Энэ долоо хоногийн эхэнд улс төрчдийн сонгуулиар тараасан “бэлэг”-ийн үзэсгэлэнг МУИС-ийн оюутнууд гаргасан. Тэгвэл “ах нар”-ынхаа араас итгэлтэй явж байгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сонгуулийн “бэлэг тараалт”-аа аль эрт эхэлсэн тухай бид мэдээлсэн. “Төрөлх Алтай” ТББ-аараа дамжуулан БСШУСЯ-тай хамтран Алтайн хүүхдүүдээс шалгалт авахдаа Хойд Солонгосын удирдагч мэт шалгалт авч байсан өрөөний хойморт зургаа залж, хүүхдүүдийг өөрийнх нь "гэгээн" дүрийг хэдэн цагаар ширтэхээс өөр аргагүй байдалд оруулсан байсныг манай сайт шүүмжилсэн.
Гэтэл өөрийг нь сонгох Алтайн иргэддээ л таалагдах амин зорилго тавьсан дарга маань энэ үйл ажиллагаагаа зогсоох нь байтугай өргөжүүлжээ. 500 гаруй хүүхэд сүрьеэн вирус аваад, махны үнэ тэнгэрт хадаад, бензиний үнэ дийлдэхээ больж, хүүхдүүдээ хүчирхийллээс хамгаалж чадахгүй байгаа төр, намдаа итгэх ард иргэдийн итгэл шалдаа унаж байгаа энэ үед үнэмлэхүй олон болсон намын “гал тогоо”-г барьж байгаа хүн ирэх жил орох сонгуульдаа бэлдээд Алтай нутагт адуу тараагаад явж байгаа аж. Говь-Алтай аймагт 18 сум байдаг ба сум бүр 3-5 багтай. Д.Амарбаясгалан дарга баг болгонд нэг хурдан удмын азарган үрээ бэлэглэж байгаа гэхээр дунджаар 72 азарган үрээ өгсөн гэсэн үг. Таны горилж байгаа УИХ-ын сонгууль тань болоход жилээс илүү хугацаа үлдсэн тул томилогдсон ажлаа ашиглаж сонгуулийн пи араа хийхийн оронд нийт улсынхаа хөгжлийн төлөө жоохон ч гэсэн санаа тавихыг хүсье. Мөн Алтайнхан азарган үрээ хараад алгаа тосдог ард түмэн биш гэдгийг сануулъя.