“...Верона хотын
хүндэт гэр бүлийнхэн
Удмын өс хонзонгоо цусаар будав.
Тэрслэгч овгуудын үрс
хоорондоо дурласан ч
Уй гашуудлын үр тарьж,
удам угсаагаа үгүй хийв.
Чулуу дэрлэсэн
хүүхдүүдийнх нь тавилан
Чуулсан гэр бүлүүдийн хонзонг эцэслэх эхлэл болсон түүхтэй...”
Дэлхийн утга зохиолын ноён оргил У.Шекспирийн “Ромео, Жульетта” зохиолоос сэдэвлэсэн балет, дуурь, жүжиг, уран сайхны кино олон. Манай улсад анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэн найруулагч Хүүхэд залуучуудын театрт эл жүжгийг тавьж, Ромеод жүжигчин У.Готов, Жульетта Б.Энхтуяа нар тоглосон юм. Үүнээс 30 жилийн дараа Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж УДЭТ-ын тайзнаа эл жүжгийг шинэчлэн дэглэж, жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, И.Одончимэг, Г.Урнаа нар гол дүрийг бүтээсэн. Хамгийн сүүлд 2015 онд Төрийн шагналт Н.Наранбаатар УДЭТ-ын урын санд “Ромео, Жульетта” жүжгийг орчин үеийн тавилттай найруулж, залуу жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нарыг үзэгчдэд таниулсан билээ. Түүнчлэн уг зохиолыг хөгжимт жүжиг хэлбэрээр “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан 2013 онд олны хүртээл болгосон бол балетмейстер Х.Гансүрэн 2001 онд ДБЭТ-ын тайзнаа неоклассик маягаар үзэгчдэд хүргэж байлаа. Харин өнгөрсөн баасан, бямба гарагт “Их эзэн хааны театр”-ынхан “Ромео, Жульетта” сонгодог бүжгэн жүжгийг олонд толилуулав.
“Их эзэн хааны театр” өнөө жилийн уран бүтээлийн нээлтээ “Ромео, Жульетта” балетаар эхлүүлсэн нь энэ. Монголын тайзнаа балет хэлбэрээр тавиагүй байсан эл уран бүтээл балетмейстер Д.Дашлхагвын найруулгаар үзэгчдэд хүрсэн юм. Тэрбээр эл уран бүтээлийнхээ тухай “Бид сонгодог хэлбэрээр, бүрэн хэмжээний бүжгэн жүжиг хүргэлээ. Гурван жил гаруй судалж, бэлтгэж байж хүргэхээр шийдсэн. “Ромео, Жульетта”-г сонгосон нь дараах шалтгаантай. Нэгдүгээрт, манай урын санд У.Шекспирийн зохиол “амилдаггүй”, С.С.Прокофьевийн хөгжим эгшиглэдэггүй гэсэн яриа байдаг. Дэлхийд алдартай сонгодог урлагийн театрууд урын сандаа С.С.Прокофьевийн бүтээлийг заавал багтаадаг. Бид юугаар дутна гэж. Нөгөөтээгүүр, үзэгчид балетыг өөр өнцгөөс үзээсэй гэж хүссэн. “Бүх зүйл хувьсдаг ч хайр л өөрчлөгддөггүй” гэдэг. Тэр нандин гэгээн зүйлийг магтан дуулах гэсэн юм” хэмээсэн.
Монтекики, Капулеттийнхны тулаанаар эл балет эхлэв. Тайз, хувцас нь эрхгүй сонирхол татсан. Учир нь тайз засалч Л.Мягмархүү үзэгчдийг XV зууны Италийн Верона хотоор аялуулахаар хичээсэн нь илт. Ялангуяа тухайн үеийн италичуудын өмсөж, эдэлж байсан хувцсыг түүхэн судалгаанд тулгуурлан бүтээж, Веронагийн цэнгэлдэх хүрээлэн, Жульеттагийн ор, сүмийн бунхныг бодитой мэт урлажээ. Жүжигчдийн хувцас загвар, нүүр хувиргалт сонирхолтой байлаа. Улаан, цагаан, хар өнгийг онцлон сонгосон нь үнэнч шударга, эр зориг, эрх мэдэл, атаа хорсол, өс хонзон, хайр сэтгэлийг илэрхийлэх гэснийх биз.
Жүжгийн гол дүр Жульеттад Гавьяат жүжигчин О.Анужин, Ромеод гоцлооч А.Эрдэнэболд бүжиглэв. ДБЭТ-ын өнөө цагийн шилдэг гоцлоочид гэдгээ тэд эл уран бүтээлээр дахин харуулсан юм. Эмэгтэй гоцлоочдын хүслэн болсон дүрд тоглосондоо баяртай байгаагаа О.Анужин хэлсэн. 14 нас хүрэх Жульетта бол өсвөр нас болон том хүн болох ээдрээт зааг дахь дүр. Харин Ромео хайр сэтгэлийн талаар багагүй туршлагатай, бага зэрэг хөнгөн явдалтай нэгэн. “Тиймээс ч У.Шекспир насны нэг мөчлөгөөс нөгөө рүү алхаж буй Жульеттадаа зовлон зүдгүүр, хатуу хөтүүг үүрүүлснээр амьдралын мөн чанарыг дүрээрээ дамжуулан бэлгэдсэн” гэж театр судлаач Тим Зингер бичсэн байдаг. Уг дүрээс гэнэн томоогүй байдал, хүүхэд зан, цэвэр ариуны бэлгэдэл харагдана. Жульеттагийн баллоте, баллоне зэрэг жижиг хөнгөн үсрэлт, хөдөлгөөнүүд нь гэнэн хонгор зан, төрх, хайраар гийсэн сэтгэлийнх нь баяр баяслыг ирэлхийлж байлаа. Энэ хэсэг үзэгчдийн сэтгэлийг их гэгэлзүүлсэн гэхэд болно. Найруулагч бүжгийг дэглэхдээ сэтгэл хөдлөлийг биеийн хөдөлгөөнөөр маш нарийн үзүүлсэн нь үзэгчдийг гайхшируулсан. “Ромео, Жульетта” балетын оргил хэсэг болох па де де буюу Ромео, Жульетта хоёрын хослол бүжиг яг л мөрөөдөл шиг. Хайранд умбасан хүмүүс яг л тэдэн шиг нэгэндээ уусдаг байх.
Ромеогийн өмнөөс Меркуцио Тибальдитай тулалдаж, амь үрэгдэнэ. Харин Ромео найзынхаа өшөөг Тибальдиар тайлав. Уран бүтээлчдийн шандас шалгасан уг балетын бас нэг сонирхолтой үзэгдэл энэ байлаа. Эрэлхэг тулаан, өш хонзонгийн тайлал болсон энэ хэсгийг жүжигчид маш сайн гаргав. Тайзны хөдөлгөөн, тулааны найруулагчаар У.Эрдэнэбаяр ажилласан байна. Гол дүрүүдээс дутахааргүй үнэ цэнтэй, сонирхолтой дүр болох Меркуциод Б.Төгөлдөр, Бенволиод Д.Нацагдорж, Ө.Мөнхжин нар бүжиглэсэн юм. Эр зоригтой, сэргэлэн Меркуциогийн вариаци буюу бүжигчний урыг илтгэсэн гоцлол үнэхээр чадварлаг байв. Сэтгэлт хоёрын хайрын гэрч Лоренцо ламтанд Ардын жүжигчин О.Ганбаатар, өрлөг эхэд Э.Ууганцэцэг, ноён Капулетад Х.Мөнгөнхөлөг, ихэмсэг, бардам Тибальдид А.Өлзий-Орших нар тоглосон. Балет үзэгчдийг яагаад ч хуурч чаддаггүй. Худал хөдөлгөөн хийж, дүр эсгэнэ гэж байхгүй. Яг түүн шиг уран бүтээлчид сэтгэлээсээ урган гарсан мэдрэмжээ хөглөж, биеэрээ илэрхийлж байв. Энэ нь үзэгчид бүжиг үзэх бус, дотоод сэтгэлийн нарийн нандин бүхнээ мэдрэхэд эрхгүй хүргэсэн. Түүнчлэн хүлэг баатруудын бүжиг, шашны баяр, ордны бүжиг зэргийг үзүүлсэн нь сонирхолтой байв.
Капулеттийнхан уй гашуу болж, үхсэн мэт нойрсох Жульеттаг бунханд оршуулав. Гасланд автсан Ромео түүний шарилын дэргэд амиа хорлолоо. Жульетта Ромеог үхэх тэр агшинд сэргэж, оройтсоноо мэдээд мөн л өөрийгөө егүүтгэнэ. Дурлалт хосын үхлээр хоёр удам эвлэрэх “Ромео, Жульетта” бүжгэн жүжгийн продюсероор Э.Бэхтулга, удирдаачаар Т.Гэрэлцэцэг, туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, зөвлөхөөр зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяандагва, Ардын жүжигчин П.Хаянхярваа, Гавьяат жүжигчин Т.Туул нарын урлагийн нэрт зүтгэлтэн ажиллажээ.