Эрт цагт хөл хүнд нэгэн эмэгтэйн нөхөр гэнэт өөд болжээ. Бэлэвсэн хоцорсон бүсгүй амиа тэжээхийн тулд ан хүртэл хийдэг болов. Нэг өдөр эмэгтэй ууланд явж байгаад шархдсан суусар олж, ганцаардаж зовсон сэтгэлээ тайтгаруулахын тулд өөртөө хань болгохоор гэртээ авч харив. Сайн асарч, тэжээсний хүчинд суусар ч хурдан тэнхэрлээ. Хэдийгээр зэрлэг амьтан ч хүнд хурдан дасаж, эмэгтэйн хажуунаас салахгүй дагах болжээ.
Бэлэвсэн эхнэр хэдэн сарын дараа амаржлаа. Нялх үрээ асрахын хажуугаар гэр, гадаах бүхий л ажлыг өөрөө амжуулсаар. Тэрбээр нэг өдөр гэрээсээ нэлээд холдсон тул яарсаар иртэл хүүхэд уйлах чимээ сонсогдов. Дөхтөл мөнөөх суусрын ам нь нил цус болчихсон гэрээс гараад ирэх нь тэр. Бүсгүй уулга алдан, мод шүүрэн авч, дасгаж тэжээсэн суусраа хормын дотор цохин унагав. Ийн гэр рүүгээ ортол хүүхдийнх нь дэргэд хаа сайгүй тас хазуулж үхсэн хортой могой хэвтэж байх нь тэр. Үрийнх нь амийг аварсан хайртай амьтнаа өршөөлгүйгээр цохисноо бүсгүй гэнэт санаж, яаран гарлаа. Гэвч хөөрхий суусар хэдийн амьсгал хураасан байжээ.