Манай улс 30 орчим орноос автомашин импортолдог. Өнгөрсөн онд импортолсон суудлын автомашины тоо 64 000-гаас давсан нь 2017 оныхоос 31 хувиар өссөн дүн аж. 2018 онд бүх төрлийн автомашин, эд анги, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл худалдан авахад 1.2 тэрбум ам.доллар зарцуулсны 408 сая орчим нь суудлын автомашинд ногджээ. Энэ нь зарцуулсан хөрөнгийн хэмжээ өмнөх жилийнхээсээ 56 хувиар нэмэгдсэн дүн болсон юм. Мөн хос хөдөлгүүртэй автомашины импорт тогтмол өсөж буй бөгөөд өмнөх жил оруулж ирсэн автомашины 60 орчим хувийг энэ төрлийнх эзэлсэн байна.
Түүнчлэн манай улсад борлуулж буй автомашины маркад “Toyota” хамгийн их буюу 65 орчим хувь, “Hyundai” 9.6, “Nissan” 6.7, “Honda” 3.1, “Mitsubishi” 2.9, бусад маркийнх 12.5 хувийг бүрдүүлж байна. Үүнээс гадна манайд бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 10 жилд тав дахин нэмэгдсэн ба 2018 оны байдлаар 880 000 орчимд хүрчээ. Энэ нь 20-55 насны хоёр хүн тутмын нэг нь унаатайг илтгэж буй. Ийнхүү автомашины арилжаа, хэрэглээ өдрөөс өдөрт өсөж буй энэ үед нийслэлийн хамгийн том зах Авто худалдааны цогцолборт борлуулж буй зарим машины үнэ ханшийг сонирхлоо.
Тус захад одоогоор 6000 орчим автомашин эзнээ хүлээж буй бөгөөд дийлэнхийг нь монголчуудын хамгийн их сонирхон, худалдан авдаг “Toyota” маркийн машин эзэлж байна. Тэдгээрийн дотор хос хөдөлгүүртэй, шатахуун бага зарцуулдаг, эдэлгээтэй, хамгийн өргөн хэрэглээний, борлуулалт сайтай нь “Prius” автомашин гэнэ. Тэгвэл өчигдрийн байдлаар “Prius-20”-ийг 12-15, “Prius-30”-ыг 14-19, “Prius-41”-ийг 22 орчим сая төгрөгөөр борлуулж байв. Харин “Aqua” 11-14, “Premio” 19-22, “Sai” загварынхыг 18-22 сая төгрөгөөр худалддаг аж. Түүнчлэн “Corollo axio” машиныг 13-16, “Auris” 14-16, “Ist” 14-15, “Vitz”-ийг 10-13 сая төгрөгөөр үнэлсэн ба “Vanguard” 32 орчим сая төгрөгийн ханштай байна. Мөн “Camry” 22-26, “Harrier” 28-38, “Rav-IV” болон “Kluger” 25, “Alphard”-д 28-32 сая төгрөг төлөөд унаатай болно. Тус захад борлуулж буй “Toyota”-гийн машинуудын хамгийн өндөр үнэтэйд “Crown athlet” 38-45 сая, “Prado” 100 сая орчим төгрөгөөр багтана.
“Tiida” 10-12, “Juke” 18-23 сая төгрөгийн үнэтэй байгаа бол “Impreza” 11-13, “Forest¬er”-ыг 21-23 сая төгрөгөөр борлуулж байна. Сүүлийн үед иргэд нэлээд сонирхож буй харьцангуй хямд автомашины нэгт “Insight”-ийг нэрлэх ба 10 гаруй сая төгрөгийн үнэтэй. Харин хамгийн хямд “Аd wagon”-ны үнэ 7.5-8.5 сая төгрөг. Үүнээс гадна бидний нэрлэж заншсанаар амьжиргаа цагаан буюу нэг тонн даацтай ачааны машины хамгийн хямд нь 3.5, үнэтэй нь долоон сая төгрөг гэнэ. Мөн гал унтраах зориулалттай бага, дунд оврын автомашиныг 24-39 сая төгрөгөөр борлуулж байна. Үүнийг уул уурхайн компанийнхан түлхүү худалдан авдаг аж.
2018 оны 11-1 дүгээр сард япон автомашины үнэ одоогийнхоос 1-2 сая төгрөгөөр илүү байжээ. Энэ нь иений ханш чангарсан болон Японы зах зээлд машины үнэ өссөнтэй холбоотой. Ижил загварын автомашин үйлдвэрлэсэн он болон өнгө, эдэлгээ, тоноглолоосоо хамаарч үнийн зөрүүтэй байх нь мэдээж. Түүнчлэн адилхан үзүүлэлттэй ч өнгөнөөс нь хамаарч 300 000 хүртэлх төгрөгөөр илүү байж болохыг ченжүүд хэллээ. 2-3 жилийн өмнө хар өнгийн автомашин хамгийн өндөр үнэтэй байсан бол одоо цагааныг иргэд илүүтэй сонирхох болжээ. Машины борлуулалт 12-3 дугаар сард зогсонги байдалд орон 5-8 дугаар сард идэвхиждэг гэдгийг ч борлуулагчид нь хэлсэн юм.
10 орчим жил Японоос автомашин импортолж буй А.Төмөр-Очир “Хос хөдөлгүүртэй автомашины гаалийн татвар нэмэгдэн, үнэ нь өссөн. Хэрэглээний зээлийн нөхцөл өөрчлөгдөн банкны лизингийн шалгуур нэмэгдсэн ч автомашины эрэлт төдийлөн буураагүй. Тодруулбал, гурван жилийн өмнөхөөс бараг бүх машины үнэ 50 хувь өссөн ч худалдан авагч цөөрсөнгүй. Энэ нь иргэд банк бус санхүүгийн байгууллагыг сонгож байгаатай холбоотой. Авто худалдааны цогцолбороос машин худалдан авч, нэр дээрээ шилжүүлж, даатгал хийлгэн, улсын дугаартай болоход таван минут хангалттай” гэсэн юм.
Тус захад нэлээд хэдэн жилийн өмнө замын хөдөлгөөнд оролцож байсан “Accent”, “Elentra”, “Prius-10”, “Prius-11” зэрэг машин огт байсангүй. Олон тоогоор нь импортлон, худалдаж байсан тэдгээр машин одоо хаана ч харагдахаа больсон. Энэ талаар А.Төмөр-Очир “Иргэд аль болох сүүлийн үеийн машин худалдан авахыг хичээдэг. “Настайг” нь орон нутгийн хүмүүст зарж, хэрэглээнээс шахдаг. Манай улс хуучин машины том зах зээл болсон гэдэгтэй санал нийлнэ. 5-6 жилийн өмнө ид гүйлгээтэй байсан машинууд одоо хог дээр “хэвтэж” буй. Ийм байдал үүсгэхгүйн тулд хуучин автомашин импортлохыг хязгаарлах хэрэгтэй болов уу. Гэхдээ шинийг санал болгох нь олонх иргэний худалдан авах чадварт нийцэхгүй байх талтай. Хуучин тэрэгний эрэлт байгаа цагт нийлүүлэлт буурахгүй” гэсэн юм.