Г.Равжаа
Өнгөрсөн намар даа. Олон улсын багш нарын баярын өдрөөр багш, сурган хүмүүжүүлэгчдэд АТГ-аас нэгэн онцгой “бэлэг” барьсныг түүнээс хойш өрнөсөн олон дуулиан дарж, уншигчдын зарим нь мартсан биз. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг дэх улсын тэргүүний I сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг АТГ-ынхан баривчлан, хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорьсон явдал билээ.
Түүнийг хахууль авч байх үйлдэл дээр нь баривчлан цагдан хорьсон юм. Удалгүй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнэ мөн л хахууль аваад баригдсан. Улмаар Г.Бум-Эрдэнийн адил 30 хоног цагдан хоригдсон байдаг. Энэ хугацаанд I сургууль ч, “Шинэ эхлэл” ч хариуцсан эзэнгүй, үүрэг гүйцэтгэгчийн бараа харсаар олон сарыг үдэж байна.
10 САЯ ТӨГРӨГИЙН “БЭЛЭГ” АВСАН ЗАХИРЛЫГ ТӨРИЙН АЛБАНД
АЖИЛЛАХ ЭРХИЙГ ГУРВАН ЖИЛ ХАСЖЭЭ
БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирлаар ажиллаж байсан Л.Эрдэнэ 2018-2019 оны хичээлийн жилд тус сургуулийн зургадугаар ангид элсэхээр шалгалт өгсөн хүүхдийг тэнцүүлснийхээ төлөө ээжээс нь 10 сая төгрөгийн хахуулийг англи хэлний сургалтын нэгэн төвийн захирлаар дамжуулан 2018 оны зургадугаар сарын 23-нд авсан хэрэгт холбогдсон юм.
Захирал Л.Эрдэнэ мөрдөн байцаалтын үед “Би өөрөө мэдэж тэнцүүлсэн зүйл байхгүй. 10 сая төгрөгийн хувьд манай найз, нэгэн сургалтын төвийн захирал намайг АНУ руу явахад бэлэг болгож өгсөн. Түүний хүүхэд нь манай сургуульд сурдаг, АНУ руу хамт явсан учир харж хандаж сайн яваарай гээд өгсөн бэлэг гэж ойлгож байгаа” хэмээн мэдүүлжээ.
Харин хүүхдээ “Шинэ эхлэл” сургуульд оруулсан ээж нь “Миний үеэл эгч, сургалтын төвийн захирлын хүүхэд тус сургуульд сурдаг юм. Үеэл эгчээсээ хүүхдийг минь оруулж өгөөч гэж гуйсан. Эрдэм номтой хүн болгохын төлөө л сайн сургалттай гэх сургуульд оруулахыг чухалчилсан. Үеэл эгч минь “Шалгалт болохоос өмнө захиралд нь 10 сая төгрөг өгье” гэхэд нь би зөвшөөрч, гэрийнх нь гадаа мөнгөө авч очоод, үеэл маань Л.Эрдэнэ захиралтай машинд нь уулзаж өгсөн” хэмээсэн байна.
Хахуулийг зуучилсан хэрэгт холбогдсон, сургалтын төвийн захирал эмэгтэй “Би өөрийн хамаатанд туслах санаатай Л.Эрдэнэ захиралтай уулзсан, эхэндээ боломжгүй гэж байсан ч сүүлдээ “Таныг гуйсан болохоор зөвшөөрч байна шүү. Таны гуйгаад байгаа хүүхдийн эцэг эх нь 10 сая төгрөг өгч чадах юм уу. Чадна гэвэл хүүхдийг нь тэнцүүлээд өгье” гэсэн юм. Үүнийг садангийн дүүдээ хэлэхэд зөвшөөрч, 2018 оны зургадугаар сарын 23-нд шиг санаж байна, “Мөнгийг яаж өгөх вэ” гэж асуухад “Манай гэрийн гадаа аваад ир” гэлээ. Гэрийнх нь гадаа очоод залгахад “За гэрээсээ гараад очъё” хэмээж, удалгүй өөрийн машинд суугаад дуудахаар нь би очиж уулзан 10 сая төгрөг 20 000-тын таван боодол дэвсгэртээр гялгар уутанд хийж өгсөн” хэмээн өгүүлсэн байна.
Харин шүүхийн хэлэлцүүлгийн үеэр дээрх хүмүүс мэдүүлгээ өөрчилж, зуучлагч нь дүүгээсээ авсан мөнгөө БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнэд тусламж болгож өгсөн гэж ярьсан бол хүүхдээ тус сургуульд оруулсан ээж “Нөхөр бид хоёр эгчид таван сая төгрөг өгөх гэж байснаа арай бага юм уу гэж ярилцаад 10 сая болгосон. Хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ энэ хоёр хүнийг ийм байдалд оруулсандаа харамсаж байна, ийм хэрэг хийсэндээ гэмшиж сууна” гэсэн аж.
Харин Л.Эрдэнэ “Мөнгө өгч орсон гээд байгаа хүүхэд нь шалгалт өгсөн 46 хүүхдийн нэг нь болж тэнцсэн. Өнөөдөр би ийм хэрэгт холбогдсондоо гайхаж байна. Хандивын мөнгө авсан нь буруу зүйл боллоо. Би авсан мөнгөө ашиглаагүй, гэртээ байлгаж байсан. Хүүхэд маань намайг ийм хэрэгт холбогдсоныг сонсоод сэтгэлээр маш их унасан. Намайг авлигын хэрэгт битгий шийтгээч, дахиад ийм үйлдэл гаргахгүй” хэмээсэн байв.
Шүүх хуралд оролцсон улсын яллагч Б.Чинзориг ялын саналдаа “Л.Эрдэнийг гурван жил нэг сар хорих, нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жил хасах, нөгөө хоёр хүнийг 6000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох саналаа илэрхийлсэн аж.
Харин шүүх бүрэлдэхүүн Л.Эрдэнийн хувийн байдлыг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох, уг торгуулийг нэг жилийн дотор төлөх ёстой хэмээн шийтгэх тогтоол гаргажээ. Хахуульд авсан 10 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар, төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Ийнхүү анхан шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хассан хүний оронд өдгөө БСШУСЯ-наас ямар ч хүн томилоогүй байгаа юм. Ё.Баатарбилэгийн өмнөх сайд Ц.Цогзолмаа болон тухайн үеийн БСШУСЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхөөлэйгийн тушаалаар сургалтын менежер Н.Оюунгэрэл хэмээх, Л.Эрдэнэтэй хамт ажиллаж байсан нэгнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Өдгөө БСШУСЯ-ныхан харьяа лаборатори “Шинэ эхлэл” сургуульдаа огт анхаарахгүй, ял шийтгүүлсэн захирлын оронд хүн томилж, нэг тийш нь шийдэхгүй байсаар хагас жилийн нүүр үзлээ.
БУРГАСАНД БУС, БОЛОВСРОЛЫН САЛБАРТАА АНХААРААЧ, ХОТЫН ДАРГА АА
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх улсын тэргүүний I сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ ч бас торгох ялаар шийтгүүлсэн. Тодруулбал, Г.Бум-Эрдэнийг хууль, тогтоомж зөрчин Багшийн мэргэжил дээшлүүлэх инстиут, нийслэлийн Боловсролын газрын харьяа байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг I сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эхээс нь удаа дараа хахууль авсан гэм буруутайд тооцож, 12 сая төгрөгөөр торгох ял оноов.
Харин Авлигын эсрэг хууль болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмээ зөрчиж, авлигын хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа давуу байдал бий болгосон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг болон дээрх хүмүүст хахууль өгсөн хэрэгт холбогдсон А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг тус бүр 2.7 сая төгрөгөөр торгосон билээ. Мөн дээрх албан тушаалтнуудын төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан байна.
Гэтэл өнөөдөр I сургууль болон дээр дурдсан бусад албан тушаалтны оронд хэн нэгнийг томилсон, эсэх нь тодорхойгүй байгаа юм. Уг нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж буй Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” тохиолдолд төрийн албанаас халахаар заасан. Өмнөх хуульд ч ийм заалт байв. Харин Улсын дээд шүүхийн тогтоол гараагүй учраас хэмээн анхан шатны шүүхээс ял сонссон хүмүүсийн оронд хүн томилоогүй гэх мэдээлэл бий.
I сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнийн хувьд үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн, “60 тэрбум”-ынхны буюу Су.Батболд хотын дарга байхдаа үүрэг гүйцэтгэгчээр томилуулсан талаар тус сургуулийн багш нар нь ярилцах юм билээ. I сургуулийн багш, ажилтнууд өнөөг болтол үүрэг гүйцэтгэгчийн царайг харж суугаа бөгөөд өдгөө захирлын албыг түр орлон гүйцэтгэж буй Цогзолмааг ч хотын өмнөх дарга Су.Батболд томилчихоод явсан хэмээж байна. Тус сургуулийн багш нар өдгөө БСШУС-ын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Боловсролын газрын дарга тэргүүтэй албан тушаалтнуудад хандан шаардлага хүргүүлж, дотроосоо, хамт олондоо хүндлэгдсэн хүнийг захирлаар томилж өгөхийг хүссэн аж.
Гэвч ямар нэг шийдвэртэй арга хэмжээ авахгүй байсаар. Нийслэлийн Засаг даргын хувьд сүүлийн хэдэн өдөр “Бургас” хэмээн цоллуулсаар байгаа. Хамаарал бүхий аж ахуйн нэгжтэйгээ зууралдаж байхынхаа оронд улс орны ирээдүй болсон хүүхдүүдээ бодож, эзэнгүй шахам байгаа сургуулиудаа эзэнтэй болгох талаар анхаараасай билээ.