Хот нь өөрөө “шав”-аараа байгаа “Майдар”-т 40 сая гаруй ам.доллароор таван студи болон гадаа зураг авах талбайтай кино театр барих ТЭЗҮ баталж, өнгөрсөн долоон хоногт мөрөөдлийн кино театрынхаа шавыг тавьсан. Утаа, шороо, хогтоо баригдсан “Улаанбаатар”-т хүмүүс нь лаг руу унаж, живж нас барж байхад хэзээ нэг цагт 40 гаруй тэрбумаар босох “Майдар” хотод кино үйлдвэр барих төсөлд хөрөнгө оруулах хоёр ч дотоодын компани олдсон тул энэ төслийг ийм итгэлтэй эхлүүлсэн тухай төслийн удирдагч ярьж байсан. Хэзээ ашгаа өгөх нь ойлгомжгүй энэ мөрөөдлийн төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа компаниудын нэг нь “Улаанбаатар хотын банк” буюу Эрдэнэбилэг гэж төсөлд ойр хүмүүс албан бус мэдээлэл өгсөн тухай бид өмнө нь бичсэн. Тэгвэл хоёр дахь хөрөнгө оруулагч нь “Мак”-ийн Нямтайшир захирал гэж учир мэдэх хүмүүс мэдээлэл өгч, хоёр дахь эх сурвалжаар баталгаажууллаа.
Дотоодын том компаниуд улс, хотынхоо хөгжилд итгэн хөрөнгө оруулж байгаа нь сайн хэдий ч хэн ч харсан эрсдэл өндөртэй, өгөөжөө өгөх хугацаа нь тодорхойгүй энэ төсөл рүү хошуурч байгаагийн цаана өөр шалтгаан байна уу гэсэн асуулт гарч ирнэ. “Майдар” хотод ч бай “Улаанбаатар”-т ч бай хүмүүсийг ажлын байраар хангаж, эдийн засагтаа бодит өгөөж өгөх үйлдвэрүүдийн хэрэгцээ асар их байгаа. Гэтэл мах, арьсан эдлэлээ ч аятайхан боловсруулаад гадаадын зах зээл рүү нийлүүлж чадахгүй “хэвтэж” байж Монголд “холливуд”-ын хэмжээний кино хийдэг болоод тэндээс ашиг олно гэдэгт итгэж хөрөнгө оруулалт хийж, мөнгөө "түгжих" хандив өгч байгаа нь мөнгөө шатааж байгаатай адилхан гэлтэй. Тэгээд л хамгийн их дарамт шахалтад ороод байсан хоёр топ бизнесменүүд Ерөнхийлөгч болон хотын даргын “эвээл дор” хийгдэж байгаа энэ төсөлд хөрөнгө оруулж байна гэдэг сураг ажиг анхаарал татаад байгаа юм. Өгөө аваа ноёрхоогүй бизнесийн эрүүл орчин бүрдсэн цагт л Монголын эдийн засаг хөгжинө. Мөн дотоодын хөрөнгө оруулагчдаасаа мөнгө гаргуулж авч байгаа бол ажлын байрыг нэмэгдүүлж, олон нийтэд бодит ашгаа өгөх төслүүд рүү “чирмээрсэн” дээ. НҮБ-ийн 2018 онд хийсэн судалгаагаар хахуулийн мөнгө дэлхийн эдийн засгаас 3.6 их наяд ам.долларыг хумсалдаг гэдэг тоо гарчээ. Мэдээжийн хэрэг энэ мөнгө өгөөжөө өгч, ажлын байрыг бий болгож, ханган нийлүүлэгчдийг дэмжих, татвар нэмэгдүүлэх, нийгэмд хэрэгтэй төслүүд рүү “орсон” бол гээд бодох юм бол энэ тоо хэд дахин нэмэгдэнэ дээ, уг нь.