Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэг 2015 онд байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд жил бүр үзэсгэлэн зохион байгуулж ирсэн юм. Үндэсний уламжлалт соёл, гар урлалын нэг төрөл болсон арьсан урлагийг сурталчлах, хөгжүүлэн, өвлүүлэх, залуу уран бүтээлчдийг олон нийтэд таниулан, хөхиүлэх зорилгоор зохион байгуулдаг “Хүрэл буга” үзэсгэлэн дөрөв дэх жилдээ болж, өндөрлөлөө.
Уран бүтээлчдийн чадвар, чансаа өмнөх жилүүдийнхээс илүү дээшилснийг үзэсгэлэнгийн танхимд “амилуулсан” арьс, ширэн бүтээлүүд илтгэж байлаа. СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн арьсан урлагийн багш Ж.Доржсүрэн, Я.Эрдэнэчимэг, Р.Ариунболд нарын шавь 20 урлаачийн 50 гаруй бүтээлээс манай арьсан урлагийнхны техник, ур хийц өндөр түвшинд хүрснийг харлаа.
Ташрамд дурдахад, эл арга хэмжээ нь уралдаан биш ч залуу уран бүтээлчдэд урам өгөх зорилгоор “Хүрэл буга” цомын эзнийг тодруулдгаараа онцлог. Энэ жил Э.Бямбабаяр эл шагналыг хүртсэн юм.
Ү.МЭРГЭНИЙ БУУЛГАСАН ЦАГААН УУЛ ЦЭЦЭГ
ӨМӨЗО-ы уран бүтээлч Ү.Мэргэн “Тэнгэрийн чимэг” бүтээлээ Монголд нэг сар гаруйн хугацаанд хийсэн юм байна. Эхлээд цагаан уул цэцэг бүтээхээр судалжээ. Тэгтэл маш их бэлгэдэлтэй, өндөр газарт ургадаг, тэсвэртэй, гайхалтай ганган цэцэг санагдсан гэнэ. Ингээд судалгаагаа лавшруулан, бүтээлийнхээ сэдэв, агуулгыг өргөжүүлэн, монголчуудын түүх, уламжлалтай уялдуулан “Тэнгэрийн чимэг”-ээ “эх барьсан” юм байна. Хадны зураг, буга, сар, нарны дүрслэлээс гадна бүтээлийг чимсэн өөр нэгэн элемент нь соно хэмээх шавьж байлаа. Багадаа соно барьж, нисгэж нааддаг байсан нь хамгийн сайхан дурсамжудынх нь нэг учраас аз жаргалтай үеэ ийнхүү чимэг болгосон аж. Соно бол гайхалтай гоё, солонгорсон өнгөтэй, “гоолиг” шавьж хэмээн тэрбээр онцолсон.
НАРИЙН ТЕХНИКТЭЙ “БАЙГАЛЬ”
“Байгаль” нэртэй, гурван хэсэг бүтээл хийхэд олон янзын техник, арга барил ашигласан нь илт. Г.Бурмаа ийм гурамсан бүтээл хийдэг онцлогтой уран бүтээлч аж. “Байгаль”-ийг хагас жилийн хугацаанд бүтээхдээ эхлээд баримлаа хийгээд, дараа нь арьсаар бүржээ. Тодруулбал, гурван баримлаа хийгээд, тэдгээрээс хэв авч, бэхжүүлсний дараа замаскаар дахин цутгах зэргээр бүтээсэн нарийн эд байна. Энэ нь харьцангуй төвөгтэй, басхүү ур чадвар шаардсан арга техник гэсэн. Бүтээлд үйлдвэрийн аргаар боловсруулсан болон түүхий арьс ашиглажээ. Хүн, байгаль хүйн холбоотой гэдгийг өгүүлсэн сэдэвтэй эл бүтээлийг эмэгтэй хүн ба түүний хөдөлгөөнөөр төлөөлүүлэн гаргажээ. Г.Бурмаа материалынхаа онцлогийг гаргахын тулд өнгөөр тоглолгүй цулгуй байлгахаар зорьсон гэж тайлбарлав. Тэрбээр 2010 онд арьсан урлагийн анги төгссөн, энэ чиглэлээр магистрын зэрэгтэй, өсөж яваа уран бүтээлч юм.
ДОЛООН БУРХАН ШИГ “ЦЭЦГИЙН ДАГИНАС”
Н.Мөнхтуулын “Цэцгийн дагинас” бүтээл арьсан урлагийг монгол зургийн аргатай хослуулснаараа онцлог бөгөөд сэдэв, агуулгын хувьд байгалиа хайрлан, дээдлэх нь монголчуудын уламжлалт ухаан гэдгийг өгүүлсэн аж. Тэрбээр “Монгол зургийн бурхан бүтээх тиг жаяг болон арьсан урлагийн хөөмлийн арга барилыг хослуулан долоон Ногоон дарь эх бүтээхдээ монголчуудын бэлгэдлийг шингээж, Долоон бурхан одоо бодож хийсэн. Арьсан бүүтээлийн уламжлалт өнгөнөөс зугтаж, саарал, ногоон, цэнхэрээс бүрдсэн ууссан өнгийг сонгосон минь мөн л байгалийн сайхныг харуулах зорилготой. Техник ажилбарын хувьд зүлгэх, хүрээлэх, татах зэрэг олон арга барилаар бүтээсэн” хэмээн тайлбарлалаа. Лус, савдгуудыг долоон дагинаар төлөөлүүлэн, баяр баясалтайгаар дүрсэлсэн “Цэцгийн дагинас”-ын эзэн Н.Мөнхтуул 2017 онд “Хүрэл буга” цомын эзэн болсон бөгөөд 2012 онд СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн арьсан урлагийн анги төгсжээ. Түүний багш нь Р.Ариунболд. Үүнийхээ дараа сургуулийнхаа монгол зургийн ангийг С.Ганзам багшийн удирдлага доор 2016 онд төгссөн. Өөрөөр хэлбэл, монгол зураг, арьсан урлагийг хослуулан эзэмшсэн авьяаслаг бүсгүй юм.
ЭНЭ ЦАГИЙН ҮЛЭГ ГҮРВЭЛ
Арьсыг, бас үлэг гүрвэлийг “амилуулсан” Э.Бямбабаяр үнэхээр тэсэрсэн уран бүтээлч санагдлаа. Энэ жил “Хүрэл буга”-аар урам юугаан мялаалгасан тэрбээр СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийг 2017 онд төгсжээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хамгийн залуу уран бүтээлч гэдгээрээ ч, бүтээлээрээ ч ялгарч чадсан түүний “Борголжин”, “Velociroptor” хэмээх том хэмжээний хоёр бүтээлийг танилцуулъя. Эдгээрийг уламжлалт уран зангилаа, сүлжээ төрлөөр хийсэн бөгөөд уран бүтээлч залуу дипломын ажлаа ч энэ сэдвээр хамгаалсан юм байна. Цаашид энэ төрлөөр дагнан туурвихаар судалгаагаа гүнзгийрүүлсэн талаараа ярьсан тэрбээр одоогоор том хэмжээний 3-4 бүтээлтэй аж. Үндэсний уламжлалт өв соёлоо сэргээн, өвлөн хөгжүүлж буй Э.Бямбабаяр велосироптор хэмээх махчин үлэг гүрвэлийг арьсаар үнэхээр донжтой “сүлжин” зангиджээ. Хавиргануудыг нь хийхдээ нэг талын арьсыг нүхлэн нөгөөхийг нь шургуулан зангидсан аж. Арьсыг цуулж, нэвт сүлбэж, засвар хооронд нь хийх маягаар үргэлжилдэг эл техникийг нэвтгэлжин зангилаа гэдэг. Цаг хугацаа, мэдрэмж, ур ухаан, бас чадал, эв дүй шаардсан ажил гэдэг нь илт харагдана. Монголчууд эртнээс эл аргаар хазаар, ногт зангидаж ирсэн.
Тэрбээр “Монголын уламжлалт уяа, зангилаа нь ахуйгаас үүсэж, урлаг болтлоо хөгжсөн. Ингэж хөгжихдөө гоёлын, хэрэглээний, бэлгэдлийн, толгоом наадгайн зангилаа гэм мэтээр салаалан, “тансаг” болсон. Би гоёлын зангилааны төрлөөр үлэг гүрвэл болон хатнаа сүлжсэн. Ингэхдээ 2-10 хүртэл зангилаагаар урласан. Арьс, шир зангидах нь монголчуудын өв соёл. Үлэг гүрвэл ч Монголын палеонтологийн салшгүй үнэт өв. Ийм хоёр өв, соёлыг нэгтгэх санаагаар ийм бүтээл хийсэн. Нөгөөтээгүүр, арга техник, материал нь ч бидний ахуйн соёлын нэг хэсэг. Ийм авцалдаатай зүйлсийг нэгтгэх нь миний зорилго байсан” гэлээ. Эдгээр бүтээлд мөн хөөмлийн арга ч ашиглажээ.
Сонирхуулахад, тэрбээр цүнхний брэндтэй болохоор ажиллаж байгаа гэсэн.