Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Х.Нурмагомедовын нэгэн мөрөөдөл биелэхгүй боллоо. Учир нь тэрбээр Жорж Сен-Пьертэй тулалдахгүй нь. Учир нь Канад тулаанч өнгөрсөн пүрэв гарагт зодог тайлж буйгаа зарласан юм.
Сен-Пьер бол багынх нь шүтээн, түүнтэй хүч үзэхийг бүхнээс илүү мөрөөддөг хэмээн Хабиб нэг бус удаа мэдэгдэж байлаа. Канад тамирчин их спортоо орхих гэж буй тухай мэдээлэл тарсан лхагва гараг хүртэл Х.Нурмагомедов байдлыг өөрчлөхийг хичээж, Сен-Пьерийг Нью-Йорк, Москва, Монреаль, Абу-Даби гээд хүссэн хотдоо өөртэй нь тулалдахыг гуйсан постыг инстаграм хуудсандаа оруулсан юм. Гэвч энэ нь үр дүнд хүрсэнгүй.
Эдүгээ 37 настай Сен-Пьер холимог тулааны түүхэн дэх агуу тамирчдын нэг. Спорт сонирхогчид түүнийг шилдгийн шилдэг гэдэгтэй санал нийлдэг. Нэр хүндтэй “Fight Matrix” порталын хувилбараар тэрбээр холимог тулааны түүхэн дэх шилдэг тулаанчдын жагсаалтын тэргүүн байрт бичигддэг юм. Түүний ард Жозе Алдо, Жон Жонс, Андерсон Силва, Фёдор Емельяненко нар ордог юм.
Сен-Пьер 2006 оны гуравдугаар сард UFC холбооны хагас хөнгөн жингийн аварга болж, 2007 оны дөрөвдүгээр сард аваргын бүсээ алдсан ч хагас жилийн дараа эргүүлэн авчээ. Тэрбээр 13 дараалан ялсан амжилттайгаар зодог тайлж байна. Үнэхээр итгэмээргүй үзүүлэлт. Сен-Пьер олон шилдэг өрсөлдөгчөө дийлж байсан. Би.Жэй.Пенни, Мэтт Хьюз, Жош Косчек, Ник Диас, Карлос Кондит нар авьяаслаг канад тулаанчийг бараагүй юм.
Тэрбээр дөрвөн жил завсарласны эцэст, 2017 оны арваннэгдүгээр сард октагонд эргэн ирж, Майкл Биспингийг итгэл төгс дийлснээр дунд жингийн (83.9 кг хүртэл) аваргын бүсний эзэн болсон. Тэрбээр Хабибтай хөнгөн жинд (70.3 кг хүртэл) тулалдахаар тооцоолж байсан агаад хэрэв ялсан бол UFC-ийн түүхэнд гурван өөр жинд аваргалсан анхны тулаанч болох байлаа. Гэвч Хабиб, Сен-Пьерийн тулааны тухай яриа ажил хэрэг болсонгүй.
“Хабибтай тулалдахаар бид ярилцаж байсан ч UFC өөр төлөвлөгөөтэй байсан юм. Хабибт хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Би түүний фанат. Түүнийг одоогийн байдлаар дэлхийн шилдэг тулаанч гэж боддог. Миний хувьд шилдэг өрсөлдөгчтэй тулалдах нь хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал юм. Хабиб бол яг тийм өрсөлдөгч, тийм учраас түүнтэй нударга зөрүүлэхийг би хүссэн. Хэлэлцээ мухардалд орсон нь намайг гайхашруулсан ч би үүнд харамсаагүй. Учир нь спортын хор шар минь одоо алга болжээ” хэмээн Сен-Пьер зодог тайлж буйгаа зарласан хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан байна.