Ханхүү хайрт бүсгүйтэйгээ гэрлэж, хаан ширээндээ суун, амар сайхандаа жаргажээ” хэмээн үлгэр төгсдөг. Эсвэл үнсгэлжингийн зарчмаар бичигдсэн үлгэрт “Ингээд үзэсгэлэнт бүсгүй ханхүүтэй гэрлэн, ханхүү хаан ширээнд сууж амар сайхандаа жаргаж гэнэ ээ” гэж бичсэн байдаг. Бодвол мезальянс (нийгмийн эрс тэс ялгаатай давхаргын хүмүүсийн гэрлэлт) гэгч зүйл нь хэзээнээс л бүтэшгүй мөрөөдөл байсаар ирсний баталгаа юм уу даа. Тиймээс ч дэлхийн хаадын түүхийг сөхөхөд хайр сэтгэлийн хувьд тэд ихэвчлэн аз жаргалгүй хүмүүс байдаг.
ХХ зууны хамгийн алдартай мезальянсуудын нэг бол Английн түүхэнд хаан ширээнээсээ татгалзсан хамгийн анхны бөгөөд цорын ганц хаан наймдугаар Эдуардын дурлалын түүх яахын аргагүй мөн. Түүний хаан ширээнээсээ татгалзсан шалтгаан нь хоёр ч нөхрөөс салсан америк бүсгүйд дурласан явдал байжээ. Тэр үед энэ үйл явдлыг зүгээр нэг шуугиан, шившигтэй явдал биш бүр дээдсийн хүрээлэнгийн тогтсон ёс зүй, ухамсрын сүйрэл, ертөнцийн төгсгөл гэж үзэж байлаа. V Георг түүний эхнэр хатан Мария нарын ууган хүү, хатан хаан Викториягийн гуч Эдуард Альберт Кристиан Георг Эндрю Патрик Давид Виндзо 1894 оны зургадугаар сарын 23-нд мэндэлжээ. 12 настай Эдуард Осборны далайн цэргийн сургуульд элсэж, хоёр жилийн дараа Хааны усан цэргийн корпуст шилжиж суралцсан байна. Туранхай мөртлөө их хөдөлгөөнтэй түүнд бага сургуулийнхан “жараахай” гэдэг хоч өгсөн байдаг. Тэрбээр 23 настайдаа Оксфордын их сургуулийг түүх, герман хэлний чиглэлээр суралцан төгссөн юм. Эдуардыг хорион дунд өссөн хүүхэд гэж хэлж болох гэнэ. Эрийн цээнд хүрч Уэльсийн ханхүү гэсэн хэргэмээ авсан хойно ч тэрбээр хорион дунд амьдарсаар л байсан аж. Морины уралдаанд орж болохгүй, учир нь гэмтэж бэртэж болзошгүй, мориноосоо уначих юм бол олны хэл амны бай болно. Эсвэл машинаар хурдан давхиж болохгүй, эцэг эх нь санаа зовоод тайван байж чадахгүй. Нүдээ бөмбөгөнд цохиулснаас хойш түүний дуртай поло тоглоомыг хүртэл тоглохыг хоригложээ. Хувийн онгоцоо жолоодох талаар бүр ярилтгүй. Энэхүү хашигдмал амьдралаас залхсан Эдуард Британийн эзэнт улсаар аялахаар шийдэн эцэг Георгийг зөвшөөрүүлж дөнгөсөн байна. Тэрбээр зургаа жилийн хугацаанд 45 орноор аялж, өөрийн энгийн харьцаа, алиа хошин, төлөв даруу, өгөөмөр зангаараа олонд нэрд гарсан юм.
Эдуардын эцэг эх нь түүнийг гэрлүүлэхийг ихэд хүсэх болжээ. Учир нь тэр 36 нас хүрсэн ч гэрлэх талаар огт бодохгүй байлаа. Харин тухайн үеийн Английн Ерөнхий сайд Рэмси Макдональд хаанд “Хаан ширээ залгамжлагч Уэльсийн ханхүү Английн эсвэл Шотландын язгууртан гаралтай бүсгүйтэй л гэрлэх ёстой” хэмээн урьдчилан сануулсан байдаг. Бодвол Эдуардын олон тооны амрагийн явдлуудаас улбаатай биз. Гэвч тэрхүү янаг амрагийн явдлууд нь бүгд түр зуурын хөнгөн учралууд байжээ. Эдуард боксын дэлхийн аварга Жин Теннитэй уулзаад “Тэгэхээр, та гэрлэж байгаа тул их спортоо орхиж байгаа юм биз дээ. Харин би гэрлэхгүй болохоор улс төрийг орхих юм шиг заримдаа санагддаг” гэж хошигнож байсан гэдэг.1930 оны арван нэгдүгээр сарын эхээр Эдуард гүн Мармадьюк Фёрнессийн зохион байгуулсан хүлээн авалтад уригджээ. Энэхүү хүлээн авалтад дээр Английн хаан ширээг залгамжлагч маань Уоллис Симпсон гэгч америк бүсгүйтэй танилцсан аж. 34 настай Уоллис Симпсон тэр үед өөрийн хоёр дахь нөхөр Эрнест Симпсонтой гэрлээд ердөө хоёрхон жил болж байлаа.
Уоллис Спенсер үзэсгэлэнтэй бүсгүй байгаагүй ч эрчүүдийг өөртөө татах ер бусын увистай нэгэн байжээ
Уэльсийн ханхүү тэр хүлээн авалтад ирнэ гэсэн сургаар дээдсийн маягаар олигтойхон мэхийн мэндчилж ч чаддаггүй Уоллис их л сандарч байсан гэдэг. Ирээдүйн хааны ярихыг эр эмгүй бүгд л амаа ангайн сонсоход дадсан Эдуардтай америк бүсгүй их л өвөрмөц харьцсан байдаг. “Нийтийн халаалттай байранд амьдарч сурсан америк эмэгтэйн хувьд өөрт чинь энд тохь муутай байна уу?” гэсэн ханхүүгийн асуултад Уолис “Өршөөгөөрэй, ноёнтоон. Гэхдээ миний урам хугарчихлаа” хэмээжээ. “Яагаад тэр билээ?” гэж ханхүүг гайхахад америк бүсгүй “Англид энэ асуултыг америк эмэгтэй хүн болгонд тавьдаг. Би Уэльсийн ханхүүгээс арай өөр, ер бусын асуулт хүлээж байсан юмсан” гэж хариулжээ. Ингэж Уэльсийн ханхүү өөрийнх нь хэргэм зэргээс эмээгээгүй эмэгтэйн нэвт шувт харц, америк маягийн шулуухан занд анхны харцаараа дурласан түүхтэй. Хэдий сайхан хүүхэн байгаагүй ч түүнийг мэддэг хүмүүсийн яриагаар бол эрчүүдийг соронзон мэт татдаг гал дөл,өвөрмөц чанар бүсгүйд байжээ. Энэ учралаас хойш Эдуард америк бүсгүйтэй уулзах гэж нэг бус удаа оролдсон ч бүсгүй гарч болзошгүй үр дагавраас нь эмээн зугтсаар байв. Дөнгөж хагас жилийн дараа л тэд хоёр дахь удаагаа учирсан бөгөөд Эдуард бүсгүйд хайр сэтгэлээ шууд илчилсэн аж. Тэдний хайр дурлалын роман эхлэхэд Уоллис нөхрөөсөө салаагүй байсан ч энэхүү холбоогоо тэд олон нийтээс нуухыг ч оролдсонгүй. Тэд гудамжинд, зоогийн газар, театр гээд хаа л бол хаа хамтдаа явах болов. Хааны гэр бүл ханхүүгийн энэ явдлыг түр зуурын хэмээн найдан хүлээхээр шийдсэн аж. Гэвч цаг хугацаа өнгөрсөөр, ханхүү америк бүсгүй хоёрын харилцаа улам гүнзгийрсээр байлаа. Уоллисын нөхөр Эрнест Симпсон найздаа “Би түүхэн үйл явдлын явцад саад болоод байгаа мэт санагдаад байна” гэж ярьжээ. Түүнийг тухайн үеийнхэн уужуу тайван сэтгэлтэй, жинхэнэ жентельмен гэж дүгнэсэн байдаг. Уоллисын биеэ авч яваа байдал англичуудын гайхшралыг төрүүлж байлаа. Тэрбээр нэгэн зугаалгын үеэр салатны навчийг гараараа авч идэх гэсэн ханхүүгийн гаран дундуур хээв нэг цохиод авах, олон хүмүүсийн дунд ханхүүгийн аман дахь янжуурыг нь авч татах, эсвэл зангиаг нь засаж өгөх зэрэг үйлдлүүд нь хаант төрийн уламжлалт дэг жаягтай нийгэмд үл зохицолдох аж. Гэвч Уоллис сэтгэлийн тэнхээтэй, эрч хүчтэй бүсгүй байсан бөгөөд хамгийн гол нь Эдуардын өндөр цол хэргэм түүнд огт падлийгүй байв. Уоллис Эдуардыг жирийн эр хүнийг энхрийлдэг шигээ энхрийлж, ширүүлэхдээ ширүүлж, чин сэтгэлээсээ хайрлаж байжээ. Харин ханхүүгийн хувьд энэ нь юунаас ч илүү үнэтэй байлаа.
Эдуард,Уоллис хоёр дотно харилцаатай гэдгээ нуудаггүй байсан ч сэтгүүлчдэд тэдний тухай бичиж нийтлэхийг хориглодог байжээ.
1936 оны нэг сарын 20-нд тавдугаар Георг нас эцэслэн, ууган хүүгийн хувьд Эдуард хаан ширээг залгамжилжээ. Эцгийгээ нас барсан шөнө Эдуард хайрт бүсгүй рүүгээ утас цохин “Би хэдий хаан болсон ч хэзээ ч чамайг хаяхгүй” гэж хэлэхэд нь Уоллис төдийлөнх итгээгүй гэдэг. Гэвч долоо хоногийн дараа Эдуард Уоллисын нөхөртэй уулзан өөрийх нь хаанд өргөмжлөх ёслолын үеэр хайртай бүсгүйгээ байлцахыг хүсэж байгаагаа шууд хэлжээ. Уоллис тэгэхэд л ханхүүнгийн сэтгэлд бүрэн итгэсэн гэдэг. Харин эхнэрийнхээ нууц амрагийн явдалд ядарч залхсан Эрнест Симпсон гэр бүлээ цуцлуулахад татгалзах зүйлгүйгээ ханхүүд ойлгуулсан аж. Уоллис ч удаан бодолгүй салах өргөдлөө өгчээ.Англид эзэн хаан нэгэн зэрэг улсынхаа шашин сүмийн дээд захирагчийн албыг хашдаг билээ. Тиймээс Английн хаан сүмийн “гэр бүлээ цуцлуулсан иргэд салсан, эхнэр нөхөр нь амьд байгаа цагт дахин гэрлэж болохгүй” гэсэн хуулийг дагах ёстой болов. Түүнээс гадна тус улсын Үндсэн хуульд хаан эзэн урьд нь гэр бүлээ цуцлуулж байсан хүнтэй гэрлэвэл хааны үүргээ гүйцэтгэх эрхгүй хэмээн заасан байдаг. Английн Засгийн газар ба Парламентад барьсан Эдуардын Морганик буюу үе залгамжлагдахгүй гэрлэлтийн (хааны гэргий хатан хаан гэгдэхгүй бөгөөд тэдний дундаас төрсөн хүүхдүүд хаан ширээ залгамжлах эрхгүй) өргөдлийг дээрх байгууллагууд хүлээж аваагүйгээр барахгүй хэрэв түүнийг Уоллис Симпсонтой гэрлэсэн нөхцөлд кабинетаараа огцорно гэж сүрдүүлжээ.Эдуард маш хүнд байдал оров. Хааны ордонд болж байгаа үйл явдлын талаар бөөн шуугиан дэгдэж байлаа.
"The Daily Express" сонины 1936 оны арван хоёрдугаар сарын 8-ны дугаарын тэргүүн нүүрэнд өгсөн ярилцлагадаа Уоллис Спесер энэ бух үйл явдал, хэл ам намайг үгүй болоход шийдэгдчих юм бол би алга болоход бэлэн байна гэж мэдэгджээ
Эдуардын талд зөвхөн ард түмэн нь л зогсож байв. Уоллис Симпсон энэ үед гэр бүлээ хэдийнээ цуцлуулсан байлаа. Тэрбээр Эдуардыг буруу алхам хийхээс сэрэмжлэн өөрийг нь мартахыг захиад Франц руу хурдхан явжээ. Уоллис Английн ирээдүйн хаанд саад болохыг хүсэхгүй байгаагаа, хэрэв шаардлагатай бол түүний амьдралаас бүр мөсөн алга болоход бэлэн байгаагаа хэвлэлээр хүртэл мэдэгдэж байсан юм. Гэвч дурласан зөрүүд хааныг юу ч зогсоохооргүй болсон байжээ. Түүний өмгөөлөгч “Эдуард тэр бүсгүйгээс салахаас амиа хорлохыг илүүд үзнэ” гэж хэлсэн байдаг.1936 оны өвлийн нэг үдэш Эдуард Уоллист утсаар өөрийнхөө шийдвэрийг дуулгав. Хожим Уоллисын гэрийн үйлчлэгч “Тэр ноён Эдуардын шийдвэрийг сонсоод “Тархи нь эргэсэн тэнэгхэн минь дээ” гээд эхэр татаж уйлсан” хэмээн дурссан байдаг..
1936 оны арван хоёрдугаар сарын 11-нд Их Британийн хаан VIII Эдуард хаан ширээнээсээ татгалзаж буйгаа ард түмэндээ хандан хэлжээ
1936 оны арван хоёрдугаар сарын 10-нд Эдуард Английн хаан ширээнд яг 325 өдөр 13 цаг 57 минут залраад түүнээс татгалзаж байгаагаа нотолсон актад гарын үсгээ зурсан билээ. Хэдэн цагийн дараа “Би өөрийн хайртай эмэгтэйн түшиг тулгуургүйгээр хаан эзний үүргийг гүйцэтгэх, хүнд хэцүү хариуцлагыг даах боломжгүй гэдгээ ойлголоо” гэж дурласан хаан ард түмэндээ хандан хэлсэн билээ.
Эдуард,Уоллис хоёр хуримаа хийснээр Винздорын гүнтэн, гүнгийн авхай гэсэн хэргэмтэй болжээ.
Энэ мэдэгдлийн маргааш нь Английн одоогийн хатан хаан Элизабетагийн эцэг, Эдуардын дүү, зургадугаар Георг хаан ширээнд заларсан юм. Хаан ширээнд суусан даруйдаа зургадугаар Георг өөрийн ахдаа Виндзорын бэйс хэмээх хэргэм хайрласан аж. Харин ханхүү Эдуард тэр оройдоо Английг орхин хайрт бүсгүйтэйгээ уулзахаар явсан байна. Эдуард, Уоллис хоёр 1937 оны зургадугаар сарын 3-нд Францын Шато де Кандед гэрлэжээ.Английн хааны гэр бүлээс хэн ч тэр ёслолд ирж оролцоогүй гэдэг. Хааны гэр бүлийнхэн олон жилийн турш Эдуардыг болон түүний гэргийг албан ёсны арга хэмжээ,түүхэн ач холбогдолтой үйл явдалд оролцуулж урьдаггүй, ерөөсөө тэр хоёрыг энэ дэлхий дээр огт байхгүй мэт загнадаг байсан юм. Гэсэн хэдий ч Эдуард, Уоллис хоёр хамтдаа урт удаан аз жаргалтай амьдарчээ. Олон жилийн дараа Америкийн “Time” сэтгүүлийн сурвалжлагч “Та хаан титмээ алдсанд харамсдаг уу” гэж Эдуардаас асуухад тэрбээр “Би алдсанаасаа илүүг олсон. Хэрэв цаг хугацааг буцааж болдог бол би өчүүхэн ч эргэлзээгүйгээр гаргасан шийдвэрээ давтах байсан” хэмээн хариулсан байдаг.
Эдуард, Уоллис хоёр хувийн цэцэрлэгтээ.
Эдуард Виндзор 1972 онд 77 насандаа улаан хоолойн хорт хавдраар өөд болсон юм. Түүний шарилыг Англид авчран хаадын гэр бүлийн оршуулгын газар нутаглуулсан байна. Түүнийг оршуулсан өдөр Уоллистай гэрлэсэн 35 жилийн ойн өдөртэй таарчээ. Эдуардыг нутаглуулсан өдөр нь Уоллис Франц руу буцсан аж. Хатан хаан Элизабета Уоллисыг Англид амьдрахыг санал болгоход, тэрбээр эелдгээр татгалзсан гэдэг. Тэрбээр Эдуардаас хойш 14 жилийн дараа нас барсан бөгөөд өөрийнх нь хүсэлтээр нөхрийнх нь дэргэд оршуулсан билээ.
Уоллис нөхрийгөө нас барснаас хойш бараг олноос тусгаарлагдмал амьдралтай болжээ.