Гурав орчим насны хүүтэйгээ сарын дотор эмнэлэгт дөрвөн удаа хэвтсэн аав ийн өгүүлэв. “Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлгийнхэн сар гаруйн өмнө хүүг минь уушгины хатгалгаатай гэж оношилж, хэвтүүлэн эмчилсэн. Ор хоног нь гүйцэж, эмнэлгээс гарсан ч хүүхдийн минь бие тэнхрэхгүй, гэдэс нь өвдөж, суулгаж эхэлсэн. Эмнэлэгт байхдаа гэдэсний халдварт өвчин туссан байж. Ингээд дүүргийн эмнэлэгтээ дахин хандаж, гэдэсний халдварт өвчний эсрэг эмчилгээ хийлгээд хэд хонолоо. Дахин халдвар авахаас эмээж, эмнэлгээс гарсан. Харамсалтай нь, хүү минь гэртээ харьсан шөнөдөө халуурч, сульдаж эхэлсэн. Хүүхдийн эмнэлгийн амбулаторид гурав дахиа иртэл “Ханиадны өөр төрлийн вирусээр халдварлаж, уушгины хатгалгаа нь сэдэрсэн” гээд хэвтэх бичиг хийж өглөө. Антибиотикоор “бөмбөгдүүлж”, арайхийн тэнхрээд аав, хүү хоёр гэртээ харьсан. Эмч нар хүүхдэд минь өндөр тунтай антибиотик эм, тариа хийхдээ мөөгөнцрийн эмчилгээ хийгээгүй нь бид хоёрыг эмнэлгийн хаалгыг дөрөв дэх удаагаа татахад хүргэсэн” гэв.
Аргаа барсан аав “Энэ удаа эмнэлгээс гарахгүй ээ, хүүгээ сайн эмчлүүлнэ. Нэг бол халдвар авчихна, эсвэл эмч нар дутуу эмчлээд байх юм. Янз бүрийн эм, тариа хийлгэсээр хүү минь ч хэцүүдлээ” хэмээн халаглав. Уг нь Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэг бусдыгаа бодвол хамгийн цэвэрхэн, тохилог гэгддэг нь. Гэтэл тийм биш аж. Тус эмнэлгийн эргэлтийн хэсэгт очиж, өвчтөнүүдийн эр гэрийнхэнтэй уулзахад эмнэлэгт итгэл алдарсан байв. Тэд “Гэдэс нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн хүүхэд ханиадны вирус “залгичихна”. Уушгины хатгалгаатай багачууд ганц, хоёр хоноод шар, ногооноор суулгаж эхэлдэг”. “Мөөгөнцрийн эсрэг эмчилгээ давхар хийдэггүй”. “Гар ариутгах бодис хангалтгүй” гэв. Түүнчлэн “Ариун цэврийн өрөөний хажуугийн тасагтаа гэдэсний өвчтэй хүүхдүүдийг хэвтүүлдэг. Хүүхдээ бие засуулах, нүүр, гарыг нь угаалгахдаа тэр тасгийн хажуугаар явахаас өөр аргагүй. Өвчин амархан халдварладаг” гэсэн бол “Ариун цэврийн өрөө нь маш бохир. Эцэг, эхчүүд гуталтайгаа суултуур дээр нь гишгэж бие засна. Хүүхдүүдээ өвчнийх нь оношоор тусгаарладаггүй. Хонгилд бүгдээрээ нийлчихсэн тоглож байдаг. Эмч нар “Өрөөндөө орцгоо” гэж зандардаг ч хүүхдүүд болсон хойно тасагтаа тогтохгүй” хэмээн эмнэлгийн тусламж, үйлчилгээг шүүмжилж байлаа. Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэг дангаараа халдвар тараагаад байгаа юм биш. Бусад дүүргийн эмнэлэгт ч дээрх нийтлэг зөрчил байсаар байгааг эцэг, эхчүүд хэлж байна.
Амбулаториор үйлчлүүлэхээр ирсэн болон хэвтэн эмчлүүлж буй хүмүүс эмнэлэгт ирснээсээ хойш өөр өвчин тусахыг анагаах ухаанд эмнэлгийн дотоод халдвар гэж нэрлэдэг. Шинэ зууны эхээр эмнэлгээс шалтгаалах халдвар дэлхий нийтэд нэлээд жин дарж, АНУ-д гэхэд жилд дунджаар хоёр сая орчим хүн дотоод халдварт өртөж, 80 мянган хүний үхлийн шалтгаан болсоор байна. Одоо ч гэсэн өндөр хөгжилтэй орнуудад өвчтөнүүдийн 2-4 хувь нь эмнэлгийн халдварт ямар нэг байдлаар өртдөг бол манай улсад энэ тоо хоёр дахин их байгааг судлаачид тэмдэглэжээ. Бүс нутгаас хамааран өвчтөнүүдийн 10-40 хувь нь эмнэлгээс шалтгаалсан халдварын “бай” болдог аж.
ХӨСҮТ-ийнхний хэлснээр улсын хэмжээнд жилд дунджаар нийт өвчтөний гурав хүртэлх хувь нь энэ төрлийн халдварт өртдөг гэнэ. Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжийн засвар, үйлчилгээ, агааржуулалт, орчны эрүүл мэнд, антибиотикийн зохисгүй хэрэглээ, эмнэлгийн ажилтны мэдлэг, иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг зэрэг нь халдвар тархахад нөлөөлдөг байна.
Сүүлийн жилүүдэд төв эмнэлгүүдийн халдвар хамгаалал сайжирч, ариутгах, халдваргүйжүүлэх тоног төхөөрөмжөөр хангагдаж буй ч дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд хоцрогдсон хэвээр. Эмнэлэгт маш олон төрлийн халдвар тархдагаас манайд 2006-2008 онд элэгний В, С вирус, нярайн болон хагалгааны дараах шархны халдвар их байжээ. Өдгөө агаар дуслын замаар, мэс заслын багаж, гуурсаар дамжин өвчин тархах магадлал өндөр болжээ. II шатлалын, тэр дундаа Хүүхдийн эмнэлгүүдийг агааржуулалтын нэгдсэн системгүй, доторх агаарыг гадагш нь автоматаар соруулах хоолой суурилуулах боломжгүйгээр барьсан нь агаар дуслын замаар халдвар тархах үндсэн шалтгаан болж буй аж.
Хүүхдийн эмнэлгүүдэд дотоод халдвар их байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрынхнаас тодруулахад “Эмнэлгийн зохион байгуулалт, орны тоонд нийцүүлэн хүүхэд хүлээн авдаг. Өвчтэй хүүхдүүд хонгилдоо гүйлдэж, нэг нэгнээсээ халдвар авч байгаа бол энэ нь эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдэлтэй бас холбоотой. Хүүхдээ хэдхэн хоног өрөөнөөс нь гаргахгүй, саатуулж чаддаггүй. Вирусийн гаралтай өвчин агаар дуслын замаар халдварладаг. Эмнэлгүүдийн барилга байгууламж нь хуучны зохион байгуулалттай тул агааржуулалтын систем суурилуулахад төвөгтэй. Шинэ барилга барихаас нааш энэ асуудлыг шийдэх боломжгүй. Уг нь кварц буюу неон гэрлээр эмнэлгүүд өдөрт 1-2 удаа доторх орчноо халдваргүйжүүлдэг. Уг аргыг олон удаа хэрэглэх нь хүүхдийн эрүүл мэндэд хортой” гэсэн юм.
Эмнэлгээс шалтгаалсан халдварын талаарх тоо баримтыг олон нийтэд төдийлөн ил мэдээлдэггүй. Нэг талаар энэ нь байгууллагуудын нэр хүндтэй холбоотой байдаг гэх. Нөгөөтээгүүр, ард иргэд эмч, эмнэлэгт итгэх итгэл алдарч, мохдог нь туйлын үнэн. Монгол Улсын эмнэлгийн техникийн зөвлөх инженер, доктор Б.Энхжаргал эмнэлгээс шалтгаалсан халдварын судалгаандаа “Эмнэлгийн халдвар нь тусламж, үйлчилгээтэй холбоотой гардаг бөгөөд үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангахад тулгардаг томоохон асуудлуудын нэг юм. Үйлчлүүлэгч болон өвчтөн үзлэг, шинжилгээ хийлгэх, хэвтэн эмчлүүлэх үед халдвар авах тохиолдол бишгүй. Энэ нь өвтөнийг эмнэлэгт эмчлүүлэх хугацааг 4-5 дахин уртасгахаас гадна нэмэлт зардал, төсөв, үйлчилгээ их шаарддаг. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн эдийн засагт хохирол учруулаад зогсохгүй тухайн өвчтөний эрүүл мэнд, амь насанд аюултай. Тухайн халдварыг эмнэлгээс, эсвэл олон нийтийн дундаас авсан, эсэхийг эмгэг төрөгчөөс үүссэн өвчний нууц үеэс мэдэж болно. Хэвийн халдвар нь бичил биетээр үүсгэгдсэн байхад эмнэлгийн дотоод орчинд үүссэн нь эмч, ажилтан, багаж, тоног төхөөрөмжөөр дамжин халдварласан байдаг” хэмээн дурджээ.
Б.Энхжаргал доктор дээрх судалгааг хийхдээ I, II шатлалын эмнэлгүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, тандалт хийхэд мэс засал хийлгэсэн 100 өвчтөний найман хувь нь хагалгааны дараа ямар нэгэн халдварт өртдөг болохыг илрүүлжээ. Түүнчлэн зохиомол амьсгалын аппараттай 100 хүний 21.7 хувь нь уушгины хатгалгаагаар өвдсөн. Шээлтүүр буюу гуурстай 110 хүний 2.8 хувь нь шээсний замын халдвар авсныг тогтоосон байна.
Олон улсын жишгийг харахад эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлага, сургалтыг системтэйгээр хэрэгжүүлж, эмнэлгийн дотоод халдвар гарах эрсдэлийг бууруулдаг байна. Харин манайд ийм сургалтыг богино хугацаанд хийдэг нь эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлэх болсныг судлаачид онцлов. Цаашид сургалтын хөтөлбөрийг салбарын онцлогт тохируулан боловсронгуй болгож, дэлхийн жишигт нийцсэн тогтолцоо нэвтрүүлэх нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах том түлхэц болох учиртай аж.
Эмнэлгийн дотоод халдвар дамжихаас сэргийлэх олон арга байдаг юм билээ. Эмнэлгийн ажилтны гар хуруугаар дотоод халдвар тархах хамгийн өндөр магадлалтай тул эмч нар аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөмжийг ягштал дагах шаардлагатай аж. Тухайлбал, эмнэлгүүд гар угаах, ариутгах нөхцөлөөр хангах, эмч нар цус, биеийн бүх төрлийн шингэн, хөлснөөс бусад шүүрэл, ялгадас, гэмтэл авсан арьс, салст бүрхүүлд хүрснийхээ дараа гараа заавал угаах, нэг удаагийн бээлийгээ тайлсны дараа ч гэсэн энэ үйлдлийг тогтмол хийж хэвших ёстой. Мөн эмнэлгийн бээлий, усны хамгаалалттай амны хаалт, нүд хамгаалагч, халдвараас сэргийлэх өмсгөл зэргээр ажилтнуудаа хангах, хэрэглэсэн зүү, тариурыг шууд хаяхыг ДЭМБ зөвлөж байна.
Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд халдвараас сэргийлэх, хяналтын чиглэлээр мөрдөж ажиллах Эрүүл мэндийн сайдын тушаал, заавар, стандарт бий. Эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс үүдсэн халдварыг манайх 1998 оноос албан ёсоор бүртгэх болсон ч тухайн эмнэлгийн дарга, эмч, ажилтанд өндөр хариуцлага ногдуулдагтай холбоотойгоор тоо баримт далд хэлбэрт шилжсэн гэх. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн халдварт өртсөн 10 хүний нэгийг статистикт бүртгэдэг тухай цөөнгүй судлаач ярьдаг. Олон улсын байгууллагуудын тандалт судалгаагаар манайх шиг хөгжиж буй орнуудад нийт өвчтөний 10-15 хувь нь эмнэлгийн дотоод халдварт өртдөг болохыг тогтоожээ. Эл үзүүлэлтийг гурван хувиар тодорхойлчихоод гараа хумхиад суугаад байвал эмнэлгийн дотоод халдвар буурах уу. Харин ч эсрэгээрээ, эмнэлгүүд чинь халдвар “таригч” уурхай болох нь.