Монголчуудын дэлхийд гайхуулдаг соёлын хосгүй үнэт өв бол яахын аргагүй хадны сүг зураг билээ. Монгол нутагт байх эртний сүг зургууд нь хуучин чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн өнөөгийн бидэнд үлдээсэн “мэссэж” буюу захиа, зурвас юм. Үүнээс бид Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн түүхийг уншиж болно. Нэн эртнийх гэж тооцогдох сүг зурагт хүмүүс араатан амьтан, шувуу зэргийг өөрсдийн чадах чинээгээр дүрсэлсэн байдаг бол он цаг наашлах тусам дүрслэх ур чадвар нь сайжирч араатан амьтдаас гадна өөрсдийнхөө ахуй амьдралыг илүүтэй зурсан байдаг. Одоогоос долоон жилийн өмнө Америкийн эрдэмтэн хос Ховд аймаг дахь Ишгэн толгой хэмээх уулын хадны сүг зургуудыг судлаад дөрвөн боть ном гаргаж байжээ.
Уг сүг зураг нь Говь-Алтай аймгийн Чандмань сум дахь Шаахар толгой гэх газарт оршдог. Монголд соёл иргэншил эрт үеэс оршин байсныг дэлхийд нотлох, олон мянган жилээр хэмжигдэх археологийн үнэлж баршгүй нандин өв болох сүг зургийг Монгол залуус өөрсдөө өстөн мэт баллажээ. Шаахар толгойн чулуун зэвсгийн үеийн хадны сүг зургуудад урьд өмнө огт дүрслэгдэж байгаагүй барын зураг гурвантаа дүрслэгдсэн нь ихээхэн сонирхолтой бөгөөд Монгол нутагт эрт үед бар нутаглаж байсны нотолгоо бүхий түүхийн баримт байв.
Дээрх зураг Ховд аймгийн Булган суманд байрладаг Хойд цэнхэрийн агуй аж. Уг агуй нь шохойлог бүтэцтэй. Хэдэн мянган жилийн турш хадгалагдаж ирсэн сүг зургуудыг арилган өөрсдийнхөө нэрийг бичсэнийг ч харж болно. Баталгаат бус эх сурвалжийн хэлснээр энэ нь АРХЕОЛОГИЙН АНГИЙН ОЮУТНУУДЫН хийсэн болчимгүй үйлдэл гэнэ. Гэтэл энэ агуйг 1996 онд ЮНЕСКО-гийн "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл" зэрэглэлээр дэлхийн эртний соёлын чулуун зэвсгийн өвд бүртгэж байжээ.
Энэ мэт археологи, байгалийн дурсгалт газарт нэр усаа бичих, сийлэх үзэгдлийг “Вандализм” буюу соёлын эсрэг түрэмгийлэл гэдэг.
Хэдхэн хоногийн өмнө Францын нийслэлд 850 жилийн түүхтэй гайхамшигт сүмийн орой шатахад ард иргэд нь гашуудан харамсаж, яаралтай сэргээн засварлахаар хандив цуглуулж буйг бид харж байгаа. Гэтэл бид хойч үеийн өмнө 18-40 мянган жилээр яригдах гайхамшигт өвөө устгаж гэмт хэрэг үйлдэж буй нь харамсалтай.
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг нь дээрх зургаар ч тогтохгүй өчнөөн бий. Энэ бол эх орныхоо эсрэг хийж буй гэмт хэрэг юм.
Нэг бодлын хүүхэд, залуучууд соёлын өвийн талаар ямар ч ойлголтгүй өсч байгаа нь боловсролын тогтолцооны алдаа. Соёлын үнэт зүйлийг хайрлан хамгаалж байхыг үр хүүхдүүддээ хэлж ухааруулаагүй нөхцөлд энэ зүйлийг хэнч харсан байдаг л нэг бараан хар хад гэж бодно. Гэтэл 2017 оны тавдугаар сард Эрүүгийн хуулинд “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг” гэх зүйл ангиар хариуцлага тооцож байхыг тусгасан.
Хэдий төрөөс тавих хараа хяналт сул байгаа ч залуучууд бид эх орныхоо соёл, түүхийн дурсгалыг хайрлаж хамгаалж сурах ёстой. Энэ асуудлыг БОАЖЯ, БСШУСЯ болон бусад холбогдох байгууллагууд нь анхааралдаа аваач хэмээн гэж энэхүү бичвэрээ төгсгөе.