“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” хөтөлбөрийг Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 193 дугаар тогтоолоор батлагдсан.
2018 онд эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас нилээд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Тухайлбал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэх”, “Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох” зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоог 2018 онд нэвтрүүлж, цалинг нэмэгдүүлээд байна. Мөн төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох Засгийн газрын тогтоолуудыг шинэчлэн, хэрэгжүүлж эхлээд байна.
Салбарын түвшинд Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааны чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх тухай сайдын албан даалгаварун хэрэгжилтийг хангаж, Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарыг зохион байгуулсан.
Салбарын ажилтнуудын нийгмийн хамгааллын чиглэлээр өнөөгийн түвшинд хүрсэн эерэг үр дүнг хадгалах, цаашид илүү сайжруулахад энэхүү хөтөлбөр чиглэгдэж байгаа болно.
“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” хөтөлбөр нь чадварлаг эрүүл мэндийн хүний нөөцийг бүрдүүлэх, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд эрүүл мэндийн ажилтны:
- Ажлын орчин нөхцлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах;
- Ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх;
- Бодит орлого, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх;
- Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулахад орон нутгийн засаг захиргааны байгууллага, ТББ, үйлдвэрчний эвлэл, олон улсын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн 4 зорилтыг дэвшүүлж, 2019-2023 онд 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Өмнө нь “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр”-ийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан 2010-2014 онд хэрэгжүүлсэн. Анх удаа үндэсний хөтөлбөр Засгийн газрын тогтоолоор батлагдан хэрэгжихээр болж байна. Үндэсний хөтөлбөр учраас Монгол улсад ажиллаж байгаа нийт эрүүл мэндийн ажилтанд хамаарна. Үүнд эрүүл мэндийн салбараас гадна батлан хамгаалах, хууль сахиулах, төмөр зам, боловсрол зэрэг бусад салбарт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд багтана. Түүнчлэн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас гадна хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг жишиг болгон хэрэгжүүлнэ.
Хөтөлбөр хэрэгжиж, эрүүл мэндийн ажилтнуудын ур чадварын тасралтгүй хөгжил, нийгмийн хамгаалал сайжирснаар тэдний хөдөлмөрийн бүтээмж, сэтгэл ханамж дээшилж, тогтвор суурьшилтай ажиллах, улмаар хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, Монгол Улсын эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн бодлого, зорилт хэрэгжихэд эерэг үр нөлөөтэй гэж үзэж байна.