Зарим их, дээд сургуулийн үндсэн ангийг нэг, хоёроос илүүгүй оюутан сонгох нь энүүхэнд болжээ
Манай улс боловсон хүчний хямралд оржээ. Эдийн засагч, санхүүч, хуульч, жүжигчин, дуучин зэрэг мэргэжилтэй хүмүүсээр “хахаж” байгаа бол хөдөө аж ахуй, анагаах ухаан, хөнгөн үйлдвэрлэл, хэвлэлийн дизайнер зэрэг салбар, чиглэлд мэргэжилтэй боловсон хүчнээр ангаж цангаж байна.
Хөдөө аж ахуйн салбарт малын эмч, зоотехникч, агрономич, комбайнч мэргэжилтэй хүмүүс ус, агаар шиг хэрэгтэй байхад анагаахад хамгийн эрэлттэй нь сувилагч болсон байх жишээтэй. Мөн ноос, ноолуурын технологич инженер нүдний гэм болж. Арьс шир боловсруулах инженерийн сураг тасраад удаж буй. Нэг үеэ бодвол гутлын хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч хамгийн нарийн ажиллагаа шаарддаг арьс, шир боловсруулах хэсэгт үргэлж тасалдал үүсэж байдаг нь технологич инженер байдаггүйтэй холбоотой гэж үйлдвэрлэгчид ярьдаг.
Улсын ч, хувийн ч эмнэлгүүд сувилагчийн дутагдалтай байгаа нь энэ мэргэжлээр сургаж, төгсгөдөг сургууль нэг бус ч мэргэжлийг эзэмшсэн нь ажил хайж эмнэлгүүдийг зорих нь жил ирэх тусам ховордсоор байгаатай холбоотой. Сувилагч нар өндөр цалингаар бизнесийнхэн, улстөрчид зэрэг хувь хүмүүстэй хамтарч ажиллахыг илүүд үздэг тул тэдний байх ёстой газарт орон зай нь үгүйлэгдэх болжээ. Бэл бэнчинтэй хүмүүс сувилагчдыг өөрсдийнхөө эрүүл мэндийн “манаанд” бэлэн байлгахын зэрэгцээ өндөр настай эцэг, эх, хүнд өвчтэй ах, дүүсээ асруулдаг болсон аж. Аав, ээжтэйгээ хамт амьдардаггүй, тусгай байранд сувилагчаар үйлчлүүлээд суулгадаг нь олон болжээ. Ийм хүмүүс уг хамтын ажиллагаагаа ихэд нууцалдаг гэх.
Одоогоос зургаан жилийн өмнө хөл нь битүү идээлж, тайруулахаас наагуур болтлоо өрөвссөн танил эгч “зүрхний” хэмээх тодотголтой, олны танил эмчийн хувийн эмнэлэгт хэвтэж байхад нь таарахад сувилагчаар асруулж байгаа тухайгаа ярьсан юм. Түүнээс “Хүүхдүүд тань тантай хамт байх боломжгүй юм аа даа” гэж асуухад “Охин гадаадад сургууль төгсөж ирээд ажилд ороод удаагүй байна. Түүнийг үймүүлээд яах вэ. Европод амьдарч байгаа хүү, бэрээ дуудаж ирүүлмээргүй байна. Өвгөн бие муутай, намайг байтугай өөрийгөө яая гэж байгаа. Тийм болохоор төлбөр төлөөд мэргэжлийн хүнээр асруулж байна аа” гэсэн юм. Энэ жишиг өдгөө түгээмэл болжээ. Боломжийн амьдралтай хүмүүс сувилагчдыг сайн цалингаар ажиллуулахын буруу гэж юу байх вэ. Гагцхүү эмнэлгүүдэд дутаж буй орон зайд нь хэнийг ажиллуулах вэ, хэрхэн бэлтгэх вэ
Боловсролын салбарт дутагдаж байгаа онц чухал мэргэжил бол бага ангийн багш. Ажил нь хүнд ч цалин нь бага, нэр хүндээр тааруу, дунд ангийн багш нар шиг сурагчид, эцэг эхийн зүгээс ирэх “дэмжлэг”, “урамшуулал” гэх юм бараг үгүй тул сүүлийн жилүүдэд энэ мэргэжлээр элсэх оюутан эрс цөөрчээ. Эдүгээ бага ангийн багш дутагдалтай ерөнхий боловсролын дунд сургууль олон байгаа юм билээ.
Өнгөрсөн намар Төв аймгийн Батсүмбэр сумын хадланчдын ажил үйлсээс сурвалжилж явахад хадлангийн механикжсан бригадын ахлагч, өдгөө 58 настай Ж.Боролзой гуай өөрийгөө Монголын хамгийн сүүлчийн комбайнч байх гэж хошигнож байсан. Тэрбээр залуудаа Төв аймгийн Эрдэнэ сумын Архустын Трактор комбайны курс төгссөн бөгөөд эзэмшсэн мэргэжил нь өнөөдөр сураад олдохгүй эрдэнэ болсон гэж байлаа. Өдгөө комбайнч олдохоо байсан гэнэ.
Мөн өнгөрсөн намар хуучны Борнуурын сангийн аж ахуйд тариа хураалтын үеэр сурвалжилж явахад 50 гаруй настай, комбайнч мэргэжилтэй эр тариа бригадын ерөнхий агрономичоор ажиллаж байсан юм. Комбайнчийн ургуулсан тариа болц сайтай, “Хурдан хураагаач” гэх шиг ишин дээрээ халиурч байлаа. “Манай компанийн захирал намайг чадна, тариалчих, ургаж л таарна гэсэн юм. Насаараа тариа хураасан хүн тарьж, ургуулахыг ч гэсэн гадарлаж л байгаа. Агрономич олдохгүй юм, хайж явах зав алга, сургууль төгсөөд удаагүй нөхдөөр тоглуулж байснаас танд найдсан нь дээр” гээд тулгасан хэмээн тэрбээр ярьж суусан. Тухайн үед энэ мэдээллийн мөрөөр ХААИС-ийн багш нартай холбогдож асуухад “Агрономич мэргэжил сонгох нь эрс цөөрсөн нь үнэн” гэв. Малын эмчээр төгссөн залуус мэргэжлээрээ ажиллах гэхээс илүүтэй хурдан морины наймаачдад тариа сэлтээр үйлчилдэг “буруу гарын” хүмүүс болсон байх нь элбэг. Хурдан морь уяачдын гар хөл болж, адууны сэргээш гэж хэлэхэд хилсдэхгүй тариа, нэмэлт үйлчилгээ ийш тийш гүйлгэж явах малын эмч нарыг нэг талаар сүйхээтэй гэхээс яах вэ.
Эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдахад хямрал үүсдэгтэй адил боловсон хүчний бодлогод алдаа, завхрал гарахад үйлдвэрлэл, борлуулалт, зах зээлийн системд доголдол үүсээд хаа хаанаа ажил урагшлахгүй.
Социализмын үед аливааг төвлөрүүлэн төлөвлөдөг байсан зарчмаараа улс ардын аж ахуйг хөтлөн явуулахад ойрын ирээдүйд болоод хэтийн зорилгод хэрэгтэй мэргэжилтнүүдийг судалгаанд үндэслэн хэрэгтэй тоогоор нь бэлтгэдэг, сургадаг байлаа. Мэргэжлийн оновчгүй сонголт, шийдэл хааяа байдаг байсан ч дийлэнх нь байндаа буудаг байсан юм. Дунд сургуулийн нэг ангийн охин маань “Москва явах боллоо, Нефтийн дээд сургуульд сурч инженер болно, ирэхэд ажил олдох, үгүйг мэдэхгүй байна” гэж байсан нь саяхан мэт санагдана. Найз маань төгсөж ирснээсээ хойш ШУТИС-д багшилсан, өдгөө Монгол Улсын зөвлөх инженер. Тухайн үед манай улс нефтьтэй байгаагүй, одоо ч үйлдвэргүй л байна. Гэхдээ энэ чиглэлд буюу нефтийн бүтээгдэхүүний талбарт гадаад, улс орнуудтай худалдаа, харилцаа хэзээд байсаар байх болно хэмээн үзээд мэргэжилтэн бэлтгэхээр илгээж байсан нь алсын хараа, бодлого биш гэж үү. 1980-аад он болов уу, үгүй юү уул уурхай, автоматик, программ хангамжийн чиглэлийн мэргэжилтнүүдийг хойд хөршид олноор бэлтгэхээр явуулсан нь дэлхийн хөгжлийг амдаж гаргасан бас л ухаалаг шийдвэр байжээ.
Өнөөдөр улсын хэмжээнд боловсон хүчний бодлого алдагдаж, хямралд ороод байна гэхэд ч болохоор энэ цаг үед сайн жишээ гурав байгааг хэлэх хэрэгтэй юм. Сайнаар ч, саараар ч хэлэгддэг “Оюутолгой” компани нийслэлийн Налайх дүүрэгт дээд сургууль байгуулж, өөрт ойрын ирээдүйд шаардагдах боловсон хүчнээ бэлтгэж эхэлсэн. Мөн ШУТИС-ийн Эрдэнэт дэх салбар сургуулийг “ухаалаг” хэмээж болох юм шиг. Тус сургуульд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллуулах болон бусад мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхай даруй шаардлагатай 11 инженерийг өөрсдийн зардлаар бэлтгэсэн тухай мэдээлэл байсан. Эдгээр нь хэдийгээр төгс биш ч гэлээ боловсон хүчний боломжийн бодлого бус уу.
Өдгөө улсын ч, бай хувийн ч бай их, дээд сургуулиуд улс оронд хэрэгтэй гэхээс илүүтэй элсэгч залуусын дурласан мэргэжлээр элсүүлж, сургалтын төлбөрийг нь “хураан авч”, “хувааж тараах” бодлого баримталдаг нь илт байдаг.
Салбарын яам, дээд боловсрол хариуцсан нэгж нь энэ байдалд санаа тавьж, салбар бүрт судалгаа явуулж, үйлдвэрлэл эрхлэгсэд болон их, дээд сургуулиудтай уялдаа холбоо сайтай хамтарч ажиллан боловсон хүчнийг улсын хөгжилд тустайгаар байршуулах, “ашиглах” бодлого боловсруулах шаардлага нэн тулгамдаж байна.