Оросын НТВ телевизийн ерөнхий захирал Игорь Малашенко нас барсан тухай “BBC” агентлаг мэдээлжээ.
Талийгч Испани дахь өөрийн хувийн байшиндаа амиа хорлосон байдалтай олдсон тухай мэдээлэл байгаа аж. Энэ талаар одоогоор албан ёсны мэдэгдэл хийгдээгүй байгаа ч “Эхо Москвы” радиогийн ерөнхий редактор, сэтгүүлч Ксения Собчак нар талийгчийг амиа хорлосон гэх мэдээллийг нотолж байна. “Игорь Малашенко амиа хорлочихлоо. Сэтгэл зүрх минь үнэхээр хэцүү байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд хамтарсанд түүнд гүнээ талархаж явдаг” гэж Ксения Собчак өчигдөр өөрийн “Инстаграмд” бичсэн байна. Испанийн хууль сахиулагчид хэргийг шалгаж эхэлжээ.
64 настай Игорь Малышев ажлын гараагаа 1980-аад оны эхээр АНУ болон Канадыг судлах хүрээлэнгээс амжилттай эхлэн 1991 он гэхэд ЗХУ-ын Ерөнхийлөгч М.Горбачевын багт зөвлөхөөр ажилласан байна. 1992 онд Оросын Төрийн радио телевизийн “Останкино”-ийн Ерөнхий захирлын албыг хашиж байгаад 1993 онд хэсэг нөхдийн хамт бие даасан, арилжааны НТВ телевизийг байгуулжээ. Малашенко 1996 онд Оросын Ерөнхийлөгчийн сонгуулиар Борис Ельцины компанит ажлын зөвлөхөөр ажиллаж байжээ. Харин 2000 онд тэрээр Оросоос явж, Нью-Йоркод 9 жил амьдарсан байна. 2017 оны аравдугаар сард Малашенко Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн сэтгүүлч Ксений Собчакийн сонгуулийн штабыг удирдаж байжээ.
Оросын Ерөнхийлөгчийн хүний эрхийн асуудлын Зөвлөлийн гишүүн Николай Сванизе “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа Малашенког идэр залуугаас нь мэддэг байсан тухайгаа яриад “Игорь бол 1990-ээд оны Оросын дотоод улс төрийн маш том зүтгэлтэн. Тэрээр авьяаслаг, тодорхой, зохион байгуулалттай ажилладаг, өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй хүн байлаа” гэж дурсжээ.