Монголын багш нарын VII их хурал өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд монгол хүний эрдэм оюуны алтан аргамжийг бат бэх байлгаж, хөгжлийн дархлааг бэхжүүлж ирсэн үе үеийн багш нар асуудлаа ярилцаж, шийдэл эрэлхийж байна. Төр, засгийн томчууд дор бүрнээ багш нарт мэндчилгээ дэвшүүлж, боловсролын байгууллагын хөгжил, тэдний нийгмийн байдалд анхаарч буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бид улсынхаа ирээдүйг бэлтгэдэг сургууль, цэцэрлэгийн багшийг тогтвортой ажиллах, үр бүтээл гаргах боломжоор хангалгүй, эмзэг байдалд орхиод удлаа. Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь орон сууцаар хангах юм. 2018 оны байдлаар 6390 айлын орон сууц борлогдоогүйгээс 5822 нь нийслэлд, 568 нь орон нутагт байна.
Тэдгээрийн дотор нэг ам метр талбайг нь 1.6 сая төгрөгөөр борлуулах боломжтой 2118 орон сууц бий гэх судалгааг Барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсэг гаргасан. Тиймээс миний бие багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдэнд тохирсон орон сууцны зээлийн бодлого боловсруулах, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхийг Засгийн газарт санал болгож, шахаж, шаардсаар ирлээ” гэв. Түүнчлэн Төрийн тэргүүн олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарын гавьяаг үнэллээ. Энэ өдөр Монгол Улсын боловсролын их сургуулийн хүндэт зөвлөх, Цагаан толгойг зохиосон Г.Лхаахүү Ардын багш болсон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, нүдээ олсон шагнал гэдгийг бататгалаа.
Мөн нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Ч.Ганбилэг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Г.Гүндэгмаа, сургуулийн өмнөх боловсролын ахмад багш П.Дулмаа, Мэргэжлийн боловсролын сургуулийн арга зүйн төвийн захирал С.Цээпэл, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн зөвлөх М.Шагдарсүрэн, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багш А.Эрдэнэбаатар нар Гавьяат багш болсон юм.
Хөдөлмөрөө төрдөө үнэлүүлсэн болон тэнд хуран цугларсан багш нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад “Багшаа дуулья” дуугаараа мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их, дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр хуран цугларчээ. Багш нарын “Төрийн дуулал” болсон энэ уран бүтээлийг эхлүүлэх төдийд хуралд оролцож буй төлөөлөгчид бүгд босож, даган дууллаа. Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн сангийнхан инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй монгол эрдэмтдийн бүтээлүүдээс хурлын бүх төлөөлөгчид бэлэглэсэн нь онцлог байв.
Багш нарын VII их хурлын үндсэн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тавьсан. Тэрбээр илтгэлээрээ дамжуулан Монголын багш нарт боловсролын салбарын хөгжил өчигдөр ямар байсан, өнөөдөр аль түвшинд яваа, маргааш хаана хүрэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга бага ангид 3.1, дунд ангид 1.2, ахлах ангид 0.5 хувийн давхцалтай, бага ангийн агуулгын 8.2, дунд ангийн агуулгын 7.3, ахлах ангийн агуулгын 10.5 хувь нь хүндэдсэн байгааг онцоллоо.
Энэ нь сурагчдын ачааллыг нэмж, сурах сонирхлыг бууруулах, улмаар чанаргүй сургалт явуулахад хүргэж буй аж. Салбарын сайд эдгээр алдаа, дутагдлыг засаж сайжруулахад анхаарах нь. Улмаар Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, УИХ-ын 2019 оны намрын чуулганы хугацаанд өргөн барих аж.
Хуулийн төсөлд сургуулийн өмнөх, бага, дунд, ерөнхий боловсролын, мэргэжлийн болон дээд боловсролын асуудлыг цогцоор нь тусгаж, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, боловсролын салбарын ирээдүйн чиг хандлагыг тусгаж, боловсруулна хэмээсэн юм. Улсын хэмжээнд нийт 28 сургуу-лийн 8451 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа гэнэ. Тиймээс 2019 оны төсвийн хөрөнгөөр 12 440 хүүхдийн хүчин чадалтай 22 сургууль барихаар төлөвлөжээ. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 3440 хүүхдийн хүчин чадалтай дөрөв, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 640 хүүхдийн хүчин чадалтай нэг, Япон Улсын буцалтгүй тусламжаар 1400 хүүхдийн хоёр, нийт 17 928 хүүхдийн хүчин чадал бүхий 29 сургуулийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр улсын хэмжээний бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх боломж бүрдэх гэнэ.
Үүнээс гадна Ардын багш Ц.Өнөрбаянгийн хэлсэн үг багш нарын итгэлийг сэргээх шиг болсон. Тэрбээр “Манай багш нарын хөгжил, боловсролын тогтолцоо дэлхийн жишгээс хоцроогүй. Монголын боловсрол бол хүн төрөлхтний боловсролын нэг бүрэлдэхүүн хэсэг учраас тэр л чиг хандлагаар хөгжиж буй. Мэдээжийн хэрэг хөгжин, хувьсаж буй бүхий л зүйлд саад бэрхшээл, дутагдал доголдол учирч, түүнийг даван туулж, засаж залруулж байж л дэвшдэг жамтай” гэв. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш нарын ажлын байранд үнэлгээ хийнэ гэдгээ мэдэгдлээ.
2020 оноос Төрийн албан хаагчийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор ийн шийджээ. Ингэснээр ажлын байрны ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч албан тушаалын анги зэрэглэлийг шинээр тогтоох боломж бүрдэх нь. Учир нь багш нар адилхан төрд ажилладаг хэрнээ төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаас ялгаатай цалин авдаг аж. Багшийн хөдөлмөр хүнд, хортой нөхцөлд орох ёстой гэх гомдол ч цөөнгүй ирдэг гэнэ. Тиймээс энэ онд багтаан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамныхантай хамтран багш нарын хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэхээр төлөвлөжээ. Дараа нь Засгийн газарт танилцуулах юм байна.
1924 онд Ардын Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор Ардыг гэгээрүүлэх яам байгуулах шийдвэр гаргажээ. Улмаар тус яамны анхны сайдаар Онход овогт С.Жамьян томилогдож байснаас хойш Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтож, өнөө жил 95 дахь жилтэйгээ золгож буй. Тиймээс багш нар 95 жилийнхээ ололт амжилтыг хэлэлцэхийн зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал бодлоо солилцсон. Тухайлбал, ахмад багш нар хэд хэдэн санал зөвлөмж хэлсэн.
Тэд нэн тэргүүнд нийгмийн хөгжлийн тэргүүлэх салбар болсон боловсролын материаллаг орчныг эрс сайжруулж, багш сурган хүмүүжүүлэгч нарын өмнө тулгарч байгаа асуудал, ялангуяа цалин хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, эл мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэхэд бодитой алхам хийхийг төрөөс хүссэн. Үүнээс гадна хурлын нийт төлөөлөгчдөд хандаж төр, засгаар асуудлаа шийдүүлэхийн тулд бодит байдлыг үнэнээр ярьж, тодорхой санал гаргахыг уриаллаа. Мөн залуу багш нарт хандаж эзэмшсэн мэргэжлээ үргэлж тордож, шавь нараа хайрлан хүндэлж яваарай гэсэн юм.
Ийнхүү багш нар хоёр өдөр үргэлжлэх VII их хурлаас үр өгөөжтэй, холын хараатай шийдвэр гарна, боловсролын салбарт шинэчлэл ирнэ гэж итгэж байна.
Зарим төлөөлөгчийн сэтгэгдлийг сонслоо.
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 60 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
Г.ЛХААХҮҮ (Ардын багш, МУБИС-ийн хүндэт зөвлөх):
-Ардын багш болсондоо их баяртай байна. Энэ бол багш хүний хамгийн нандин цол хэргэм. Багш мэргэжил эзэмшсэн нь миний амьдралын хамгийн зөв сонголт байж. Өөрийн мэргэжилд талархаад баршгүй. Миний үзэл бодол, арга, зүй, сурах бичгүүдийн агуулга, боловсролд оруулж буй үзэл санааг хэрэгжүүлж яваа шавь нартаа баярлалаа. Цаашид боловсролыг хөгжүүлэх, хүүхдийг дэмжихэд, эцэг, эхийн харилцааг өргөжүүлэхийн төлөө тэдэнтэй шүтэн барилдаж, илүү ихийг хийх урам төрлөө.
-Боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?
-Багшийн сургууль төгсөөд тэтгэвэрт гартлаа 40 жил ажилласан. Үүнээс хойш номоо орхиогүй, бичих зүйлээ хаяагүй, хүүхдүүдийн төлөө ажилласаар ирсэн. МУБИС-ийн зөвлөх багшаар 20 дахь жилдээ ажиллаж буй. Үүнийг тооцвол боловсролын системд 60 жил ажиллажээ. Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэрийн бааз бригадын сургуульд багшилж, ажлын гараагаа эхэлсэн. Бага, дунд, ахлах анги, МУБИС-ийн монгол хэл, уран зохиол, арга зүйн багшаар олон жил ажилласан.
ШАВЬ НАР МИНЬ МОНГОЛЫГ БҮРХЭЖ, ХӨГЖИЛ ДЭВШИЛД НЬ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ ЯВАА
М.ШАГДАРСҮРЭН (Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн багш):
-Архангай аймгийн боловсролын байгууллагад 52 дахь жилдээ ажиллаж байна. 1967 онд багшийн дээд сургууль төгсөөд Архангай аймагт томилогдож, өнөөдрийг хүртэл физик, математикийн багшаар ажиллаж байна. Сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, захирал гээд бүхий л үе шатанд ажиллаж, өнөөдөр Гавьяат багш цол хүртсэндээ баяртай байна. Шавийнхаа тоог тодорхой гаргаж чадахгүй. Гэхдээ 3000 гаруй шавь бүх аймаг болон нийслэлд ажиллаж, улсынхаа хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж яваа гэдгийг баттай хэлнэ.
БАГШИЙГ ХҮНДЭЛЖ, ХАЙРЛААРАЙ
Ц.БАЛХААЖАВ (Ахмад багш, доктор, профессор):
-50 шахам мянган багшийг төлөөлж ирсэн 800 гаруй сурган хүмүүжүүлэгч ирээдүйн их ажлын үзэл бодол, зорилго, шаардлагад тулгарсан асуудлыг шийдэхээр хэлэлцэж байна. Энэ чуулган ирээдүйн оюуны санд ихээхэн хувь нэмэр оруулна гэж бүрэн итгэж сууна. Багш, шавийн барилдлага үүрд мөнх байдаг. Тиймээс хойч үе минь ямагт багшаа хүндэлж, тэднээс их зүйл сурч, дараа үедээ уламжлал, залгамжаа нэр төртэй өгч яваарай. VII их хурлаар орчин үеийн боловсролын асуудлыг тал талаас нь авч үзэж буйд талархаж байна.