“ӨНӨӨДӨР”-ИЙН СЭДЭВ: Зуун дамнасан “хормойн” өвчин
Дайн тулаан, өвчин эмгэг, байгалийн гамшгаас болж хүн төрөлхтөн үй олноороо үрэгдсэн түүх өчнөөн. Тулалдаж байгаад амиа алдах нь нэг талаар утга учиртай үхэл. Байгалийн гамшигт нэрвэгдэж, хорвоог орхих нь дэндүү эмгэнэлтэй. Тахал зэрэг халдварт өвчний улмаас хэдэн мянга, саяараа хиарах нь хэтэрхий харамсмаар хатуу тавилан гэлтэй. Харин шинжлэх ухаан хөгжсөн энэ цагт өөрийн буруугаас “хормойн” өвчинд идүүлж хорвоог орхиж буйг юу ч гэмээр юм бэ дээ. Гэхдээ энэ нь нэг талаас хувь хүний явдал мэт боловч нөгөө өнцгөөс харвал нийгмийг хамрах том эмгэнэл мөн.
Хүн үүссэн төдийгөөс өдий хүртэлх хугацаандаа бэлгийн замаар буюу нөхөн үржихүйн эрхтнээр дамжин тархдаг өвчин үүсгэгч янз бүрийн вирус, нянтай “нөхөрлөж” хор хөнөөлийг нь амсаж иржээ. Тэдгээрээс хамгийн урхагтай нь тэмбүү гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Арьс, салст бүрхүүлээс эхлээд дотор эрхтэн, яс, мэдрэлийн тогтолцоо гээд хүний бие махбодыг бүхэлд нь “идэж”, цаашлаад ураг, үр удамд “үсэрч наалддаг” учраас ДОХ-оос ч аюултай хэмээнэ. Ингээд зогсохгүй удаан хугацаанд өөрийгөө “илчлэхгүй” бие махбодыг гэмтээж, архагшдаг учраас тэмбүү үүсгэгч цайвар трепонем хэмээх бактери маш хортой.
Ийм айхавтар өвчинд монголчууд нэгэн үед боомилуулж, бас боомилж байсан түүх бий. “Улаан тарианы” хэмээн нэрлэсэн тэр цаг үеэс хойш бүтэн зуун өнгөрсөн ч бид өнөөдөр харамсалтай нь тэмбүүтэй зууралдсаар л. Энэ тухай ярьсаар байгаад сүүлдээ бүр дөжирчихлөө. Ингэж “дасах” нь цайвар трепонем бактериас дутахгүй аюултай. “Өнөөдөр” сонин тэмбүү ямар айхавтар “махчин” болохыг ухуулан, сэрэмжлүүлж “Улаан тарианы үе эргэн ирлээ” хэмээн цувралаар хөндөж байлаа. Үүнээс үүдэн нэг хэсэг шуугьж, удирдах түвшнийхэн дорвитой арга хэмжээ авна хэмээн сүржигнэсэн ч эцэст нь “үлгэр” болоод намжсан билээ. Гэтэл өнөөдөр Монголд тэмбүү хөгжлийнхөө дээд үедээ хүрч, мэдрэлийн, ясны, ургийн гээд зүсэн зүйлээрээ дэлгэрээд байна.
Хамгийн сүүлийн үеийн статистикаар, зөвхөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчин туссаны 38.2 хувь нь, мөн шинжилгээнд хамрагдсан 1507 жирэмсэн эх тэмбүүтэй гэж оношлогдсон байна. 45 нярай ээжээсээ тэмбүү тээж төрсний 14 нь амьгүй, 11 нь хэсэг хугацааны дараа нас баржээ. 2019 он гарснаас хойш гурван сарын хугацаанд Улаанбаатар хотод төрөлхийн тэмбүүтэй 14 нярай мэндэлсэн байх юм. Томчуудын “тоглоом” Монголын хойч үеийг хэдийн шоглоод эхэлсний баримт энэ. Мэргэжилтнүүдийн ярьснаар, улаан тарианы үеийнхээс ч айхавтар нөхцөл байдал өнөөдөр бий болжээ. Тиймээс “Өнөөдөр” тэмбүүгийн талаар дахин хөндөж, ороомог хэлбэрт эл бактерийн балгийг “Зуун дамнасан “хормойн” өвчин цувралаараа хүргэж байна.
Өнөө цагт дэлхий нийтийн сэтгэлийг зовоосон нэг асуудал болсон тэмбүү өвчин чухам хаанаас үүссэн талаар мэргэжилтнүүд санал зөрж, Америкаас, Европоос, Африкаас анх тархсан хэмээн маргадаг аж. Чухам хаанаас эхлээд, хаана хүрсэн нь өдгөө чухал биш. Эл өвчнийг эдгээж чаддаг болсон нь, цаашид урьдчилан сэргийлэх тарилга, эм бэлдмэл бүтээж, улс орнууд тэмбүүтэй тэмцэх бодлогоо боловсруулах нь чухал. Үүнээс дутахгүй чухал зүйл нь хүн та цайвар трепонем бактерийн халдвар авахгүйн тулд “хормойгоо” хямгадаж, гэр бүлээс гадуурх харилцаа, тохиолдлын хавьтлаас татгалзах, бэлгэвчтэй “нөхөрлөх”, нэгэнт өвчин туссан бол ичиж, зоволгүйгээр эмнэлэгт хугацаа алдахгүй хандаж, эмчийн хяналтад эмчлүүлэх ёстой. Эс бөгөөс цагаан трепонем бактери “гуай”-д далаараа тавиулж, 10, 20 жилийн дараа сэтгэцдээ өөрчлөлттэй болох, үр удмаа хөнөөх гээд төсөөлөхөд ч аймаар зүйлтэй нүүр тулна. Үр удмаа үлдээх ч чадваргүй болно. Монголчууд аливаад шинжлэх ухаанчаар хандахаасаа илүүтэй хэн нэгний зөвлөснөөр, эсвэл “үздэг, хардаг” хүний зааснаар явдаг муйхар, бүдүүлэг зантай. Тиймдээ ч пенициллин тариулахад л тэмбүү эдгэрдэг гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд амь бөхтэй байсаар. Яг ингэж явсаар хамар, бэлэг эрхтэн, хацрын яснаасаа салсан хүн дэлхийд олон байсан талаарх түүхийг уншиж болно. Тэр ч бүү хэл, аймшигт бактери гавлын яс, тархийг нь идсэн, нүд халтирам зургуудыг интернэтээс харж болно.
ДЭМБ-ын тайланд дурдсанаар, жилд дунджаар 12 сая хүн тэмбүүгийн халдвар авдаг аж. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхний (ХӨСҮТ) мэдээлснээр, өнгөрсөн онд улсын хэмжээнд 27 төрлийн халдварт өвчнөөр 42 074 хүн өвчилсний 40 орчим хувь буюу 16 мянга гаруй нь бэлгийн замын халдвар авчээ. Үүний олонх нь, тодруулбал, 38.2 хувь нь тэмбүүтэй байв. Энэ тоо 1980-аад оны төгсгөл үед хэд дахин бага байж. 1999 онд улсын хэмжээнд 10 мянган хүн тутмын тав нь тэмбүүтэй байсан бол 2001 онд энэ тоо долоод хүрчээ. Үүнээс хоёр жилийн дараа гэхэд халдварт өвчний 26 884 тохиолдлын 43.4 хувь нь бэлгийн замынх, үүний дотор тэмбүү 14.6 хувийг нь эзэлсэн байна. Эмч, мэргэжилтнүүдийн ярьснаар, иргэд өвчнийг цаг тухайд нь эмчлүүлсэн бол өнөөдөр ийм эмгэнэлтэй байдалд хүрэхгүй байсан гэх. Ийм байгаа учраас л улаан тарианы үе рүүгээ “буцлаа” гэж санаа зовниж буй.
Улаан тарианы үе хэмээн “данслагдсан” 1930-1940-өөд оны үед Монголын хүн ам 738 мянга гаруй байв. 1931-1932 онд орос эмч нар хүн амын бүлгүүдийг шинжилгээнд хамруулахад 22-41 хувь нь тэмбүүтэй. Мөн цэрэгт татагдахаар эмчийн үзлэгт орсон эрчүүдийн 28.8 хувь нь яр өвчтэй байсан талаар П.Н.Шастин доктор номдоо дурдсан байдаг.
Бэлгийн замын халдварт өвчтэй нэг хүний цаана 5-10 хавьтагч байдаг гэж тооцоод хөөвөл хэдэн оронтой тоо болж өсөх нь ойлгомжтой. 1990-ээд оноос эл өвчин ардчилалтай хамтдаа “хөгжиж”, эрчимтэй газар авсан гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг юм. Тиймдээ ч ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөөр “халхлуулсан” тэмбүү өнөөдөр нийгмийн хэмжээнд далд хэлбэрт шилжсэн хэмээдэг. Ардын засгийн үед дарсан өвчин ардчиллын үед ийнхүү сэргэж, сэдрэв. 1921 онд Монгол Улсын хүн амын тал нь буюу хоёр хүн тутмын нэг нь тэмбүүтэй байсан хэмээн зарим эх сурвалжид тэмдэглэжээ. Тэр үед Монголыг мөхөж буй орон хэмээн дэлхийд зарлаж байв. Тиймээс Ардын засгийн гишүүд орос эмч нараас тусламж хүсэн, монголчуудыг албадан эмчилж эхэлсэн түүхтэй. Энэ тухай “Доктор Шастин” номд “ЗХУ-ын доктор П.Н.Шастин, Таубкин, Тарбиевский нарын эмч 1927-1932 онд хүн амын бүлэг тус бүрийг шинжилгээнд хамруулсан. Тэд өвчтэй хүмүүсийн идээ бээрийг шахаж, цэвэрлэн, судсаар нь “Бэхинол” хэмээх улаан өнгөтэй тариа хийж, эмчилж байсан” гэж бичсэн байна. Эхэндээ энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй, хүмүүс дахин халдвар авч байсныг нэг хүн 11 удаа эмчлүүлсэн баримтаас харж болно. Энэ бол тэмбүүг устгах улсын бодлого ямар өндөр түвшинд байсныг гэрчлэх түүх юм.
Гэтэл өнөөдөр “Жирэмсэн ээж тэмбүүтэй байна. Оюутан, сурагчдын дунд бэлгийн замын халдвар газар авлаа. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төд төрлөө”
хэмээн тоолж, зарлаад жишим ч үгүй сууж байх хооронд эл өвчнөөр нас барсан тохиолдол нэмэгдсээр байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс 58 шинэ иргэнээ тэмбүүнд бүр “өгчихжээ”. Биднийг удирдаж буй хүмүүс энэ тухай мэддэг болов уу. Эмчлэгдэж, бүрэн эдгэрэх боломжтой өвчнөөр ийнхүү монгол хүмүүс тэр дундаа ирээдүйн эзэд болсон хүүхдүүд цуван явсаар байгаа нь дэндүү эмгэнэлтэй, харамсалтай. Монголчууд Манжийн үед тэмбүү тусаж байсныг гэрчлэх баримт байдаг. Энэ нь Монголыг устгах бодлого байсан ч гэдэг. Тэр үед сөхрөөгүй байж шинжлэх ухаан хөгжсөн ХХI зуунд монголчууд тэмбүүнд дөнгөлүүлж, гамшгийн байдалтай сууж байгааг юу гэх вэ.
Цагаан трепонем бактерийн уршгийг хүн төрөлхтөн 500 жилийн тэртээд бүртгэж, мэддэг болсон бол монголчуудын “хормойд ороод” хоёр зууны нүүр үзжээ. Бэлэг эрхтэн дээр цэврүү үсрэх, ам салт бэртэх зэргээр илэрч, аажимдаа бүх махбодыг залгидаг эл өвчин чухам юу болох, юугаар, хэрхэн дамжиж, халдварлаж байгааг дэлхий нийт 1905 он хүртэл шинжлэх ухаанчаар нотолж чадаагүй аж. Германы бичил биет судлаач Ф.Шаудин, Э.Гофман нар эл өвчнийг үүсгэгч бактерийг нээснээр хэдэн сая хүний амь авч одсон “алуурчин” нь ороомог хэлбэртэй бичил биет болохыг хүн төрөлхтөн баттай мэдэж авчээ.
Оросууд “франц өвчин”, монголчууд “дотор газрын яр” хэмээдэг байсан тэмбүүгийн явцыг гурван үед хуваадаг аж. Эхэн үед нь эмчлүүлбэл бүрэн эдгэрнэ. Хорт хавдрын эсийг дарангуйлж чадвал хүний биеийн эд, эс сэргэдэг. Харин тэмбүү даамжирвал энэ магадлал багасдаг аж. Тэгэхээр “хормойн” өвчин ямар аюултай нь ойлгомжтой. Эл өвчнийг даруй эмчлүүлэх нь чухал.
Монголд тэмбүү газар авч буйн нэг шалтгаан нь мэдээлэлгүйгээс болдог гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Уг өвчнөөс хэрхэн сэргийлэх, халдвар авсан тохиолдолд яах ёстойг илэн далангүй ярьж, мэдээлж байхгүй бол бэлэг эрхтнээр дамждаг бактерийн урхаг арилахгүй. Ядаж л оршин суугаа газрынхаа харьяа эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвд цагаан трепонем илрүүлэх шинжилгээ хийдгийг хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч нар нөхөн үржихүйн насныхандаа мэдээлдэг баймаар.
ХӨСҮТ-ийн эмч нар “Тэмбүү өвчний эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахад болохгүй зүйлгүй” гэж байна. Угтаа энэ нь хувь хүний асуудал биш, нийгмийг хамарсан гамшиг учраас тэр.
1495 онд европчууд сифилис буюу тэмбүүгийн уршгийг анх удаа хамгийн өргөн хүрээтэй амсжээ. Тухайн үед таван сая хүн ороомог бактерийн золиос болж, хорвоог орхисон байдаг. Үүнээс хойш 20 гаруй жилд эл тоо 60 саяд хүрчээ. Үүнд бас нэг төрлийн тахал хавсарсан хэмээн түүхийн хуудсанд бичсэн байна. Ингэж хэдэн саяар нь хиаруулдаг учраас тэмбүүгээс айх учиртай. “Энэ дэлхий дээр үүнээс илүү харгис, аймшигтай, жигшүүртэй зүйл алга” гэж 1496 онд Германы эрдэмтэн Йозеф Грюнпек тэмбүүгээр шаналж, хөдөлж чадахгүй болсон армийнхнаа харан уулга алдсан гэдэг.
Тэмбүү өвчин дэлхийн “брэнд” болоход америкчуудын нөлөө их байжээ. 1946 онд
АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Гватемалын 1300 иргэнд зориудаар тэмбүү халдаасан гэдэг. Ийм харгис туршилт хийсэн нь зөвхөн энэ биш бөгөөд армид алба хааж байсан хар арьст цэргүүдэд ч цагаан трепонем бактерийн халдвар тараажээ. Өнөөдөр дэлхийн хэмжээнд эл өвчний тархалтаар Африк, Латин Америк тэргүүлдэг гэнэ. АНУ-ын Оклахома муж цагаан арьст эмэгтэйчүүд, хүүхдийн тэмбүүгээрээ улсдаа толгой цохидог байна. Энэ нь нэг талаас 1990-ээд онд эмч нарын буруу оношилгоотой холбоотой гэх.
Сүүлийн үед тэмбүү дэлхий нийтийн толгойн өвчин болж буйг олон улсын хэвлэлүүдээс харж болно. Германы эрдэмтэд 2016 онд шинэ төрлийн тэмбүү илрүүлсэн. SS14 хэмээх үүсгэгч нь антибиотикт нэн тэсвэртэй болохыг ч мэдээлсэн юм. 2000-аад онд ч антибиотикт тэсвэртэй тэмбүүгийн шинэ дэгдэлт гарсныг герман эрдэмтэд нээсэн байдаг. Тэмбүү ингэж өргөн фронтоор дэлхийн хүрээнд давшиж байгаа энэ цагт монголчууд эл өвчний эсрэг үндэсний бодлогоо улам төгөлдөржүүлэхгүй бол горьгүй нь. Засгийн газраас боловсруулсан БЗДХ, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөөг 2010-2015 онд хэрэгжүүлжээ. Тухайн үед бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөгсдийн 42 хувийг 15-24 насныхан эзэлж байж. Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүүгийн тархалт 5.2 хувьтай, төрөлхийн тэмбүү 2014 онд 10 000 хүн амд 0.1, 2015 онд 0.2 болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр төдийлөн үр дүнд хүрээгүй аж. Тиймээс Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр боловсруулжээ. 2017-2021 онд хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн нэг зорилго нь тэмбүүгийн халдварын тохиолдлын түвшнийг 30 хувиар бууруулж, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг илрүүлэх үйл явцыг 90 хувьд хүргэх, төрөлхийн тэмбүүтэй төрөлтийг бууруулах аж. Гэтэл үнэндээ энэ нь цаасан дээр бичсэн шигээ амархан биелэхгүй нь ойлгомжтой болсон. Учир нь одоогийн тархалтаас нь харахад тэмбүүг “барьж” авах боломж харагдахгүй л байна.
Бэлтгэсэн: Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ, О.БАТ-УНДРАХ