Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- ийн Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн эрхлэгч М.Болдбаатар тэргүүтэй эмч нарын баг хүүхдийн чөмөгт ясны хугарлыг эмчлэх орчин үеийн арга нэвтрүүлснээ мэдээллээ. Гэмтсэн ясны чөмөг дундуур сунадаг хадаас шургуулж, бэхэлдэг энэ аргыг өдгөө дэлхийн олон оронд ашигладаг бөгөөд давтан хугарах, гажиг үүсгэх, хөлийн чиг алдагдахаас сэргийлдэг аж.
Энэ нарийн төвөгтэй мэс заслыг яс хэврэгшиж, сийрэгжсэн үед хугарахаас урьдчилан сэргийлэх, тархины саажилтаас үүдсэн чөмөгт ясны эмгэг, хүнд гэмтсэн үед хугарлыг бэхлэх зорилгоор хийдэг байна. Хагалгаанд ашигладаг хадаас нь хүүхдийн өсөлтийг дагаж, сунадаг учраас олон дахин мэс засал хийх шаардлагагүй болсон нь уг эмчилгээний онцлох давуу тал аж. Мөн удамшлын гаралтай, 10 мянгад нэг тохиолддог яс хэврэгших өвчтэй, 18-аас дээш сартай хүүхдүүд уг хагалгааг хийлгэх боломжтой юм байна.