Ц.БАТ-ӨЛЗИЙ
(доктор, профессор)
Ойролцоогоор 14 тэрбум жилийн өмнө нарны дотоод тэсрэлтээс үүсэж, нарыг хүрээлсэн, мананцраас үүссэн дотоод хүрээний гариг нь бидний эх дэлхий билээ. Дэлхий нарнаас 300-600 сая км зайнд Ангараг, Бархасбадь гаргийн хооронд байрладаг, бусад гаргийн адил бага радиустай, нягт ихтэй, хатуу чулуун бодисоос үүссэн, голчлон хүчилтөрөгч, цахиур, магни, төмөр, никель зэрэг элементээс тогтсон 3.3 г/см нягттай силикат, 7.3 г/см нягт бүхий төмөр-никелийн нэгдэл үүсгэх ба уг нэгдэл нь дэлхийн цөмийг, харин силикат нь дэлхийн хучаас мантийг бий болгожээ. Химийн энэ зүй тогтол нарнаас алслагдах тутам төмрийн агуулга багасаж, жингээрээ Буд гаргийн 64.5, Ангарагийн 26.7 хувийг эзэлдэг. Ийм замаар дэлхий өөрийн нягт, төмөрлөгийн агуулгаараа байрлал эзлэн, хүндийн хүчний үйлчлэл бий болгож, түүгээрээ өнгөрсөн үеийнхээ ул мөрийг илрүүлж байдаг. Дэлхийн цөмд цөөн тооны хүнд элемент төмөр 80.8, никель 8.6, кобальт 0.6 хувиар агуулагдаж, нягт нь 12-13 г/ шоо см, даралт нь 2.5х10 кв. Па орчим байгаагаас дэлхийн цөм ойролцоогоор 90 хувь нь төмөр, 10 нь никелийн хольц бүхий хайлш болохыг тогтоожээ. Манай ертөнцийн таван хувийг од, гариг, хий, мананцрууд, 95-ыг нь үл үзэгдэх хар биет, вакум, хар нүх, хар энерги эзэлдэг гэсэн таамаг бий. Дэлхийн олон орны шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэд 1957 оноос хойш сансар, огторгуйд сансрын хөлөг, судалгааны станцуудаа хөөргөж судалгаа, шинжилгээ тасралтгүй хийсний дүнд дэлхийд ихэвчлэн эрсдэл, гамшиг учруулдаг хар нүх, хар энерги цацруулдаг хар биетүүдийг тойрон хүрээлсэн маш их энерги бүхий гэрлийн хүрээ байгааг олж илрүүлсэн нь одоогоос 100 жилийн өмнө Альберт Эйнштейний нээсэн Харьцангуйн ерөнхий онол зөв болохыг батлаад байна. Одод хоорондын асар их хийн тоосон мананцар дунд бага нягттай, өндөр температуртай мананцрууд нь сарниж, нягт ихтэй хүйтэн мананцрын хий, тоос нэгдэж бие биедээ татагдан нийлэх замаар шинэ од, гаригууд үүсэж байна.
Манай дэлхийг тойрсон маш олон тооны сансрын жижиг биетүүд бий. Огторгуй дахь жижиг биетүүд дэлхийд ойртож, холдож буйг доллерын үзэгдлээр, тухайн объектоос ирж буй соронзон долгионы давтамжийн ихсэх, багасахыг спектрийн өнгөөр тодорхойлдог. Тэдгээрээс дэлхийтэй мөргөлдөх аюултай 1500 биет (астероид) байдаг. Хэрэв астероид далайд унавал цунами болно. Астероидын хамгийн том нь 1000 км голчтой Церар, хамгийн бага нь тоосонцрын хэмжээтэй байдаг. Одоогоор дэлхийд хамгийн их ойртсон буюу 10 м-ээс 30 км-ийн зайтай өнгөрсөн 3000 орчим астероид бүртгэгдсэнээс 10 орчим хувьд нь тооцоонд шаардагдах нарийвчилсан мэдээлэл байна. Тэр мэдээллээр дэлхийтэй мөргөлдөх боломжтой, 1000 м-ийн хэмжээтэй астероид 900-1500 орчим бий гэсэн тооцоолол гаргасан аж. Дэлхийтэй мөргөлдсөн астероидын учруулсан хор хөнөөлийн талаар олон мэдээлэл, тооцоо, судалгаа байгаа юм. Тухайлбал, 65 сая жилийн өмнө дэлхийтэй 10 км-ийн голчтой астероид мөргөлдсөнөөс их хэмжээний энерги ялгаран, тэнгэрээс азотын хүчлийн бороо орж, далайн аварга цунами үүсэн, бүхэл тивийг хамарсан түймэр гарч, түүний утаа нарыг хаан, олон жилийн хүйтэн өвөл эхэлсэн түүхтэй.
Мөн 1353 онд 4.7х2.7х1.9 км хэмжээтэй “Тутатис” хэмээх астероид дэлхийд 1.5 сая км ойртсон бол уг астероид 2004 есдүгээр сарын 29-нд дэлхийгээс 1.2 сая км зайтай өнгөрчээ. Энэ астероидыг 1989 онд санамсаргүй нээсэн бөгөөд дэлхийд онц аюултай сансрын биет гэж үзээд, түүнийг цаашид нарны аймгаар хөдлөх замыг урьдчилан тооцож, 2562 онд дэлхийд дахин ойртоно гэж дүгнэжээ.
Тэгвэл Монгол оронд тохиолдож байсан газар хөдлөлийн талаар энд эш татъя. 1905 оны долдугаар сарын 9-ний 17.40 цагийн үед Алтан хөлийн нуруунд газар 8.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байдаг. Нутгийн иргэдийн яриа, тэмдэглэлээс үзэхэд уулнаас хад чулуу нуран, зам харгуй бөглөж, уулын мод үндсээрээ булгаран, газрын хөрс язран, зарим газар 610 м өргөн, 60-аад метр гүн ангал үүсэж түүнд хүн, мал унаж, өөр хэсэгт нь хагарлын ирмэгээс аянга цахилгаан цахилан утаа суунаглаж байсан бол, нэг хэсгээс нь хүйтэн салхи үлээж, Алтан хөлийн нуруунд байсан гурван нуурын хоёр нь усгүй болж, голуудын хөндий усаар бялхаж байжээ. Энэ газар хөдлөлтөөр Ойгон нуураас зүүн хойш Тэс, Цэцэрлэг, Цагаан голын хөндийг нэвт огтолж, Алтан хөлийн нурууг дайрч Агарын голын эх хүртэл 130 км урт цуурал газрын хөрсөнд үүссэн аж.
Мөн оны долдугаар 23-ны 10.40 цагт Хан хөхий, Булнайн нуруунд 8.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж Хангилцаг голын Гэлэнгийн амнаас эхлэн өргөргийн дагуу Хан хөхийн ар оройгоор дайран Булнайн их уулсын арыг барьсан их ан цав, замдаа Цавдан, Ойгон, Хар нуурыг дайрч, Сангийн далай хүртэлх 370 км хагарал үүсгэж, нөгөө салаа нь Хан хөхийн нурууг урагш давж зүүн урагш үргэлжилсээр Далан түрүү нуурыг дайран Дэвтээ нуур хүртэл 120 гаруй км үргэлжилсэн багахан язралыг бий болгосон гэдэг. Дээр дурдсан 14 хоногийн хугацаанд баруун бүсэд болсон газар хөдлөлт таван сая ам км нутгийг хамран мэдрэгджээ. Дээрх газар хөдлөлтийн голомтоос үүссэн доргилтын хүч Монгол орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан төдийгүй Дорнод Сибирийн өмнөд, Хятадын хойд хэсэг, Бээжин хүртэл таван сая гаруй ам км нутгийг хамарч дөрөв ба түүнээс их баллын эрчээр доргилт мэдрэгдсэн түүхтэй. 1905 оны долдугаар сарын 9-ний газар хөдлөлтөөр 162.5 мянган шоо км газар эвдэрчээ. Түүний чичирхийллийн долгионд зарцуулсан энергийн хэмжээг цөмийн бөмбөгийн энергитэй жишвэл 3000, хоёр дахь газар хөдлөлтөөр 637.5 мянган шоо км орчим газар эвдэрснийг дээрх байдлаар харьцуулахад 8000 цөмийн бөмбөгийн энергитэй дүйж байна.
1980 оны дундуур Антарктидын Беллинсгаузены тэнгист нэг км орчим хэмжээтэй астероид унаснаас Элтанин гэх 20 км голч бүхий тогоо бий болж, цунами үүсэн, далайн гүехэн хэсэг, булан тохойн ус нэг км өндөртэй болж замдаа дайралдсан бүгдийг газрын хөрснөөс арчсан ул мөр одоо Шинэ Зеланд, Автралийн нутагт байдаг. Дэлхийн газар хөдлөл судлалын олон улсын холбооны АНУ дахь төвийн мэдээнээс үзэхэд XX зуунд 19 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн 170 удаагийн тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь Монгол Улсын нутагт болсон байна. XXI зуунд нарны идэвхжил нэмэгдэж, экстремум цэг рүү ойртон, од гариг, сарны хар нүх, хар энергийн тархалт, астероидуудын дэлхийд ойртох, мөргөлдөх магадлал ихсэж байгаатай холбоотойгоор цунами, ган, зуд, үер, хар салхи, түйрэн, дэлхийн дулаарал, цөлжилт гэх мэт элдэв үзэгдлийн давтамжийн хугацаа богиносон, өвчин тахал нүүрлэх хандлага өсөх боллоо. 2004 оны арванхоёрдугаар сард 396 м хэмжээтэй астероид дэлхийгээс 1.5 сая км зайтай тойрон өнгөрсний дараа Зүүн өмнөд Азид газар хөдөлж, цунамид 156 000 хүн амиа алдан, олон зуун хүн ор сураггүй болж, ихээхэн хохирол учруулсан билээ.
Манай орны хувьд газар хөдлөх давтамж ихсэн, хугацаа нь богиносож, ган, зуд, үер, бэлчээрийн хомсдол, хортон шавжийн тархалт, салхи шуурга зэрэг байгалийн үзэгдлийн тоо олширч, хүн, малын халдварт өвчин болон хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь нэг талаас хүмүүсийн хариуцлагагүй үйлдэл, төрийн бодлогын алдаатай холбоотой боловч нөгөө талаас байгалийн хүчин зүйлээс болж байгааг дээр дурдсан билээ. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхний судалгаагаар манай улсын нутаг дэвсгэрт жилд дунджаар 1000-1500 удаа чичирхийллийн төв тодорхойлогдож, мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт 3-5 удаа болдог байна. Зөвхөн 2018 онд Улаанбаатар хотын ойролцоо 1037 удаа, 2019 онд гарснаас хойш газар хөдлөлт, чичирхийлэл 430-аад удаа бүртгэгдсэн байна. 2004 оны арванхоёрдугаар сард дэлхийд 1.5 сая км ойртож өнгөрсөн астероидыг нарийвчлан судалж, түүний хурд, алслалт, хэмжээг нарийвчлан тогтоохын тулд радиолокаторын хэмжилт хийхийн зэрэгцээ түүний хөдөлгөөнийг тооцоолсноор уг астероид 2029 оны дөрөвдүгээр сарын 13-нд дэлхийд 720 000 км зайтай дахин ойртох бөгөөд дэлхийтэй мөргөлдөх магадлал нэг хувь байна гэж эрдэмтэд дүгнэсэн юм. Мөн тооцоогоор астероид 45 000 км/цагийн хурдтай ирж дэлхийг мөргөхөд Хирошимад хаясан атомын бөмбөгнөөс 1600 дахин их энерги ялгарч, хуурай газарт дөрвөн км-ийн диаметр бүхий том тогоо үүсэн, газар хүчтэй хөдөлж, бүс нутгийг хамарсан их түймэр дэгдэнэ гэж үзсэн байна. Хэрэв далайд унавал аварга цунами бий болж, эрэг хавийн, бага арлын улсууд устаж болох гэнэ. Эсвэл дэлхийн эргэлтийн тэнхлэг өөрчлөгдөж, экватор болон туйлууд байрлалаа солих магадлалтай. Ийм тохиолдолд тектоникийн ихээхэн өөрчлөлт гарч дэлхийн газрын зурагт өөрчлөлт орно. Тооцоолол иймэрхүү таамаглал дэвшүүлэхэд хүргэж байгаа ч гэнэтийн болзошгүй энэ аюулаас хохирол багатай даван туулах аргыг одооноос төлөвлөж, түүнд хүн амыг давтан сургах замаар бэлтгэл хангах нь хамгийн зөв шийдэл болно. Тухайлбал, газар хөдлөлтийн зохих баллын ачааллыг нарийвчлан тооцсон, хийц бүтцийг зөв сонгосон, бат бэх, тогтворшилтой барилга, байгууламжийг барьж гарах хохирлыг багасгах боломжийг судлан тогтоох шаардлагатай юм. Мөн хот, тосгонд тохиолдож болох хохирол, сүйрлийг урьдчилан тооцох, санхүүжилт, материалын нөөц бий болгох, аврагчид, иргэдийг бэлтгэл сургуулилалтад тогтмол хамруулж байх, даатгал, татвар, тусламжийн тусгай сан бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж бүх хүнийг гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй өнгөрүүлэх бэлтгэл, чадамжтай болгосноор ямар ч бэрхшээл тулгарч байсан тэвдэж сандрахгүй, асуудалд ухаалгаар хандан, өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах боломж бүрдэнэ. Элдэв яриа, цуурхал дэгдээж, эмх цэгцийг алдагдуулж үймээн гарахаас сэргийлэх, бүтээн босголтын ажиллагаанд иргэн бүрийг оролцуулах, богино хугацаанд нөхөн сэргээлтийг шуурхай, эрчимтэй явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тохиолдсон гамшиг, аврах ажиллагаа, сэргээн босголтын үйл ажиллагааг тэнцвэртэй мэдээлэх замаар хамтын хүчин чармайлтыг өрнүүлж чадвал байгалийн гэнэтийн сүйрлийг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулж чадна.