүүдийн ирцийг сар бүр олон нийтэд мэдээлэх гэх мэтийн дориун өөрчлөлт оруулсан бол энэ удаагийнх нэлээд чих халууцуулах шинжтэй болоод явчихлаа.
ГИШҮҮДЭД САХИЛГА, ХАРИУЦЛАГА ХЭРЭГТЭЙ Ч ДЭГЛЭЛТ ХЭРЭГГҮЙ
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр төслийг УИХ хэлэлцэж байна. Эхнийх нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй гишүүдийн нэрээр оволож буй.
Уг төсөлд шинээр бүрдсэн УИХ хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэхээ анхны ээлжит чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэх, анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад нь удирдах, шинээр сонгогдсон гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох, анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд даргыг сонгох журмыг УИХ-ын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах, хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр хэлэлцэх гэсэн заалт бий.
Мөн УИХ-ын дарга хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл болон бусад баримт бичгийг нэгдсэн хуралдаанд мэдээлэх, УИХ-ын Тамгын газар өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бусад баримт бичгийг өргөн мэдүүлмэгц нь УИХ-ын гишүүдэд тараах, өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх, эсэхийг зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх, байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зүйл, хэсгийн заалт бүрээр хэлэлцэх, төслийг байнгын хороогоор хэлэлцүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх, иргэн, хуулийн этгээдээс тухайн төсөлтэй холбогдуулан УИХ-д хандаж ирүүлсэн саналыг хуралдаанд танилцуулах зохицуулалт тусгасан.
Энэ олон өөрчлөлт нь Монголын парламентад тулгараад буй асуудлыг шийдэхэд ямар ч үүрэггүй, угаа саа олон удаа өөрчлөлт орж, шүүрэн шанага шиг олон цоорхой, түмэн нөхөөстэй болсон хуулийг дээрдүүлэх бус, улам дордуулах нь гэсэн шүүмжлэл УИХ-аас ч, иргэдээс ч гарч буй. УИХ-ын даргын тамга ширээний баруун, зүүн талд байх, гишүүний босож, суухыг заах, цаашлаад ийм үг хэлж болно, тиймийг болохгүй гэх нь дэвшил биш дэглэлт болно гэж буй нь ч аргагүй юм.
Сонгогдсон хүмүүс нь муу, сайн хэлэгдсээр нэр хүндийг нь унагачихсан болохоос УИХ-ын гишүүн гэдэг бол төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэг бүхий төрийн өндөр албан тушаалтан. Энэ үүргээ хэрэгжүүл хэмээн тэдэнд хуулиар бүрэн эрх олгосон. Асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах нь гишүүний онцгой бүрэн эрх.
Гэтэл үг хэлэх, санал бод лоо илэрхийлэх, асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах эрхийг нь хасах заалт уг төсөлд яваа. “Хэлэлцэж буй асуудалтай холбоогүй санал гаргаж болохгүй” гэсэн нь байж болохоор ч юм шиг сонсогдож буй ч “Хэлэлцэж буй асуудалтай холбоотой, үгүйг хэн тогтоох вэ” гэдэг талаас нь харвал яавч зөвтгөж боломгүй заалт. Олонх нь цөөнхөө, хүчтэй нь хүчгүйгээ “барьж идэх” явдал манай парламентад цөөнгүй гардаг шүү дээ. Үүнийг энэ заалт өөгшүүлнэ.
Анхаарал татаж буй өөр нэг зүйл нь УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдааны үеэр асуулт тавьж, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх тухай зохицуулалт. Уг заалтад УИХ-ын гишүүд тун шүүмжлэлтэй хандаж буй. Хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллаж явахдаа санал хэлэх захиалгаа яаж өгөх вэ. Ямар нэг байдлаар интернэт, сүлжээгүй газар ажиллаж байгаад чуулганы хуралдаанд суутал санал хэлэх нэрсэд бүртгүүлээгүй байна гээд хэлэлцүүлэгт оролцуулахгүй бол яах вэ гээд бодолцох зүйл бишгүй.
Бас босож үг хэлснээр УИХ-ын гишүүний хариуцлага хэрхэн нэмэгдэх вэ, худлаа хэлэхээ болих уу, камер харж “попрох” нь багасах уу гэх мэтийн асуулт ч энэ төслөөс ургаж буй. Гишүүн байна уу, өөр хэн нэгэн байна уу, хүнийг дэглэх нь зөв зүйл биш. Харин Х.Нямбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөл дэггүй гишүүдийг дэглэх гэж нэлээд оролджээ.
Гэтэл бодит байдал дээр гишүүдийг босож индэрт очиж үг хэл, юу ярих гэж байгаагаа урьдчилж мэдүүлээд үг хэлэх эрх авч, дараалалд бүртгүүл гэх мэтийн ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй заалтаас илүү гишүүдийн боловсруулж буй хуулийн төслийг чанаржуулах, бодлого, тооцоогүй популист хууль батлуулахыг нь хязгаарлах, шүүн тунгааж хэлэлцэх процессыг илүү боловсронгуй бол гох хэрэгцээ манай парламентад байгаа билээ. Уг төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжээгүй бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийдэх юм.
ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫН ӨМНӨХ ТОМ АЛХАМ НЬ ДЭГИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөр нэг төслийг Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хүрээнд парламентаар хэлэлцэж байна. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулаад дууссан. Өргөн барихад бэлэн. Одоо яаж өргөн барьж, хэрхэн хэлэлцэхийг шийдэх хэрэгтэй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны нэр бүхий гишүүд яаж хэлэлцэхийг нь тодорхой болгохоор ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэх дэгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулах төсөл санаачлан, боловсруулсан. Үүнийг баталчихвал маш том алхам болно. Яаж өргөн барих нь ажлын хэсгийнхнээс шалтгаална” гэж эх сурвалж хэлсэн.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийг тодорхой болгоход чиглэсэн төслийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар санаачлан боловсруулсан. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг зохицуулдаг боловч УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, байнгын хороогоор хэлэлцэх дараалал, байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэргийг тусгайлан зохицуулсан заалт байхгүй.
Үүнээс болж үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсвэл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл бий болж болзошгүй. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, агуулгыг шинэчлэх үүднээс энэхүү төслийг боловсруулсан” гэж хууль санаачлагчид хэлж буй.
...Гишүүдийг босож индэрт очиж үг хэл, юу ярих гэж байгаагаа урьдчилж мэдүүлээд үг хэлэх эрх авч, дараалалд бүртгүүл гэх мэтийн ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй заалтаас илүү гишүүдийн боловсруулж буй хуулийн төслийг чанаржуулах, бодлого, тооцоогүй популист хууль батлуулахыг нь хязгаарлах, шүүн тунгааж хэлэлцэх процессыг илүү боловсронгуй болгох хэрэгцээ манай парламентад байгаа билээ...
Төсөлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх журам болон ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам бүхий бүлэг шинээр нэмж, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, байнгын хороо төслийн талаар санал, дүгнэлт гаргах хүрээ хязгаарыг хязгаарлах зэрэг хэд хэдэн нарийвчилсан зохицуулалт тусгаад буй.
Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна” гэсэн амлалтаа хэрэгжүүлэх асуудал тулгамдаад буй энэ үед эрх баригчид уг төслийг олонхоороо хүч түрж, саадгүй батлах биз. Ингэвэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд 22 дахь өөрчлөлт орох юм.
УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын, дэд, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл болон бусад тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон харилцааг зохицуулах үүрэгтэй уг хууль 2007 оны аравдугаар сард батлагдсанаасаа хойш 12 жилийн хугацаанд 21 удаа их, бага “засвар”-т орж, “Дээрддэггүй Дэгийн хууль” гэдэг хоч зүүгээд байгаа билээ.