Жүдо бөхийн Европын эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд Монголоос долоон бөх зодоглон, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэн, багийн дүнгээр тэргүүллээ. Австри улсад болж, 35 орны 179 жүдоч оролцсон тэмцээний 48 кг-д Архангай аймгийн Их тамир сумын харьяат, “Женко” клуб, “Алдар” спорт хорооны бөх, ОУХМ Г.Наранцэцэг, 63 кг-д Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Ганхайч нар түрүүлэв. Саяхан болсон Парисын “Их дуулга”-д V байрт шалгарсан Г.Наранцэцэг эхний тойргуудад Их Британийн К.Стаддон, Польшийн Эва Коньж, ОХУ-ын Дария Пичкалева нарыг цэвэр ялж, аваргын төлөөх барилдаанд БНХАУ-ын Яо Шионыг вазари үнэлгээгээр өвдөг шороодуулжээ.
Ингэснээр Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч тэрбээр чансаагаа 100 оноогоор ахиуллаа. УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн, ОУХМ Б.Ганхайч шигшээд эзэн орны бөх С.Красковаг цэвэр ялснаар түрүүлж, Европын дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэв. Мөн 52 кг-д залуучуудын олимпын дэд аварга, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат ОУХМ Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө барилдаанд дэлхийн өсвөр үеийн аварга Риёко Такедад цэвэр ялагджээ.
Манайхаас бас нэгэн бөх медалийн төлөө барилдсан нь залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Л.Энхрийлэн. Тэрбээр хагас шигшээд Польшийн бөх Анна Боровскад, хүрэл медалийн төлөө барилдаанд япон жүдоч Кана Томизавад дийлдэн, V байрт шалгарлаа.
Жүдо бөхтэй холбоотой бас нэгэн мэдээ дуулгахад, Европын эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн Италийн Ром хотод өчигдөр эхлэв. Тэмцээний эхний өдөр манай гурван бөх барилдсанаас 2019 оны улсын аварга Э.Ариунболд V байр эзэллээ.