Нийтлэл 75
“Үндэсний ой санамжын тухай Н.Алтанхуягт” буюу 74-р нийтлэлийг бичих зуур, уг нийтлэлтэй холбоотой эх сурвалж баримтыг эргэцүүлэх зуур, энд маш олон тайлбарлагдахгүй зүйлс байсныг олж хараад маньд айдас төрөв. Монгол улсын ерөнхий сайд нь тайван цагт, өөрийн газар ус аа Турк улсад өргөн барьж байна гэдэг нь муу ёр. Монгол улсын төрийн ноён нуруу, манай үе үеийн ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Н.Алтанхуягыг газар усаа өргөн барьчаад байхад дуугуй сууж байна гэдэг нь өөрөө муу ёр. Н.Алтанхуягыг газар ус аа Турк улсад өргөн барьчхаад ирж байхад онгоцны буудал дээр монголчууд эсэргүүцэн жагсаагүйн хамгийн гол аймшиг нь болно. Мануус газар ус аа хашиж (хамгаалж) чадахаа больсон гэдгийг билирэх болгонд айдас төрөх юм. Энэ бүхэн нь Монгол төр дотроосоо ялзарч буй хэрэг гэвэл зөөлдөнө. Хүн (өнөөгийн монгол) үндэстэн дотроосоо ялзарч буйн дохио. Үүний гол шалтгаан нь үндэсний ой санамж үгүй болж байгаатай холбогдож байна.
Өнөөгийн 3.3 сая иргэн бүгд өөр өөрийн өрх бүлд хуваагдана, бүгд өөр өөрийн гэрийн ой санамжтай, тэдэнд тэдний дундын буюу үндэсний ой санамж нь жилээс жилд агшсаар байна. Гэрийн хүмүүжил өөр нийгмийн гарал үүсэл өөр, боловсрол эзэмшсэн газар ус өөр өнөөгийн монголчуудын төлөөлөл төрийн эрхэнд гарахаар тэднийг нэгтгэх дундын буюу үндэсний ой санамж тэдэнд үгүйлэгдэж байна. Дундын буюу үндэсний ой санамжгүй тул төрийн эрхэнд гарсан тэд нарыг нэгтгэх ганц зүйл нь эдийн засгийн үзүүлэлт буюу мөнгө санхүү болоод байна. Энэ аюултай үзүүлэлтийн тухай хожим өгүүлье. Энэ удаа Норовын Алтанхуягын Турк улсад нутаг ус аа өргөн барьсан үйлийг дүгнэн цэнэх нь хүн үндэстэн бид алдагдаж буй ой санамжаа зогсоож, эргэн сэрээн бэхжүүлэх үйл болно. Н.Алтанхуягын тухай нийтлэлийг уншсан олон “илэг” нэгтнүүд маань Н.Алтанхуягын үйлийг дүгнэж огт чадахгүй байгаа нь тэдний коментаас тод харагдаж байна. Хүмүүс дургүйцлээ хараал, хараалын бус үгээр илэрхийлж байна. Аливаа нэг үйлийг дүгнэж цэнэх, мөн аливаа нэг үйлийг дүгнэж чадахгүйн улмаас бухимдал дургуйцлаа илэрхийлэх хоёр хооронд чанарын том зөрүү байна. Дүгнэж цэнэж байгаа үндэстэн уг асуудлын голыг нь олж, түүнийгээ хэмжиж чадна. Ийм үндэстэн он тоо ахисаар урьд хэмжсэн үзүүлэлтээ шинэ нөхцөл байдалтай харьцуулж дахин үнэлэлт дүгнэлт өгч чадна. Бухимдаж дургуйцсан үндэстэн юмны голыг олж харахгүйн улмаас цаг хугацааны дараа ач холбогдолыг нь мартаж гээнэ. Ийм үндэстэнд жижиг тус хүргэхэд, тэд том нүглийг мартана.
Ингээд Н.Алтанхуягт бухимдсан хүмүүсийн коментоос ганц хоёрыг үзүүлье:
-Урд нь олон жил туркын өвөг дээдсийн нутаг гэж төр нь, өөрсдөө эрдэмтэд нь ч сурталчилахаар арга байж уу дээ.
-Bish gej notlood baihad
-Ийм хүмүүс төр удирдаж байна даа
-Энэ хүн юу уншдагын бол оо? Дэндүү хөндлөн туугаад байх.
-Энэ арай хэцүү юм яриад байх юм!
- Новшийн амьтан.
Ийм коментууд хуудсанд маш олон бичигджээ. Энд юу болсныг дүгнэж цэнэсэн үр дүн алга, зөвхөн бухимдал дургүйцлаа хүмүүс илэрхийлжээ. Хамгийн гол нь үндэснийхээ хүрээнд Н.Алтанхуягын үйлд дундын нэгдсэн дүгнэлтэнд хүрэх нь чухал. Ийм чухал асуудлаар дундын дүгнэлтэнд хүрч чадаж байвал бид үндэстэн, эс чадвал харьд хураагдахад бэлэн болсон бүлэг иргэд. Харийн улс оронд ийм үйлд аргачлалтай ханддаг юм байна.
Дэлхий дахинд ийм нөхцөлд уг хүн улс төрч үү? төрийн түшээ? юу гээн эхэлж ялгадаг юм байна.
Төрийн түшээг англи толиор statesman, орос толиор государственный деятель гэнэ. Улс төрчийг англи толиор politician, орос толиор политический деятель буюу политик гэнэ. Уг хоёр ухагдахууныг дэлхий даяр хар цагаан шиг салгаж билирдэг юм байна.
“Төрийн түшээ улстөрч хоёр хоорондоо том ялгаатай. Төрийн түшээ нь дараагийн үедээ санаа тавина, улс төрч нь дараагийн сонгуульдаа санаа тавина”. James Freeman Clarke (1810-1888) америк теолог, зохиолч.
Тэгэхээр төрийн түшээ хувийн болон намын эрх ашгийн өмнө үндэстний эрх ашиг буюу улсын эрх ашгийг тавьдаг нэгэн нь болж байна.
Улс төрч нь хувийн эрх ашгийг намынхаа эрх ашгийн өмнө тавьдаг, намын эрх ашгийг үндэстнийнхээ буюу улсынхаа эрх ашгийн өмнө тавьдаг нэгэн нь болж байна.
Төрийн түшээ улс төрч хоёр асуудалд хандах өнцөг нь өөр.
Улс төрч ажлыг хэсгээс нь барьж эхэлнэ. Төрийн түшээ уг ажлын мөн чанарыг олж хардаг. Дараа нь эхлэх үгүйгээ шийддэг. Улс төрч тухайн төслийн өртгөг дээр анхаарна. Төрийн түшээ уг төслийн ач тус дээр анхаардаг. Улс төрч өөрийн тойргийн сонгогчдодоо тэдэнд юу хийсэн тухайгаа өгүүлнэ. Төрийн түшээ тойргынхоо ирээдүйг харах учир дөрвөн жилийг үргэлжилсэн амжилтын нэг хэсэг гэж харна. Төрийн түшээ үндэсний аюулгүй байдлыг бүх эдийн засгийн үзүүлэлтүүдээс дээгүүр тавина. Улс төрч эдийн засгийн үзүүлэлтийг хамгийн чухал гэж үзнэ.
Түүх сөхөхөд заагч (өнөөгийн зөвлөх) Тонуйкук Билгэ хаанд VIII зууны эхэнд ийм нэгэн чухал зүйлийг заав:
“Тан улсын цэрэг хэдийгээр олон боловч арга нь байхгүй. Хот бариад сууж, хуучин заншлаа халж, нэгэн цагт алдваас Тан улсад идэгдэх нь лавтай. Сүм дуганы зүйл нь хүмүүнийг сул дорой болгоно. Дайчин чанараар хүчтэйг шалгаруулах арга огт биш, хэрэглэж болохгүй”. (Хуучин Тан төрийн бичиг. Түрэг дээд). Түрэг төрийн үед ч гэсэн аливаа барилгажилт тав тухаас үндэсний аюулгүй байдал чухал байжээ. Аливаа шашинаас үндэсний аюулгүй байдал чухал байжээ гэдэг нь билгэ Тонуйкукын сургаалиас харагдаж байна. Энэ өдгөөгөөс 1300 жилийн өмнөх манай дээдэс аливаа барилгажилт болон шашингаас улсынхаа аюулгүй байдлыг дээгүүр тавь гээн манууст болон манай хойч үед сургаж байжээ. Энэ сургамж мануусын үндэсний ой санамжинд хураагдах ёстой. Үндэсний эрх ашиг ямар ч эдийн засаг болон шашингаас хэзээ ч дээгүүр юм байна. Шашин солигдоно үндэстэн үгүй. Үндэстэн үгүй бол бүх баригдсан зүйл эрх авсан харийханд очно.
Билгэ хаан, заагч Билгэ Тонуйкук нар өн цагийн хэллэгээр улс төрчид биш, жинхэн төрийн түшээд байжээ.
Тэгвэл манай ерөнхий сайд Н.Алтанхуяг өгүлэрүн: “ энэ шийдвэр гарснаар манай Турк улсын иргэд эцэг өвгөдийнхөө нутагт чөлөөтэй ирэх боломж нөхцөл бүрдэж байгаа”. Ийм үг төрийн түшээгийн амнаас хэзээ ч гарахгүй. Сүүлийн 2000 жилийн манай түүхэнд ийм үйл бүртгэгдээгүй. Харин улс төрч Н.Алтанхуягын амнаас энэ үг гарав. Н.Алтанхуягт мануусын нутгын эздийг олоод нутагтаа чөлөөтэй ир гээн уриалж байна. Энэ хүн, хувийн эрх ашгийг үндэсний аюулгүй байдлаас дээгүүр тавьдаг нэгэн нь байна. Одоо Н.Алтанхуягыг манай хүн үндэстний эцэг Модун шаньюгийн түүхэн үйлтэй харьцуулая.
Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл”-ийн Хүннүгий шастирт Модун шаньюгийн тухай өгүүлснийг эргэн нэг сөхөцгөөе:
“Модун эцгээ алаад ор сууж байх үед хүчирхэг Дунху (Дорно ху) түүнд элч явуулан эцэг Түмэнгийнх нь өдөрт 1000 ли (ойролцоогоор 500 км)
газрыг туулдаг хөлөг агтыг нэхэв. Модун заагуч (заагч, зөвлөхүүд) нараасаа асуухад тэд өгүлэрүн: “Өдөрт 1000 туулдаг агт Хүн илийн алдар тул тэдэнд барьж эс болно” гэв. Модун өгүлэрүн “Хунш (хөрш) Илдээ (их улс даа) ганц агт яахан харамлах билээ” гээн агтыг тэдэнд барив (өгөв). Хэсэг хугацааны даараа Дорно ху-гаас дахин элч ирж нэг янжийг (хатныг, хатан-хожим гарсан үг) нь нэхэв. Модун дахин загуч нартайгаа ярилцав. Тэд өгүлэрүн: “Дорно ху нарт ёс зүй алга тэд танаас таны янжийг нэхэж буй учир тэднийг довтольё!”. Модун өгүлэрүн: “Хунш илээсээ ганц эм харамлах гэж үү” гээн янжийг Дорно ху нарт барив..
Тэр үед Хүннү Дорно ху нарын хооронд 1000 ли (500 км) маргаанаас болоод хүн амьдархаа больсон, орхигдсон газар ус байв. Хүмүүс маргааны улмаас хоёр захаар нь амьдарч байжээ.
Дорно ху-гийн тэргүүн Хүннү рүү дахин элч явуулан уг орхигдсон газар танайхаас хол манайхаас ойр гээн Модунаас нэхэв. Модун дахин загуч нараасаа асуув. Тэдний зарим нь орхигдсон газар усыг барьж болно, зарим нь барьж эс болно гэжээ. Модун “Ер илийнхэ ул болмой. Эс барь” гэж хэлээд өгч болно гэсэн түшмэл болгоны толгойг огтлов”.
Хүн үндэстнийг ахлагч Модун шаньюгийн энэ түүх хүн үндэстний орших эс оршихын гол ой санамж. Газар ус нь улсын (илийн) ул учир хэнд ч өгч болохгүй гээн өөрийн биеэр Модун шанью үлгэр үзүүлжээ.
Манай Н.Алтанхуяг бүх хаадын хаан Модуны (Сяньби, Руру, Түрэг, Уйгур, Их монгол төрий бүх хаад Модун хаанаас доогуур жагсана) захиасыг зөрчив. Газар ус аа өнөөгийн Турк улсын ерөнхийлөгч Эрдоган Реджеп Тайип-д (тухайн үед ерөнхий сайд байсан) баяртайгаар өргөн бариад, өөртөө хүлэг агт, хайртаа авгайгаа үлдээжээ. Уг нь Н.Алтанхуяг минь өөрийнхөө үйлдвэрийг, мөн хайртай авгайгаа Эрдоганд амлаад ариг газар усандаа хир халдаахгүй буцаж ирсэн бол чи төрийн түшээ байх байлаа. Төрийн түшээндээ ч учир биш, чи ийм “баасанд” өнөөгийн монголчуудыг болон ирээдүйн монголчуудыг хутгахгүй байсан юм. Чи харийхантай өөрийн тойргын сонгогчтойгоо харьцдаг шиг харьцаж байна. Туркууд евречүүдийг ч орон байрнаас нь хөөсөн хүмүүс, Н.Алтанхуяг бид хоёрын оюун билгэ тэдний дэргэд чихрийн цаас. Н.Алтанхуяг чи ерөнхий сайд байхдаа Дунд орноос илүү урт түүхтэй хүн үндэсний ахлагч болсон гэдгээ огт ухаараагүй ажээ. Чи гэрийн ой санамжтай ерөнхий сайд ажээ.
Өнөөгийн монголчуудын том алдаа
Найз нөхөд, андуудаас сонгуульд ялж Улсын их хурлын гишүүн болохоор мануус баярлан цугларч, алд хадаг, алтан мөнгөн аяга барин “миний анд төрийн түшээ боллоо” гээн өгүүлдэг олны нэгэнд миний бие орно. Одоо өөрөөр харах болов. Хэрэв улсын их хурлын гишүүн бүр төрийн түшээ болдог юм бол Норовын Алтанхуяг яалаа? Тэгэхээр улсын их хурлын гишүүн болно гэдэг нь улс төрч болж буй хэрэг. Харин түүнд төрийн түшээ болоорой гээн ерөөх нь хувийн эрх ашгаа, улсын эрх ашгийн доор тавиарай гэсэн сургамж үг. Сайд болно гэдэг нь төрийн түшээ болно гэсэн үг огт биш. Норовын Алтанхуяг яалаа? Монгол улсын ерөнхий сайд, Ерөнхийлөгч болно гэдэг нь төрийн түшээ болно гэсэн үг огт биш. Норовын Алтанхуяг яалаа?
Бүх зүйлийн буруутан ганц Норовын Алтанхуягт байсан бол үндэсний хэмжээний уг асуудлыг тун хялбар шийдэх байлаа. Харамсалтайн тийм биш. Н.Алтанхуяг мануусын нэг. Миний олон найзууд (тэд дотор сайд, их хурлын гишүүн байсан, одоо ч ийм алба хашиж байгаа хүмүүс) “Н.Алтанхуягын шууд буруу гэвэл чанга юм биш үү”. “Би түүний оронд байсан бол яг ингэх байсан, дараа нь амаа барих байсан”. “Наад үндэсний ой санамж бид бүгдийн өнөөгийн зовлон болчоод байна гэдгийг урьд нь мэддэггүй байсан” гээн утсаар надад өгүүлнэ. Н.Алтанхуягт өөрт нь сайн чанар их байгаа. Тэр дахин намынхаа дарга болж болно, дахин ерөнхий сайд болж болно, Монгол улсын ерөнхийлөгч болж болно. Харин тэр төрийн түшээ болж чадах болов уу?
Улс төрчид энэ дэлхийд маш олон, яагаад гэвэл улс төрч болж болдог, Төрийн түшээд энэ дэлхийд маш ховор, яагаад гэвэл “өөрийгөө эвдэлж” чадсан нь төрийн түшээ болдог. Улс төрч олдмол албан тушаал, Төрийн түшээ нь амьдралын дуудлага.
Норовын Алтанхуягын “турк явдал” нь манууст маш их эрсдэлээр наалдсан түүхэн сургамж. Дахин “алтанхуягтахгүйн” тулд хойч үеийн улс төрийнхэнд, есөж торних төрийн түшээдэд сургамж болох үүднээс сургалтын хөтөлбөрт “турк явдал”-г оруулах ёстой. Арван жилийн дараа, тавин жилийн дараа, зуу, гурван зуу, мянган жилийн дараа ийм үйл дахин давтуулахгүйн төлөө үндэсний ой санамжиндаа “турк явдал”-г хураах ёстой. Өнөөгийн түүхийг мануус бичихгүй, дараа үе мануусын түүхийг бичнэ. Ийм л жамтай.
Аливаа үндэстний соён гэгээрэл нь тухайн үндэстэн үндэсний хэмжээний үйлийг дундын ухагдахуунаар дүгнэж цэнэж байгаагаар тодорхойлогдоно. Дүгнэж цэгнэж байгаа ухагдахууных нь утга, агуулга өндөр болох тутам тухайн үндэстэнд бусад үндэстний сул талыг өөртөө ашиглах боломж нээгдэнэ. Ийм байсан, байгаа, байх болно. Аливаа үндэстэн үндэстнийхээ хэмжээний үйл явдлыг дундын ухагдахуунаар биш өөр өөрийн гэрийн ой санамжаар дүгнэн цэндэг бол тэр үндэстэн тун удахгүй харь үндэстний хур болно.
Жинхэн төрийн түшээ үндэстний аюулгүй байдалд хамаарах асуудлыг гурван орон зайнаас харна. Дээдсийн өнцгөөс, үр хойчсийн өнцгөөр мөн өн цагийн өнцгөөс чухал асуудалд ханддаг тул улс орондоо билгэ шийдвэр тэр гаргадаг. Улс төрч зөвхөн өнөөгийн өнцгөөс, зөвхөн эдийн засгийн үзүүлэлтийг нь харна. Улс төрч улс төрд байх хугацаагаа л харна. Өөрийх нь дараа юу болохыг улс төрчид харахыг хүсдэггүй.
Дэлхий даяр улс төрчид олон байна, байх болно. Хэрэв иргэд төрийн түшээ улс төрч хоёроо ялган салгадаг болвол, улс төрчдийн дунд төрийн түшээд олширно. Энэ бол сайн үйл.
Манай төр засгийнхан хүссэн, хүсээгүй дэлхийн том лидерүүдтэй шатар тоглож байна. Онол мэдэхгүй бол амархан пионер маданд орно. Үндэсний ой санамж байхгүй бол пионер маданд Н.Алтанхуяг шиг хялбар орно. Ийм дэлхийн лидерүүдтэй монгол улс төрч “шатар нүүж” чадахгүй гэдэг нь нотлогдов. Зөвхөн төрийн түшээ Монгол улсынхаа эрх ашгийг хашиж (хамгаалж) чадна. Хамгийн эрт ил төрөө байгуулсан мал ахуйтны хойчис бид, төр яаж барих ухааныг өмнөд хунш, хойд хуншдаа сургасан дээдсийнхээ хойчис бид хэл, түүхээ нэн хурдан сэргээх ёстой.
Монголчууд аа! Үндэсний ой санамжаа сэрээх нь үр хойчис, өвөг дээдсийнхээ өмнө хүлээж буй хамгийн чухал үүрэг болоод байна.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн