1990-ээд оны дундуур ажлын байр нэмэгдүүлэх онцгой “мэргэн” санаа олсон нь орон сууцны нэгдүгээр давхрын зориулалтыг өөрчилж, өргөтгөх, тухайн газартаа үйлчилгээ явуулах байв. Харамсалтай нь, уг “мэргэн” санаа нь иргэдэд сөргөөр нөлөөлөөд удлаа. Гаргасан алдаагаа засахаар хууль тогтоомждоо өөрчлөлт оруулаад ч эл гажуудлаа арилгаж дийлэхгүй өнөөг хүрчээ. Ийм санаачилга гарсан даруйд орон сууц болгоны нэгдүгээр давхрын айл өрхүүд байраа өргөтгөж, үгүй юм гэхэд зориулалтыг нь өөрчилж ашигласан гэхэд хилсдэхгүй.
Өдгөө энэ асуудал оршин суугчдын тав тухыг алдагдуулахаас гадна аюулгүй байдалд нь заналхийлэх болсон. Ялангуяа борооны дараах мөөг мэт олширсон хоолны нэртэй уушийн газруудаа цэгцэлж чадахгүй байгаа нь хууль, эрх зүйн орчин дутмагтай холбоотой аж. Юу нь тэгтлээ иргэдэд сөргөөр нөлөөлөө вэ гэж үү. Жишээн дээр тайлбарлая. Саяхан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэнээс гомдол иржээ. Гомдолд “Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газраас байнга хурц үнэр ханхалдаг. Үүнээс үүдэн харшилтай боллоо. Хий ашиглаж буй нь оршин суугчдыг эрсдэлд оруулж байна” хэмээн дурджээ.
Үүний дагуу шалгахад хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус газрын эзэд наад захын стандартаа мөрдөөгүй байсан гэнэ. Тухайлбал, агааржуулалтын хоолойгоо байрны цонхоор гаргасан байж. Тиймээс тухайн байрны цөөнгүй оршин суугч үүрийн таван жингээс эхлээд үдшийн бүрий хүртэл элдэв хурц үнэр, шарсан хуурсан хоолны хиншүү хярвасаас болж бухимддаг аж. Цайны газрын тохижилт муу, тоног төхөөрөмжөө стандартын дагуу угсраагүй, тасалгааны температур хэвийн бус, хийн торхоо журамд зааснаар суурилуулаагүй, хүнсний зохистой дадлуудыг хэвшүүлээгүй зэрэг олон зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоожээ.
Хамгийн ноцтой нь олон иргэн амьдардаг орчинд аюулгүй байдлаа хангалгүйгээр хий ашигласан асуудал юм. Үүнээс гадна орон сууцнуудын нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг зоогийн газар, кафетай холбоотойгоор “Жоом, бясаа зэрэг хортон шавж, мэрэгч амьтан дамжин орж ирлээ”, “Бохирын шугам бөглөрлөө”, “Дуу чимээтэй ихтэй”, “Элдэв хурц үнэр гарлаа”, “Хананы наалт, таазны шохой уналаа”, “Хана мөөгөнцөртлөө”, “Механик агааржуулагч нь дуу чимээтэй” гэх гомдол тасардаггүй. Гомдолтой холбоотойгоор 2011 онд Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зориулалтын бус байрт нийтийн хоолын газар ажиллуулах, их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглосон.
Ингэснээр ихэнх аж ахуйн нэгж цэнгээний газар гэсэн хаягаа хуулж, кафе, зоогийн газар болгож өөрчилсөн. Харамсалтай нь, нэрээ хэдэнтээ өөрчлөөд ч архидалт хумигдсангүй, гомдол заргын тоо буурсангүй. Орон сууц бол орон сууц. Бүгд айл амьдрах зориулалттай баригдсан. Гэтэл өнөөдрийн байрлаар орон сууцны нэгдүгээр давхарт зоогийн 285 газар, 187 кафе, 52 цэнгээний, 145 цайны газар ажиллаж байна. Жижиг цайны газар байсан ч тусгай зураг төслийн дагуу тохижуулж, стандарт хангасан байх учиртай. Тухайн байрыг бүхэлд нь нураадаггүй л юм бол анхнаасаа айл амьдрах зориулалтаар барьсан барилгын зураг төслийг өөрчлөх боломжгүй.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ өдрүүдэд эрсдэлд суурилсан шалгалт хийж буй. Эрсдэлтэй гэж тооцсон 315 ресторан, кафе, цайны газрыг эл шалгалтад хамруулжээ. Эхний ээлжинд 28 газрын үйл ажиллагааг түр зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар нийслэлийн Захирагчийн ажлын албанд санал хүргүүлээд байна. Тус албанаас 2016 онд гаргасан Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын дагуу дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон. Гэсэн ч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг эрх зүйн чадамжгүй гэж үзэх магадлал өндөр. Учир нь уг журмыг өнөөдрийг хүртэл ХЗДХЯ-нд бүртгүүлээгүй гэнэ.
Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам эрх зүйн чадамжгүй тул нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчлөө арилгах тодорхой хугацаа өгөхөөс өөрөөр арга хэмжээ авч чадахгүй шахам байна. Тодруулбал, иргэн А зөрчлөө арилгалгүй Б-д ажлын байраа түрээслүүлэх тохиолдол их гэнэ. А-гийн гаргасан зөрчил Б-д хамаагүй тул тухайн газарт дахин хуулиас гадуур үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрддэг юм байна. Мөн уг журамд цагийн зохицуулалт байхгүй учраас зарим кафе, цэнгээний газрууд өглөө болтол ажилласаар байгаа юм.
Энэ мэт зөрчил гаргуулахгүй байхад нийслэл болон дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийнхний оролцоо чухал. Тодруулбал, уг хэлтсээс бүх зүйл стандартын дагуу байгаа, эсэхийг харгалзаж, тодорхой баталгаа гаргуулж, зөвшөөрөл өгөх шаардлагатай аж. Товчхондоо тохижуулалт нь стандартын дагуу байна уу, агааржуулалттай юу, хиншүү сорогч нь ажилладаг уу, хий ашиглах уу гэдгийг тодруулсны үндсэн дээр зөвшөөрөл өгдөг бол дараа дараагийн хяналт шалгалтын байгууллагын ажилд нэмэртэй аж.
Анзаарсан бол нэгдүгээр давхрын орон сууц ихэнхдээ бусад байрнаас өндөр үнэтэй байдаг. “Орон сууцны нэгдүгээр давхарт байрлах ажлын байр зарна”, “Өргөтгөх, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой нэгдүгээр давхрын орон сууц худалдана” гэсэн зар руу залгаад нэг үзээрэй. Хямд үнэ сонсохгүй л болов уу. Гэхдээ хотын удирдлага орон сууцны нэгдүгээр давхарт худалдаа, үйлчилгээ эрхлэхийг цаашид хориглох чиглэлтэй байна.
Ташрамд дурдахад, нийслэлийн бүтээн байгуулалтад оросуудын оруулсан нөлөө их байдаг. Мөн тус улсын олон газарт Монголынхтой төстэй барилга байгууламж бий. Хамгийн гол нь тус улсад орон сууцны барилгуудынхаа нэгдүгээр давхрыг өргөтгөсөн газар байдаггүй. Мөн айл өрх амьдардаг барилгын доод давхарт цэнгээний болон зоогийн газар ажиллуулдаг газар нэг ч үгүй гэдгийг хойд хөршид ажиллаж амьдардаг иргэд өгүүлсэн юм.