Н.Энхбаяр
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж, олон бүсгүйн алдарт хүрэх замыг засаж түүчээлсэн анхдагч тамирчдыг танилцуулж байна.
Манон Реом (хоккей)
М.Реом 1992 оны есдүгээр сарын 23-ны өдөр NHL-ийн “Тампа бэй лайтнин” багийн төлөө тоглосноор Хойд Америкийн спортын дөрвөн том лигт “мөрөө гаргасан” анхны эмэгтэй тамирчин болжээ. Хэдий эл тоглолт нь “Сент-Луис блюз” багийн эсрэг үзүүлэх тоглолт байсан ч Манон жинхэнэ эрчүүдийн спортоор нэг үе тоглосон нь бахархууштай амжилт юм. Тэрбээр Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багт хаалгачаар тоглож байхдаа ДАШТ-д хоёр удаа түрүүлж, олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн.
Жанет Гатри (авто уралдаан)
1977 онд Ж.Гатри “Индианаполис-500”, “Дэйтона-500” авто уралдаанд эрчүүдтэй өрсөлдсөн анхны эмэгтэй нисгэгч болсон. 1978 онд “Индианаполис-500” уралдаанд есдүгээр байрт орсон нь 2005 он хүртэл эмэгтэй нисгэгчдийн дээд амжилтад тооцогдож байлаа. Түүний нэрийг Олон улсын эмэгтэйчүүдийн спортын алдрын танхим болон Автоспортын алдрын танхимд мөнхөлжээ.
Алтеа Гибсон (теннис)
“Эмэгтэй Жэкки Робинсон” хочит А.Гибсон мэргэжлийн теннис, гольфын спортод арьс өнгөөр ялгаварлах үзлийг сөрсөн анхны эмэгтэй юм. Тэрбээр 1950 онд АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон анхны өнгөт арьст теннисчин болсон төдийгүй 1956 онд “Их дуулга”-д (Францын нээлттэй тэмцээн) түрүүлсэн анхны африк гаралтай америк тамирчин болжээ. А.Гибсон нийт 11 “Их дуулга”-д түрүүлсэн мундаг амжилттай нэгэн. “Амжилтад хүрсэн түүний зам амаргүй байлаа. Өнгөт арьстай хүн теннис тоглохыг хориглодог байсан цаг үед тэр огт бууж өгөлгүй тэмцсэн” хэмээн Билли Жин Кинг өгүүлсэн. Мөн Венус Уильямс “А.Гибсоны агуу зам мөрөөр явж байгаадаа би бахархдаг. Түүний амжилт нь миний ялалтын эхлэл болсон юм” гэж байв.
Вилма Рудольф (хөнгөн атлетик)
Хөнгөн атлетикийн түүхэн дэх агуу тамирчдын нэг В.Рудольф багадаа саа, улаан эсэргэнэ, уушгины үрэвслээр өвдөж байжээ. Эмч нар түүнийг ахин алхаж чадахгүй гэж хэлсэн ч В.Рудольф 1956 онд 16 настайдаа Мельбурний олимпын наадамд оролцох эрх авсан төдийгүй 4х100 метрийн буухиа уралдаанд хүрэл медаль хүртэв. Улмаар дөрвөн жилийн дараа Ромын олимпод од болон гялалзлаа. В.Рудольф 100, 200, 4х100 метрийн буухиад дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлжээ. Түүний эл амжилт нь хөнгөн атлетикийн спортод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлэгддэг.
Билли Жин Кинг (теннис)
Тэрбээр 18 жил теннис тоглож, маш олон тэмцээнд аваргалахдаа зөвхөн “Уимблдон”-д гэхэд 20 удаа түрүүлж (ганцаарчилсан тав, хосын 15 түрүү) байлаа. “Battle of sexes” гэж нэрлэгддэг, Бобби Риггзийн эсрэг тоглолт нь түүний замналд тодоор бичигдэх үйл явдал юм. Эмэгтэй теннисчдийг дорд үздэг байсан Боббиг тэрбээр гурван үед дараалан ялж, дуулиан дэгдээж байв.
Энн Майерс Дриздэйл (сагсан бөмбөг)
1979 онд “Индиана Пейсерс” багтай тохиролцоонд хүрснээр М.Дриздэйл NBA-ийн багтай гэрээ байгуулсан анхны бөгөөд цорын ганц эмэгтэй сагсан бөмбөгч болсон. Хэдий түүнийг “Пейсерс” удалгүй багаасаа хассан ч “Бостон селтикс” багийн домогт тоглогч Б.Расселл М.Дриздэйлийг “Сагсан бөмбөгийн түүхэн дэх шилдэг тамирчдын нэг” гэж нэрлэж байлаа. Түүнчлэн тэрбээр АНУ-ын шигшээ багт уригдсан дунд сургуулийн анхны тоглогч, их сургуулийн багтай дөрвөн жилийн гэрээ байгуулсан анхны эмэгтэй тамирчин болж байлаа.
Эдүгээ М.Дриздэйл WNBA-ийн “Финикс меркюри” багийн дэд ерөнхийлөгч, NBA-ийн “Финикс санс” багийн тоймчоор ажиллаж буй.
Лиза Лесли (сагсан бөмбөг)
Л.Лесли 1997-2009 онд WNBA-ийн нүүр царай, хамгийн алдартай тоглогчдын нэг байв. “Лос-Анжелес спаркс” багийн хамтран эзэмшигчийн хувьд тэрбээр өдгөө ч тус лигт нэр нөлөөтэй нэгэн хэвээрээ. 2001 онд Л.Лесли улирал, “Бүх оддын тоглолт”, плей-оффын үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан анхны эмэгтэй болсон. Мөн түүнийг мэргэжлийн лигийн тоглолтод анх удаа цагариган дээрээс тохсон эмэгтэй сагсан бөмбөгч гэдгийг спорт сонирхогчид мэдэх буй за.
Гертруд Эдерли (усанд сэлэлт)
Ердөө таван эрэгтэй Английн сувгийг сэлж туулсны дараа уг амжилтыг 1926 онд давтсан анхны эмэгтэй бол Г.Эдерли юм. Тухайн үед 19 настай байсан Эдерли 56 км зайг 14 цаг, 30 минутын хугацаанд сэлж, эрэгтэйчүүдийн амжилтыг хоёр цагаар ахиулжээ. Түүнээс гадна 1924 оны Парисын олимпын наадмаас нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн юм.
Ронда Роузи (холимог тулаан)
Бээжингийн олимпын наадмаас жүдогийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан Р.Роузи бол UFC холбоог эмэгтэй тулаанчдын дивизион үүсгэхэд хүргэсэн шилдэг тамирчин. Тэрбээр холимог тулааны хамгийн шилдэг холбоо гэгддэг UFC-тэй гэрээ байгуулсан анхны эмэгтэй тулаанч төдийгүй анхны эмэгтэй аварга нь юм.