Монгол орныг зорих жуулчдын 65 хувь нь онгон дагшин, үзэсгэлэнтэй байгальд аялах зорилго өвөртөлдөг аж. БОАЖЯ-ны санаачилгаар өнгөрсөн онд хийсэн судалгаагаар ийм дүн гарчээ. Гэтэл онгон байгальд аялах хүсэлтэй жуулчдад бид “хогийн цэг” үзүүлдэг боллоо. Гол шалтгаан нь аялал жуулчлалд сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирсэн дотоодын иргэд. Горхи, Тэрэлж, Хөвсгөл, Увс нуур, Орхоны хөндий зэрэг улсын тусгай хамгаалалттай, аялал жуулчлалын гол бүс нутгууд дотоодын аялагчдын хөлөөр талхлагдаж эхлэв. Ялангуяа цэнгэг уст томоохон нуурууд бохирдож, заримынх нь усны түвшин эрс багасаж байгаа талаарх гомдол, мэдээлэл тасрахаа больсон билээ.
Туул голын эрэг гэхэд зугаалах байтугай зугтмаар бохир болсныг нийслэлчүүд хэлүүлэлтгүй мэднэ. Хөвсгөл нуур сүүлийн 4-5 жилд үүний адил буртаглагдаж байна. Жанхайн даваа, Хатгал орчимд, нуурын эрэг дагуу байрлах жуулчны бааз, гэр буудлуудын тоо хэрээс хэтэрч, Улаанбаатарын гэр хороолол шиг шавааралдсан байх жишээтэй. Дараагийн байрт нь цэнгэг уст Тэрхийн цагаан, Өгий нуур “жагсаж” явааг олон нийт хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Олны хөлөөс хол, Улаанбаатараас нэлээд зайтай Увс, Буйр нуурт очих хүний тоо ч сүүлийн үед олширч, байгалийн унаган төрх нь алдагдаж болзошгүйд санаа зовох хүн ч цөөнгүй бий. Ийн бохирдсон газруудад очсон гадаадын жуулчдын хэдийнх нь дур гутаж “Монголд дахиж ирэхгүй” гэсэн бодол тээгээд буцсан бол.
Дотоодын аялал жуулчлалаас болж байгаль орчинд хэр их хохирол учирсныг одоогоор төрийн болон төрийн бус аль ч байгууллага судалж тогтоогоогүй. Тэр ч байтугай дотоодын хэдэн иргэн хаагуур аялсныг ч бүрэн тодорхойлж чадахгүй сууна. Зуны турш, ялангуяа наадмын үеэр хөдөөгүүр аялсан иргэдийн “тарьсан” хог хаягдал, үлдээсэн ул мөрийг нь яаж арилгах вэ гэж шогшрохоос бус, дорвитой арга хэмжээ авч чадахгүй хэвээр байна.
Уг нь манай улс Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөртөө “Монгол орныхоо байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй, орон нутгийн иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна” хэмээн тусгасан. Гэтэл үүнийгээ хэрэгжүүлэх нь битгий хэл, тусгай хамгаалалттай газарт нутагт байгуулах жуулчны баазуудын тоог улам олшруулж, олны хөл хүргэхгүй хэмээн хуульчилсан онгон бүсийг нь хүртэл найр тавиад өгчихсөн жишээ ч бий. Нөгөө талаас “Би энэ улсын иргэн. Хаана ч, хүссэнээ хийж болно” хэмээн муйхарлаж, аялна гэдгийг ууж, идэх, архидах төдийхнөөр төсөөлөх хүн цөөнгүй байгаа. Хаана, хаанаа хариуцлага алдсан энэ завхралыг нэг даруй засахгүй бол гадаадын жуулчдаа “хөөж” тун удахгүй нэг сая жуулчин хүлээн авах амбиц салхинд хийсэх нь гарцаагүй. Дэлхий дахинд аялал жуулчлалын баримтлах гол зарчим нь “Ул мөрөө үлдээлгүй аялах” болсныг аль аль талдаа анхаарах цаг болжээ.
М.Оч
ИНФОГРАФИК
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.БАЯСГАЛАН: Дотоодын жуулчдын тоог гаргах боломжгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Баясгалантай ярилцлаа.
-Дотоодын аялагчдад хяналт тавих боломж бий юү?
-Монгол Улсын иргэн бүр эх орныхоо хаана ч аялж, зугаалах эрхтэй. Тухайн иргэн оршин сууж буй газраасаа өөр хот, тосгон, аймагт сурч, ажиллахаас бусад зорилгоор 24 цагаас нэг жил хүртэлх хугацаанд байсан бол аялсанд тооцдог. Ингэхээр бүх хүн жуулчин болж таарч байна. Тиймээс дотоодын аялагчдын тоог одоохондоо нарийн гаргах боломжгүй. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд жуулчны бааз, зочид буудалд буусан аялагчдын тоог татварын системээр тогтоодог. Гэтэл манайд татварын ийм бодлого алга. Нөгөөтээгүүр, аялсан хүн бүр зочид буудал, жуулчны баазад хонодоггүй. Аав, ээж, хамаатан садныдаа очиж, эсвэл жуулчны баазууд бараадаад майхан бариад хонох нь түгээмэл. Харин тусгай хамгаалалттай газрууд руу ороход хураамж авдаг. Тиймээс тухайн газруудад аялсан жуулчдын тоог гаргаж болно.
-Иргэдийг хариуцлагатай, байгаль орчныг бохирдуулахгүй аялуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Иргэдийг тухайн газар нутагт хохирол учруулахгүй, хариуцлагатай аялдаг болгохын тулд хэд хэдэн ажил хийж байна. Тухайлбал, тусгай хамгаалалттай газруудад аяллын чиглэл гаргадаг. Тусгай хамгаалалттай газрыг үзэхээр очсон жуулчид тогтсон 2-3 чиглэлээр аялна. Чиглэлийн дагуу тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, жуулчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахаас гадна аюулгүй байдлаа өөрсдөө хангах боломж бүрдэнэ. Мөн хог хаягдлын цэгүүдийг тэмдэглэгээний дагуу байрлуулж байгаа. Иргэд ч өөрсдөө уриалж, мэдээ мэдээлэл, хориглох заалтуудыг байршуулснаар сүүлийн жилүүдэд хог хаягдлын асуудал нэлээд цэгцэрч байна. Аялал жуулчлалын бүс нутгуудад хогийн цэг байрлуулж, түүнийгээ тогтмол ачуулдаг болголоо. Тухайлбал, өнгөрсөн жил Горхи, Тэрэлжид хогийн цэгүүд байршуулсан. Мөн Хөвсгөлд очсон иргэд автомашинаа нуурын эрэгт шахаж байрлуулдаг байсныг өнгөрсөн жил цэгцэлж, отоглох цэг байгуулсан. Энэ жил Орхоны хөндийд отоглох хоёр цэг байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн бид энэ жилээс анх удаа аяллын хөтөч сэтгүүл гаргахаар ажлаа эхлүүлээд байна. Хариуцлагатай аялахын тулд юуг баримтлах, хаашаа аялах боломжтой талаарх мэдээллүүдийг багтаах юм.
-Дотоодын жуулчид хаашаа хамгийн их аялдаг вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юү?
-Улаанбаатар орчимд жуулчид Цонжин болдог, Тэрэлжид голдуу төвлөрдөг. Харин зуны урт хугацааны амралтын үеэр гол, нуур, тав тухтай нөхцөл бүрдүүлсэн аяллын чиглэлийг сонирхоно. Ямар ч улсад аяллын зохион байгуулалтыг бүрдүүлдэг гол түлхүүр нь дэд бүтэц. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц хөгжсөн газруудад жуулчин олноор очдог. Сүүлийн жилүүдэд баруун, зүүн, говийн аймгуудыг зорих дотоодын жуулчдын тоо нэмэгдсэн. Мөн цахим орчин нөлөөлж буй. Хүмүүс очсон газартаа дүрс бичлэг хийн, зургаа авхуулж, цахим хуудсандаа байршуулсан нь иргэдэд таалагдвал дараа жил нь тус газар жуулчдаа дийлэхгүй болох жишээтэй.
-Тусгай хамгаалалттай газарт нэвтрэх төлбөрийг нэмэх тухай ярьж байсан. Шийдэгдсэн үү?
-Тусгай хамгаалалттай газар нутаг дахь аялал жуулчлалын үйл ажиллагааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулдаг. Уг хуулийг шинэчлэн найруулах төсөл боловсруулж байна. Одоо мөрдөж буй хуулиар Монгол Улсын иргэнээс 300, гадаадын жуулчдаас 3000 төгрөгийн хураамж авч байгаа. Хуулийг шинэчилснээр тусгай хамгаалалттай газар нутгуудад ямар менежмент хэрэгжүүлэхийг тодорхой болгох байх.
Ж.УРАНМАНДАЛ
ДЭЛХИЙН ЖИШИГ
Шри Ланкад бурхан үнссэн жуулчныг албадан гаргадаг
Улс бүрт жуулчид дагаж мөрдөх ёстой, зарим нь хачин этгээд гэмээр дүрэм, зөвлөмж үйлчилдэг. Үүнийхээ хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд шударгаар хариуцлага тооцон, өндөр торгууль ногдуулж, ял шийтгэдэг аж.
Террористуудын халдлагад саяхан өртсөн Шри Ланка улс шашиндаа ихэд хүндэтгэлтэй ханддаг. Бурхны шивээс биедээ хийлгэсэн бол үүнийгээ наран шарлагын газар ч нуух ёстой. Эс бөгөөс тус улсаас хөөгдөж, бүр хоригдож ч мэднэ. Бас бурхан руу нуруугаа харуулж, өөрөөр хэлбэл, өөрөг зураг даруулбал сүсэг бишрэлийг нь хүндэтгээгүйн төлөө ял шийтгэнэ. Бас бурхан тахил үнссэн жуулчныг албадан гаргадаг аж. Гадаадын орнуудын гудамж “нүдтэй”. Санамсаргүй унагасан цаасны төлөө Шведэд 90, Германд 20, бохь, жимс олон хоолны үлдэгдэл хаявал 35 еврогоор торгодог. Испанид автомашины цонхоор хог хаявал 200, тамхины иш шидвэл 90 еврогийн “үнэтэй”.
Ташрамд дурдахад, олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хоригийг зөрчсөн хэнбугайд ч хамгийн өндөр торгууль Саудын Арабт оноодог. Тэнд 270 мянган ам.долларын торгууль шаардаж, төлбөрийн чадваргүй бол хорьж шийтгэдэг. Европт хамгийн өндөр буюу 3000 еврогийн торгууль Ирландад авдаг бол Азид Хятадын Шанхайд 1500 орчим ам.доллар байдаг гэнэ.
Тайландад электрон тамхи болон тамхины янз бүрийн хэрэгслийг хориглодог учир ийм хэрэгсэл авч явах ч хориотой. Хэрэв танаас ийм зүйлс гарвал хууль бус наймаа хийх гэж байсан хэрэгт орж, 10 хүртэл жил хорих ял шийтгүүлнэ. Тэрчлэн тус улсад гудамж, ресторан, соёлын газар цээж нүцгэн явах, тээврийн хэрэгслээр энгэр задгай хувцастай зорчвол 10 ам.доллароор торгоно.
Грект Акрополь зэрэг түүхэн дурсгалт газруудад өндөр өсгийт гуталтай явахыг хориглодог. Ийм гутал түүх, соёлын газрыг гэмтээж болзошгүй гэнэ.
Британийн эрэг орчмын усанд орох болбол хажуугаар өнгөрсөн амьтнаас холдсон дээр. Эргээс таван км зай дотор яваа ямар ч амьтан хатан хааны өмчид тооцогддог учир тэдгээрт хүрэх хориотой. Тус улсын парламентын танхимуудад амьсгал хураахыг саяхныг хүртэл хориглодог байжээ. Бас Бразилын олон хотод ийм хориг үйлчилдэг. Энэ нь оршуулах газаргүй болсонтой холбоотой. Эл хоригийг зөрчигчийн хариуцлагыг төрөл төрөгсөд нь хүлээдэг. Ийм хоригтой Франц, Испанийн зарим хотод ч таарах гэнэ.
Италийн Венец хотын Сан-Марко талбайд тагтаа хооллохыг “хүсвэл” 600 евро төлнө. Тус хотын эрх баригчид зочдоо болон түүхэн дурсгалуудаа тагтаан бороонд даруулахыг хүсдэггүй. Харин нийслэлд нь гудамжинд гурав, дөрвүүлээ нийлж, дуу шуу болбол 500 еврогоор торгуулна. Бас гудамжинд хотдог идвэл торгуулна. Эндхийн этгээд торгуулиас дурдвал жуулчин чанаргүй бараа худалдан авбал тус улсын иргэдийн адил торгууль төлнө. Тус улсын усан оргилуурын газарт орох, Эраклеи хотын эргийн элсээр тоглож, цайз барих хориотой. Цэврээрээ алдартай Сингапурт бохийг эрс хориглосныг олон хүн мэднэ. Тус улсад явган хүний зам бохирдуулах, олон нийтийн газар тамхи татах, бие засах газар усаа татаагүй бол хатуу шийтгэл хүлээх гэнэ. Африкийн жижиг хаант улс Свазеландад тоглоомоор шүүр унаж, нисвэл хууль зөрчсөнд тооцож, 55 мянган ам.доллар төлөх шаардлагатай болно.
З.ГАЛ
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Иргэд хариуцлагатай аялж байна
Хөл хорио тогтоож, хот тойрсон ногоон бүсийг хамгаална гэхээсээ илүүтэй хариуцлагатай аяллыг хөгжүүлэх бодлого хотын удирдлага барьж буй. Харамсалтай нь, хотынхны үг, үйлдэл зөрөв. Уржигдар хотын ногоон бүсэд сурвалжилга хийж, нөхцөл байдлыг газар дээрээс нь тодруулсан билээ. Эхлээд Сэлбэ голын эхэнд очсон юм. Оны өмнөхөн Сэлбэ голын эх дэх Цохиот хад чиглэлд явган аялах зам нээсэн. Тус газарт аялж зугаалах үедээ мөрдөх тайлбар бүхий самбар байршуулж, хогийн цэг, жорлон барьсан. Тийм хэдий ч тэнд хөл хөдөлгөөн бага, тохижилт хангалтгүй байв. Мөн өчигдөр өглөө бид Богдхан ууланд очлоо. Цас орж, агаар цэвэршсэн тул өглөө эрт энд цөөнгүй аялагч ирсэн харагдав.
Зарим нь хосоороо, зарим нь ганц нэгээрээ алхаж байлаа. Тэдний нэг Ш.Батсүрэн “Сүүлийн таван жилд явган аялал эрчимтэй хөгжиж байна. Нийслэлийн иргэд эрүүл мэнддээ анхаарч их алхдаг болсон. Аялал дотроо олон янз. Спорт явган аялал, ууланд алхах, авирах гэх мэт. Үүний дотор нийтийг хамарсан, эрүүл мэндэд тустай, энгийн хүн ч явах боломжтой уулын аялал эрчимтэй хөгжиж байна. Маш олон клуб байгуулагдлаа. Энэ чиглэлийн дэлгүүрүүд ч нээгдэж эхэлсэн. Ууланд анх алхаж буй хүмүүс байгальтай зүй зохисгүй харьцаж, хог хаядаг байв. Тогтмол, олон удаа аялаад ирэхээрээ хамт явж буй хүмүүсээсээ үлгэр дуурайл авч хог хаяхаа больдог. Хог харагдвал очоод авчихдаг болдог. Нэг мод унасан бол замаас зайлуулах зэргээр өөрсдийн тав тухаа хангаж аялдаг юм. Гол нь жорлон, хогийн цэг асуудалтай. Явган аялах явцад бараг л таарахгүй. Ууланд аялахдаа модны цаана ороод бие засаж байна. Хогоо өөрсдөө гялгар уутанд хийгээд бууж ирдэг. Доошоо бууж машины зогсоол дээр ирсэн ч хогийн цэг, жорлон байхгүй” гэсэн юм.
Иргэд Богдхан уулын Төр хурах-Цэцээ гүн, Манзушир-Цэцээ гүн, Зайсан-Дугуйцагаан-Баруунширээт, Зайсан-Тэнгэр хад, Баянзүрхийн товчоо-Тэмээн хад гэсэн чиглэлд их аялдаг аж. Эдгээр газарт явган алхахад 3.5-8.5 км зам туулдаг юм. Гэтэл Зайсан-Дугуйцагаан чиглэлд ганц нэгхэн сүүдрэвч, ширээ сандлаас өөр зүйл байдаггүй. Тиймээс аялагчид түүсэн хогоо уутанд хийж гэр лүүгээ авч явахад хүрдэг. Түүнчлэн иргэд Богдхан уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан руу ч аялдаг болжээ. Баянзүрх хайрхан руу шат тавьж хэрэндээ тохижуулсан ч бас л учир дутагдалтай гэнэ. Богдхан уул руу Баруунширээт, Зүүнширээт, Ханбогд амралтын газраас хойш өгсдөг цөөн хэдэн чиглэлтэй. Бусад нь дандаа албан бус аж. Тиймээс иргэд айлын хажуугаар гарахдаа нохойноос нь айж эмээгээд л мод чулуу барьж явдаг. Сонгинохайрхан руу аялахад их зэлүүд зэрлэг нохой ихтэй юм байна. Тиймээс ганц нэгээрээ явахад хэцүү гэдгийг аялагчид хэлж байлаа. Харин Чингэлтэй хайрхан руу машинтайгаа гарчихдаг аж. Эцэст нь дурдахад хүмүүс сэтгэлтэй, хариуцлагатай аялдаг болжээ. Хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж, зөв хандлагатай болсон байна. Замд таарсан аялагчид “Аялал жуулчлалыг хариуцсан байгууллага сайн ажиллахгүй байна. Бидэнтэй гадаад хүмүүс их таардаг. Тэд тав тух хангасан эко аяллыг л хүсдэг. Гэтэл уул руу алхах замд ганц жорлон битгий хэл, наад захын хогийн сав ч алга” хэмээлээ.
Д.МЯГМАРЖАРГАЛ
БАЙР СУУРЬ
Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай аялах талаар нийслэлийн Байгаль орчны болон Аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, аялал жуулчлалын компани, судлаач, иргэдээс тодрууллаа.
Иргэд мэдээлэлтэй байх ёстой
М.АМГАЛАН (Нийслэлийн Байгаль орчны газрын экологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн):
-Нийслэлийн Байгаль орчны газар зохион байгуулалтын таван нэгж, 65 ажилтан, албан хаагчтай. Хотын нутаг дэвсгэрт байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгаль орчныг хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийслэлийн ногоон хөгжлийн бодлого төлөвлөлт, байгалийн баялгийн зүй зохистой ашиглалт, ногоон бүсийн зуслангуудын үйл ажиллагааг хянах ажлыг хариуцдаг юм. Манай газраас байгаль хамгаалагч болон морьт эргүүлүүдээр иргэд, аялагчдад заавар, зөвлөмж хүргүүлдэг. Хэдийд, зохистой аялах тухай мэдээллийг иргэдэд хүргэх үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэл, сурталчилгаа түгээхээс гадна тухайн байгалийн бүсэд тэмдэг, тэмдэглэгээ байрлуулж, зурагт хуудас, гарын авлага тараадаг. Иргэд, жуулчид хүрээлэн буй орчиндоо элгэмсэг хандах хэрэгтэй. Түүнчлэн хэт хуурайшилттай болон загасчлахыг хориглосон, хачиг буух, мал амьтан төллөх үеэр аялах нь эрсдэл дагуулдаг гэдгийг иргэдэд ойлгуулах үүднээс тухай бүрт нь зааварчилгаа, зөвлөмж гаргадаг.
Жуулчдад зориулж зөвлөмж гаргадаг
В.БАТЧИМЭГ(Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга):
-Нийслэлийн Аялал жуулчлалын газраас сүүлийн жилүүдэд “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жилд 30 оюутан сонгон сургаж, жуулчны улирлын үеэр ажиллуулдаг. Мөн зөвлөмж түгээнэ. Хамгийн сүүлд гэхэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг жуулчны бааз, аяллын компаниудад танилцуулсан. Одоо иргэд, жуулчдад хариуцлагатай, аюулгүй аялах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хөтөч, тайлбарлагчдын ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Эл сургалтыг аялал жуулчлалын салбарын эрх зүйн зохицуулалт, жуулчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, Улаанбаатар хотын түүх, соёлыг танилцуулах, явган болон автобустай аяллын арга зүй гэсэн сэдвийн хүрээнд хийлээ.
Сургалт мэдээллийн танхимтай болсон
А.ОЮУТ (Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн):
-2019 онд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Түргэний аманд байрлах Монгол, Кувейт судалгааны төвтэй хамтран танин мэдэхүй, экологийн боловсрол олгох, Богдхан уулын аяллын чиглэлүүдийг танилцуулах сургалт, мэдээллийн танхимтай болсон. Эл танхимаар дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэж байна. Манайх Зайсан-Баруунширээт, Төр хурах-Цэцээ гүн, Хүрэлтогоот-Тэмээн хад, Манзушир-Цэцээ гүн зэрэг аяллын зургаан замаар иргэд, аялагчдыг хуурайшилтын үеэс бусад тохиолдолд аялахыг зөвшөөрдөг. Дээр дурдсан аяллын замуудыг олон улсын стандартын дагуу тохижуулж, зам, сүүдрэвч, сандал, тэмдэг, тэмдэглэгээ, самбарууд байрлуулсан. Гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд хуурайшилт ихэсдэг тул ногоон бүсэд аялж зугаалах болон үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Иргэд энэ үеэр дур мэдэн аялж, өөрсдийгөө болон байгаль орчинд хор хөнөөл учруулах хандлага гаргасаар байна. Тиймээс дээр дурдсан журмыг биелүүлж, төлөвлөгөөтэй, хариуцлагатай аялахыг уриалъя.
Аялал жуулчлалын боловсрол олгох нь чухал
Д.БАТБОЛД (Аялал жуулчлалын боловсрол, хөгжил нийгэмлэгийн дэд захирал):
-Дэлхийн долоон хүн тутмын нэг нь олон улсад, дотоодын иргэдийн долоон хүн тутмын тав нь эх орноороо аялдаг гэсэн судалгаа бий. Үүнээс харахад аялал нь хүмүүсийн хэрэгцээ болж. Тэр хэрээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, түүнийг дагасан асуудлууд тулгарч байна. Тогтвортой хөгжил гэдэг бол эдийн засаг, нийгэм, байгаль орчны зохистой харьцаа. Тэгэхээр эдгээрийн аль алинд хариуцлагатай хандах хэрэгтэй. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрээр байгаль орчноо хамгаалах ёстой. Үүний тулд аялал жуулчлалын боловсролыг иргэдэд олгох хэрэгтэй. Хариуцлагатай аялна гэдэг зөвхөн хог хаяхгүй байх биш. Аялахдаа жуулчлалаар орон нутгийн иргэдэд эдийн засгийн хөшүүрэг болж, байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчдын хандлага өөрчлөгдөж, аялж сурч байна. Дахиад хэдэн жилийн дараа гэхэд зөв, зохистой аялж чаддаг болно.
Аялагчдад эко аялахыг уриалж байна
О.ДЭЛГЭРМАА (“Nomadic journeys” аялал жуулчлалын компанийн ахлах менежер):
-Манай компани байгаль орчинд ээлтэйгээр аялахыг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Аялагчдын олонх нь гадаадын жуулчид байдаг учир анх гэрээ байгуулахдаа үйлчилгээний нөхцөл, санамжуудаа танилцуулж, хэрхэн аялах талаар зааварчилгаа өгдөг юм. Хариуцлагатай, эко аяллыг дэмжих үүднээс аялагчдыг хогоо зориулалтын уутанд хийж авч явах, ариун цэврийн цаас болон хаягдлыг хээрийн нөхцөлд хаях, шатаахыг хориглодог. 2017 онд нэг жуулчны Хөвсгөлд аялахдаа хог түүж буй зураг цахим сүлжээнд нэлээд тархсан шүү дээ. Тэр жуулчин манай компанийн аялагч байсан. Аялах явцдаа хог түүж жуулчны баазад төвлөрүүлсэн хүмүүсийг урамшуулах, аяллын жолооч болон хөтөч нарт анхан шатны тусламжийн мэдлэг олгох арга хэмжээ авдаг.
Иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй
Ш.ТАМИР (Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны иргэн):
-Жилд 2-3 удаа дотооддоо аялдаг. Аялахыг хориглосон үе, эсвэл тухайн бүс нутагт хөл хорио тогтоосон, эсэхийг судалж байж аялалд гардаг. Аялагчдын ухамсар дээшилж буй нь анзаарагдаж байгаа. Гэхдээ сайны хажуугаар саар нь ч бий. Өнгөрсөн зун гэхэд л Өгий нуур руу аялах үедээ бусдын үлдээгээд явсан хогийг цэвэрлэж буй аялагчидтай таарч, тусалсан. Хаашаа, хэдийд, хэрхэн аялахаа судалж, зориулалтын хогийн уут, бэлтгэлээ базааж явах нь хүний ухамсар, хариуцлагын л асуудал шүү дээ. Иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй.