Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар НМХГ-аас мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр тус сургуулийн найман хүүхдэд цусан суулга өвчний шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл ХӨСҮТ-ээс ирсэн ба НМХГ-аас халдварын голомтод хандалт судалгааны ажил хийжээ. Үүний үр дүнд тус сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн аж. Үүнээс 43 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 34 хүн нь өрхийн эмчийн хяналтад байна. Харин хоёр хүүхэд сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Мөн одоогийн байдлаар 30 хүнээс шегелийн нян илэрсэн нь тогтоогдоод байна.
Сурагчдад өгсөн үдийн цайнаас 43 төрлийн дээжийг аваад Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болон МХЕГ-ийн төв лабораторид шинжлүүлэхээр өгсөн байгаа. Хариу нь ажлын тав хоногийн дотор гарна. Авсан асуумжаар хүүхдүүд тахианы махан шницель идсэн гэсэн мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн тахианы мах худалдаж авсан “Хүчит шонхор” хүнсний захын лангуун дээр очиж мөн дээж авчээ. Ингэхдээ Хятадаас оруулж ирдэг тус тахианы махыг худалдаалахыг мөн түр хугацаагаар зогсоожээ.