Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга хүнд, зарим хэсэг нь сурах бичигтэйгээ нийцээгүй, сургалтын төлөвлөгөөнд ижил хугацаагаар заах ёстой хичээлүүдийн цаг тэнгэр, газар шиг зөрүүтэй. Сурах бичгийн залгамж холбоо муу, сэдвийн давхцал ихтэй, дээр нь тоймгүй алдаатай, ойлгомжгүй, сонирхолгүй дасгал, даалгаваруудтай номуудыг шинэчлэл нэрийн доор өчнөөнөөр нь хэвлэх болсныг бид мэдээлсэн билээ.
Энэ бүхэн хүүхдүүдийн бие даан ажиллах, хичээлээ гүнзгийрүүлэн судлах, суралцах, хөгжих боломжийг хязгаарлаж, багш, сурагчийг тамлахаас хэтрээгүй. Хэн дуртай нь боловсролын салбарт “гар дүрж”, хүүхдүүдээр шоуддаг боллоо. Сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчилнэ гэдэг хэн нэгэн улстөрч, намын сонгуулийн шоу, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх хэрэгсэл байх ёсгүйг онцлон тэмдэглэе.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Сурах бичгүүдийг шинэчлээд дууссан. Тиймээс 2019-2020 оны хичээлийн жилд нэг ч сурах бичиг шинээр зохиож, хэвлэхгүй. Цөм хөтөлбөрийн агуулгад өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Зарим хичээл цагтаа багтахгүй байна. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй сэдвүүдийг хасна” гэж мэдэгдсэн. Гэтэл түүний эл амлалт зүгээр л нэг гал унтраах төдий, хий хоосон зүйл байжээ. Учир нь багш, сурагчид одоо үзэж буй хичээлүүдийнхээ доороос “өндийж” чадахгүй байхад дахин нэг сурах бичиг мэндлэх гээд “дуншиж” байна, цаана чинь.
“БЭЛЭГ”
Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэний ёс зүйн боловсрол (нэрийг эцсийн байдлаар тогтоогүй) гэх хичээлийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж, заавал сонгон судлах тушаал гаргасан тухай олж мэдлээ. Ерөнхий сайдын өгсөн энэ үүрэг, чиглэлийн дагуу БСШУСЯ болон харьяа агентлагууд нь үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж буй бололтой. Дээрх хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, сурах бичиг зохиох багийн хүмүүсийг томилсон байна.
Яамныхан “их” сайдынхаа гэнэтийн шийдвэрт “хөл” алдсан уу, багийн гишүүдийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр бүрдүүлжээ. Түүгээр ч зогсохгүй ажлын хэсэгт сурах бичгийн эх зохиох, хянах, хэвлэх, түгээх ажлыг хариуцдаг Боловсролын хүрээлэнгээс нэг ч хүн оруулаагүй аж. Уг нь тус хүрээлэнгийнхэн сурах бичиг зохиогчдыг нээлттэй сонгон шалгаруулж, ном эзэндээ хүртэлх бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ирсэн.
Тэд иргэний ёс зүйн боловсрол хичээлийн хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох ажлаас “гадуурхагдсан” ч үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу ажлын хэсгийнхэнтэй уулзах саналаа Ё.Баатарбилэг сайдад тавьснаар өнгөрсөн долоо хоногт “ширүүн” хурал болов. Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн уулзалтыг ерөнхийд нь чиглүүлж, Ерөнхий сайдын хүүхдүүдэд барьсан “бэлэг”-ний талаар авч хэлэлцэв.
Ардын багш Ш.Чоймаа иргэний ёс зүйн боловсрол хичээлийн хөтөлбөрийг гардан боловсруулсан аж. Хөтөлбөрийг хэлэлцэх, сайжруулах, сурах бичиг зохиох багт МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Ч.Баттулга, “Эдмон” группийн ерөнхий захирал Р.Энхбат тэргүүтэй салбарын судлаач, эрдэмтэд, ерөнхий боловсролын сургуулийн багш нар багтжээ.
П.Лхагвасүрэн “Цөм хөтөлбөрийн агуулгыг шинжилж дуусаад, сайжруулсан хувилбараа энэ сарын 14-нд сайдад танилцуулсан. Уг ажил үндсэндээ цэгцэрсэн. Гэтэл иргэний ёс зүйн боловсрол хичээлийг долоо хоногт хоёр цагаар оруулах тухай бидэнд дуулгалаа. Хөтөлбөрийн агуулга нь бусад хичээлтэй давхцах вий гэсэндээ ажлын хэсгийнхэнтэй уулзах санал тавьсан. Нэг ёсондоо сурах бичгийг хэвлэсний дараа асуудал үүсэхээс сэргийлж байна” гэв.
ЗЭМЛЭЛ
Ш.Чоймаа багш “дээрээс” өгсөн үүрэг, чиглэлийн дагуу боловсруулсан хөтөлбөрөө танилцуулав. Тэрбээр “Иргэний ёс зүйн боловсролын хичээлийн агуулга ийм байх ёстой гэсэн заавар надад өгсөн. Энэ хичээлээр хүүхэд мэндэлж сурахаас эхлээд сайн сурагч болох, төрийг дээдлэх, багшийг баярлуулах, эцэг, эх, ахмад хүнийг хүндлэх, үгийг нь сонсох, бусдаас уучлалт хүсэх, уучлах, тэмдэглэлт өдрүүдийн зан үйлийн учир шалтгааныг танин мэдэх тухай заана.
Мөн монголчуудын бэлгэдэл, түүний мөн чанарыг ойлгох, нүүдлийн болон мал аж ахуйн соёлыг танин мэдэх, амьдралдаа хэрэгжүүлэх, өвлөх, хамгаалах, бэрхшээлийг даван туулах, удам судраа мэдэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, уужим, агуу ухаантай болох зэргийг тусга хэмээсэн. Соёлын биет өвийг танин мэдүүлэх, нойр, зүүдний мөн чанар, монгол хүний ёс жудаг, мөс чанарыг ухах, шүтэн барилдлага, уул, усаа тахих ёс, гүн үзлийг ухааруулах тухай ч байсан. Зарим зүйлийг нэг доор бөөнөөр нь оруулсан, олон дахин давтсан байсныг өөрчилтөл БСШУСЯ-ныхан дээрх агуулгын дагуу хөтөлбөрөө боловсруул гэж “зэмлэсэн”.
Тиймээс эл сурах бичиг Үндсэн хуульд заасанчлан “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн зарчмаар зохиогдох юм” гэж ярив.
Ажлын хэсгийнхэн 2019-2020 оны хичээлийн жилд I-V ангийнхны сурах бичгийг зохиож, ирэх намар сурагчдын гар дээр тавих хэцүүхэн даалгавартай. Дунд ахлах, ангийнхны номыг дараа жил зохиох аж. МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Ч.Баттулга “Сүүлийн үед хүмүүсийн мөс чанар доройтож, харгис хэрцгий гэмт хэргүүд гарах боллоо. Хүмүүжил гэдэг зүйл үндсэндээ орхигдож. Энэ байдлыг засах ёстой нь маргаангүй.
Гэхдээ сүүлийн 30-аад жил боловсролын бодлого тогтворгүй, хөтөлбөр, төлөвлөгөө нь улс төрийн сонгуулийн дараа өөрчлөгдөж ирлээ. Үндсэн судлагдахуунд оруулах гээд байгаа иргэний ёс зүйн боловсрол хичээлийн гол зорилго, үзэл баримтлал нь юу байх вэ гэдэг чухал” гэсэн бол “Эдмон” группийн ерөнхий захирал Р.Энхбат хэн нэгэн сайд, даргын тушаал, зарлигаар сурах бичиг зохиох гэж буйг шүүмжилсэн.
Тэрбээр “2010 онд Ц.Элбэгдорж иргэний боловсрол гэдэг хичээлийг бүх ангид оруул гэж зарлигдсан. Намынх нь хүмүүс хичээлийн хөтөлбөрийг нь боловсруулж, сурах бичгийг зохиох үүрэг авсан ч чадахаа байгаад дундаас нь хаясан. Өөр хүмүүс түүнийг нь шинэчилнэ гэж самарсан даа. Үг, үсэг, найруулга, логикийн бөөн алдаатай ном гарсан учир манайхан шүүхэд гомдол гаргаж, шинэчлэхийг шаардсан. Эцэст нь шүүхээс эл хичээлийн номыг дахин зохиох шийдвэр гаргасан ч БСШУСЯ төсөвгүй гээд хуучныгаа ашиглаж ирэв.
Ахлах, дунд ангид энэ хичээлийг бүр заахаа ч больсон. Одоо Ерөнхий сайдын тушаалаар иргэний боловсрол гэх хичээл байхгүй болно гэсэн үг. Агуулгыг нь 100 хувь шинэчилж, шинэ ном зохио гэсэн. Гэтэл хэн боловсруулсан нь мэдэгдэхгүй агуулга тулгаад, үүний дагуу сурах бичиг зохио гэж байна. Өмнө нь ч ийм л байсан. Ямар ч зохион байгуулалтгүй. Үүнээс болж сурах бичгийн хөтөлбөр, агуулга давхацдаг, хоорондоо уялддаггүй. Хөтөлбөрийг нь засаж, сайжруулах гэхээр зөвшөөрдөггүй. Энэ маягаараа ажиллавал I-V ангийнхны иргэний ес зүйн боловсрол хичээлийн сурах бичгийг ирэх намар бэлэн болгож амжихгүй. Ийм богино хугацаанд төгс хөтөлбөр гаргах хэцүү” хэмээн өгүүлэв.
“БИ, ЧИ, БИД, МАНАЙ АНГИ, ГЭР БҮЛ, МОНГОЛ УЛС, НЭГ ДЭЛХИЙ”
Сурах бичиг зохиогчдын багийн гишүүдийн ажлыг “уяж” байгаа хүмүүс нь БСШУСЯ-ныхан гэх. Тэдний хэлснээр “явбал” иргэний ёс зүйн боловсрол хичээлийн сурах бичиг ёс суртахууны тайлбар толь болж хувирах аж. Хүүхдүүдэд ёс зүйн боловсрол олгох шаардлага тулгарсан нь үнэн. Гэхдээ хичээлийн хөтөлбөрийг нарийн боловсруулж, “час” хийсэн сурах бичигтэй болох л чухал. Гэвч төр төвхнүүлэгчид социализм ханхлуулсан нөгөөх л хуучны нэр томьёо, үзэл баримтлалаасаа салж хагацаж чадахгүй байгаа нь жинхэнэ хоцрогдол
юм. “Би, чи, бид, манай анги, гэр бүл, Монгол Улс, нэг дэлхий” гэсэн үзлээр энэ хичээлийг заах хэрэгтэй. Хүн насанд хүрнэ гэдэг зөвхөн бие өсөж томрохыг хэлэхгүй. Өөрийн гэсэн бодолтой, түүгээрээ асуудалд ханддаг, шийдвэрлэхийг зорих ёстой. Ингэж төлөвшсөн хүн өөрийгөө болон үр хүүхэд, гэр бүл, аж ахуйгаа авч явна. Түүгээр дамжуулан энэ улсын тусгаар тогтнол хангагдах учиртай. Гэтэл өнөөдөр монголчууд өөрийн амьдралаа бусдаар шийдүүлдэг.
Доржийг муу хүн гэвэл нийтээрээ чичилдэг. Мөнгөтэй нь мөнгөгүйгээ, хүчтэй нь хүчгүйгээ л дарладаг болсон. Энэ нийгмийг өөрчилье гэвэл улстөрчдийн хийрхлээс боловсролын салбарыг ангид байлгах ёстой. Иргэний ёс зүйн боловсролын хичээлээр ядаж л хүний үнэр, мөн чанар, мөс чанарын ялгааг хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй” гэж Р.Энхбат захирал саналаа нэмэрлэв.
Боловсролын хүрээлэнг төлөөлж, тус газрын Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч А.Энхтогтох дээрх хичээлийн агуулгыг дүгнэв. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр хүүхдийг танин мэдэхүй, нийгэмшихүй, бие бялдрын хувьд хөгжүүлэхэд анхаарах гэсэн гурван үндсэн үзэл баримтлалд тулгуурладаг. Бага ангид гэхэд 6-9 хичээл үзэж байна. Тэдгээрт дээрх хичээлийн агуулгын ихэнхийг нь тусгачихсан.
Тухайлбал, мэндлэх, хүндлэх ёс, байгаль эхээ хайрлан хамгаалах, угийн бичгийн тухай, уламжлалт баяруудын талаар монгол хэл, хүн ба орчин, хүн ба нийгэм гэсэн хичээлээр заадаг. Сурах бичигт байдаг нөгөө л зүйлсийг шинэ хичээл хэмээж, долоо хоногт хоёр цаг үзнэ гэвэл асуудал үүсэхээр байна. Сургалтын хөтөлбөр өөрчлөгдсөн. Дан ганц мэдлэг бус, ур чадвар эзэмшүүлэх, асуудал шийдвэрлэх чадварт сургахыг оролдож буй. Монгол уламжлал, ёс заншлаа шингээж болох ч даяарших, дангаарших асуудлыг хэрхэн ялгаж, салгах вэ.
Бид багш, сурагчдын ачааллыг бууруулах, сургалтын хөтөлбөрийн агуулгыг хөнгөвчлөх гэж аль болох хичээж байхад дахиад л нэг хичээл нэмчихлээ. Үүний үр дүнд сургалтын төлөвлөгөөний 10 хувьд тусгагдсан хичээлээс гадуурх үйл ажиллагааны цаг үгүй болно. Сургуулийн бие даасан байдлыг хангах, хүүхэд хөгжүүлэх цаг байхгүй болсноор бид боловсролын талаарх үзэл баримтлал, зорилгоосоо ухарч байна” гэв.
ЯЛГАА
“Монсудар” хэвлэлийн газрын Сургалтын хэрэглэгдэхүүний редакцын эрхлэгч Г.Ариунцэцэг уг хичээлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийжээ. Заах арга зүйн чиглэлээр гурван улсад мэргэжил дээшлүүлсэн учир хөтөлбөр боловсруулах ажилд гар бие оролцож буй тэрбээр “Сүүлийн 14 хоногт дөрвөн өөр агуулгыг судаллаа. Энэ хичээлийн хөтөлбөрийн 90 гаруй хувь нь ёс заншил болчихож. Өнөөдөр дэлхий нийтэд хүүхдүүдэд тохиромжтой цагт оновчтой үйлдэл хийж, өөрөө шийдвэр гаргах тухай ойлголтыг зааж байна.
Гэтэл манайд зөв хүн болох, ахмад хүний үгийг сонсох, үгнээс нь бүү гар гэж сургадаг. Хүний үгийг сонсох, дагахаасаа урьтаж бодох шаардлагатай болсон цаг үед бид амьдарч байна. Таны хүү, охиныг муу хүмүүс чихрээр хуураад хулгайлж байна шүү дээ. Тиймээс хүүхдэдээ үгүй гэж хэлж сургах цаг болсон. Худлаа ярьж болохгүй л гэнэ. Үнэнийг нь хэлчихвэл цаад хүн нь үхэх болбол яах вэ. Нөхцөлд байдалд тохируулж, сонголт хийх, шийдвэр гаргах, өөрийн гэсэн үзэл бодолтой иргэн төлөвшүүлэх нь энэ хичээлийн зорилго байх ёстой. Тухайлбал, бага ангид өөрийгөө нээх, бусдыг таних, орчноо мэдрэх, дунд ангид үнэлж, дүгнэх чадварт сургах, ахлах ангид нь иргэний оролцоо тал руу нь илүү хөгжүүлмээр байна” гэлээ.
Олон улсын жишигт сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгыг ерөнхий боловсролын сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачид эхэлж боловсруулаад сайд, дарга нараараа хянуулсны дараа хэвлүүлдэг. Харин манайд энэ нь эсрэгээрээ явдаг. Дээр өгүүлсэнчлэн иргэний ёс зүйн боловсрол хичээлийн агуулгыг өөрчлөхгүйгээр, Ерөнхий сайдын “шидэт дохиур”-аар сурах бичиг хэвлэлээ гэхэд сонгуулийн дараа Засгийн газар “унавал”, зохиогчдын баг тарах нь тодорхой. Хариуцлагыг хэн хүлээх вэ. Улстөрчдийн хийрхэл, сонгуулийн мөрийн хөтөлбөр биелүүлэх гэсэн “хурган” дарга нарын хөлд хүүхдүүд хохирч, сургуулиуд нь ашиглахгүй болсон номоор дүүрч, хогийн сав болсоор л байх уу.