1938 оны тавдугаар сарын 14-нд буюу өдгөөгөөс 81 жилийн өмнө АНУ-ын Калифорни мужийн Аламида хотын прокурор (1945 онд тус мужийн Амбан захирагч болж, 1953-1969 онд АНУ-ын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн алба хашсан) Эрл Уоррены эцгийн амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Маш олон хувилбараар, өргөн хүрээ хамруулан эрж, хайж, мөрдөж мөшгөсөн ч алуурчныг тогтоож чадалгүй саяхныг хүрсэн юм байна. Гэтэл Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний нэг ажилтан архивын материал дундаас тун санамсаргүй тохиолдлоор эл хэргийн эзнийг “олжээ”. Ингэж цаасан “мөрөөр” хэрэг илрүүлэх нь тийм ч түгээмэл тохиолдол бишээс гадна илрэлгүй зуун дамжсан аллагын эзнийг тогтоох нь бүр ч ховор гэнэ.
ЦУСТ ӨДӨР
Сантехникийн, зэвэрсэн хоолой барьсан нэг хүн хаалгаар ороод, гал тогооны өрөөг чиглэлээ. Түүний тооцоолсноор, хаалга түгжээгүй, бас гэрийн эзэгтэй охиныхоо хамт хаа нэг тийш явсан учраас өрхийн тэргүүн Матиас Мэтт Уоррен ганцаараа бичиг баримтууд руу анхаарлаа хандуулаад, гаднаас хүн орж ирснийг ч мэдэх сөхөөгүй сууна. Тэрбээр өглөө эрт хүлээн авсан түрээслэгчдийн төлбөр, баримтыг нягталж байгаа нь энэ.
Айлд зөвшөөрөлгүй орж ирсэн нөгөөх эр төлөвлөснийхөө дагуу барьж явсан зүйлээрээ Уоррены дагз руу ганц удаа хүчтэй цохив. Ингээд өнөөх мөнгө, баримтуудыг аваад гарч одлоо. Тэрбээр явах зууртаа гарт нь багтаж ядах төлбөрийн баримтуудыг харах аж. Таван долларын нэхэмжлэл бүхий хэд хэдэн баримт газарт унагасныг ч анзаарсангүй.
Эл явдлын маргааш өглөө захирал Матиас Мэтт Уорреныхоо гэрт очсон дэд захирал Уильям Рид хүн амины хэрэг гарсныг мэдсэн анхны хүн болсон бөгөөд “Энд тэндгүй цус болсон, Уоррен унтлагынхаа өрөөнд, орондоо, дээр нь бүтээлэг байсан” гэж цагдаагийнханд мэдүүлжээ. У.Рид аймшигтай зүйл харсан талаараа хамгийн түрүүнд захирлынхаа хүү буюу Аламида хотын прокурор Эрл Уоррен руу цахилгаан утас илгээсэн гэнэ. “Цаг алдалгүй хурдан ир. Чи аавдаа хэрэгтэй байна” гэсэн утгатай цахилгаан илгээсэн гэх.
Ингээд Эрл Уоррен төрсөн хот Бейкерсфилдээ зорьжээ. Эцэг Уоррен Норвегоос Америкт цагаачилж, Бейкерсфилд хотод Номхон далайн өмнөд төмөр замд байцаагчаар ажиллаж байгаад үл хөдлөх хөрөнгийн зах зээлд орж, амжилт олжээ. Тэр үед АНУ “Их хямрал”-аас дөнгөж л гарч байж. Тодруулбал, 1929 оноос хойш 10 гаруй жил үргэлжилж, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн гүн хямралын үе юм. Ийм хүнд үед ч өөрийн хөдөлмөрөөр баяжсан түүнийг маш даруухан хүн байсан гэж хамтрагчид, найз нөхөд нь тодорхойлжээ.
“ХАРАНХУЙ” МӨРДЛӨГӨ
Ийм нэгэн хэргийг мөрдөх ажилд нэгэн зэрэг 22 мөрдөгч оролцож, хэдэн сарын турш, өчнөөн хувилбараар “ухаж, малтаад” ч алуурчныг олсонгүй. Үүнээс гадна хэдэн арван шинжээч, хуулийн байгууллагын бусад алба хаагч, ажилтнууд гээд олон зуун хүний бүрэлдэхүүнтэй ажилласан нь тус улсын гэмт хэргийн түүхэнд бичигдэх “амжилт”-ын нэг болов. Энэ ажлыг хүү Уоррены хувийн мөрдөгч Оскар Янсен удирдаж байлаа. Үүнд болон эцгийг нь хөнөөсөн этгээдийг олохын төлөө хувийн онгоц хөлөглөн, нийгмийг бүхэлд нь хөдөлгөх шахсан зэрэгт хотын цагдаагийн байгууллагын дарга Р.Пауэрс ихэд дургүйцсэн гэнэ. Энэ талаар тэрбээр 1968 онд “The Californian’s” сонинд өгсөн ярилцлагадаа “Мөрдөн шалгах ажиллагааны дарамт маш их байсан” хэмээн дурджээ.
Ингэж их хичээж, өргөн хүрээтэй явуулсан мөрдлөгөөр алуурчны хурууны хээг илрүүлж чадаагүй, хохирогчийн гэрээс ч, түүнийг цохисон зэвсгээс ч тэр. Нотлох баримт дэндүү хангалтгүй байсаар. Р.Пауэрс алуурчныг Мэтт Уоррены хамтрагчдын дундаас хайх нь хамгийн зөв хувилбар гэсэн байр суурьтай байв. Учир нь тэр өдөр бусад үеийнхээс илүү их мөнгө орж ирдгийг мэддэг хүн л маш сайн бэлтгэж байж гэрт нь нэвтэрсэн. Харин зарим нь Мэтт Уоррен их хэмжээний мөнгө тоолж байгааг цонхоор нь харсан хэн нэгэн гаднаас сантехникийн хоолой авч орсон гэж үзжээ.
ТООСОНД ДАРУУЛСАН ХАВТАСТ ХЭРЭГ
Эл хэрэг архивын хавтас дотор “хөгширсөөр”. 80 жилийн тэртээд бусдын гарт амиа алдсан Мэтт Уорреныг хороосон гэмт хэрэгт холбогдолтой бүх бичиг баримт, баримтат кино зэргийг Бейкерсфилд хотын дээд шүүхээс 2018 онд Калифорнийн Засгийн газрын Түүхийн судалгааны төвд шилжүүлжээ. Энд тэндээ орж, ямар ч замбараагүй болсон уг архивыг тус төвийн дарга Крис Ливингстон ажилтнуудынхаа хамт цэгцэлж байгаад “Мэтт Уоррены хамтрагч У.Рид талийгаачийн хүү, прокурор Эрл Уорренд цахилгаан илгээсэн гэсэн. Түүнд юу бичсэнийг олж үзэх хэрэгтэй” гэж боджээ. Ингээд шалгатал тэрхүү цахилгааныг Аламидагийн прокурорт бус, Бейкерсфилдийн дунд сургуулийн сурагч Эрл Уорренд хаягласан байжээ. Энэ нь Ливингстоны анхаарлыг татав.
Тэрбээр 1944 оны долдугаар сард тэмдэглэсэн, уг хэрэгтэй холбоотой нэгэн баримт оллоо. Үл хөдлөх хөрөнгө зуучлагч О.С.Уотсон “Эд Риган нас барахынхаа өмнө надад эл хэргийг үйлдсэн гэж ярьсан” хэмээн Кент дүүргийн Том Скотт прокурорт хэлжээ. Үүнийг нь өнөөх прокурор Бейкерсфилд хотын нэгэн мөрдөгчид дамжуулсан талаарх баримт аж. Э.Риган гэгч нь Мэтт Уоррены ажлын хамтрагч байж. Ингэж ухаж төнхсээр байгаад Ливингстон “Алуурчны зорилго мөнгө байгаагүй. Харин шуналын сэдэлтэй аллага болгож харуулах зорилготой байсан бололтой. Мэтт хамтрагч нарынхаа гүйлгээ, баримтыг үргэлж нягталдаг чамбай хүн байж. Э.Риган хамтрагчаасаа нуухыг хүссэн ямар нэгэн “но”-той байсан. Энэ нь илэрсэн учраас түүнийг хөнөөгөөд, мөнгөнөөс болж хүн амины хэрэг гарсан мэтээр төөрөгдүүлэх зорилготой байсан” гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эрл Уоррены эцгийг хөнөөсөн алуурчныг мөрдөх ажиллагааг удирдсан Оскар Янсен ч ийм бодолтой байсан талаараа 1971 онд Калифорнийн их сургуулийн судлаач А.Кингэд ярьсан аж. Тэрбээр “Мэтт Уоррены оршуулгын үеэр Э.Риган ихэд гашуудаж буйгаа харуулахаар яг л жаахан хүүхэд шиг чанга уйлсан. Мөрдөх ажиллагааны явцад түүний хурууны хээг авах талаар дуулгахад маш их айж, сандарсан. Энэ хэргийг анхнаасаа шуналын сэдэлтэй гэсэн чиглэлээр мөрдөж, төөрөгдсөн юм. Тэгсэн хэрнээ гэрт байсан үнэт эдлэлүүд, хохирогчийн халаасан дахь үнэтэй цагийг нөгөөх шуналтай алуурчин аваагүй орхисон шүү дээ. Тэр этгээд хэргийн газраас холгүйхэн баримт бичиг шатаасан байв. Тэгэхээр аллагын зорилгыг тодорхойлоход амархан байсан. Надтай Лос-Анжелесын мөрдөгчид санал нэг байлаа” зэргээр ярьжээ. Энэ хэргийг үйлдсэнээ Э.Риган нэгэн эрүү шүүлтийн үеэр бараг хүлээсэн болохыг ч Янсен дурсжээ. “Харамсалтай нь, тэрбээр ухаан алдаж, ажиллагааг зогсоосон” гэж ярьжээ. Нөгөөтээгүүр, Эрл Уоррен хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүдгийг эсэргүүцдэг байсан нь Э.Риганыг дахин “тамлах” боломжийг боосон гэнэ. Ташрамд өгүүлэхэд, Эрл Уоррен хожим АНУ-ын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн алба хашиж байхдаа ч сэжигтнүүдийг эрүүдэн шүүх хүчирхийллээс хамгаалах талд баттай зогссон нэгэн аж.
Энэ хэргийн талаар судалсан хуулийн салбарын судлаач, шинжээч нар ч алуурчныг Э.Риган мөн гэдэгтэй санал нэгддэг байна. А.Кинг ч тэдний нэг бөгөөд “Эл хэргийг мөрдөхөд оролцсон болон судалсан олон мэргэжилтэн Э.Риганыг алуурчин гэдэгтэй маргадаггүй. Шүүхийн зарим ажиллагааны явцаас үзэхэд ч тийм дүгнэлтэд хүрдэг. Өдгөө гэмт этгээдийг тогтоосонд тооцож, хэргийг хаах нь зүйтэй” гэжээ.