Өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилж нийгмийг ихэд цочирдууллаа. Иймд уншигч танд сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж бэлтгэлээ.
Сүрьеэ өвчин гэж юу вэ?
Сүрьеэ нь нянгаар үүсгэгддэг, уушгинд үрэвслийн голомт үүсгэдэг, амьсгалын замаар тархдаг халдварт өвчин юм. Уг өвчнийг үүсгэдэг нян нь гадна орчинд тэсвэртэй, маш удаан үрждэг учраас нийгэмд их хор хөнөөлтэй гэж судлаачид үздэг.
Дотоодын судалгаанаас үзвэл уг өвчин нь Монголын хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, тэр дотроо халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт бичигддэг. Өвчлөгсдийн 60 хувь нь ярих, ханиах, найтаахад агаараар дамжин нэгээс нөгөөд халдварлах эрсдэл дагуулдаг. Одоогийн байдлаар манай улсад амьсгалын замын халдварт өвчний 40 гаруй хувийг сүрьеэ эзэлж байна.
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга
1. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн өвөрмөц гол арга бол вакцинжуулалт юм. Сүрьеэгийн БЦЖ вакциныг анх төрсөн нярайг нэгдүгээр тунгаар вакцинжуулна. 8 настайд нь хоёрдугаар тунгаар вакцинжуулна.
2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж бүрэн эмчлэх явдал юм. Өөрөөр хэлбэл халдварын эх уурхайг аль болох эрт халдваргүй болгох явдал юм.
3. Биеийн эсэргүүцлийг сайжруулах.
Үүнд: чанарлаг хоол хүнсээр хооллох, биеийн тамир хөдөлгөөнийг эрхэмлэх, орон байрны агааржилт цэвэрлэгээ, гэрэлтүүлэг сайтай байх, ажил амралтын дэглэм зөв тохируулж амрах, архи, тамхи хэрэглэхгүй байх.
Дээр дурдсанчлан уг өвчин нь гадна орчинд тэсвэртэй, маш удаан үрждэг. Тиймээс уг өвчнөөр өвчилсөн хүн нь эмчийн хяналтад тогтмол байж, эмийг хяналттай уух шаардлагатай. Нэг өдрийн эмийг уухгүй орхивол эдгэрэх магадлал багатай юм.