Өвөрхангай аймагт ЭХ нярайн ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙн ЗАЙН ОНОШИЛГООГ ЦАГ АЛДАЛГҮЙ АВАХ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдлээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Шадар суурин төлөөлөгч А.Илиза тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 13-14-ны хооронд Арвайхээр суманд ажиллаа. Ажиллах хугацаандаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн “Эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ технологийг нутагшуулах” төслийн хүрээнд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд алсын зайн оношилгооны шууд холболтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн зөвлөгөө өгөх нэгжтэй холбогдон туршилт хийж, ашиглалтын зөвлөгөөг өглөө. Ингэснээр орон нутгийн эх нярайн яаралтай тусламжийн оношилгоо, эмчилгээний зөвлөгөөг 24 цагийн алинд ч цахимаар авах дэвшилтэт технолгийг эмч, иргэд ашиглах боломжтой болж байна.
Мөн энэхүү төслийн хүрээнд Эх барихын яаралтай тусламжийн өртөөчилсөн сургалтын танхимыг байгуулж, сургалтад ашиглагдах тоногт төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг өгч, эх барихын яаралтай тусламжийн өртөөг ашиглах сургалт зохион байгуулав. Сургалтад БОЭТ-ийн болон сумдын эх барих эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн эмч нийт 38 хүн хамрагдлаа. Сургалтын хэрэглэгдэхүүн, танхимтай болсоноор орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдлээ.
Түүнчлэн ЭМЯ-ны НЭМГ-ын НҮЭМ, өсвөр үе хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаа, болон ажлын хэсгийнхэн аймгийн өсвөр үеийн төв, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн клиник, үр хөндөлтийн кабинетийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, ажлын байранд зөвлөмжөөр хангаж ажиллалаа.