Ярилцлагынхаа зочинтой уулзахаас өмнө “80 нас хүрэхээрээ юу хийж бүтээн, бусдад үлгэрлэж чадах вэ” хэмээн өөрөөсөө асуув, ер нь хэрхэх бол гэж нэлээд бодлоо, би. Энэ асуултыг уншигч та бүхнээс ч бас асууя. Олонх нь “Хийдгээ хийчихсэн, гавьяаныхаа амралтыг эдэлнэ” хэмээн хариулах болов уу. Тэгвэл хөнгөн атлетикийн тамирчин Төмөрбатын Цэрэндолгор гуай амжилт, амьдралын хэв маягаараа спорт зөвхөн залуу насны ажил биш, нас бол тоо гэдгийг баталж явна.
Өдгөө 80 настай тэрбээр саяхан Тайландад болсон олон улсын тэмцээнээс гурван алтан медаль хүртэхдээ Азийн гурван дээд амжилтыг шинэчилсэн юм. Улсын дээд амжилтыг 18 удаа ахиулсан Т.Цэрэндолгор гуай дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадам (мастерсын олимп хэмээн үнэлэгддэг)-ын алт, мөнгө тус бүр тав, дөрвөн хүрэл, ДАШТ-ий долоон алт, долоон мөнгө, зургаан хүрэл, Азийн АШТ-ий 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл, олон улсын тэмцээний 18 алт, таван мөнгөн медальтай.
Азийн дээд амжилтыг 10 удаа шинэчилсэн түүнтэй утсаар холбогдон, сониндоо ярилцлага авах зорилгоо хэлэхэд “Би танай ажил дээр яваад очъё” гэж байна. Хаврын хавсарганд, настай хүнийг нааш, цааш явуулахыг хүсээгүйдээ “Үгүй ээ, бид таны хаана байгаа газарт очъё” гэхэд тас гүрийсээр байгаад өөрөө манай редакцад ирсэн юм.
“Эгч нь ирчихлээ, автомашинаа танай ажлын зогсоолд тавьж болох уу” гээд ярихаар нь тосох нь ээ ардаа бэлтгэлийнхээ хэрэгсэл болох бөөрөнцөг, диск, жад гээд зөндөө зүйл аччихсан байлаа. Монголд хөнгөн атлетикийн бэлтгэлийн зориулалтын талбай байгуулах, дэлхийн дээд амжилт ахиулахыг мөрөөддөг Т.Цэрэндолгор гуайтай ярилцсанаа уншигч та бүхэнд толилуулъя.
-Таныг манай ажил дээр автомашинаар жирийлгээд ирье гэхээр нь хүнээр хүргүүлэх юм байна гэж ойлгосон. Гэтэл чадмаг гэгч нь жолоодоод ирлээ. Улаанбаатарын зүү орох зайгүй шахам түгжрээнд түүртдэг үү?
-Сүлжээд, сүлжээд л давхичихна шүү дээ (инээв). Би 1990 оноос хойш автомашин жолоодож байна. 1966 онд жолооч болсон. “ГАЗ-51” маркийн автомашинаар дадлага хийн, жолооч болж байлаа. Намайг сурч байхад Улаанбаатарт машин цөөхөн байсан. Энд, тэнд явах нь их содон.
АЗИЙН ГУРВАН ДЭЭД АМЖИЛТЫН ХОЁРЫГ НЬ 22 ЖИЛ АХИУЛААГҮЙ БАЙСАН
-Та энэ жилээс 80-84 насны ангилалд өрсөлдөж байгаа юм билээ. 2018 оны анхны тэмцээнд оролцохдоо Азийн гурван дээд амжилтын эзэн болно гэх багцаа байсан уу?
-Би хөнгөн атлетикийн шидэлтийн таван төрлөөр хичээллэдэг. Бүгдэд нь жигд амжилт гаргадаг нь миний онцлог юм болов уу. Монголд зориулалтын талбай, ордонгүй болохоор хүйтний улиралд бэлтгэл хийж чаддаггүй. Гэртээ төрөл бүрийн дасгал хийж байгаад л тэмцээнд оролцдог. Энэ жил ч бас тэглээ. Мэдээж түрүүлнэ гэж зорьсон.
Чадвал Азийн дээд амжилт шинэчлэх юм сан гэж бодож байлаа. Ямар ч байсан санасандаа хүрээд, Азийн гурван дээд амжилтын эзэн болов. Таван метрээр ахиулсан жад, зээрэнцэг шидэлтийн амжилт шинэчлэгдээгүй 22, бөөрөнцөг түлхэлтийнх зургаан жил болоод байсан юм билээ.
-Таны амжилт хэр удаан хадгалагдах бол. Ойрын хугацаанд шинэчлэх чадвартай тамирчин бий юү?
-Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү, ер нь хэцүү дээ. Надаас гурван насаар дүү Японы тамирчин Т.Канари л шинэчилж магадгүй. Одоо тэр 75-79 насны ангилалд өрсөлдөж байгаа. Гурван жилийн дараа 80-84 насныхад хүч сорино.
Тэр л амжилтыг маань шинэчлэхгүй бол нэлээд олон жил хадгалагдах байх. Би ахмадын тэмцээнд 2002 оноос хойш оролцож байгаа болохоор хэн, ямар амжилт гаргахыг ерөнхийд нь гадарлана. Ер нь надтай Азийн дэвжээнд эн тэнцүү өрсөлддөг тамирчин бараг байхгүй, дэлхийд 10-аад бий.
-Ихэнх орны ахмад тамирчид тэмцээнд дасгалжуулагчтай, орчуулагчтай оролцдог юм билээ. Таныг хэн дасгалжуулдаг вэ?
-Өөрөө өөрийгөө дасгалжуулан, ганц дайчин ганцаардахгүй гээд л зүтгэж явна. Хэлний бэрхшээл их гарна, төөрч будилж, элдэв юмтай тохиолдох вий гэж айлгүй яах вэ.
БЭЛТГЭЛЭЭ АВТОМАШИНЫ ЗОГСООЛЫН ТАЛБАЙД ХИЙДЭГ
-Та ярилцлагынхаа эхэнд хүйтний улиралд шидэлтийн бэлтгэл хийж чаддаггүй гэлээ. Ер нь бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ?
-Энэ талаар бусдад ярихаас ичмээр. Монголд өвөл байтугай зуны улиралд бэлтгэл хийх зориулалтын талбай байхгүй. Бид Монголын үндэсний олимпын хорооны ард талын автомашины зогсоолыг ашиглан бэлтгэлээ хийдэг. Тэр ч бүү хэл, дотоодын тэмцээнүүдийг тэнд зохиодог шүү дээ. Ажил цугларч, өнөөх зогсоол автомашинаар дүүрэхээс өмнө гээд амьхандаа эрт очно.
Бусад орны тамирчид өвөл, зунгүй зориулалтын ордонд, даарч, бээрэхийн зовлон мэдрэхгүй байгааг нь хараад өөрийн эрхгүй атаархдаг. Олон улсын тэмцээнд оролцож байхад зөндөө олон тамирчин манай улсын тэмцээнд оролцох хүсэлтэйгээ илэрхийлдэг. Ийм мундаг тамирчинтай юм чинь Монголд хөнгөн атлетикийн спорт өндөр хөгжсөн, спортын олон сайхан ордонтой гэж боддог байх.
“Манайд ордон байтугай бэлтгэл хийх, шидэх зориулалтын талбай байхгүй” гэж тэдэнд хэлэлтэй биш дээ, улсынхаа нэр хүндийг бодолгүй яах вэ. Дэлхийд газар нутгаараа дээгүүрт ордог байж хөнгөн атлетикийнхан нь бэлтгэл хийх зориулалтын газаргүй гэвэл бараг итгэхгүй биз. Гадаад хэл сайн мэдэхгүйгээрээ далимдуулан, эрхий хуруугаа гозойлгоод л өнгөрөөдөг. Дээхнэ үед бэлтгэл хийдэг хэчнээн олон ордонтой байлаа, бүгдийг нь үгүй хийсэн.
1960-аад онд гэхэд л Спортын төв ордонд хөнгөн атлетикийн бүх бэлтгэлээ бүтэн жилийн турш хийдэг байв. Тэр үед гаргасан бидний амжилт өдгөө ч шинэчлэгдэхгүй байгаад харамсдаг. Ирэх жил ДАШТ Польшид гуравдугаар сард болно. Тэгэхээр хөнгөн дасгал хийж байгаад л оролцохоос өөр аргагүй.
-Бэлтгэлээ Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх боломж хэр байдаг бол?
-Хувийнх болохоор мань мэтэд хүртээлгүй, түрээсний мөнгийг нь ч дийлэхээргүй юм билээ.
-Монголд марафоноос өөр хөнгөн атлетикийн төрөл төдийлөн хөгжихгүй, тэр хэрээр тамирчдын амжилт саараад байх шиг. Энэ нь хүмүүс топ спортын төрлийг сонирхон, хичээллэхэд нөлөөлж байгаа нь анзаарагддаг. Ер нь шидэлтийн төрлөөр хичээллэдэг хэр олон тамирчин манайд байдаг вэ?
-Уг нь ирээдүйтэй овоо хэдэн тамирчин байсан юм аа. Улсаас дөмөгхөн дэмжиж, зөв бодлогоор жолоодохгүй байгаагийн балгаар олонх нь спортоо орхисон. УАШТ-д 20 гаруй тамирчин өрсөлддөг ч тууштай хичээллэдэг нь 5-6-хан. Бүхэл бүтэн улсын хэмжээнд шидэлтийн төрлөөр 10 хүрэхгүй тамирчин хичээллэж байгааг чамлахгүй байхын аргагүй.
Харин ахмад тамирчин нэлээд хэд бий. Тив, дэлхийн хэмжээний тамирчин бэлтгэх ур чадвартай хоёр (Махашир, Аюушжав) сайн дасгалжуулагч байна. Бөөрөнцөг, жад гээд хэрэгслээ ачаад бэлтгэлд ирэх, гэртээ харих амаргүй. Уг нь МҮОХ-ны ард жижигхэн овоолгоостой шороо байхад амар байсан юм аа. Бэлтгэлээ хийсний дараа тэнд хэрэгслээ нуучихаад явчихдаг байв.
Хөнгөн атлетикаар хичээллэхийг хүсдэг олон хүүхэд байгаа гэдэгт итгэдэг. Тив, дэлхийн дэвжээнд олон түрүүлэхээс илүү зориулалтын талбайтай болохыг юу юунаас илүү хүсэж байна. Тэгж байж бид залгамж халаагаа бэлтгэнэ, үе үеийн тамирчдын амжилтыг үргэлжлүүлэх шилдгүүд торнино, Монголд хөнгөн атлетикийн спорт хөгжинө.
-Стандартад нийцсэн бэлтгэлийн ордонтой болоход хэчнээн төгрөг шаардагдах бол?
-Ер нь 40-50 сая төгрөгтэй байхад дүүгүүр шидэх, зээрэнцэг түлхэлтийн хамгаалалттай, үзэгчийн суудалтай, хувцас солих өрөөтэй дажгүй талбай байгуулахад хүрнэ.
-Ахмад тамирчдын амжилтыг мастерсын ангиллынх гээд дутуу үнэлж, шоовдорлодог. Та Засгийн газраас баталсан журмын дагуу амжилтаа үнэлүүлж, улсаас ямар нэгэн мөнгөн урамшуулал авдаг уу?
-Өө, ёстой нэг төгрөг ч авч үзээгүй. Тэр журамд ахмад тамирчныг амжилтаар нь хэрхэн урамшуулах тухай тусгаагүй юм билээ. Төр, засгаас миний төдийгүй бүхий л спортын ахмад тамирчдын амжилтыг үнэлдэггүй.
Би тэмцээнд хувийн зардлаараа оролцдог. Ахмад тамирчид бид харж хандах, тусалж дэмжих байгууллагагүй явсан цаг саяхан. Ч.Наранбаатар биднийг дэмжих зорилгоор Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороог байгуулсанд талархаж явдаг.
-Томоохон амжилт гаргасан тамирчныг харьяа яам, БТСГ-ын удирдлага хүлээн авч уулзан, баяр хүргэдэг нь тогтсон уламжлал. Танд ер нь талархал илэрхийлдэг үү?
-Тив, дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэн, баярын нулимстай зогсох хэчнээн сайхан гэж санана. Монголдоо ирэхэд Ч.Наранбаатар даргаас өөр тоох хүн байдаггүй юм аа. Тэглээ гээд би эх орондоо гомдохгүй, сайд, дарга нарт тунихгүй.
Уг нь амжилт гаргаад ирэхэд алдар цол, гавьяа шагнал өгөхгүй юм гэхэд хүлээж аваад баяр хүргэхэд их урамшдаг юм шүү дээ, тамирчид. Зарим хүний атаа, жөтөө, хавчлагаас болж гадаадын тэмцээнд нууцаар оролцож явсан үе надад бий. ДАШТ-ээс гурван алтан медаль хүртчихээд амжилтаараа бахархахын сацуу хүмүүс мэдчих вий гээд санаа зовох хэцүү юм билээ.
-Спортын олон төрлөөс хөнгөн атлетикийг сонгоход юу нөлөөлсөн бэ?
-Би Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, эхээс наймуулаа. Энэ спорттой амьдралаа холбосон маань Хүн, эмнэлгийн техникумд элсэн, 1964 оны олимпын наадамд тугчаар оролцсон Ч.Найдан багштай учирсантай салшгүй холбоотой.
Нэгдүгээр дамжаанд сурч байхад зээрэнцэг шидэлтийн төрөлд хүүхдүүд бүртгэн, анги ангиас шилэхэд нь зургаан охины хамт тэнцсэн. Хөнгөн атлетикийн зориулалтын өмсгөл их сонин, содон харагддаг байж билээ. Ялангуяа гүйж байгаа тамирчныг араас нь харахаар бүр хачирхалтай санагддаг байсан юм.
Хөдөөнөөс ирээд удаагүй, бүрэг ичимхий байсан надад анхандаа өмсгөл өмсөх шиг хэцүү юм байгаагүй. Хичээлийн хажуугаар ачаалалтай бэлтгэл хийх амаргүй, үе үе шантарна. Багшдаа “Больё” гэхээр “Сургуулиас хасна шүү” гэж айлгадаг сан. Нээрэн л хасчих юм байхдаа гэж айгаад л бэлтгэлээ хийсэн. Тэр үед Нийгэмлэгийн АШТ-д түрүүлсэн маань надад маш их урам өгсөн. Тэгээгүй бол спортоор хичээллэхээ больчих ч байсан юм бил үү (инээв).
АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ГЭСЭЭР ҮРТЭЙ ХҮНИЙ ЖАРГАЛ ЭДЭЛЖ ЧАДААГҮЙ
-Тэр тэмцээнээс хойш хэдхэн сарын дараа болсон оюутан, залуучуудын анхдугаар наадамд түрүүлж, улсын дээд амжилт шинэчилснийхээ дараа бодол тань өөрчлөгдсөн үү?
-Тэгсэн шүү. Тэгэхэд ёстой хөгтэй юм болсон. Зээрэнцэг шидэлтийн төрөлд оролцсоныхоо дараа хэддүгээр байрт шалгарсан, хэдэн метр шидсэнээ ч мэдээгүй. Хүмүүс надад баяр хүргэн, гар, хөлнөөс барьж үзээд байхаар нь гайхаад байлаа. Тэгсэн чинь түрүүлэн, бүр улсын дээд амжилтыг метр шахам зайгаар шинэчилчихсэн байдаг байгаа.
Сэтгэл их хөдөлсөн, магнайгаа хагартал баярласан. Өндөр амжилт гарган, улсын дээд амжилтын эзэн болсны дараа өөр бодол төрдөг юм билээ. Тэр амжилт сургуулиас хасагдчих вий гэж айсандаа хичээллэж байсан надад өндөр амжилт гаргах боломж, нөөц байгааг ухааруулсан. Тухайн үед би 18 настай байлаа.
Сургуулиа төгссөний дараа тухайн үеийн “Алдар” нийгэмлэг (өдгөө спорт хороо болсон)-ийн тамирчин болсон. Тэнд Найдан багшийн удирдлагад бэлтгэлээ базаан, тэмцээнд оролцдог байлаа. 1961 онд БНАСАУ-д болсон социалист орнуудын армийн тэмцээнд бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн нь гадаадын дэвжээнд гаргасан анхны амжилт.
Би олон улсын тэмцээнд дөрвөн удаа өрсөлдөхдөө гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Хөнгөн атлетикийн спортоор тууштай хичээллэх, амжилт гаргахын төлөө амьдралаа 180 градус эргүүлсэн хүн дээ, би.
-Энэ талаараа тодруулахгүй юү. Тамирчин хүн чамгүй олон зүйлийг золиослон, хувийн амьдралаа хойш нь тавин байж амжилтад хүрдэг. Амжилтын төлөө амьдралдаа хийсэн хамгийн том өөрчлөлт юу байв?
-“Алдар”-ын тамирчин болсныхоо дараа хөдөө мал маллаж амьдардаг байсан аав, ээж хоёроо долоон дүүгийнхээ хамт дагуулан хотод ирсэн юм. Бүх малаа нэгдэлд өгөн, идэшний ганц үхэр үлдээгээд шүү дээ. Намайг амжилт гаргуулахын төлөө гээд бүхнээ зориулсан гэр бүлийнхэндээ баярлаж явдаг.
Тэгээгүй байсан бол би өдий зэрэгт хүрэхгүй байсан. Амжилт л гаргаж байвал гээд хувийн амьдралаа хойш тавин зүтгэсэн дээ. Нөгөө талаар дээрээс биднийг хүүхэд төрүүлэхийг хориглодог байлаа. Би хоёр ч удаа үр хөндүүлсэн. Залуу байхад тэмцээн, уралдаан амьдрал гэсээр үрийн зулай үнэрлэх сөхөө гараагүй.
25 насандаа спортын мастер цолны болзол хангасныхаа дараа “За одоо болно, үр хүүхэдтэй болъё” гэтэл хэтэрхий оройтсон байж, хожим ухаарсан юм билээ.
-Хожимдсон байж гэхээр...
-Хүүхэд дахиж олоогүй. Залуу байхад үр хүүхэдтэй болж, эх хүний жаргалыг эдэлсэн бол гэж боддог, харамсдаг байлаа. Одоо эгч, дүү нарынхаа хүүхэд, зээг нь хараад сэтгэл сэргэдэг, тэр талаар аль болох бодохгүй, сэтгэлээ үймүүлэхгүй байхыг хичээдэг.
-Улсын дээд амжилтыг 18 удаа шинэчлэн, амжилт ид гаргаж явахдаа яагаад спортоос хөндийрсөн юм бэ?
-Амьдралд урьдчилан таашгүй, таамаглашгүй зүйл тохиолдохын алийг тэр гэх вэ. Амьдрахын эрхэнд спортоосоо хөндийрсөн. 1975 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөн, ХААЯ, ХААИС-д ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарлаа.
-Амьдралаа 180 градус эргүүлэн байж бүхнээ зориулчихаад тууштай хичээллээгүйдээ харамсдаг уу?
-Сүүлийн жилүүдэд бүр их харамсаж байна. Учир нь миний эзэмшиж байсан амжилтыг 1964 онд ахиулсан Д.Намжилмаагийн рекорд одоо болтол эвдэгдээгүй. Энэ бол хөнгөн атлетикийн спорт өнөөдөр Монголд хэр хөгжиж байгаагийн илрэл.
Дэндүү харамсалтай. Спортоор тууштай хичээллээгүйгээсээ илүүтэй дасгалжуулагчийн ангид сураагүйдээ харамсдаг. Хэрэв тэгсэн бол залгамжаа бэлтгэхийн төлөө тамирчид дасгалжуулахгүй юу.
-64 насандаа спортоор дахин хичээллэхдээ оройтсон байх гэж эмээсэн үү?
-Тэтгэвэрт гарсны дараа бие чилээрхэн, “Юу хийх вэ” гэж нэлээд бодсон. Тэгээд спортоор дахин хичээллэхээр шийдлээ. Хэдхэн өдөр бэлтгэл хийгээд үр дүн нь шууд гарсан, бие өвдөхөө больсон шүү.
-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?
-Тавдугаар сард Сингапурт олон улсын тэмцээнд Монголоос гурван тамирчны хамт өрсөлдөнө. Энэ жил есдүгээр сард болох ДАШТ-д оролцоно. Өнөө жил дэлхийн дээд амжилт шинэчлэх зорилготой. Английн нэг тамирчныг арай дийлэхгүй байх. Надтай эн тэнцүү өрсөлддөг 6-7 тамирчин бий.
ДАШТ 12-нд дууссангуут шууд Малайз явж Азийн наадамд хүч сорихоор төлөвлөсөн. Тэнд 00.00 цагт буугаад л маргааш нь хоёр төрөлд өрсөлдөнө. Эхний хоёр төрөл нь ДАШТ-тэй давхцах тул оролцож амжихгүй. Олон улсын тэмцээн юм чинь юу гэж намайг хүлээх вэ (инээв).
-Дараалан олон тэмцээнд оролцохоор ядрах байх даа?
-Гайгүй ээ, одоо бүр дасчихсан. Цагийн зөрүү, замын ядаргаагаа л гаргачихвал алзахгүй.