Палестины нам, хөдөлгөөний төлөөлөгчид Москвад гурван өдөр хэлэлцээ хийсэн ч хамтарсан мэдэгдэл гаргаж чадсангүй. Үүнийхээ төлөө эл уулзалтыг зохион байгуулсан ОХУ-аас олны өмнө уучлалт гуйсан байна. Харин Араб, Израилын мөргөлдөөнийг зохицуулах тухай АНУ-ын төлөвлөгөөнүүдийг уг арга хэмжээнд оролцогчид санал нэгтэй шүүмжилжээ. Тухайлбал, Польшид болж буй, Ойрхи Дорнодын талаарх бага хурлыг тэд буруушаасан байна.
Палестины 12 нам, хөдөлгөөний төлөөлөгчид ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд болсон хэлэлцээнд оролцсон юм. Тэднийг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хүлээн авч, уулзахдаа “Палестины эв нэгдэл сэргэснийг зарлаж буй нь НҮБ-ын шийдвэр, Арабын энхийн санаачилгад суурилсан алхмуудыг сүйтгэхийг хүсэгчдэд цохилт болно” гэж тэрбээр мэдэгджээ. Палестины улс төрийн хүчнүүд маргаантай асуудлаа зохицуулсны дараа л Палестин, Израилын мөргөлдөөн шийдэгдэнэ хэмээн Оросын эрх баригчид анхааруулж буй.
Юуны түрүүнд, Иордан голын Баруун эргийн байдлыг хянадаг ФАТХ, Газын зурвасыг 2007 онд эзэлсэн ХАМАС хөдөлгөөн хоорондын үл ойлгоцлыг энд тэмдэглэжээ. 2017 оны аравдугаар сарын 12-нд тус хоёр хөдөлгөөнийхөн Египетийн нийслэлд уулзаж, Үндэсний эвлэрлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан ч үүнийг хэрэгжүүлээгүй.
Москвад болсон уулзалтын гол амжилт нь бүтэн жил тасарсан Палестины хоорондын яриа хэлэлцээ сэргэсэн явдал байв. Палестинчууд эв нэгдлээ сэргээхийг дэмжсэн ч хамтарсан мэдэгдэлд “Исламын жихад”, ХАМАС-ын төлөөлөгчид гарын үсэг зураагүй байна. “Зүүн Иерусалимд нийслэлтэй, 1967 оны хилээр Палестин Улс байгуулах тухай өгүүлсэн учраас гарын үсэг зурахаас түдгэлзлээ” хэмээн “Исламын жихад”-ын Улс төрийн товчооны гишүүн Мухаммед аль-Хинди тайлбарлажээ. Палестин Улсыг 1967 оны хилээр байгуулах, нийслэлийг нь Иерусалим, эсвэл Зүүн Иерусалим гэж нэрлэх талаар хэлэлцээнд оролцогчид маргасан гэнэ. Мөн Палестиныг чөлөөлөх байгууллага (ПЧБ)-ын гүйцэтгэх үүргийг тойрсон маргаан өрнөсөн байна. “ПЧБ Палестины ард түмний эрх ашгийг төлөөлнө гэхээр эл байгууллагыг ХАМАС, “Исламын жихад” шинэчлэхийг шаарддаг. Бид нэгдээгүй байхад бүгдийг төлөөлнө гэж болохгүй” гэж аль-Хинди хэлжээ.
2005 онд дээрх хоёр хөдөлгөөнийг Палестиныг чөлөөлөх байгууллагын гишүүнээр элсэхийг зөвшөөрсөн боловч ажил хэрэг болоогүй. Газын зурвасыг ХАМАС эзэлсэн нь бүр нэрмээс болсон аж. Ойрын хугацаанд Палестинд шинэ Засгийн газар байгуулна. Үүнд Палестиныг чөлөөлөх байгууллагын гишүүд бүгд багтах ёстой. Харин ХАМАС “Исламын жихад” орохгүй.
Палестин, Израилын мөргөлдөөнийг зохицуулах АНУ-ын төлөвлөгөөг эсэргүүцэх талаар санал нэгдэж, бусад үл ойлголцлоо арилгахыг оролдож байгаагаа хэлэлцээний дараа болсон хэвлэлийн хурлын үеэр палестинчууд мэдэгджээ.
Олон нийтэд агуулгыг нь зарлаагүй АНУ-ын төлөвлөгөөг “зууны тохиролцоо”гэж нэрлэсэн. “Энэ нь Зүүн Иерусалимд нийслэлтэй, 1967 оны хилээр Палестин Улс байгуулах талаарх бидний эрмэлзэл, найдварыг булшлах гэсэн оролдлого” хэмээн аль-Ахмад хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. ХАМАС-ын төлөөлөгчдийн тэргүүн, тус хөдөлгөөний орлогч дарга Муса Абу Марзук мөн тийн хэлжээ.
Уг тохиролцоог АНУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн бөгөөд зөвлөх Жаред Кушнер боловсруулж, өнгөрсөн зун зарласан. Үүнд энхийн тохиролцоонд хүрвэл Ойрхи Дорнодын ард түмэн эдийн засгийн тусламж авна гэсэн ойлголт өгсөн байдаг. Рамалла дахь Палестины засаг захиргаа төлөвлөгөөг нь хүлээж авахгүй бол Газын зурвасын эрх баригчидтай тусдаа ажиллана гэдгээ АНУ-ын удирдагчид тэмдэглэсэн байна. Израилын хэвлэлд мэдээлснээр Жаред Кушнер Варшавт АНУ-ын санаачилгаар болж буй Ойрхи Дорнодын бага хурлын үеэр төлөвлөгөөнөөсөө танилцуулах гэнэ. Палестинчууд уг хуралд оролцохоос татгалзжээ.